Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/02611

 

2019 оны 12 сарын 04 өдөр

                Дугаар 183/ШШ2019/02611

                   Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.А-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Д-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ........... нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.А- нь өөрийн эзэмшлийн ............ тоот үл хөдлөх эд хөрөнгийг “............” хоолны газрын зориулалтаар Э.Д-д 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар түрээслүүлэх, 1 сарын түрээсийн төлбөр 2.500.000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн түрээслэгч Э.Д нь түрээсийн төлбөрөөс гадна ус, цахилгааны төлбөрийг төлнө гэж тохирсон.  Ж.Д- нь 1 сарын түрээсийн төлбөрт 2.500.000 төгрөгийг төлсөн, үлдэх 8 сарын түрээсийн төлбөр болох 20.000.000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Д миний бие О.А-тай харилцан тохиролцож, түүний эзэмшлийн ............ тоот үл хөдлөх эд хөрөнгийг “............” хоолны газрын зориулалтаар 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар түрээсэлсэн. Бид түрээсийн нэг сарын төлбөрийг 2.500.000 төгрөг байхаар тохиролцсон. Миний бие сүүлийн 8 сарын түрээсийн төлбөр төлөөгүй нь үнэн. Ус, цахилгааны төлбөр нь түрээсийн төлбөрт орохгүй байхаар тохирсон. Гэхдээ түрээсийн үлдэгдэл төлбөр болох 20.000.000 төгрөгөөс ус, цахилгааны төлбөрт төлсөн 5.000.000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэв.

 

            Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            О.А-ы нэхэмжлэлтэй, Э.Д-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, анх шүүхэд гаргасан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай” шаардлагаа дэмжиж байна гэснийг хариуцагч Э.Д “…сүүлийн 8 сарын түрээсийн төлбөрт 20.000.000 төгрөг төлөөгүй нь үнэн. Гэхдээ түрээсийн төлбөр 20.000.000 төгрөгөөс ус, цахилгааны төлбөрт төлсөн 5.000.000 төгрөгийг хасаж өгнө үү” гэсэн хариу тайлбарыг гаргажээ.

 

            Э.Д, О.А нар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцож “...хөлслүүлэгч О.А- нь өөрийн эзэмшлийн ............ тоот үл хөдлөх эд хөрөнгийг “............” хоолны газрын зориулалтаар 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хөлслүүлэх, хөлслөгч Э.Д нь эд хөрөнгө ашигласны хөлсөнд нэг сарын 2.500.000 төгрөгийг төлөх”-өөр аман хэлцэл байгуулсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 287 дугаар зүйлийн 287.1-д заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ” байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

            Уг гэрээний дагуу хөлслүүлэгч О.А нь ............ тоот үл хөдлөх эд хөрөнгийг хөлслөгч Э.Д-д шилжүүлэн өгсөн, хөлслөгч нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны эд хөрөнгө ашигласны хөлсөнд 20.000.000 төгрөгийг төлөөгүй” талаар зохигчид маргаагүй тул хариуцагч Э.Д-иас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 сарын хөлс 20.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.А-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч шүүх хуралдаанд “...8 сарын түрээсийн төлбөр 20.000.000 төгрөгөөс ус, цахилгааны төлбөрт төлсөн 5.000.000 төгрөгийг хасаж өгнө үү” гэсэн хариу тайлбарыг гаргасан хэдий боловч Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1, 292.3-т зааснаар  “...ус, цахилгааны төлбөр болох нэмэлт зардал нь эд хөрөнгө ашигласны хөлсөнд орохгүй” талаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон, мөн хариуцагч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хариуцагчийн уг татгалзал, түүний тайлбар нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Д-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.А-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-иас улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.СЭМЖИД 

 

                         ШҮҮГЧИД                                                    Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ