| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0136/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/160 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч Б.О,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ггийн Бад холбогдох эрүүгийн 2338001480160 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ггийн Б, 1997 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн РЙ97120714 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.Отай “газар нутгийн асуудлаас” болж маргалдаж улмаар хохирогч Б.Оын биеийн хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхи, баруун шанаа, зулайн хуйханд цус хуралт, баруун шанаа, баруун хацар, нуруунд зулгаралт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338001480160 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Отай малын бэлчээрийн асуудлаас болж маргалдаж улмаар түүний нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхи, баруун шанаа, зулайн хуйханд цус хуралт, баруун шанаа, баруун хацар, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бын өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оын өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр би 2 ямааг нь өгөх гээд хөөцөлдөөд гүйцээгүй. Бид дундаа нэг услууртай. Маргааш нь би хонио усалж байхдаа Бын 2 ямааг ус луу оруулсан. Би тэр ямаагаа ав гэж зөндөө хэлсэн. Тэр үед энэ хүний хонь нь 2 тийшээ болсон түүнээс хонийг нь элдэж хөөгөөд байсан юм бол байхгүй. Энэ нөхөр хонийг хуйлартал элдээд өөрийнхөө хонийг ус руу оруулж байхаар нь би дундуур нь мотоцикльтойгоо давхисан. Гэтэл намайг мориороо шүргээд би мотоциклоосоо унахаа шахсан. Тэгтэл намайг морьтойгоо дайрах гэж байсан. Тэгээд намайг бариад авахаар нь би барьж аваад нүүр лүү нь алгадсан. Өөр зүйл болоогүй. Тэгээд морьтойгоо давхиад явсан. Эргэж ирээд ойлголцох юм байх гэтэл баахан хүмүүстэй эргэж ирээд зодсон. Миний нуруу руу чулуугаар шидээд, нөгөө хоёр нь боож унагаад би хэсэг ухаан алдсан. Чулуугаа хаяад нүүр рүү дэвстэл би бас ухаан алдахаа шахсан. Тэгээд намайг машинаар чирч ална гэж хэлсэн. Г гэдэг нөхөр нь “наадахыг чинь алчхаад гараад ирэх нас байна” гэж хэлсэн. Би арай хийж босож ирсэн. Тэгээд мотоцикль руугаа явах гэсэн чинь энэ нөхөр гартаа чулуу барьчхаад намайг явуулахгүй байсан юм. Би гомдолтой байна. Би ганц энэ хүнд зодуулаагүй. Тэгээд явчхаад буцаж 5 хүн болоод дайрсан. Учир зүггүй хэрүүл хийгээд манай эхнэр Цэцэгийг иртэл эхнэрийг маань ална гээд энэ хүн ханцуйгаа шамлаад дайраад байсан...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Оын өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би Их-Уул сумын 2 дугаар багийн нутагт Бага сараалжийн ам гэх газарт хониндоо явж байгаад гэр лүүгээ ус аваачиж өгөөд буцаад хонь руугаа ирэхэд Б гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна манай хонийг нааш нь буюу Бага сараалжийн гол руу туугаад айлын хоньтой яг нийлүүлэх гэж байсан, тэгэхээр нь би амжиж дундуур нь мотоцикльтойгоо орж нийлүүлээгүй хоёр тийш нь салгаад Бд би яагаад чи хаврын төллөх гэж байгаа мал элдээд байдаг юм дандаа мал ингэж элдэж тууж байх юм чиний урд нь тууж байсныг би мэдэж байгаа гэж хэлсэн чинь Б нь намайг чи Сараалжийн эхэндээ багтаж шингэх газаргүй болсон тэгээд намайг хулгайч энэ тэр гэж есөн шидийн үгээр намайг доромжилсон. Б нь морьтой байсан болохоор намайг мориороо дайрчих гээд байсан болохоор нь би Бг мориноос нь татаад буулгаж ирээд би нэг хальт алгадсан тэгсэн чинь морин дээрээ мордоод би чамайг ах дүү нараараа алуулна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би хониныхоо захад байхад Б нь 2 танихгүй хүнтэй нэг машинтай гурвуулаа давхиж ирээд Б нь 2 гартаа чулуу бариад авсан, нэг танихгүй хүн нь намайг өшиглөөд унахаар нь би босоод ирсэн. Тэгсэн дахиад нөгөө танихгүй хүн араас хоолойг боогоод газар унагаасан чинь Б нь гартаа барьсан чулуугаараа намайг нуруу руу 2-3 удаа цохисон. ... Б нь намайг газар унасан байхад миний толгой нүүр хэсэг рүү 4-өөс 5 удаа өшиглөсөн тэгж байхдаа уяагаар машинаар чирээд алчихъя гээд орилоод байсан. Тэгээд би арай юмаа хувцас хунараа зад татуулаад босож ирээд би гартаа 2 чулуу бариад та нарыг дөхөх юм бол ална шүү гэж би хэлсэн. .. би гэр лүүгээ маягтай зүтгээд дэнж дээр гараад гэр лүүгээ явж байхад араас дахиад нөгөө 3 чинь машинтайгаа ирээд бууж ирээд нэг танихгүй эрэгтэй намайг дахиад боогоод газар унагаагаад авсан тэгэхээр би мулт татаад босоод ирсэн тэгэхэд намайг танихгүй тэр шар эрэгтэй нь толгой руу 2 удаа цохисон Б нь мөн гартаа чулуу барьсан намайг цохих гээд байсан би цохиулаагүй.... Би тухайн үйл явдлын дараа миний зүүн талын нүд бүрэлзээд байгаа. Би энэ гэмтлийг аваад аймгийн эмнэлэгт үзүүлэхэд нүдний торлогын хараа чинь гэмтсэн юм байна Улаанбаатар хот руу очиж үзүүл гэсэн. Хаврын улиралд малын ажил их байдаг болохоор би хот руу явж чадаагүй л байна. Одоохондоо би хувиараа өвчин намдаах эм ууж, цус төлжүүлэх тариа хувийн эмнэлгээр хийлгэсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.Мын өгсөн: “...Б.Оын эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 84,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Гэрч Н.Эийн өгсөн: “...Энэ өдөр манай нөхөр хониндоо явж байгаад нэлээн яаруу ирээд хонь нийлэх гэж байна гэж хэлээд усаа тавьчхаад яваад хонь руугаа өгсөн. Би гэртээ байж байхад манай гэрийн зүүн зүгт төв дээр 2 машин гараад ирсэн тэгээд хажуугаар нь баахан хүмүүс бужигнаад байсан тэгээд нэг нэгнийгээ заамдалцаад байхаар нь би сургуулийн хүүхдүүд юм байхдаа гэж бодоод нэлээн байж байгаад хартал дахиад ноцолдоод улаан цамцтай хүн голд суусан юм шиг байсан тэгээд би гайхаад харж байгаад гэр лүүгээ орж мах хэрчиж байгаад гарч ирээд харсан чинь манай нөхөр гэр лүүгээ наашаа чигтэй доголсон явж байсан. .. би машинаа асаагаад урдаас нь яваад очсон чинь манай нөхөр цус нь гоожсон байсан. Би нөхрийгөө суулгаад нөгөө хүмүүс дээр нь очоод та нар яаж байгаа юм эрүүл саруул байж ийм олуулаа нэг хүнийг зоддог юм гэж хэлсэн чинь тэр Б нь намайг ална гээд над руу дайраад байсан тэгэх үед тэнд байсан 2 эмэгтэй хүн Бгийн гараас татаад байсан тэр хүн байгаагүй бол намайг зодох байсан байх. .. би Өлзийбаярын хонинд явж байсан хүүхдээс асуухад: Ц ах буюу Оыг 3 хүн нийлээд зодоод байсан гэж холоос хэлээд хонь руугаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Насанд хүрээгүй гэрч Ө.Бын өгсөн: “...Б ахтай ирсэн 2 танихгүй хүн нь машинаас бууж ирээд Ц ах руу дайраад байсан. Араас нь Б ах бууж ирээд гартаа чулуу бариад чамайг ална даа гээд Ц ахын нуруу хавьцаа нь цохиод байсан тэгэх үед манай хоньчин М ах Б ахын чулууг нь салгаж авсан. .. Б ах тэр 2 танихгүй эрэгтэй хүнтэй Ц ах ноцолдож байгаад та нарыг дээ гээд гэр лүүгээ алхаад явж байхад араас нь тэр 2 танихгүй хүн нь чулуу шидээд байсан, Б араас нь очоод ална гээд байх шиг сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Гэрч Г.Мын өгсөн: “...О Быг мориноос татаж унагаагаад зодоод байна гэж Б надад хэлсэн. Үүний дараа О над дээр ирээд байж байхад нэг машин ирж зогсоод Б нь танихгүй 2 эрэгтэй хүнтэй ирээд танихгүй 2 эрэгтэйн 1 нь намайг өшиглөх гээд миний куртикний хормойг хальт өшиглөсөн. Намайг хэн ч өшиглөөгүй. Тэгэхэд Б наад хүн чинь биш гэж хэлсэн. ... О нь хоёр гараараа нөгөө танихгүй 2 эрэгтэйг заамдаад зогсож байсан. Тэгэхэд нь би больцгоо гэж хэлээд тэд нар хоорондоо зодолдоод шалихгүй байх гэж бодоод би хонь руугаа яваад өгсөн. Хонио эргүүлээд гэртээ хариад гэрийнхээ тэндээс харахад Оын урд дэнж дээр 2 машин баахан хүн цугларсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,
Гэрч Ц.Аий өгсөн: “...Би тухайн өдөр хөдөө гэртээ Гдоржийн хамтаар унтаж байхад Б намайг хүн зодлоо гээд над дээр хүрээд ирсэн. Тухайн би үед би Б, Гдорж нарын хамтаар Быг зодсон гэх Б.О гэх хүн хонины бэлчээр дээрээ байж байхад нь очсон юм. Б, Гдорж бид 3 Бын машинаар очиход О нь үл таних 1 залуугийн хамтаар байж байсан. Бид 3 очиход Гдорж тэнд байсан Оыг 2 удаа өшиглөх шиг болсон. өөр ямар нэгэн зүйл болоогүй. Тэгтэл О том чулуу бариад далайгаад гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/,
Гэрч Б.Ггийн өгсөн: “...Б.О гэх хүний хонины бэлчээр дээр очсон Намайг очих үед О гэх залуу чулуу гартаа бариад манай нөхөр болон ах дүү нараас хол очоод зогссон байсан. Эгч Д бид 2 очингуутаа яах гээд байгаа юм бэ? Наад хүмүүстэйгээ битгий харьц харья гэж хэлсэн. Тэгтэл Б болон Гдорж нар араас нь очоод барьж аваад зогсож байхад нь манай нөхөр болон Д бид 3 очоод болиулсан тэгээд бид нар тухайн газарт зогсож байтал О гэх залуу гэр лүүгээ гүйгээд явсан, удалгүй эхнэрийн хамтаар машинтай эргэж ирэхэд эхнэр нь гэх 165 орчим см өндөртэй, туранхайдуу биетэй, 40 орчим насны эмэгтэй машинаас бууж ирээд манай нөхрийг бөөрөлхлөө гээд элдэв бусаар хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,
Гэрч Ц.Гдоржийн өгсөн: “...Би зодуулсан гэх газарт нь Бын хамт ирэхэд О гэх үл таних залуу манай дүү Быг хонь мал эргүүлсэн байна гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж О нь манай дүү Быг нүүрэн хэсэгт нь цохичихсон байхаар нь би Быг өмөөрөөд О гэх залуутай нь маргалдаж байгаад гуя хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь газраас чулуу аваад Та нар олуулаа нийлчхээд намайг зодлоо. Баа би чамайг ганцаар байх юм бол алнаа чамайг гэж орилж байгаад гэр рүүгээ гүйгээд явчихсан юм. Б бид хоёр араас нь гүйж очсон чинь О гэдэг залуу гартаа барьсан чулуугаа барьчихсан байж байгаад Быг цохих гээд байхаар нь би гарыг нь суллаж чулууг нь хаяулаад дахин нэг удаа хөл хэсэгт нь өшиглөөд байж байсан чинь манай дүү Д. мөн Оын эхнэр гэх эмэгтэй нар хүрч ирээд хоорондоо маргалдацгаасан юм Тэгээд Д буяны ажилтай ирчхээд хэрүүл зодоон хийлээ гээд бид хоёрыг аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/,
Гэрч Ц.Дгийн өгсөн: “...О гэх эрэгтэй нь гартаа чулуу атгачихсан орилж хашхираад явж байх үед нь манай дүү Б О дээр очиж барьцалдаж авахаар нь би тэр хоёр дээр очоод салгасан юм. Тэгээд удалгүй О гэх хүний эхнэр нь хүрч ирээд та нар олуулаа ирээд манай нөхрийг нийлж зодсон байна гэж орилж хашхираад байхаар нь би танай нөхөр чинь өөрөө манай дүүгийн ам руу цохиж зодсон байна шүү дээ, манай дүүгийн нүд амыг нь хараач гээд бид нэр маргалдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 172 дугаартай: “...Э.Оын биед хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхи, баруун шанаа, зулайн хуйханд цус хуралт, баруун шанаа, баруун хацар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, нүдний цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхүй...” гэх дүгнэлт /хх-ийн 62 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,
Хохирогч Б.Оын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 тал/,
Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Бид хоёр малын бэлчээрээс л болж хоорондоо маргалдах болсон. Тэгээд би Оын нүүр хэсэг рүү нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Бас нуруу хэсэг рүү гутлынхаа өсгий хэсгээр нь цохисон. Өөрөөр би цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Оын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Мын мэдүүлэг, гэрч Н.Эийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ө.Бын мэдүүлэг, гэрч Г.Мын мэдүүлэг, гэрч Ц.Аий мэдүүлэг, гэрч Б.Ггийн мэдүүлэг, гэрч Ц.Гдоржийн мэдүүлэг, гэрч Ц.Дгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 172 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Оын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Б нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Отай малын бэлчээрийн асуудлаас болж маргалдаж улмаар түүний нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун дээд, доод зовхи, баруун шанаа, зулайн хуйханд цус хуралт, баруун шанаа, баруун хацар, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Оын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Бын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Г.Бын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоотой холбоотой болон бусад гарсан зардалд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О нь 1.506.940 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хохирогч Б.Оын эм, эмчилгээ, бензинтэй холбоотой зардлаас баримтаар ирүүлсэн 1.506.940 төгрөгийн нотлох баримтаас нотлох баримтын шаардлага хангасан /60.000, 54.332, 88.000, 135.687, 60.000, 46.500, 91.000, 50.700, 90.100, 34.000, 267.050, 80.000, 38.050, 25.500, 90.021, 30.000, 64.000, 20.000, 48.500/ нийт 1.373.440 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Оын Хаан банкны 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 52.500 төгрөгийн борлуулалт гэх баримт, Хаан банкны 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 81.000 төгрөгийн худалдан авалт гэх баримт, нийт 133.500 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, ямар зориулалтаар зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй байх тул 133.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч Б.О нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Баас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр М.Мыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 84.000 төгрөгийг шүүгдэгч Г.Баас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Б нь 84.000 төгрөгийг барагдуулсан /хх-ийн 88 тал/ байх тул шүүгдэгч Г.Быг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох саналыг гаргаж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч нь шүүх танхимд биеэ авч яваа байдлаас нь харахад хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа нь харагдаж байна. Тиймээс 1 сараас 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс асуулт асуухад хэдэрлэж байгаа нь харагдаж байна. Шүүх танхимд ийм байдалтай биеэ авч явдаг хүн хэний ч хараа хяналтгүй байхад ямар байдалтай биеэ авч явах нь харагдаж байгаа учир зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэж байна ..” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч Б.О эхлээд миний үйлчлүүлэгчийг зодсон нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон. Хохирлыг мөрдөн байцаалтын шатанд шийдвэрлэхээр очсон боловч миний үйлчлүүлэгчийг эхнэр нь хэл амаар доромжлоод уулзуулаагүй. Хохирол төлбөрийг хэзээ ч төлөхөд бэлэн байна. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Шүүхээс тогтоосон төлбөрийг төлөхөд бэлэн байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 73-78 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Г.Б нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсгах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ггийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ггийн Быг 560 /таван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бад оногдуулсан 560 /таван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хохирогч Б.Оын нэхэмжлэлийн шаардлагаас 133.500 /нэг зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1.373.440 /нэг сая гурван зуун далан гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулж, хохирогч Б.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Баас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛ