Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0064

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д.д” ХХК

Хариуцагч: “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ,

Гуравдагч этгээд: “Г.О” ХХК нарын хоорондын барилгын магадлалын ерөнхий дүгнэлттэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.д ХХК-ийн захирал Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Г, иргэдийн төлөөлөгч Я.Э, гэрч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.д ХХК-иас “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдуулан “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 416/2015 тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагч Барилгын хөгжлийн төвөөр дахин магадлал гаргуулахыг даалгах, 416/2015 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулаагүй, хуулийн дагуу сонгон шалгаруулаагүй, сонгон шалгаруулалттай холбоотой зар гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01-А375 дугаар захирамжийг үндэслэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р багийн 500м2 газрыг 5-8 давхар нийтийн орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаагаар 000053375 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, Д.д ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан суманд баригдах цэцэрлэгтэй орон сууцны барилгын ажлын зургийг хийх гүйцэтгүүлэхээр “Г.О” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №11, 14 дугаар Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан байна.

Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвөөс 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг 13 хуудас магадлалын хавсралтын хамт гаргажээ.

3. Нэхэмжлэгч маргаан бүхий магадлалын ерөнхий дүгнэлтийг хянуулахаар Барилга хот байгуулалтын яаманд хандаж Барилга, Хот Байгуулалтын яамны 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 07/2040, 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 3/3413 дугаар албан бичгээр “..тус асуудлыг судалж холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг хүсэж “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-ын захиралд хариу хүргүүлжээ. “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-аас 2020 оны 11 сарын 10-ны өдрийн 1/3756 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.

4. Нэхэмжлэгч Д.д ХХК 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр илт хууль бус байна гэжээ. Үүнд:

Магадлалын ерөнхий дүгнэлтийн экспертүүдийн 13-н магадлалын хавсралт дүгнэлтийн “Барилгын бүтээц” хэсэгт экспертиз хийсэн Монгол Улсын зөвлөх инженер, эксперт Б.Б нь магадлал хийсэн суурь бүтээцийн магадлал дүгнэлтийг баталгаажуулаагүй байхад магадлалын ерөнхий дүгнэлтийг баталгаажуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж,

Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь магадлал гаргах чадвартай нь тодорхойгүй, албан ёсны эрхтэй эсэх нь тодорхойгүй этгээдүүдээр барилгын зураг төсөлд магадлал хийлгэж, нэгтгэж байгаа нь цаашид нэхэмжлэгч Д.д ХХК нь магадлалын ерөнхий дүгнэлт болон зураг төслөөр барилга барих боломжгүй, барьж гүйцэтгэсэн  барилгын ажлын чанар муудах, хөрөнгө үнэгүйдэх зэргээр ихээхэн хэмжээний алдагдлуудыг цаг өнгөрөх тусам хүлээж, нэхэмжлэгч Д.д ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна гэж,

Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан Г.О ХХК-ийн  ажлын зураг нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн гэж мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын газраас дүгнэж, барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй болоод байна гэжээ.

5. Д.д ХХК-ийн захирал Б.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “... 2008 оны Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно”, 6.2.8-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох” 2009 оны 204 дугаартай Засгийн газрын тогтоолын дагуу батлагдсан журамд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-д заасны дагуу Барилгын хөгжлийн төв нь барилын зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулах зар гаргах, зарын дагуу өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулах, шалгарсан иргэн, хуулийн этгээдтэй холбогдох гэрээ байгуулж, зураг төслийг тухайн этгээдүүдээр хянуулахаар хуульчилсан байна.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас удаа дараа мэргэжлийн этгээдүүдээр 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулсан гэж тайлбарладаг боловч хавтаст хэрэгт мэргэжилтнүүдтэй байгуулсан гэрээ, сонгон шалгаруулахтай холбоотой зар, сонгон шалгаруулалттай холбоотой баримтуудыг гаргаж өгдөггүй. Нэхэмжлэгч Д.д ХХК-иас 416/2015 дугаартай дүгнэлтийг мэргэжлийн этгээдүүдээр гаргуулсан эсэхийг тогтоолгох зорилгоор анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, шүүхээс тус хүсэлттэй холбогдуулж захирамж гарч, дээр дурдагдсан баримтуудыг гаргуулахаар захирамжилсан боловч хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас 1/1162 дугаартай албан бичигт “..албан бичигт шаардсан эксперт Т.Ч, Д.Г, Б.Л, Б.Б, М.Б нарыг 2015 онд сонгон шалгаруулсан материал болон тэдгээртэй байгуулсан гэрээ тус төвийн архивд өрөөгүй байна” гэж хариу хүргүүлсэн. Мөн тус албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/26 дугаартай Барилгын хөгжлийн төвийн захирлын “Зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэн, хуулийн этгээдүүдийн бүрэлдэхүүнийг батлах тухай” тушаалын тушаах хэсэгт Төвийн захирлын 2014 оны 350 дугаар тушаалын хавсралт дахь нэр бүхий орон тооны бус магадлал хийгч иргэн, хуулийн этгээдүүдтэй зураг төслийн баримт бичигт магадлал хийлгэхээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээ байгуулан ажилуулсугай” гэж тушааснаас үзэхэд хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь зураг төсөлд  магадлал хийх мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтаар бус тус төвийн захирлын тушаалаар мэргэжилтнүүдийг сонгон ажиллуулдаг гэж дүгнэх боломжтой байна.

Мөн “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-ын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хариуцагч талын тайлбараас олж мэдсэн бөгөөд тус тайлбарт “гэрээ болон холбогдох баримтууд манай байгууллагын архивд байхгүй, хадгалагдаагүй” гэж тайлбарласан. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд зааснаар баримт бичиг хадгалах 8 жилийн хугацаа дуусаагүй тул “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулаагүй, хуулийн дагуу сонгон шалгаруулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Ийнхүү хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь хуулиар хүлээсэн хянах үүргээ биелүүлэлгүй, магадлал гаргах чадвартай нь тодорхойгүй этгээдүүдээр барилгын зураг төсөлд магадлал хийлгэж, нэгтгэж байгаа нь цаашид нэхэмжлэгч Д.д ХХК нь магадлалын ерөнхий дүгнэлт болон зураг төслөөр барилга барих боломжгүй, барьж гүйцэтгэсэн барилгын ажлын чанар муудах, хөрөнгө үнэгүйдэх зэргээр хичээн хэмжээний алдагдлуудыг цаг өнгөрөх тусам хүлээж, нэхэмжлэгч Д.д ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18/20 тоот нэхэмжлэлээ, Барилга хөгжлийн төв, Төрийн өмчид газрын буюу Барилга хот байгуулалтын төвийн баталгаажуулсан, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 тоот Магадлалыг илт хууль бус болохыг тогтоолгох, дахин магадлал гаргуулахыг тухай байгууллагад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21/30 тоотоороо Барилга хөгжлийн төвийн нь 416/2015 дугаартай магадлалын дүгнэлт гаргасан гэх мэргэжилтнүүдийг Барилгын тухай /2008/ хууль, зураг төсөлд магадлал хийх дүрэм, Засгийн газрын 2009 оны 204 дугаар тогтоолын дагуу өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулаагүй, сонгон шалгаруулалттай холбоотой зар гаргаагүй, магадлал хийлгэх журмаа гаргаж мөрдөөгүй зэрэг эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Орон сууцны барилгын суурийн зураг экспертээр баталгаажуулаагүй 7 баллын газар хөдлөлт тэсвэрлэх баталгаагүй, гадна дулаан, цахилгаан, цэвэр усны хангамж, гал түймэр гарах нөхцөл бүрдсэн, бохир ус зайлуулах шугам хоолой, холбоо дохиоллын зураг, техникийн нөхцөл, зургийн даалгаврын дагуу хийгдээгүйг нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, зураг төсөл баталгаажуулах дүрэм, стандарт, нормыг ноцтой зөрчсөн нь манай байгууллагыг гамшиг, зовлонд учруулсаар байна.

Манай байгууллага барилгын зураг төслөө гүйцэтгүүлэх анхны гэрээг “Дархан дизайн” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. “Дархан дизайн” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбат нь зургаан давхар барилгын зураг төсөл, гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байж, гуравдагч этгээд болох Г.О ХХК-ийн захирал Т.Б-оос Баянзүрх дүүрэгт 2013 онд баригдсан орон сууцны зураг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, /Манай барилгын суурийн хэмжээнээс 75 м.кв-аар том/, 715/2013 тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/ хуйвалдан авч Дархан-Уул аймгийн ГХБХГ-аас манай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлд хавсарган, суурийн /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ ажлыг эхлүүлсэн байдаг.

 Дархан-Уул аймгийн ГХБХБГ-ын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 56 тоотоор “Д д” ХХК-ны 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот, Г.О ХХК-ны 715/2013 магадлалын хуурамч дүгнэлтийг хавсаргасан баримтыг манайд ирүүлсэн баримт хавтаст хэрэгт байгаа.

Гуравдагч этгээд болох Г.О ХХК нь манай барилгын иж бүрэн зургийг техникийн нөхцөл, гадна инженерийн шугам сүлжээг 100% хийх, зургийн даалгаврыг бүрэн гүйцэтгэж, экспертээр баталгаажуулж өгөх, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 11/14 тоот /хавтаст хэргийн 92,124 дүгээр хуудас/ гэрээний хугацааг 4 жил 6 сар хэтрүүлсэн.

Барилгын хөгжлийн төвийн баталгаажуулсан 416/2015 тоот магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт суурь бүтээцийн дүгнэлтийг хараат бус эксперт 3 шаардлага тавьж баталгаажуулаагүй нотлох баримт байдаг. Хараат бус экспертийн гурван шаардлагыг зураг гүйцэтгэгч байгууллага Г.О ХХК захирал Т.Б биелүүлээгүй байхад Барилга хөгжлийн төвийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А-0182/2015 тоот гэрээний захиалагчийн үүргийн 5.3-д заасны дагуу магадлалын ерөнхий дүгнэлтээр гарсан зөрчлийг хянаж нягталж, залруулга хийлгэх шаардлагыг хангуулаагүй байна.

Хараат бус эксперт Б.Б суурь бүтээцийн хавсралт дүгнэлтдээ суурийн шийдлийг эргэн хянаж үзэх, сайтар харьцуулсан тооцоо хийх, суултын тооцоог хийх, багана бүрээр шалгаж, суулт нь нэрлэсэн хэмжээнд байвал уг суурийн шийдлийг үлдээж болох юм. Суурийн нүхийг гадаргуугийн хур борооны уснаас хамгаалах.

Дээрх 1.2.3-д заасан дүгнэлтийг зассаны дараа зургийг экспертэд дахин хянуулах шаардлагатай гэж маш тодорхой бичээд, хүснэгтэд эксперт №2-03 Б.Б 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэж гарын үсгээ зурж, шаардлагаа, тэмдгээр баталгаажуулсан байдаг. Зэрэгцээ хүснэгт хоосон байгаа. Экспертийн гурван шаардлагыг хангасны дараа эксперт шаардлагаа хангасан хэмжилт, тооцоо, суулт, нэрлэсэн хэмжээнд байгаа эсэх материалыг хянаж үзээд хянасан хүснэгтэд эксперт гарын үсгээ зурж, огноо бичиж, тэмдгээ дарж, баталгаажуулах ёстой байдаг. Шаардлага хангасан эсэх хүснэгт хоосон баталгаажуулаагүй байхад гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Б баталгаажуулсан мэтээр тайлбарлаж, нотлох баримтыг үгүйсгэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Б.Б 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд магадлал хийсэн гэж манай байгууллагын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 12/18 тоотын хариунд эксперт Б.Б тодорхой бичсэн байдаг.

Барилгын хөгжлийн төвийн баталгаажуулсан 416/2015 магадлалын ерөнхий дүгнэлтийн барилга бүтээцийн суурийн хавсралт дүгнэлт, барилга бүтээцийн суурийн зураг болон 14/30 шифртэй зураг хүчинтэй байх эсэх талаар манай байгууллагын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 12/18 тоотын хариунд хараат бус эксперт Б.Б хариу өгөхдөө 3 дугаар хуудсанд гүйцэтгэсэн Г.И-ийн гарын үсэг зурагдаагүй, экспертээр баталгаажиж гарын үсэг зурагдаагүй байна.

Суурийн суултын багана бүрд тооцоогоор шалгаж үзэх шаардлагатай гэсэн заалтын хариуг албан ёсоор ирүүлээгүй байна. Экспертийн хавсралтын хариу тооцоо болон шийдлийг ахин хянуулах ёстой. Барилга бүтээцийн хэсгийг дахин хянуулах шаардлагатай гэж хараат бус эксперт магадлал хийлгэх, хянуулах шаардлага тавьж, Б.Б маш тодорхой хариу гаргажээ. Г.О ХХК-ийн захирал Т.Б нь гүйцэтгэсэн 14/30A шифртэй манай барилгын ажлын суурийн зургийг эксперт Б.Б татгалзсан шаардлагыг хангаж, тооцоо хийж зургаа хянуулахын оронд 6 давхар барилгын зураг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй “Д д” ХХК-ийн захирал Д.Э, Г.И нарын зургийг авч хавсаргасныг дээр дурдсан нотлох баримтаар баталгаажуулсан.

... Дүрмийн 7.5.2-д барилга, байгууламжийн архитектур төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн шийдэл нь дагаж мөрдөж байгаа норм, дүрэм, стандарт, технологийн даалгавар, ...техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон эсэхэд хянах, хяналт хийлгэх үүргээ үл биелүүлжээ. Манай Д.д ХХК, Дархан-Уул аймгийн “Д С ц т с” ХК гадна цахилгаан, “Д д с” ХК гадна дулаан, “Д У С” ХК гадна цэвэр, бохир ус, “М х с” ТӨК зэрэг байгууллагуудтай зөвшилцөж, техникийн нөхцөлүүдээ авч, зураг гүйцэтгэгчид өгсөн нотлох баримт байсаар байхад гадна шугам сүлжээний зургийг, зураг гүйцэтгэгч Г.О ХХК захирал Т.Б 7.5.2 дахь заалтыг хангаж, техникийн нөхцөл, зургийн даалгаврын дагуу гадна инженерийн шугам хоолойн зургийг гүйцэтгээгүй, зургийн даалгаварт 100% гүйцэтгэх гэж байгаа. Магадлал хийлгэсэн Барилга хөгжлийн төв нь хянах, залруулга, засвар хийлгэх үүргээ биелүүлээгүй байна.

 Барилга хөгжлийн төвийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А-26 тушаалаар батлагдсан зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэний бүрэлдэхүүнийг батлах тухай тушаалд, Цэвэр бохир усан хангамж Т.Ч цахилгаан хангамжид эксперт хийсэн Б.Г, Халаалт агаар сэлгэлт сүлжээнд эксперт хийсэн Б.Л, Ерөнхий төлөвлөгөө, барилга архитектур М.Б, барилга бүтээц Б.Б, дотор холбоо дохиолол Б.Б, инженер геологи С.Д нар ерөнхий дүгнэлтэд Геологийн хавсралт дүгнэлт байхгүй эксперт хийсэн гэх боловч Барилгын тухай /2008/ хуулийн 3 дугаар зүйл 3.1.8-д заасан Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх дүрмийн 7.5-д дурдсан /7.5.1-ээс 7.5.10/ 7,6-д буй асуудлыг архитектур төлөвлөлт болон зураг төсөл боловсруулах даалгавар, эх загвар зураг байгаа эсэх, техникийн нөхцөлүүдээс мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцсөн байдал зэргийг дагаж мөрдөж байгаа норм дүрэм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон эсэхэд мэргэжлийн үнэлэлт өгч, нэмж тусгах, хасах, өөрчлөх асуудлын талаар тодорхой бүрэн дүгнэлт өгч тусгаагүй байна гэх хуулийн үндэслэл байна.

Г.О ХХК-ийн гүйцэтгэсэн GRD-14/30A шифртэй зургийг Барилгын хөгжлийн төвийн 416/2015 тоот магадлалын дүгнэлтээрээ баталгаажуулахдаа, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан барилгын зураг төсөлд магадлал хийх дүрмийн 7.4, 7.5-д буй үндсэн асуудлыг хянаж, хангаагүйн дээр, Инженер геологийн хавсралт дүгнэлт шалгасан гэх эксперт С.Д-ийн дүгнэлт 416/2015 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтэд хавсаргагдаагүй байхад дүгнэлт баталгаажсан” гэж бичсэн байна. Экспертүүд ажлын зураг төсөл нь холбогдох норм ба дүрмийн шаардлага хангасан байна гэж дүгнэжээ. Геологийн хавсралт дүгнэлт болон шаардлага хангасан гэсэн мэргэжлийн дүгнэлт тогтоогоогүй, барилга бүтээцийн суурийн дүгнэлт экспертээр баталгаажаагүй байгаа нь баталгаажуулсан 416/2015 тоот магадлалын ерөнхий дүгнэлт нь илт хууль бус.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Н.Г-ын 2015 оны 02 дугаар сарын 04-ний 23/030/02 тоотоор14/30A шифртэй Г.О ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлын зурагт хар дүгнэлт гаргаж 8 зүйл шаардлага тавьсныг бүрэн хангаагүйн дээр, гидрантыг усаар хангах эх үүсвэрийг тооцох. Энэ шаардлагыг Г.О ХХК захирал Т.Б үл биелүүлж, гадна усан хангамжийн шугам хоолойн зургийг 100% техникийн нөхцөл, зургийн баатар, даалгаврын дагуу гүйцэтгээгүй ноцтой үйлдэл гаргасан байна.

Иймд Барилга хөгжлийн төв нь сонгон шалгаруулалтаар сонгогдоогүй, гэрээ хийж баталгаажуулсан нотлох баримт байхгүй этгээдүүдээр дүгнэлт гаргуулсан нь Барилгын тухай хуулийн 2008 оны 13 дугаар зүйл 13.1-д барилгын зурагт хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, энэ хуулийн  6 дугаар зүйлийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно, хууль тогтоомж, Засгийн газрын 2009 оны 204 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх дүрмийг болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.7, 47.2-т тус тус заасан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.3.1, 106.3.2-д заасны дагуу 416/2015 тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зургийг гаргуулахаар Барилгын хөгжлийн төвөөс удаа дараа шаардсан. Барилгын хөгжлийн төв экспертүүдийн хийсэн ажилд хяналт тавих эрх байхгүй гэж хэлдэг. Экспертүүд зөвшөөрсөн болон татгалзсан хоёр хэлбэрээр магадлал гаргадаг ба таныг татгалзсан байдлаар гаргасан. Гэхдээ бид дахиж гаргахгүй гэдэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар барилга барих эрхгүй болж байна.

Барилга барихад Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын газар аль аль нь зөвшөөрөөгүй. Энэ зургаар барилга барьж болохгүй гэдэг. Барилгын хөгжлийн төвөөс дахин гаргуулъя гэхэд бид экспертүүдийн хийсэн ажилд шаардлага тавих эрхгүй гэсэн. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д зааснаар магадлал нь татгалзсан болон зөвшөөрсөн гэсэн хэлбэртэй байна. Уг дүгнэлтийг гаргах эрх нь гагцхүү эксперт байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д эксперт хараат бус бие даасан байна. Энэхүү хараат бус бие даасан эксперт гаргасан дүгнэлтийг хяналт тавьж, буцаах эрх байхгүй гэж заасан байгаа гэдэг тайлбарыг гаргадаг.

Хариуцагчийн зүгээс сүүлийн 6-аас 7 жил дандаа энэ тайлбарыг тавьж дахин магадлалын дүгнэлт гаргахгүй, дахин дүгнэлт гаргахын тулд та заавал дахин зураг гаргах шаардлагатай гэдэг. Энэ зураг алдаатай байна гээд анхан шатны шүүхэд маргасан. Иргэний хэргийн шүүх дүгнэхдээ магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан тул зураг ямар нэгэн байдлаар алдаагүй байна гэсэн. Харин Онцгой байдлын газар, Мэргэжлийн ханалтын газар энэ зураг дутуу гэдэг тайлбар өгдөг, үүнээс болж гарцаагүй байдалд ордог. Улмаар Барилгын хөгжлийн төв удаа дараа шүүх хуралдааны явцад зөвхөн зохион байгуулалтын ажлыг хийдэг гэсэн тайлбарыг өгсөн. Бид зохион байгуулалтын ажлыг хийж, экспертүүдийг сонгон шалгаруулдаг гэдэг. Мөн Барилгын хөгжлийн төвөөс экспертүүдтэй байгуулсан гэрээ манайд байхгүй Геодези, зураг зүйн, газарт байгаа гэсэн хариу өгсөн. Геодези, зураг зүйн газраас асуухаар байхгүй гэдэг хариу өгдөг. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Барилгын яамнаас 5/27 дугаартай албан бичгээр холбогдох баримт бичиг Зам тээврийн яаманд шилжсэн гэсэн хариу ирүүлсэн. Экспертүүдтэй холбоотой зар, гэрээ манайд байхгүй гэсэн хариуг өгсөн. 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Барилгын хөгжлийн төвөөс илүү нарийвчилсан хариу ирүүлсэн. Үүнд албан бичигт шаардсан гэрээнд Т.Ч, Д.Г, Б.Л, Б.Б, М.Б, Б.Б нарыг 2015 онд сонгон шалгаруулж, үүнтэй холбоотойгоор байгуулсан гэрээ, холбогдох материал манайд байхгүй гэж нэрийг нь тусгайлан заасан хариу өгсөн. Мөн Үндэсний архивын төв газраас эдгээртэй байгуулсан гэрээ, зартай холбоотой хариу байхгүй гэдэг. Үүнээс үзэхэд сонгон шалгаруулалттай холбоотой гэрээ, зар байхгүй байна. Удаа дараа хариуцагч экспертүүдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргасан гэж тайлбарладаг боловч эдгээр экспертүүд мэргэжлийн гэдэг нь тодорхой бус байна. Сонгон шалгаруулсан тухайн этгээдүүдийн чадварыг дүгнэсэн баримт байхгүй. Барилгын хөгжлийн төв эс үйлдэхгүй гаргасан байна.

Магадлалын ерөнхий дүгнэлтийг мэргэжлийн бус хүмүүс хийсэн учраас Мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газраас дутуу байна гэсэн шаардлага тавьсан. Өмнө хурал дээр гэрчүүдийг асуухад экспертүүдийг сонгон шалгаруулах зар гаргаагүй гэсэн. 2011 оноос 2021 оныг хүртэл сонгогдсон экспертүүд хэзээ зар гарсныг мэддэггүй. Энэ хугацаанд шинэ эксперт сонгон шалгаруулаагүй хуучин экспертүүдийг Барилгын хөгжлийн төвийн даргын тушаалаар батлаад явж байна. Хариуцагч талаас шинэ гэрээ гаргаж ирсэн нь бид гэрээндээ эрх олгодог боловч хариуцлага оноодоггүй гэсэн байдаг. Экспертүүдийг шаардлага тавихад тусдаа асуудал, тусдаа байгууллага Барилгын хөгжлийн төвийг төлөөлөх эрхгүй гэдэг тул ямар нэгэн байдлаар шаардлага тавьдаггүй. Магадлалын ерөнхий дүгнэлттэй холбоотой шаардах эрхгүй болж байна. Магадлалын ерөнхий дүгнэлттэй холбоотой шаардлага тавихаар 2008 он, 2016 оны хуулиар хүчингүй болгох заалт байхгүй гэдэг тайлбар өгсөн. Г.О ХХК-ийн гаргасан алдаатай зургийг дахин хийлгэхийг даалгах шаардлага гаргасан. Энэхүү зураг алдаатай, алдаагүй гэдгээс шалтгаалан бид дараагийн хийх ажил тодорхой болно.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Барилгын тухай хуулийн 2008 оны 6.2.8, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 7.4, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаал,, Газрын харилцаа барилга, хот, байгуулалтын газрын даргын 2010 оны 561 дүгээр тушаалаар батлагдсан “Зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах журам”-н дагуу барилга байгууламжийн зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэн хуулийн этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, эрх олгосон байдаг. Улмаар зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэн, хуулийн этгээдийн бүрэлдэхүүнийг батлах тухай Барилгын хөгжлийн төлөвийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтийг гаргасан нэр бүхий экспертүүдэд эрх олгогдсон байна” гэжээ.

8. Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилгын хөгжлийн төв нь магадлал хийх ажлыг цахимаар хийж байгаа. Техникийн шийдлүүдийг орон тооны бус экспертүүд гаргадаг. Барилгын тухай хуулиараа орон тооны бус эксперт нь гаргасан дүгнэлтдээ хуулийн хариуцлага хүлээдэг. Сонгон шалгаруулаад тэнцсэн экспертүүдтэй гэрээ байгуулах захирлын тушаал байгаа. Тухайн үед ажиллаж байсан мэргэжилтнүүд нь холбогдох бичиг баримтыг архивлаж аваагүй байна. Энэ нь захирлын тушаал болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэж үзэж байна.

Барилга байгууламж зураг төсөл магадлалын ажлыг зохион байгуулж ажилладаг буюу зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг хүлээн аваад иж бүрдлийг нь хангуулаад, иж бүрдэл нь хангагдсан байвал зураг төсөлд магадлал хийж хуваарилаад экспертүүдэд шилжүүлж өгдөг. Экспертүүд хүлээж авсан зургуудыг магадлал хийгээд, хийсэн магадлалынхаа дүгнэлтүүдийг Барилгын хөгжлийн төвд хүргүүлдэг. Манайх тухайн дүгнэлтүүдийг нэгтгээд магадлалын нэгтгэсэн дүгнэлт болгон албажуулж тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд  буцаан өгдөг” гэжээ.

9. Гуравдагч этгээд “Г о” ХХК-ийн ерөнхий захирал Т.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Д д” ХХК-ийн захирал Д.Э нь орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах захиалга авч байгаа тухай танилцуулаад манай компанийн боловсруулсан 60 айлын орон сууцны барилгын зураг төсөлтэй танилцан уг барилгын зургаар суурийн холболт хийх хүсэлт гаргасны дагуу уг зураг холболт хийх зөвшөөрлийг зураг зохиогчийн эрхийг эзэмшигчийн хувьд Д.Э-т өгсөн. Нэг маягийн буюу давтан ашиглах ашиглах зураг төсөлд холболт хийж тухайн байршил, хөрсний геологийн дүгнэлтэд нийцүүлэн хэд хэдэн газарт ашиглан, барилга барих нь түгээмэл байдаг.

Манай боловсруулсан нэхэмжлэлд дурдагдаж буй 60 айлын орон сууцны барилгын зургаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Увс аймгийн Улаангом сум, Ховд аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Хөвсгөл аймаг Мөрөн хотод тус бүр 1-2 байгууллагуудаар орон сууцны барилга баригдахаар зураг төсөл нь зохиогдсон ба эдгээрээс Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгуудад орон сууц баригдан ашиглалтад орсон бөгөөд хэвийн ашиглагдаж байна. Эдгээр барилгуудын ажлын зураг төсөл нь бүгд Барилгын хөгжлийн төвийн улсын магадлалын дүгнэлттэй, эрх бүхий баталгаажуулагдсан байгаа. Энэ нь бидний боловсруулсан зураг төсөл  Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Барилгын хууль, Барилгын норм ба дүрэм (БНбД) болон стандартын шаардлагыг хангасныг илэрхийлэн харуулах болов уу.

Б.Ц гуайн нэхэмжлэлд олон дахин дурдагдаж байгаа “Д д” ХХК-ийн захирал Д.Э-тай болон барилгын зураг төсөлд магадлал хийж байгаа олон мэргэшсэн, зөвлөх инженерүүдтэй үгсэн хуйвалдаж, хууль бус зүйл хийсэн удаа үгүй бөгөөд нэхэмжлэгчид хуурамч зураг өгөх ямар ч шаардлага байхгүй билээ. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Ц нь энэ зураг төсөлд хийгдсэн магадлалын дүгнэлтийн талаар Барилгын хөгжлийн төвд хандаж байсан ба БХТ-өөс улсын магадлал барилгын хууль, дүрэм журмын дагуу хийгдсэн гэж хариу өгсөн байсан.

Өнөөдөр энэ асуудлыг дахин хөндөж байгаа нь олон арван мэргэшсэн, зөвлөх инженер болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг үл тоомсорлон, үл хүндэтгэж байгаагийн илрэл гэж үзэж байна.

“Д д” ХХК-ийн захирал Д.Э нь Г.О ХХК-д боловсруулсан 60 айлын орон сууцны барилгын давтан ашиглах зураг төсөлд холболт хийх эрхийг манайхаас авсны дараа Д.д ХХК-тай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан байсан бөгөөд барилгын суурь, ерөнхий төлөвлөгөөний зургийг боловсруулж өгсөн байсан. Мөн энэ суурийн зургийн дагуу Д.д ХХК нь барилгын суурийг газар дээрээ цутгаж хийсэн байдаг. Энэ талаар Д.д ХХК-ийн ерөнхий инженер Ц.Э гэдэг эмэгтэй манай компани дээр ирж манай 60 айлын орон сууцны зураг төслийг үзүүлсэн, Д.Э-аас танай зургийг авсан.

Бид цэцэрлэгтэй 50 айлын орон сууцны зураг хийлгүүлэхээр Д.Э-тай гэрээ байгуулсан боловч бидэнд суурийн зураг гаргаж өгснөөс хойш олдохгүй зургаа дуусгаж өгөхгүй байна. Бид банкинд зээл авах хүсэлтээ гаргасан, зээлийн материалд ажлын зураг байх шаардлагатай байна. Та хэд тусалж ажлын зургийг хийж дуусгаж өгөөч гэж 2-3 удаа ирж уйлж, учирлан туслаач гэж гуйсны дагуу бид арга буюу зөвшөөрч гэрээ байгуулан ажлаа эхэлсэн.

Зураг төсөл боловсруулах гэрээнд гадна инженерийн шугам сүлжээний зурагт төсөл хийх асуудал тусгагдаагүй. Учир Ц.Э энэ зураг хийх шаардлагагүй тухайн хорооллын гадна инженерийн шугам сүлжээний хангамжийн нэгдсэн зураг Дарханд боловсруулагдаж байгаа гэсэн. Гэтэл Б.Ц гуай удаа дараа ажлын даалгаварт байгаа хийх ёстой байсан гэж байгаа бөгөөд үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар ч мөн өмнө өөрт нь болон Иргэний хэргийн шүүхэд танилцуулан мэдүүлж байсан.

Бидэнтэй гэрээ байгуулахаасаа өмнө Д.д ХХК нь газар дээрээ барилгынхаа суурийг “Д д” ХХК хийж өгсөн суурийн зургийн дагуу хийсэн байсан. Үүнийгээ ч Д.д ХХК нэхэмжлэлдээ баталсан.

Гэвч дүрэм журмын дагуу барилгын гүйцэтгэгч компани барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл энэ зөвшөөрлөө хууль бусаар бусдаар дамжуулан авхуулж, суурийн ажлаа өөрсдөө хийснийгээ биднийг буруутгаж, хуйвалдаан зохион байгуулсан гэж өөрсдийн буруутай үйл ажиллагааг бусдад тохож байгаа нь огт ойлгомжгүй байна.

Бид гэрээ байгуулсны дараа өөрийн инженер С.А томилон Дархан хот руу явуулсан. Газар дээр нь хийгдсэн барилгын суурийг үзэж, нөхцөл байдалтай танилцаж, ашигласан барилгын материал хийцийн байдлыг тулган үзэж, тооцоо хийж шалгаж үзсэний дагуу барилгын зургийг үргэлжлүүлэн хийсэн. Гэрээний дагуу бид барилгын каркас зургийг хийж Ц.Э-д хэвлэж өгсөн, зургаа үзээд саналаа өгье гээд 2 сар гаруй саналаа ирүүлээгүй, бид утасдаж сураглахад удахгүй өгнө гэсээр хугацаа алдсан. Ийм явдал хэд хэдэн удаа давтагдсан.

Бид ажлын зургийг боловсруулж дуусгаад улсын магадлалаар хянуулан баталгаажуулан 2015 оны 4 дүгээр сарын 01-нд авсны дараа Д.д ХХК-ийг ирж зургаа аваарай гэж Ц.Э-д хэлсэн боловч ирэхгүй байж байгаад тухайн жилийн 5 сард Б.Ц гэдэг хүн ирээд би захирал нь байна гэж ирсэн. Бид зургийн үлдэгдэл санхүүжилтээ хийсний дараа эх хувь зургаа өгнө гэж хэлээд ажлын зураг, магадлалын дүгнэлтийг хувилан 1 хувь хүлээлгэн өгсөн. Д.д ХХК нь гэрээний үүргээ удтал биелүүлэхгүй байсан тул бид арга буюу 2016 оны 3 дугаар сард Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан ба 3 шатны шүүхээр 3 жил гаруй хэлэлцэгдэн үнэн зөв нь тогтоогдон асуудал манай талд шийдэгдсэн байдаг. Шүүх хуралдаан болгон дээр Д.д ХХК-ийн одоогийн нэхэмжлэлд дурдсан зүйлүүд дэлгэрэнгүй яригдсан бөгөөд бидний боловсруулсан зураг төсөл болон улсын магадлал, хууль, дүрэм журмын дагуу явагдсан гэж үзэж шийдвэрүүд манай талд гарсан байдаг.

Уг барилгын иж бүрэн зургийг 3 компанийн 11 инженер техникийн ажилтан оролцон боловсруулж, 6 эксперт томилогдон хянан магадалж, үүнээс гадна Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд ажиллаж уг барилгын зургийг БXT дүрэм журмынхаа дагуу баталгаажуулан Магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан байна.

Гэтэл энэ бүх хүмүүсийн олон сарын шударга хөдөлмөрийг үгүйсгэн, 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж зураг төсөл боловсруулах ажил болон түүнийг магадлан баталгаажуулах ажил Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журмын дагуу боловсруулагдан баталгаажсан гэж үзсэнийг үл хэрэгсэн магадлалын дүгнэлтийг хүчингүй болгох шаардлага тавьж байгаа нь дэндүү өрөөсгөл, зүй бус гэж үзэж байна. Бидний зүгээс ямар ч хууль бус зүйл хийгээгүй, хийж байгаагүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

10. Гуравдагч этгээд Г.О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Ш.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д д” ХХК-ийн захирал Д.Э нь орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах захиалга авч байгаа тухай танилцуулаад манай компанийн боловсруулсан 60 айлын орон сууцны барилгын зураг төсөлтэй танилцан уг барилгын зургаар суурийн холболт хийх хүсэлт гаргасны дагуу уг зураг холболт хийх зөвшөөрлийг зураг зохиогчийн эрхийг эзэмшигчийн хувьд Д.Э-т өгсөн. Нэг маягийн буюу давтан ашиглах зураг төсөлд холболт хийж тухайн байршил, хөрсний геологийн дүгнэлтэд нийцүүлэн хэд хэдэн газарт ашиглан, барилга барих нь түгээмэл байдаг.

Манай боловсруулсан нэхэмжлэлд дурдагдаж буй 60 айлын орон сууцны барилгын зургаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Увс аймгийн Улаангом сум, Ховд аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Хөвсгөл аймаг Мөрөн хотод тус бүр 1-2 орон сууцны барилга баригдахаар зураг төсөл нь зохиогдсон ба эдгээрээс Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий аймгуудад орон сууц баригдан ашиглалтад орсон бөгөөд хэвийн ашиглагдаж байна. Эдгээр барилгуудын ажлын зураг төсөл нь бүгд Барилгын хөгжлийн төвийн улсын магадлалын дүгнэлттэй, эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулагдсан байгаа. Бидний боловсруулсан зураг төсөл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Барилгын тухай хууль, Барилгын норм ба дүрэм (БНбД) болон стандартын шаардлагыг хангасан.

“Д д ХХК-ийн захирал Д.Э нь Г.О ХХК-д боловсруулсан 60 айлын орон сууцны барилгын давтан ашиглах зураг төсөлд холболт хийх эрхийг манайхаас авсны дараа Д.д ХХК-тай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан байсан бөгөөд барилгын суурь, ерөнхий төлөвлөгөөний зургийн боловсруулж өгсөн байсан. Мөн энэ суурийн зургийн дагуу Д.д ХХК нь барилгын суурийг газар дээрээ цутгаж хийсэн байдаг. Энэ талаар Д.д ХХК-ийн ерөнхий инженер манай компани дээр ирж манай 60 айлын орон сууцны зураг төслийг үзүүлсэн, “Д.Э-аас танай зургийг авсан. Бид цэцэрлэгтэй айлын орон сууцны зураг хийлгүүлэхээр “Д д” ХХК-тай гэрээ байгуулсан боловч бидэнд суурийн зураг гаргаж өгснөөс хойш олдохгүй зургаа дуусгаж өгөхгүй байна. Бид банканд зээл авах хүсэлтээ гаргасан, зээлийн материалд ажлын зураг байх шаардлагатай байна. Та хэд тусалж ажлын зургийг хийж дуусгаж өгөөч” гэж 2-3 удаа ирж учирлан туслаач гэж гуйсны дагуу бид арга буюу зөвшөөрч гэрээ байгуулан ажлаа эхэлсэн.

Д.д ХХК-ийн зээл бүтсэн эсэхийг мэдэхгүй байна. Барилгын санхүүжилт байхгүйгээс барилгаа өнөөдрийг хүртэл барьж чадахгүй байгаа талаар компанийн ажилчид нь ярьдаг. Ингээд нэгэнт баригдахгүй болсон барилгын экспертийн төлбөрийг төлөхгүй, өөрсдөө холбогдохгүй байсан учраас зургийн ажил удааширсан, зургийн үнийг төлөхгүй, барилгын зургаа авахгүй удсаны эцэст Иргэний хэргийн гурван шатны шүүхээр орж байж барилгын зургийн үлдэгдэл төлбөрийг гаргуулан авсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа магадлалыг хүчингүй болгосноор барилгын ажлаа эхлүүлэх боломжтой болно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

Уг барилгын иж бүрэн зургийг 3 компанийн 11 инженер техникийн ажилтан оролцон боловсруулж, 6 эксперт томилогдон хянан магадалж, үүнээс гадна Барилга хөгжлийн төвийн мэргэжилтнүүд ажиллаж уг барилгын зургийг Барилга хөгжлийн төвийн дүрэм журмынхаа дагуу баталгаажуулан Магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан байна.

Барилгын тухай /2008 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д “Зураг төсөл зохиогчийн гаргасан алдааг зураг төслийн байгууллага, зохиогч хариуцах бөгөөд магадлал хийсэн этгээд нь зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.” гэж заасан байдаг. Зураг төсөл зохиогч хуулийн дагуу хариуцлага хүлээх, магадлал хийсэн экспертүүд техникийн шийдлийн талаар хариуцлага хүлээхээр хууль заасан хариуцлагатай ажлыг зураг төсөл зохиогч хийж, хараат бус экспертүүд магадлал хийсэн байхад ялихгүй шалтгаанаар хувийн ашиг сонирхлын үүднээс магадлалыг хүчингүй болгуулна гэж, магадлалын дүгнэлтээс болж барилга байгууламж барих боломжгүй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь барилга барихад Мэргэжлийн хяналтын газраас барилга эхлэх зөвшөөрлийг олгохгүй байна гэж тайлбарладаг боловч гурван шатны иргэний шүүхэд энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй, мөн захиргааны шүүхэд ч мөн энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар зөрчигдөж болзошгүй эрх зөрчигдсөн эрхийн талаар хуульчилсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн илт хууль бус болохыг тогтоолгох, дахин магадлалыг гаргуулах, эс үйлдэхүй болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үйл баримтын талаар авч үзвэл нэхэмжлэгчийн эцсийн үр дүн нь гуравдагч этгээдээс зурагт төлсөн хохирлоо нэхэмжлэх гэсэн агуулгаар харагдаж байна. Эхлээд “Д д” ХХК-тай гэрээ хийсэн харин Г.О ХХК-иас зургийг “Д д” ХХК авсан гэдэг. Зураг түрээслэх зохиогч бусдад ашиглуулах эрхийг зохиогч хадгалж байдаг. “Дархан дизайн” ХХК зургийг ашиглаж байсан гэж маргаж байсан. Эцсийн дүндээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэтэл нэхэмжлэгч Г.О ХХК дээр очиж гэрээ хийсэн. 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хийсэн байдаг. Үүний дагуу зураг төслийн ажлын мөнгөө өгөөгүй энэ талаар гурван шатны шийдвэр гарсан байдаг. Нэхэмжлэгч талд хандаж хэлэхэд гурван шатны шүүхээс ажил гүйцэтгэлтэй холбоотой шийдвэр гарсан. Одоо дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шинээр нэхэмжлэл гаргана гэсэн бодлоор энэ нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй хэнээр тогтоолгох гээд байгаа юм. Харилцан эсрэг байр суурьтай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл нь тодорхойгүй уялдаа холбоо байхгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эс үйлдэхүйг тодорхойлж байгаа бол яг хэнээр тогтоолгох гээд байна вэ гэдгээ тодорхой дурдаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргах хэрэгтэй байх.

Дахин дүгнэлт гаргах асуудал дээр өөрсдөд нь эс үйлдэхүйгээр хандах, мэргэжлийн байгууллагад хандаж дахин дүгнэлт гаргуулж өнөөдрийн 8 жил зогсоосон ажлаа үргэлжлүүлээд явах боломж байсан. Өөрсдөө эс үйлдэхүйгээ биелүүлэхгүй байгаа нь буруу ойлголт төрүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11. Иргэдийн төлөөлөгч Я.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Экспертүүд одоогоор ажлаа хийж байгаа. 8-н жил өнгөрсөн байна. Бусад барилга баригдаад явж байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хийсэн ажил бүхэлдээ үгүйсгэгдэх болж байна. Барилга хөгжлийн төвийн нэг буруутай байгаа нь өөрсдөө сонгон шалгаруулалт, зар гаргах ажиллагаа нь хийгдээгүй байна. Шүүх хурлын явцад манай төрийн байгууллага муу ажилласан байгаа нь харагдаж байна. Экспертүүдийг мэргэжлийн бус гэдэг. Би өөрөө олон байгууллагын төсөл дээр ажиллаж байсан, эдгээр хүмүүсийн ажлыг үгүйсгэж болохгүй. Экспертүүд мэргэжил мэргэжлээрээ тусдаа гардаг. Тэрийг нэгтгэсэн нэг дүгнэлт гардаг тэр дүгнэлтээс үүдээд эдгээр олон хүмүүсийн хийсэн ажил үндэслэлгүй болж болохгүй. Эдгээр хүмүүсийн ажлыг мэргэжлийн бус гэж дүгнэвэл энэ олон барилга баригдсан бүх ажил үгүйсгэгдэх болно. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд эвлэрээсэй гэж хүсэж байна. Нэгэнт мөнгөө өгөөд зургаа гаргасан зураг байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг яахыг хууль эрх зүйн талаас нь  мэдэхгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Мөн Барилгын хөгжлийн төв нь цаашид анхаарч ажиллах /архив, хувь хүн болон гэрээ хийх хүмүүстэй ажиллах талаар/ ямар ч баримтгүй байгаад харамсаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.д ХХК-ийн нэхэмжлэлтэй “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг хянаж үзээд дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг  хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Д.д ХХК нь “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7. “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгож, дахин магадлалын ерөнхий дүгнэлт гаргахыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т даалгах нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг гаргажээ.

3. Д.д ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан суманд баригдах цэцэрлэгтэй орон сууцны барилгын ажлын зургийг хийж гүйцэтгүүлэхээр “Г О” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №11/14 дугаар Барилгын ажлын зураг төсөв боловсруулах гэрээг байгуулсан байна. /1хх-124-125/

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр Г.О ХХК-ийн  хийж гүйцэтгэсэн барилгын ажлын зурагт ерөнхий дүгнэлт гаргасан байх бөгөөд экспертүүдийн 13 хуудас дүгнэлтийн хамт хүчинтэй гэжээ. /1хх 67-83/

Тус магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралтад 1. Дотор цэвэр, бохир усны шугам, 2. Цахилгаан, 3. Дохиолол, 4. Халаалт, агаар сэлгэлт, 5.Барилгын архитектурын хэсэг зэргийг хавсралтаар экспертүүд тус тусдаа дүгнэлт гаргаж баталгаажуулсан байна.

Барилгын тухай хуулийн /2008 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.8-д ”барилгын зураг төслийн магадлал” /цаашид “магадлал” гэх/ гэж барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, архитектур, хот төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэх, инженерийн хангамжийн техникийн шийдэл, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, байгалийн баялгийг зохистой ашиглах, үйлдвэрлэлийн технологийн сонголт нь барилгын норм, дүрэм, стандартын шаардлагыг хэрхэн хангасныг тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагааг”,13 дугаар зүйлийн 13.1-д “Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.”, 6 дугаар зүйлийн 6.2.8-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох” гэж заажээ.

Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийг Засгийн газар батлахаар заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийг /цаашид Дүрэм гэх/ баталжээ.

Дээрх хуулийн заалт, дүрмээс үзвэл Барилгын хөгжлийн төвөөс өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулсан иргэн хуулийн этгээд нь өөрийн мэргэшсэн чиглэлээр Дүрэм-ийн 7.5 дахь хэсэгт заасан үндсэн асуудалд тус тусдаа дүгнэлт гаргаж, магадлах ажээ.

Гэтэл дээрх магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт “Барилгын бүтээц хэсэгт Эксперт Б.Б 1. Суурийн шийдлийг эргэн хянаж үзэх шаардлагатай. Болж өгвөл бат бэх сайтай /ИТЭГ/ доод үеийн хөрсөнд суулгавал сайн юм. Сайтар харьцуулсан тооцоо хийх. Энэ удаад суурь суусан хөрс нь усны үйлчлэлд орсон үед бат бэх нь 2 дахин буурах юм. 2. Суурийн суулт буюу норсон үе дэх суултын тооцоог  багана бүрээр шалгаж, суурь нь нэрлэсэн хэмжээнд байвал уг суурийн шийдлийг үлдээж болох юм. Тооцоогоор шалгах. 3. Суурь болон суурь суулгалтын зурагт суурийн нүхийг гадаргуугийн хур борооны уснаас хамгаалах арга хэмжээ авахыг онцлон анхааруулж бичих. Дүгнэлт: Дээрх 1, 2, 3-д заасан дүгнэлтийг зассаны дараа зургийг экспертэд дахин хянуулах шаардлагатай” гэж дүгнэлтийг эцэслэн гаргаагүй байхад Барилгын хөгжлийн төв магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ. /1хх-80-81/

Мөн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/42 тоот албан бичигт Г.О ХХК-д боловсруулагдаж ... магадлал хийгдсэн .. зураг төслийн бүрдэл бүрэн бус байна. Тухайлбал: 1. Гадна дулаан, гадна цэвэр бохир ус, гадна цахилгаан хангамжийн зураг дутуу 2. ББ-2-7 дугаар хуудсанд тухайн зургийг гүйцэтгэсэн инженер гарын үсэг зурж баталгаажуулаагүй, ББ-3 дугаар хуудсанд магадлалын дардас дарагдаагүй, 3. Ерөнхий дүгнэлтийн хавсралт дүгнэлт дээрх эксперт Б.Б-ын өгсөн үүргийг биелүүлээгүй гэжээ.

Дээрх нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэж үзвэл  “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь Г.О ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлын зурагт ерөнхий дүгнэлт гаргахдаа Барилга бүтээцийн хэсэгт экспертээр ажилласан Б.Б-ын дүгнэлт гараагүй байхад тодруулбал барилгын чухал хэсэг болох суурийн талаар санал, дүгнэлтийг дахин засаж ирүүлэх даалгавартай байхад түүнийг зураг төслийн компаниар хийлгүүлэхгүйгээр магадлалын ерөнхий дүгнэлт гаргажээ.

Өөрөөр хэлбэл барилгын суурийн хэсэгт дүгнэлт гаргуулахгүйгээр барилгыг барих боломжгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт зааснаар “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг” бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэсэн нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй тул “илт хууль бус захиргааны акт” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4. Ерөнхий магадлалын дүгнэлтийг гаргасан экспертүүд нь эрхгүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчээс магадлал гаргах чадвартай эсэх, магадлал хийх эрх олгогдсон эсэх нь тодорхойгүй этгээдүүдээр барилгын зураг төсөлд магадлал хийлгэж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргасан.

“Барилгын Хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 350, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/26 дугаар тушаалаар “Зураг төслийн баримт бичигт магадлал хийх орон тооны бус иргэн, хуулийн этгээдүүдийн бүрэлдэхүүнийг баталжээ. /2хх-162-166/

Шүүхээс 416/2015 магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан экспертүүдийн сонгон шалгаруулсан материалыг гаргуулахаар Барилга, хот байгуулалтын яам, Зам тээвэр хөгжлийн яам болон Барилгын хөгжлийн төвд хандахад дурдсан материалууд байхгүй байна.  /х.х-н 226-240/

Иймд Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 12 сарын 10-ны өдрийн 561 дугаар тушаалаар баталсан “Зураг төслийн баримт бичигт магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах журам”-д /2хх 206-220/ зааснаар сонгон шалгаруулсан, мэргэшсэн экспертүүд дүгнэлт гаргаагүй гэсэн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд Барилгын тухай хуулийн /2016 оны/ 25 дугаар зүйлийн 25.1-д “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ” гэж зааснаар Г.О ХХК зураг төслийг нь хийж гүйцэтгэсэн иргэн Ю.Ц.ын “Хүүхдийн цэцэрлэгтэй, 40 айлын орон сууц”-ны барилгын ажлын зураг төсөлд хийсэн “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, тухайн зураг төсөлд дахин магадлалын ерөнхий дүгнэлт гаргахыг хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэлээ.

5. Иргэдийн төлөөлөгчөөс экспертүүдийн ажил үгүйсгэгдэх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй бөгөөд хэрэв барилгын бүтээц буюу суурь хэсгийн дүгнэлтгүйгээр барилгыг барих нь ирээдүйд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй.

6. Нэхэмжлэгчээс “416/2015 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулаагүй, хуулийн дагуу сонгон шалгаруулаагүй, сонгон шалгаруулалттай холбоотой зар гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно “ гэж зааснаас үзвэл ”мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулаагүй, хуулийн дагуу сонгон шалгаруулаагүй, сонгон шалгаруулалттай холбоотой зар гаргаагүй” гэсэн нь эс үйлдэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл эс үйлдэл нь дээрх шаардлагыг иргэнээс өргөдөл, гомдлоороо захиргааны байгууллагад гаргасан, энэ нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхүйц байхыг ойлгоно. Түүнчлэн ”мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулах, сонгон шалгаруулалттай холбоотой зар гаргах” гэдэг нь тухайн хэргийн хувьд байгууллагын зохион байгуулалттай холбоотой, дотогш чиглэсэн захиргааны акт байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 47.3, Барилгын тухай  хуулийн /2008 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.8, 5 дугаар зүйлийн 5.1.6, 13 дугаар зүйлийн 13.1, Барилгын тухай хуулийн /2016 оны/ 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.д ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 416/2015 тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, Г.О ХХК зураг төслийг нь хийж гүйцэтгэсэн иргэн Ю.Ц.ын “Хүүхдийн цэцэрлэгтэй, 40 айлын орон сууц”-ны барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гаргахыг хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т даалгасугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан Д.д ХХК-иас гаргасан “416/2015 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулаагүй, хуулийн дагуу сонгон шалгаруулаагүй, сонгон шалгаруулалттай холбоотой зар гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.д ХХК-д олгож, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

                                     ШҮҮГЧ    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ   Т.МӨНХ-ЭРДЭНЭ