Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00349

 

 

 

Д.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02666 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2396 дугаар магадлалтай,  

Д.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй,

М.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт нийт 162,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Зохигчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Д.Бямбасүрэн нь М.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 162,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02666 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Эрдэнээс 135,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбасүрэнд олгож, нэхэмжлэлээс 27,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Эрдэнэ шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч М.Баясгалангийн өмчлөлийн Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 11 дүгээр байр 100 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012703 дугаарт бүртгэлтэй орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бат-Эрдэнэ, М.Баясгалан нараас улсын тэмдэгтийн хураамжид 903,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбасүрэнд олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2396 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 292,950 төгрөг, хариуцагч талаас төлсөн 332,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн,, 172.2.2-т шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж заасан үндэслэлээр 27,000,000 төгрөгийн шаардлагын хүрээнд эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь зээлийн гэрээний 3-р зүйлд Зээлдэгч зээлийг эгүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж заасан. Нэхэмжлэгч, хариуцагч зээлийн гэрээний үндсэн үүргийг төлөөгүй нөхцөл байдал нь алдангийг бууруулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, энэ тухай хариуцагч хүсэлт гаргаагүй, 27,000,000 төгрөгийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүхээс өөрийн санаачлагаар алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд 27,000,000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.  

5. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хариуцагчаас 135,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс зарим хэсгийг буюу 35,000,000 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэн талуудын тайлбар мэтгэлцээн, хэрэгт цугларсан нотлох баримт зэрэгт дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд төлбөл зохих төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоож 35,000,000 төгрөг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал, Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа ...Хамтран ажиллах гэрээг хуулийн этгээд байгуулах буюу байгуулахгүйгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хамтын тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллахаар тохиролцож, хамтрагч бүрийн оролцоог тодорхойлсон нөхцөлд байгуулагдсан гэж үзнэ. Дээрх гэрээ болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл хамтын тодорхой зорилго хэрэгжүүлэхээр тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин гэрээний агуулга, нөхцөл, шинж, эрх, үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй. гэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх үндэслэл тайлбар нь Иргэний хуулийн 476 дугаар дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээ-ний зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт төдийгүй, шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлэг талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг хангалттай няцааж байхад уг мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэлт хийлгүй 35,000,000 төгрөг илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 135,000,000 төгрөгөөс 35,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Анхан шатны шүүх хариуцагч Б.Бат-Эрдэнээс 135,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбасүрэнд олгож, нэхэмжлэлээс 27,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

8. Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээл 100,000,000 төгрөг, хүү 8,000,000 төгрөг, алданги 54,000,000 төгрөг, нийт 162,000,000 төгрөгийг Б.Бат-Эрдэнээс гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа буюу М.Баясгалангийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах... гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч М.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ нар ...100,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин хүү, алдангийн төлбөр нийт 62,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй... гэж мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд зээлийн хүү, алданги төлөх эсэх нь маргааны зүйл болжээ. 

11. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Тодруулбал:  

12. Д.Бямбасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар 2018.11.28-ны өдөр зээлийн болон барьцааны байгуулж, 100,000,000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэн, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Бат-Эрдэнэд М.Баясгалангаас олгосон итгэмжлэлийг үндэслэж, М.Баясгалангийн өмчлөлийн Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 11 дүгээр байр 100 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012703 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалжээ.  

Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн байна. 

13. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

13.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ. 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно.

13.2. Хэргийн 10 дугаар талд авагдсан ХААН банкны депозит дансны хуулгаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг банк хоорондын гүйлгээгээр хариуцагчийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд уг баримтыг хариуцагч үгүйсгээгүй, Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрсөн зэрэг байдлаас дүгнэвэл Д.Бямбасүрэнг зээлийн гэрээний 1, 4, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. 

13.3. Д.Бямбасүрэн үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 8,000,000 төгрөг, алданги 27,000,000 төгрөг, нийт 135,000,000 төгрөгийг Б.Бат-Эрдэнээс шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх шүүхийн тооцоолол үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

14. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүх анзын хэмжээ илт их байвал багасгах тохиолдолд зээлдэгчийн гэм буруу, зөрчлийн ноцтой байдал, төлбөрийн чадвар, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан зэрэг хэргийн нөхцөл байдалд тулгуурлаж уг хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ.  

Анхан шатны шүүхэд хариуцагч зээлийн гэрээнд заасан хүү, алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан байх бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Б.Бат-Эрдэнийн гэрээний үндсэн үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж 27,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн хувьд буруутгах боломжгүй. 

15. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зээлийн гэрээний 1-3, 5-д тус тус зааснаар хариуцагчийн үүргийг тодорхойлж, зээлийн үүрэг 135,000,000 төгрөгийг Б.Бат-Эрдэнээс гаргуулахаар хоёр шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасан зохицуулалт, тэдгээрийн ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлдийн ...27,000,000 төгрөгийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүхээс өөрийн санаачлагаар алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй... гэх утга бүхий гомдол хангагдахгүй. 

16. Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

17. Хариуцагч Б.Бат-Эрдэнэ ...Иргэний хуулийн 476 дугаар дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээ-ний зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...35,000,000 төгрөг илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай... гэж хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Энэ нь хариуцагч Б.Бат-Эрдэнэ тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

18. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02666 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2396 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 292,950 төгрөг, хариуцагчийн 334,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.ЗОЛЗАЯА 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                            ШҮҮГЧИД                  Б.МӨНХТУЯА

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД