| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0129/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/140 |
| Огноо | 2023-05-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч М.Ш,
Гэрч М.Г,
Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гийн Лид холбогдох эрүүгийн 2338000000111 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Г.Л нь 2023 оны 2 дугаар сарын 27-28-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 22-08 тоотоос иргэн М.Шгийн Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Эрүүгийн 2338000000111 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Л нь 2023 оны 2 дугаар сарын 27-28-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 22-08 тоот М.Шгийн гэрт хонох гэж ороод гарахдаа М.Шгийн Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Лийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Шгийн өгсөн: “...Хэзээ болсныг одоо мартсан байна. Гомдол саналын тухайд шүүгдэгч өгнө, та гомдолгүй гэж хэлж өгөөч гэсэн. Миний өргүүлсэн эгчийн хүүхэд учраас ийм гэдгийг нь мэдэхгүй би гэртээ хонуулж хоол хийж өгсөн. Маргааш нь утас байхгүй байхаар нь би залгатал авахгүй таслаад байсан. Дахиж ийм хэрэг хийхгүй, та гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж гуйсан учраас би гомдолгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Ггийн өгсөн: “..Утас нь шалан дээр унахад Г.Л аваад зогсож байхыг нь би харсан. Тэгээд гэнэт санатал байхгүй болсон байсан..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Шгийн өгсөн: “...Би найз залуу болох Оы хамт Аянчин гэх газарт нийтийн караокед 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед орсон. Нийтийн караокед манай өргөмөл эгчийн хүү болох Лтой тааралдсан. Тэндээс гараад миний байгаа газар буюу Мөрөн сумын 02-р багийн 22-08 тоотод очсон. Бид гурвыг ирэхэд гэрт Г эгч байсан, бид нар ирээд гэрт байж байхдаа Лийн ээж С эгчтэй фейсбүүкээр дүрс бичлэгээр ярихад С эгч Лийг гэртээ хонуулчхаарай гэж хэлэхээр нь ор засаж өгсөн. Тэгтэл Л дээлээ тайлаад унтаж гэж байснаа гараад явсан. Тухайн үед үүр цайж байсан, тэгээд орж ирээгүй, бид нар унтсан. Би өглөө сэрээд утсаа харсан чинь байхгүй болсон байсан. Утас руугаа залгахад дуудаж байснаа холбогдохгүй болчихсон. Лийг авсан гэж бодоод С эгч рүү залгахад утсаа авахгүй байж байгаад утсаа авахад цагдаад баригдсан байна. Утсыг чинь аваагүй ш дээ, гэж хэлэхээр нь би цагдаад өглөө шүү гэсэн чинь за би утсыг чинь авчраад өгье гэсэн. Тэгээд утас нь холбогдохгүй болчихсон. Утас руу залгахад нэг бол холбогдоод, нэг бол холбогдохгүй болчхоод байгаа юм... Намайг гэртээ ирэхэд миний утас байсан... Би утсаа Улаанбаатар хотын Сайн электрониксоос 2021 оны 06 дугаар сард лизингээр худалдаж авсан бөгөөд нэг сард 80.000 төгрөг төлдөг хоёр жил төлж байна. Тэгэхээр 1.920.000 төгрөг болж байна. Одоо би утсаа 600,000 төгрөгөөр үнэлж байна, харин повер банкаа 80,000 төгрөгөөр үнэлж байна...Миний алдсан утас ар тал нь ногоон өнгийн өнгөтэй, шилэн наалт нь цуурсан. Өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. ... Тэр утас алдсан өдөр О, Г эгч бид 2 хамт байсан. О.О Улаанбаатар хот руу ажилдаа явсан. Миний гар утсыг авахгүй. .. Лийг авч байхыг манай эгч Г харсан байсан. Би халамцуу байхдаа гар утсаа гол тогооны орчим шидсэн. Тухайн үед манай эгч Г намайг архи уулаа гэж уурлаад байхаар нь утсаар шидсэн юм. Тэр үед Л байшингийн гал тогооны өрөөнд Г эгчийн хажуу талд зогсож байсан. .. Л гэрт унтаж гэж ор засуулаад болиод гэрээс намайг эгчтэй маргаж байх хооронд гараад явсан байдаг.О одоогоор Улаанбаатар хотоос зайтай хөдөө ажиллаж байгаа болохоор гар утас холбогдохгүй байгаа. Ирж мэдүүлэг өгөх боломжгүй байгаа. Утас нь 94217070 гэсэн дугаартай...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 16 тал/,
Гэрч М.Ггийн өгсөн: “...Би Улаанбаатар хотоос төрсөн дүү Шгийн хамт Мөрөнд ирсэн. ... Би Мөрөнд талийгаач эгчийндээ дүү Шгийн хамт байгаа юм. 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дүү Ш найз залуу болох Чука караокед орсон, тэр үед холын хамаатан болох Лтой тааралдаад хамт миний амьдарч байгаа талийгаачийн гэр буюу Мөрөн сумын 02 дугаар багийн 22-08 тоотод Ш найз залуу, Лийн хамт гурвуулаа 00 цагийн үед ирсэн. Тэгээд унтах гээд Лид ор засаж өгөхөд гарчхаад буцаж орж ирээгүй. Тухайн үед 00 орчхоод ороод ирэх байх гэж бодтол түүний унаж явсан мотоцикль байхгүй, явчихсан байсан. .. Маргааш өглөө нь буюу өнөөдөр Шгийн А-51 маркийн гар утас повер банктайгаа хамт алга болсон байсан. Лийг аваад явчихлаа гээд Лийн ээж болох Стай фейсбүүкээр холбогдож Лийн 86215912 дугаарыг авч удаа залгахад аваагүй, ээжээр нь дамжуулж утсаа аваад өгөөч, ярих зүйл байна гэж хэлүүлэхэд утсаа авч ярьсан. Утсаар ярихад Л утас аваагүй гэж хэлсэн, тэгэхээр нь чамаас өөр авах хүн байхгүй, чи л авсан гэж хэлэхэд танай хаяг хэд билээ би одоо авчраад өгье гэж хэлээд утсаа авалгүй алга болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Караокед 1 цаг орчим болчхоод ирсэн...Хар өнгийн, цэнхэр цэцэгтэй гэртэй утас байсан. ямар нэгэн эвдрэл гэмтэл гэвэл шилэн наалт нь хажуу талдаа хагарсан зураастай байсан. Лизингээр худалдаж авсан. 1.200.000 орчим төгрөг лав төлсөн. Нийт хэдэн төгрөг гэдгийг нь сайн мэдэхгүй байна... Манай дүү Ш надтай маргалдаад над руу гар утсаа аваад шидсэн миний хажууд зогсож байсан Л гэх залуу шидсэн гар утсыг газраас аваад хооронд нь эвлүүлээд барьж байснаа намайг согтуу хүнтэй зууралдаж байх хугацаанд Л нь гараад явсан би Лийг явчихлаа гэж бодоогүй тухайн үед гар утас байхгүй болсныг мэдээгүй маргааш нь өглөө нь мэдсэн тухайн Л гэх залуу аваад явсан би харсан...Тухайн гар утсаны Повер банк алдагдсан байсан би тухайн алдагдсан гар утас руу залгахад дуудаж байснаа унтраасан байсан би Лийн ээжийнхэн утас руу залгаад Лийн гар утасны дугаарыг аваад ярихад би цагдаа дээр унагаа хураалгасан байна замын цагдаа дээр байна би эндээс гараад гар утсыг нь аваачаад өгье гэж хэлээд гар утсаа унтраагаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 27-28 тал/,
Гэрч Ч.Бийн өгсөн: “...Г.Л бид 2 хүүхэд байхын найзууд байсан. Нэг нутаг, нэг ангид сурч байсан...Г Л нь Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт ээжийн хамт амьдардаг. Архи, дарс хааяа хэрэглэдэг. Ааш зангийн хувьд даруухан, олон үг байхгүй, тусархуу, хөдөлмөрч ажилд сайн хүн байгаа юм. Саяхан гэмт хэрэгт холбогдоод шийдвэрийн хяналтад зорчих эрх хязгаарлах ялтай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №2345617200139 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн М.Шгийн Самсунг А51 маркийн гар утасны үнэлгээг 350.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,
Шүүгдэгч Г.Лийн яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Аянчин” бааранд ганцаараа орсон. Тэнд бааранд ороод юм уугаагүй, хаах болсон болохоор ороод л гарсан. Тэгээд гадаа мотоциклио асаах гээд зогсож байхад танихгүй ах ирээд тамхилаад, танилцсан. Тэр ахын нэрийг нь одоо санахгүй байна. Тэр ах 2 найз эмэгтэй хүнтэй яваа, хамт явж юм уух уу гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд Мөрөн сумын 2-р багт хамт явсан хөл муутай эгчийн гэрт очсон. Тэнд очоод пиво уусан. Тэнд нөгөө хамт явсан ах, эгч нар маргалдаад байсан. Г гэдэг эгч намайг нутаг хаагуур уу гэхээр нь Галтын Зүрх баг гэж хэлсэн чинь С гэдэг хүний хүүхэд үү адилхан байна гэхээр нь тийм гэсэн. Тэгээд ээж Стай, Г видео калл хийж яриулсан. Тэгсэн чинь Гг ээж таних юм байна лээ, уулзаагүй олон ижил болсон гэсэн. Намайг гэртээ ор засаж өгөөд хоноод яв гэсэн. Хамт явсан ах намайг яв гээд хөөгөөд байхаар нь би гэрийн үүдний хэсгээс гараад явсан. Маргааш нь 11 цагийн үед Г эгч залгаад чи утас аваад ир гэхээр нь мэдэхгүй гэсэн. Тэгсэн чинь цагдаад өгнө гэж хэлсэн. Би тэр утсыг нь аваагүй...” гэх мэдүүлэг /хх-н 41-42 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Шгийн мэдүүлэг, гэрч М.Ггийн мэдүүлэг, гэрч Ч.Бийн мэдүүлэг, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №2345617200139 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Г.Лийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Л нь 2023 оны 2 дугаар сарын 27-28-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 22-08 тоотоос иргэн М.Шгийн Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Г.Лийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
Шүүгдэгч Г.Лийн үйлдэл идэвхтэй, хохирогч нарын эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Лийг бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Лийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Шд 350.000 төгрөгийн хохирол учирчээ.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ш нь шүүгдэгч Г.Лоос 350.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Л нь хохирогч М.Шгийн нэхэмжилсэн 350.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Г.Лоос 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Шд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Л нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Лийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялд нэмж нэгтгэх саналыг гаргаж байна гэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч өмгөөлөгчийн байр сууринаас “санал байхгүй” гэх санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 44-47 талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Л нь ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 65-07 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал болон эд хөрөнгийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Лийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар шүүгдэгч Г.Лийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 9 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Л нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Гийн Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гийн Лийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Г.Лийн урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нийт 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Лийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жил 2 хоёр/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Лид тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Лоос 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Шд олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН