Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч Э.Уламбаяр,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буяндалай,

              Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянбадрахын Эөд холбогдох эрүүгийн 2238002000141 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Барнууд овогт Буянбадрахын Э, 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 19-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн РЮ04221814 дугаартай,

              Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 00 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт Ч.Ныг зугтах үед нь араас нь хөөж очин нүүр, гэдэс хэсэг рүү нь өшиглөж зодож дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгмийн дотор хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238002000141 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Ч.Ныг үл ялих шалтгаанаар шалтаглан нүүр, гэдэс хэсэг рүү нь өшиглөж, түүний эрүүл мэндэд дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгмийн дотор хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,  

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Ч.Нын өгсөн: “...энэ хэдтэй уулзаад байж байтал нөгөө манай хашааны гадаа намайг зоддог хэдэн хүүхдүүд машинтай бид хэдийн хажууд ирээд чаддаг юм бол ардаас дагаад гүүр лүү хүрээд ир гэсэн. ... Тэгээд намайг очтол тэр С гэдэг нь намайг дуудахаар нь би яваад очтол шууд миний нүүр хэсэг рүү цохиод авахаар нь би тэврээд авсан. ... Тухайн үед тэр нар бид хэдийг гүйцэхгүй болохоороо машинаа унаад бид нарын ардаас хөөж байсан. Тэгээд намайг нэг машин нь хөөгөөд гүйцэх гээд байхаар нь би хашаа давсан. Тэгсэн чинь миний ардаас манай сургуулийн 12д ангийн сурагч Э, Намнандорж хоёр нь ангийнхаа нэг хүүхэдтэй цуг орж ирсэн. Тухайн үед намайг Э нь газар унагаасан. Тэгэхээр нь би босох гээд байж байтал миний ам хэсэг рүү нэлээн олон удаа өшиглөх шиг болсон. Тухайн үед би өшиглүүлээд манараад байж байхад намайг Э нь дахиад газар унагааж байгаад миний гэдэс, нүүр хэсэг рүү дэвсэж цохиод байсан. Тэгж байснаа зодож дууссан юм уу яасан юм намайг Э нь хашааны хаалга руу чирч байгаад хашаа давуулж байсан. Тэгээд намайг хашааны нөгөө тал руу гаргаж байгаад хэн нь гэдгийг нь би мэдэхгүй байна нэг нь миний гэдэс хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед би өшиглүүлээд амьсгалж чадахгүй байсан. Тэгж байснаа нэг нь над руу гэрэл тусгаж байснаа бацаан байсан юм байна гэж хэлээд нөгөө хэд чинь бүгдээрээ яваад өгсөн. Үүний дараа би гэр лүүгээ харих гээд явсан... Өөр хүн намайг зодоогүй. Энэ гурван хүн л намайг зодсон... Зүв зүгээр байж байгаад зодуулсан... Үүдэн шүдээ янзлуулж авмаар байна. Шүдний аппарат хийлгэх мөнгийг нь буруутай хүнээс нь гаргуулж авмаар байна... Тэгээд намайг ирсэн чинь С намайг дуудахаар нь би яваад очтол шууд миний нүүр хэсэг рүү цохиод намайг хашаа руу түлхэж байгаад хавсраад унагахаар нь би босож ирээд Сгийн нүүр лүү нь нэг удаа цохисон чинь тэнд байсан хүүхдүүд бид хэд лүү дайраад гүйсэн. Тэгэхээр нь бид хэд зугтаад тал тал тийшээ гүйсэн. Тухайн үед Сэнгүүн, Гэлгээ бид гурав хамт гүйж байгаад нэг хашаа даваад зугтсан. Тэгэхэд бид гурвын ардаас гурван хүүхэд орж ирээд нэг нь шууд миний нүүр лүү өшиглөөд бас гараараа цохиод газар унгаасан. Намайг газар унасан байхад хэн нь өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна бас нэг нь өшиглөөд байсан. Тэгээд намайг манарсан байж байхад хашаа давуулаад машины гэрэлд хараад жоохон бацаан байна гэж хэлчхээд яваад өгсөн... Энэ хоёрт би тэгтлээ аймар зодуулаагүй. Баагийд би нүүр лүүгээ цохиулсан гэсэн ч миний нүүр зүв зүгээр байж байсан. Харин сүүлд миний ардаас хашаа давж орж ирсэн хүүхэд миний нүүр лүү өшиглөхөд уруул сэтрээд, хамраас цус гараад, шүд дотогшоо цөмөрч орсон... Би танихгүй юм байна лээ. Сүүлд Шагай ах надад Э гэдэг хүүхэд нүүр лүү өшиглөсөн гэдгийг хэлсэн. Миний нүүрний яг гол хэсэг рүү нь өшиглөсөн... Хоёр нь лав халдсан байх гэж бодож байна. Миний санаж байгаагаар нэг нь миний нүүр лүү өшиглөсний дараа дахиад миний гэдэс хэсэг рүү өшиглөж байсан. Тэгэхээрээ би хоёр хүн өшиглөсөн байх гэж бодож байна... Үзүүл гэж хэлээгүй. Одоо бол жил болж байгаа учраас үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 27, 29 тал/,

              Иргэний нэхэмжлэгч М.Мын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн ажилтай юм. Эрүүгийн 2238002000141 дугаартай хэргийн хохирогч Чулуунбат овогтой Н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн яаралтай тусламж, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 120.000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

              Гэрч Д.Огийн өгсөн: “...2022 оны 05 сарын 02-нд манай хүү Н нь орой хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна ээж би хүүхэдтэй уулзаад ирий гээд гараад яваад өгсөн. Тэгээд цаг орчмын дараа манай хүү гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирэхдээ зүүн талын шанаа нь нэлээн хөхрөөд хавдсан маягтай байсан. Тэгэхээр нь би юу болоод байна хүн амьтантай зодолдоод байна уу гэж асуухад Н нь надад Увс явахад хэл ам хийгээд байсан хүүхдүүд гэрийн гадаа ирээд намайг цохчихлоо тэгэхдээ үеийн хүүхдүүд байна яах вэ ээж гээд тоохгүй байсан. Тэгээд орж ирээд цай унд эргүүлээд байж байхад нь гаднаас дахиад Наагий гээд дуудаад унасан. Тэгэхээр нь би шөнө орой болсон байхад юугаа хийх гээд байгаа юм гээд загнасан чинь би Сэнгүүний малгайг өгөөд буцаад ороод ирий гээд гараад яваад өгсөн. Ингэж гарж яваад 30-40 минутын дараа гэртээ Н нь орж ирсэн. Орж ирэхдээ Н нь элгээ тэвэрсэн, нүүр ам нь цус болсон орж ирсэн. Тэгэхээрээ би босж ирээд юу болсон бэ гэж асуухад би Авьяас сургуулийн 12-р ангийн хүүхдүүдэд зодуулчихлаа танихгүй хүүхдүүд байна гэж хэлсэн. Үүний дараа би цагдаа дээр очиж мэдэгдсэн. Сүүлд миний хүүхдийг зодсон хүүхдийг хайхад Авьяас сургуулийнх биш Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12д ангийн сурагч Э болж таарсан... Байнга бол гарахгүй хааяа гадуур гардаг. Гэртээ байж байхад нь хүүхдүүд хашааны гаднаас дуудаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

              Насанд хүрээгүй гэрч Б.Гантогтохын өгсөн: “...Тэгээд намайг алхаад явж байхад Э над руу дахиж залгаад хот руу гарах замд байдаг гүүрэн дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би тэр хэлсэн газарт нь яваад очиход гүүрний доор Э нь танихгүй 10 гаран хүүхдүүдтэй цуг байсан. Тэгээд тэр хэдтэй уулзаад байж байхад Сод эрдэм болон МСҮТ-ийн 16 гаран хүүхдүүд бид хэд дээр хүрээд ирсэн. Тэгж байснаа л танихгүй хоёр хүүхэд хоорондоо зодолдоод байх шиг байсан. Үүний дараа гэнэт л тэнд байсан хүүхдүүд бүгдээрээ тал тал тийшээ зугтаад яваад өгсөн. Тэгтэл Э нэг танихгүй гурван хүүхдийн ардаас хөөгөөд яваад өгсөн. Тэгэхээр нь Намнандорж бид хоёр ардаас нь дагаад гүйж байтал Э болон тэр танихгүй гурван хүүхэд хашаа даваад яваад өгсөн. Тэгэхээр нь Намнандорж бид хоёр ардаас нь дагаад яваад ортол нь хоёр нь хашааны буланд суусан нэг нь зогсож байсан. Тухайн үед Э нь та нар манай гэрийн гадаа ирээд яах гэж байгаа юм бэ гээд орилоод байсан. Ямар ч байсан миний харж байснаар Э нэгийнх нь лав гуя хэсэг рүү өшиглөж байхыг нь би харсан. Харин намайг хашаа руу давахаас өмнө юу болсон гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд Э, Намнандорж бид гурав яваад өгсөн......” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

              Насанд хүрээгүй гэрч Д.Сий өгсөн: “.... Ингээд байж байхад Содбилэгийн ардаас баахан хүүхдүүд гарж ирээд бид хэд рүү дайраад гүйсэн. Тэгэхээр нь бид хэд айгаад тал тал тийшээ зугтсан. Тухайн үед Н, Гэлгээ, бид гурав цуг зугтсан. Тухайн үед бид гурвын ардаас машин хөөгөөд байхаар нь бид гурав хашаа давсан. Хашаа даваад байж байхад танихгүй гурван хүүхэд бид гурвын ардаас орж ирсэн. Тэгээд тэр гурван хүүхдийн нэг нь Гэлгээгээс чи аль сургууль юм гэж асуухад нь Гэлгээ Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 8 дугаар ангийн сурагч гэсэн чинь нэг нь манай сургуулийн хүүхэд байна боль боль гээд байсан. Үүний дараа Н дээр 2 хүүхэд очоод өшиглөж байгаа харагдаж байсан. Харин нэг танихгүй хүүхэд над дээр ирээд намайг газар унгааж байгаад миний толгой руу 4-5 удаа дэвссэн. Тухайн үед харанхуй байсан болохоор би Ныг яг яаж зодуулсан гэдгийг нь нарийн сайн харж чадаагүй. Тэгээд тэр гурав Н бид хоёрыг зодож байснаа бид хэдийг хашаа дав гэхээр нь бид гурав хашаагаа давсан. Тэгээд бид гурвын ардаас нөгөө гурван хүүхэд чинь гарж ирээд Н бид хоёрыг нэг нэг удаа өшиглөөд дараа нь машины гэрэл тусгаж бид хоёрыг царайг хараад бацаан байсан байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд Н бид хоёр гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,

              Гэрч С.Мгийн өгсөн: “.....Н нь бид хэдийг МСҮТ дээр хүрээд ир гэхээр нь бид хэд яваад очтол нэлээн олон хүүхдүүд байхаар нь бид хэд Улаанбаатар хот руу явахад байдаг гүүрний доор очоод Ныг дуудсан. Тэгэхэд Н нь С бас танихгүй 8-9 орчим хүүхдүүдтэй цуг хүрээд ирсэн. Тэгээд тэд нар ирээд Н, С хоёр дахиад барьцалдаж аваад хоорондоо барилдах гээд байгаа юм шиг ноцолдоод байсан. Тэгж байснаа бие биеийгээ түлхээд айлын хашааны хаалга цохиод дуугаргаад байхаар нь хүн амьтан сэрээлээ гээд тэр хоёрыг нэг нь салгаад байсан. Үүний дараа Ээгий, Намнаатай цуг явж байсан хүмүүс цаашаагаа алхаад явж байснаа гэнэт л орилоод буцаад Н бид хэд рүү гүйсэн. Тэгэхэд Н С бас өөр цуг явж байсан хэдэн хүүхдүүд нь бүгд зугтаад цаашаагаа гүйгээд яваад өгсөн. Би ч тухайн үед зугтаагүй байсан газартаа үлдээд нөгөө хэдийг хараад зогсож байсан. Тэгээд би зугтаж байгаа хүүхдүүдийг харахад Н, С, Гэлгээ нарын ардаас Намнаа, Ээгий, бас цуг явж байсан хүүхэдтэй нийлээд гурвуулаа хөөгөөд яваад өгсөн. Тэгээд би тухайн үедээ ардаас нь гүйгээгүй Тэмүүжин, С, Баагий нартай харих гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,

              Насанд хүрээгүй гэрч М.Намнандоржийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шөнийн 00 цаг болж байхад намайг гэртээ байж байхад манай ангийн хүүхэд болох Э над руу залгаад гараад ир хүн зодох гээд байна гэрийн үүдэн дээр чинь ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Этэй уулзахад манай гэрийн тийшээ очоод хүүхдүүд хараад ирье гэсэн. Тэгээд Э бид хоёр Улаанбаатар хот руу гарахад байдаг 9-р хорооны гүүрэн дээр очсон. Тухайн үед гүүрэн дээр очиход хүн байгаагүй тэгээд хэсэг хугацааны дараа нэлээн олон хүүхдүүд хүрээд ирсэн. Тухайн хүүхдүүдийн дунд манай ангийн хүүхэд болох Гантогтох бас байсан. Тэгж байснаа л нэг хүүхэд нь асуудалтай хоёр нь зодолдчих гэсэн тэгсэн чинь нэг танихгүй хоёр хүүхэд гарж ирээд хоорондоо зодолдоод байсан. Үүний дараа нөгөө хоёр хүүхэд чинь зодолдохоо болиод салж байсан. Тухайн үед цугларсан байсан хүүхдүүд хоёр талд хуваагдаж зогсож байсан. Тэгээд уг нь тухайн үедээ хоёр тийшээ салаад явах гэж байхад надтай цуг байсан хүүхдүүд нь нөгөө талд байсан хүүхдүүд рүү орилоод гүйсэн чинь бүгдээрээ зугтаад яваад өгсөн. Үүний дараа би Эийг харсан чинь гурван хүүхэд хөөсөн хашаа даваад орж байсан. Тэгэхээр нь би ардаас гүйж очоод хашааг нь даваад ортол Э лав нэгийнх нь нүүр лүү өшиглөж байсан. Тухайн үед Э нь манай хашааг отдог юу юм бэ гээд зодоод байх шиг байсан. Үүний дараа бас манай ангийн Гантогтох бид хоёрын ардаас орж ирсэн.Тухайн үед харанхуй байсан болохоор хэнээс асуусан гэдгийг нь мэдэхгүй байна аль сургууль юм гэсэн чинь ДМЦС гэхээр нь манай сургуулийн хүүхэд юм байна гэж бодоод тэнд байсан хүүхдүүдийн биед Гантогтох бид хоёр ерөөсөө гар хүрээгүй. Үүний дараа нөгөө гурван хүүхдийг хашаанаас гаргаж байгаад Э нь нөгөө нүүр лүү нь өшиглөж байсан хүүхдийнхээ гэдэс хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд л бид гурав харих гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,

              Насанд хүрээгүй гэрч Д.Бат-Эрдэнийн өгсөн: “...Тэгээд тус тусын цуг явж байсан хүмүүс дээрээ очоод салах гэж байтал бид хэдтэй цуг явж байсан хүүхдүүд Нтай цуг явж байсан хүүхдүүд рүү дайраад гүйсэн. Тэгэхэд Нтай цуг явж байсан хүүхдүүд бүгдээрээ тал тал тийшээ зугтаад яваад өгсөн. Тухайн үед тэр хүүхдүүдийг хөөгөөд гүйцэхгүй болохоор нь бид хэд хөөхөө болиод гэр гэр рүүгээ харьж байсан. Харин Ныг Намнаа, Ээгий гэдэг хүүхдүүд нь ардаас нь хөөж гүйж байгаад зодсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,

              Насанд хүрээгүй гэрч Б.Содбилэгийн өгсөн: “...Харин сүүлд сонсоод байхад Н нь зугтаж гүйж байгаад нэг хүүхдэд нь зодуулсан юм шиг байна лээ. Хэнд зодуулсан гэдгийг нь би мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 261 дугаартай: “...Ч.Нын биед дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгмийн дотор доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээ үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс дээд уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун эгмийн дотор доод хэсгийн цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 62 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 тал/,

              Шүүгдэгч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын эхээр юм. Элсэлтийн ерөнхий шалгалт болохын өмнөхөн л юм. Тэр өдөр Тэмүүжин гэдэг банди хэдэн дүү нартайгаа над дээр ирсэн. Тэгсэн Сод-Эрдэм, Мэргэжил сургалтын төвийн хэдэн хүүхдүүд цуглаад чамайг зодно гэж ярьж байгааг надад хэлсэн. Тэгэхээр нь найз Намнандорж, Гантогтох нарыг дуудаад нөгөө хүүхдүүдтэй уулзаад бид нарын хооронд маргааш үүссэн. Би зодоонд оролцохдоо буруу ойлголтой оччихсон юм байна лээ. Тэр зодоон дээрээс гурван банди нар хашаа даваад гүйхээр нь араас нь хашааг даваад ороход нөгөө гурван банди урдаас хүрч ирэхээр нь эхний хоёр гүйж ирсэн хүүхдийг цохиж аваад цааш нь явуулсан. Гурав дахь гүйгээд ирэхээр нь өшиглөсөн харанхуй байсан болохоор хаашаа өшиглөснийг мэдэхгүй байна. Ингээд л яваад өгсөн. Тэрнээс хойш 7 хоногийн дараа байх л гэж бодож байна. Ангийн багш над руу залгаад менежерийн өрөөнд ор гэж хэлэхээр нь менежерийн өрөөнд ороход намайг нэг эгч хүүхэд зодсон гээд л хараагаад байсан. Тэгэхээр нь хэл амаараа учир зүгээ ольё, хүүхэд чинь ямар гэмтэл учирсан юм тэрийг нь эгчийнхээ эмнэлэгт эмчлүүлээд янзлуулаад өгье гэж хэлэхэд үгүй өөр газар эмчлүүлнэ гээд уурлаад байсан. Тэгээд л ер нь учир зүйгээ олохооргүй болоод менежерийн өрөөнөөс гарсан байхаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Ч.Нын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Мын мэдүүлэг, гэрч Д.Огийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Гантогтох, Д.Сий мэдүүлэг, гэрч С.Мгийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Намнандорж, Д.Бат-Эрдэнэ, Б.Содбилэг нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 261 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Б.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Э нь 2022 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Ч.Ныг үл ялих шалтгаанаар шалтаглан нүүр, гэдэс хэсэг рүү нь өшиглөж, түүний эрүүл мэндэд дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгмийн дотор хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Ч.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Эийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Б.Эийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Эийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Эийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ч.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт 500.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 100 тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  М.Мыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 120.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эөөс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 120.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Эөөс 120.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 хоногийг 75.000 төгрөгтэй дүйцүүлэн дээрх 500.000 төгрөгөөр хасаж тооцуулах саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэр гаргаж өгөөч гэж хүсэж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Хавтаст хэргийн 79, 83-88 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Э нь ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 19-15 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Б.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь 6 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Барнууд овогт Буянбадрахын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буянбадрахын Эийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

              3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Эөөс 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.

              4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь 6 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              5. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН