Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 51

 

105/2019/1731/Э

 

 

 

  2020             01            09                                         2020/ДШМ/51    

 

Т.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Т.О-,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1761 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Т.О-д холбогдох 1903011230496 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

..... О-, 1979 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай, ....., бүрэн дунд боловсролтой, “......... ажилтай, ам бүл 5, ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, / РД:......./;

Т.О- нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 6а гудамжны 290 тоот хашааны урд замд “Тoyota passo” загварын ... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, хацар, баруун сарвуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Төмөрийн О-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Б- давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1761 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлд зааснаар дараах гомдлыг гаргаж, шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр няцааж байна.

1. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, шүүхийн шийдвэрийн гурваас дөрөв дэх хуудаст “...Шүүгдэгч Т.О- нь хохирогч Ч.Б-д учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон...” гэсэн байх бөгөөд Т.О- нь өнөөдрийг хүртэл хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй. Мөн цаашид энэхүү гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг гарах бөгөөд энэ бүгдийг шүүх харгалзан үзээгүй. Шүүх хохирол, төлбөр төлсөн гэж үзэж байгаа нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэж байна. Тухайн ослын дараа миний хөл хугарсан, хэвтрийн дэглэмд байсан. Ослын улмаас ажилдаа явж чадаагүй, орлогогүй байсан тул эм тариа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх мөнгө маш их хэрэгтэй байсан. Энэ үед Т.О- нь эмчилгээнд шаардлагатай хохирлыг өгч байсан бөгөөд тухайн үед “Би ослын улмаас цаашид гарах төлбөрийг төлж барагдуулж байх болно. Та хохирол, төлбөр байхгүй гээд бичээд өгөөч” гэж байнга гуйж байсан. Миний зүгээс тухайн үед Т.О- нь эмчилгээнд шаардлагатай мөнгийг өгөөд байсан учир цаашид эмчилгээний зардлыг төлнө гэдэг үгэнд нь итгэж, түүнд тус болох үүднээс “хохирол төлбөргүй” гэж бичиж өгсөн. Мөн тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж байсан прокуророос асуухад “Та хохирол, гомдолгүй” гээд бичээд өгчих өө. Би харин цаашид гарах төлбөрийг нэхэх эрхтэй байхаар шүүхэд санал оруулъя” гэж хэлсэн. Дээрх бүх шалтгаан нөхцөлд итгэн “Хохирол, төлбөргүй” гэдэг бичгийг бичиж өгсөн. Хохирол, төлбөргүй гэсэн утга бүхий бичгийг авснаас хойш Т.О- нь шүүх хуралдаан хүртэл, мөн шүүх хуралдаанаас өнөөдрийг хүртэл надтай нэг ч удаа холбогдоогүй. Би өнөөдрийг хүртэл тухайн ослоос болж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод явж байна. Иймд шүүхийн “хохирол, төлбөр төлөгдсөн” гэж үзсэн нотлох баримтыг худал хэлэн, хууран мэхлэж авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтаар тооцохгүй баримтыг ашиглаж шийдвэрээ гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээр дурдсанчлан шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан нотлох баримтыг ашиглан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь өөрөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон. Учир нь, шүүхийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх дүгнэлтэд “...Т.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан байх тул...” гэж үзэж хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан “хохирол, төлбөр төлөгдөөгүй” байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1761 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өнөөдрийг хүртэл хохирогчийн хохирлыг барагдуулж, 1.300.000 төгрөг өгсөн. ...” гэв

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хохирогчийн хувьд яллагдагчтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч, яллагдагч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэл, түүнээс гарах үр дагаврыг тайлбарлаж өгсөн. Хэрэгт авагдсан хохирлын баримтаар хохирол төлөгдсөн. Харин цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх боломжтой бөгөөд энэ талаар хохирогчид тайлбарлаж хэлсэн. Прокурорын зүгээс ямар нэгэн байдлаар шахаж, албадан эвлэрүүлсэн асуудал байхгүй. Шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч нь “шүүгдэгч цаашид гарах эмчилгээний зардлыг өгөхгүй байна” гэж ярьсан. Прокурорын зүгээс баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар тайлбарлаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Харин шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй талаар дурдаагүй байгаа учраас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг дурдаж, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.О- нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний 07 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 6а гудамжны 290 тоот хашааны урд замд “Тoyota passo” загварын ... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Ч.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, хацар, баруун сарвуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ч.Б-ын “...би дэлгүүр орох гээд явж байтал миний араас нэг машин ирж мөргөчихөөд миний хөл дээгүүр гарч яваад дэлгүүрийн үүдэнд зогссон. Жолооч нь бууж ирээд “өө яанаа, би харсангүй, сандарсандаа хаазаа нэмчихлээ” гэж хэлсэн. ...” /хх 16-17/,

Т.О-гийн яллагдагчаар өгсөн “...би тэр хүний хажуугаар зөрөх гээд баруун гар тийш эргээд явтал машины зүүн ард талын дугуй нэг юм давах шиг болсон. Яг тэр үед хүн орилсон. Би шууд тоормосоо гишгээд машинаа зогсоогоод нөгөө хүн дээр очиход хөл нь эвгүй болсон байсан. ...” /хх 82-83/ гэх мэдүүлгүүд,

“...Ч.Б-ын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, хацар, баруун сарвуу, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 11614 дугаартай дүгнэлт /хх 24/,

“...жолооч Т.О- нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. ...” гэх Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 430 дугаартай дүгнэлт /хх 96/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 70806 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх 30-36/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-12/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.О-г Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин Ч.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Т.О-гийн автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтыг зөрчсөнөөс явган зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Хохирогч Ч.Б- нь “...шүүгдэгч Т.О- хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Ч.Б- нь “...Т.О-гаас эмчилгээний зардал 828.200 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх 18/  өгч, шүүгдэгч нь хавтас хэрэгт авагдсан баримтын хэмжээнд  хохирлыг төлсөн байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Т.О-гийн болон хохирогч Ч.Б-ын “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн хүсэлт /хх 103, 111/, прокурорын санал /хх 110/ зэргийг харгалзан, Т.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Харин шийтгэх тогтоолын 5 дахь заалтад шүүгдэгч Т.О-г бусдад төлөх төлбөргүй гэж заасан нь үндэслэл муутай болжээ. Учир нь, уг зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирч, тэрээр давж заалдах гомдолдоо өнөөдрийг хүртэл эрүүл  мэндээрээ хохирч байгаа, цаашид гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг гарахыг шүүх харгалзан үзээгүй талаар дурдсан байх тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ.

Түүнчлэн хэрэгт цугларсан хохирлын талаарх нотлох баримтуудыг судалж үзвэл, нийт 477.714 төгрөгийн нэхэмжлэл нь хэргийн 71-75 дугаар хуудаст авагдсан холбогдох баримтуудаар нотлогдож, шүүгдэгч Т.О- нь 1.128.200 төгрөгийг хохирогчид төлсөн /хх 18, 92-93, 111/ байх тул энэ хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх хохиролгүй болно.  

Түүнчлэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Т.О-д шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж зааснаас үзвэл торгох ялыг заавал 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заах шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу /ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан/ хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагатай гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногоос дээш хугацаагаар тогтоосон тохиолдолд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж байх нь зүйтэй.

Иймд хохирогч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын 3, 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1761 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.О- нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.О- нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхээр тогтоосугай. ...” гэж,

5 дахь заалтад “...Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. ...” гэснийг “...Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.О- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Хохирогч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН