Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/02775

 

2019 оны 12 сарын 17-ны өдөр

     Дугаар 183/ШШ2019/02775

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Ж.О /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэгт байрлах З т н /РД:0000000/-т холбогдох

 

Тэтгэмж 4 457 216 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар оролцож, нарийн бичгийн дарга Э.Оюундарь тэмдэглэл хөтлөв.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :

Ж.О нь цахилгаан тээвэр компанийн захирлын тушаалаар 1993.03.23-ны өдөр 27 тоот тушаалаар ажилд орсон. А 3 компанид жолоочоор 2009.03.26-ны өдрийн 31 тоот тушаалаар ажилд орж, гурван бааз нэгдэн З т н болсон. Би З т н-ын 2 дугаар баазад ажиллаж байгаад 2019.08.01-ний өдөр Б/333 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж тус байгууллагад 10 жил 5 сар тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч З т н-ын захиргаа нь 2018.07.20-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж 4 сарын тэтгэмжийг олгохгүй хохироож байна. Миний 1 сарын дундаж цалин 1 114 304 төгрөг, 4 сарын тэтгэмж 4 457 216 төгрөгийг тус байгууллагаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа :

            Нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 2 дугаар баазад 2009.03.26-ны өдрийн 31 дүгээр тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан учир 2019.08.01-ний өдрийн Б/333 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь байгууллагад 10 жил 4 сар  тасралтгүй ажилласан бөгөөд 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүссэн. 2019.10.09-ний Б/440 дүгээр тушаалаар өндөр насны тэтгэмжид 3 776 664 төгрөг олгосон. 1 сарын дундаж цалин хөлсийг хамтын гэрээнд зааснаар бүх төрлийн хөнгөлөлтийг хасч тооцсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3 776 664 төгрөгийг зөвшөөрч нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, үлдэх 680 552 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.О нь 4 сарын тэтгэмж 4 457 216 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тэтгэмжид 3,776,664 төгрөгийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэх 680,552 төгрөгийг хариуцагч З т н-аас нэхэмжилж байна.

 

Хариуцагч нь “...тус байгууллагад ажилласан жил, тэтгэмж олгох хугацааны талаар маргаан байхгүй, харин дундаж цалин хөлсийг хамтын гэрээнд зааснаар бүх төрлийн хөнгөлөлтийг хасч тооцож, нэхэмжлэгчийн үндсэн цалин олгосон сүүлийн 3 сар буюу 2019 оны 4, 5, 6 сарын цалин хөлснөөс тооцож дундаж цалин хөлсийг тодорхойлон 3,776,664 төгрөгийн тэтгэмж нэхэмжлэгчид олгосон, 2019 оны 7 сарын цалин нь ээлжийн амралт олгосон цалин тул дундаж цалин хөлсийг тодорхойлох үндэслэлд хамаарахгүй тул 680,552 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж  маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.О нь А 3 компанид 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 31 тоот тушаалын дагуу жолоочоор ажилд орж, З т н болсны дараа тус байгууллагын даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/333 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь нийгмийн даатгалын дэвтэр, ажилд орсон, гарсан тушаалын хуулбараар тус тус тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь мөн хуулийн 40.1.3 заасан буюу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас халагдаж байгаа ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан ба мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д тэтгэмжийн хэмжээг тогтоох харилцааг хамтын гэрээгээр зохицуулна гэжээ.

 

Ажил олгогч 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/440 тоот тушаалаар 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 3,776,664 төгрөгийг олгосон  байна.

 

Ажил олгогч дундаж цалин хөлсийг тооцохдоо 2019 оны 4,5,6 сарын цалин хөлснөөс тооцон дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь үндэслэлгүй харин ажилтанд олгосон тэтгэмжээс унаа, хоолны зардлыг хасаж тэтгэмж олгосон нь үндэслэлтэй байна.

З т н нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажилтнуудын төлөөлөл болох Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т “... байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажлаас гарахад тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг ... 1 удаа олгоно... 6-10 жил хүртэл ажилласан бол 4 сар ... Тасралтгүй ажилласан жилийг байгууллагад ажилд орсон хамгийн сүүлийн тушаалаар тооцох бөгөөд дундаж цалин хөлсийг тооцохдоо НХХЯ-ны сайдын баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу бүх төрлийн хөнгөлөлтийг хасаж тооцно” гэж харилцан тохиролцсон байна.

 

 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор, мөн журмын 4-д ажилтанд олгож байгаа тэтгэврийн тэтгэмжид  унаа, хоолны хөнгөлөлтийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж тус тус заасан байна.

 

Иймд нэхэмжлэгчид ажилласан хугацаа болон олгогдвол зохих тэтгэмжийн хэмжээг дээрх журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан хамтын гэрээ, цалин олгосон картын хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримтыг үндэслэн Ж.О-д 4 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн зөрүү 231, 888 /2009.03.26-2019.08.01 хүртэл ажилласан, 2019 оны 5 сар 782,500 (858,000-57,000 хоол,унаа) төгрөг, 6 сар 1,032,000 (1,128,000-72,000 хоол, унаа) төгрөг, 7 сар 1,191,914 төгрөг, дундаж цалин 1,002,138 төгрөг, 1 сарын тэтгэмж тэтгэмж 1,002,138*4=4,008,552 төгрөг олгохоос ажил олгогч тэтгэмжид 3,776,664 төгрөг олгосныг хасаад үлдэх 231,888/  төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 448,664 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч З т н-аас 231,888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 448,664 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7 607 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ