| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 159/2025/0043/3 |
| Дугаар | 221/МА2025/0483 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0483
Д.Ё нарын 10 иргэний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, Э.Б,
Нэхэмжлэгч: СаС сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах Д.Ё, Л.Ч, О.Н, С.ЦА, Тамгын газрын дарга О.Х, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, Б.Д, Б.Ч, мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.3-т “..Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын Төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..” гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох цаашид үргэлжлүүлэн олгохыг СаИТХ болон СаЗДд тус тус даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё, Д.Н, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, Э.Б, хариуцагч Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бүжинлхам
Хэргийн индекс: 159/2025/0043/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.27, 4.1.36, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. 42.2-т заасныг баримтлан СаС сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах Д.Ё, Л.Ч, О.Н, С.ЦА, Тамгын газрын дарга О.Х, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, Б.Д, Б.Ч, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Н нараас СаИТХ, СаЗД нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч нарт Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т заасан орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэхэмжлэгч нарт нөхөн олгож, 2025 оны төсвийн жил дуусах хүртэл зохих журмаар шийдвэрлэхийг СаИТХ, СаЗД нарт даалгаж, үлдэх шаардлага болох орон нутагт ажилласны нэмэгдлийг цаашид үргэлжлүүлэн олгохыг СаИТХ болон СаЗД нарт тус тус даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "...Шийдвэр нь бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв зүйтэй үнэлж шийдвэрээ гаргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шүүхийн шийдвэрийн үндсэн шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т зааснаар хуулийг буруу хэрэглэсэн тухай.
2.1.Нотлох баримтыг буруу үнэлсэн тухай.
Анхан шатны шүүх зарим нотлох баримтыг буруу үнэлсэн, хариуцагч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга болон нэхэмжлэгч иргэдийн хооронд цалин хөлс олгохтой холбоотой эрх зүйн харилцаа үүсэх эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр шууд нэхэмжлэгч нарт 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг нэхэмжлэгч нарт нөхөн олгож, 2025 оны төсвийн жил дуусах хүртэл хугацааны зохих төсвийг шилжүүлэхийг даалгасан нь үндэслэлгүй шийдвэрлэсэн.
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 6.6.6-д тус тус зааснаар улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагчийн цалин хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд цалин хөлсний бүрэлдэхүүнд орох “орон нутгийн нэмэгдэл”-ийг орон нутгийн төсвөөс шууд санхүүжүүлэх үүрэг аймгийн Засаг даргад хуулиар үүрэг болгон ногдуулаагүй бөгөөд улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагч нарт орон нутгийн нэмэгдэл олгохтой холбоотой дээд шатны төсөвт тодотгол хийгээгүй улсын төсвөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй байхад нэхэмжлэгч нарт орон нутгийн нэмэгдэл өгөхийг даалгасан нь үндэслэлгүй.
2.2. Хууль буруу хэрэглэсэн тухай
Нэхэмжлэгч нарт нь аймгийн улсын төсвийн байгууллагуудад ажилладаг захиргааны албан хаагч нар бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргатай шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орох боломжгүй, ажил олгогч нь биш байхад цалин хөлсний бүрэлдэхүүнд орох “орон нутгийн нэмэгдэл”-ийг нэхэмжлэгч нарт олгохыг даалгасан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 16.5.3-д “..батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж зааснаар нэхэмжлэгч нарын ажиллаж буй байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нар нь цалин хөлсийг тогтоож олгох үүрэгтэй. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 6 дахь заалтад “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж болно” гэсний дагуу улсын төсвөөс улсын төсвийн байгууллагын ажилтны “Орон нутгийн нэмэгдэл”-ийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд орон нутгаар дамжуулах шаардлагагүй, шууд тухайн улсын төсвийн байгууллагуудад нь олгох зохицуулалттай байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ...” гэх захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж , 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй”, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “...хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх эн хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэг болох орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутгийн нэмэгдлийг тооцон, нэхэмжлэгч нарт нөхөн олгох, 2025 оны төсвийн жил дуусах хүртэл зохих журмаар шийдвэрлэхийг даалгасан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0059 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч нарын 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.“2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг” олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.”, ”57.17-т “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно.” гэж тус тус заажээ.
1.2.Уг Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газраас 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ыг баталж, түүнд Засгийн газрын 2023 оны 272, 2024 оны 82 дугаар тогтоолоор өөрчлөлтүүд орж дагаж мөрдөх хугацааг сүүлийн байдлаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэж заажээ.
Энэхүү журмын 1.1-д “Төрийн албан хаагчдыг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн захиргааны болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгоход энэ журмыг баримтална.”,
2.1.-д “Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум (тосгон)-д ажиллаж байгаа төрийн захиргааны ...алба хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн ... хувиар тус тус бодож, бүр олгоно.”,
2.3-т “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал ...тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно”,
2.5-д “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.” гэж тус тус заасан.
1.3.Эдгээр хууль, журмын зохицуулалтын агуулгаас үзэхэд, “орон нутгийн нэмэгдэл” гэдэг нь төрийн албан хаагчдыг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой төрөөс олгож буй цалин хөлсний нэг бүрдэлд хамаарахаар байна.
1.4.Түүнчлэн дээр дурдсан журмын зохицуулалтаар “орон нутгийн нэмэгдэл”-ийг олгохтой холбоотой хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангах, төсөвтөө тусгах бүрэн эрхийг хоёр этгээдэд олгосон байна. Тодруулбал, нэгдүгээрт тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хоёрдугаарт тухайн төрийн албан хаагчийн ажиллаж буй төрийн байгууллага (ажил олгогч буюу хөдөлмөрийн харилцаанд оролцогч төрийн байгууллага) байхаар зохицуулжээ.
1.5.Маргааны тохиолдлын хувьд, “СаЗДас өргөн мэдүүлсний дагуу Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан аймгийн 2025 оны төсвийн 3.2.1.19-т (хх 1-р хавтас, 134 дэх тал) “2024 онд 1638 төрийн албан хаагчид олгож байсан орон нутгийн нэмэгдлийг 2025 онд 4383 төрийн албан хаагчид олгохоор нэмэгдүүлсэн”, уг шийдвэрийн дагуу “улсын төсвийн байгууллагуудад олгох орон нутгийн нэмэгдэлд” зориулан 2,258,001.2 /хоёр тэрбум хоёр зуун тавин найман сая/ төгрөгийг төсөвлөн, батлуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
1.6.Нэхэмжлэгч нар нь Сэлэнгэ аймгийн болон тус аймгийн Сайхан суман дахь сум дундын шүүхийн Тамгын газарт ажилладаг, улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг буюу хөдөөгийн суманд ажилладаг төрийн захиргааны албан хаагчид тул Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 2.1-т зааснаар орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн аймагт ажилладаг бусад төрийн албан хаагчидтай нэгэн адил авах эрхтэй, мөн нэхэмжлэгч нар нь 2025 онд орон нутгийн нэмэгдлийг аваагүй гэдэг нь тус тус тогтоогдож байна.
1.7.Дүгнэхэд, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилготой Засгийн газрын 2018 оны 382 журамд заасны дагуу Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд өөрийн аймгийн орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн албан хаагчдад “орон нутгийн нэмэгдэл”-ийг олгохоор 2025 оны төсөвтөө тусган шийдвэрлэсэн байх тул тус аймгийн Сайхан суманд ажилладаг төрийн албан хаагч нэхэмжлэгч нарын энэхүү “орон нутгийн нэмэгдэл”-ийг авах эрхийн хэрэгжилт хангагдах боломжтой болсон буюу хууль зүйн үндэслэл бодит нөхцөл байдалд бүрдсэн гэж үзэхээр байна.
1.8.Иймд нэхэмжлэгч нарын “2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг” олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган, хариуцагч СаИТХ, Засаг даргын нэхэмжлэгч нарт орон нутгийн нэмэгдлийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт 2025 оны орон нутгийн нэмэгдлийг олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
1.9.Харин хариуцагчийн “... улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагчийн цалин хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд цалин хөлсний бүрэлдэхүүнд орох “орон нутгийн нэмэгдэл”-ийг орон нутгийн төсвөөс шууд санхүүжүүлэх үүрэг аймгийн Засаг даргад хуулиар үүрэг болгон ногдуулаагүй бөгөөд улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагч нарт орон нутгийн нэмэгдэл олгохтой холбоотой дээд шатны төсөвт тодотгол хийгээгүй улсын төсвөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй байхад нэхэмжлэгч нарт орон нутгийн нэмэгдэл өгөхийг даалгасан нь үндэслэлгүй.” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
2.“Орон нутагт ажилласан нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1.Төрийн албаны тухай хуулийн 57.17-т “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно.” гэж заасан.
2.2.Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.3-т “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал ...тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно”, 2.5-д “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.” гэж тус тус зохицуулсан.
2.3.Эдгээр хууль, журмын зохицуулалтын агуулгаас дүгнэхэд, төрийн албан хаагчид олгох “орон нутгийн нэмэгдэл” нь төрийн албан хаагчид заавал олгох цалин хөлсний бүрдэлд хамаарахгүй, харин олгож болох цалин хөлсний бүрдэлд хамаарч байна.
2.4.“Орон нутгийн нэмэгдэл”-ийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ орон нутгийн төсөвт эсхүл, тухайн төсвийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусган шийдвэрлэж болохоор буюу эрх бүхий захиргааны байгууллагуудаас Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийн хүрээнд хэрэгжүүлэх агуулгатай цалин хөлсний бүрдэл гэж үзэхээр байна.
2.5.Тодруулбал, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд “орон нутгийн нэмэгдэл”-ийг орон нутгийн болон улсын төсвийн аль аль байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид олгох асуудлыг орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэх бүрэн эрхийг, мөн тухайн төрийн албан хаагчийн ажиллаж буй байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нар нь “орон нутгийн нэмэгдэл”-ийг олгох асуудлыг тухайн жилийн төсөвтөө тусган шийдвэрлэх бүрэн эрхийг тус тус сонгох боломжийн хүрээнд хэрэгжүүлэхээр заажээ.
2.6.Иймээс орон нутагт ажилласан нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагч СаЗД, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй, тодруулбал, орон нутгийн нэмэгдлийг тухайн жилийн төсөвтөө тусган, олгох эсэх асуудлыг хариуцагч нар эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад буюу орон нутгийн хөгжлийн бодлого, төсвийн хүрэлцээтэй байдлын хүрээнд үндэслэн шийдвэрлэх, тэдэнд хуулиар олгогдсон сонгох боломж байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын “Орон нутагт ажилласан нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ