Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 101/2019/04056/И |
Дугаар | 101/ШШ2019/03544 |
Огноо | 2019-12-11 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2019/03544
2019 оны 12 сарын 11 өдөр Дугаар 101/ШШ2019/03544 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Д Д”ХЗХ/РД: /-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.О-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,441,036 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, нарийн бичгийн дарга М.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Д Д”хадгаламж зээлийн хоршоо нь Д.О-тэй 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №ЗЭ14012201 зээлийн гэрээг байгуулж тус гэрээний дагуу 2,210,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Манай байгууллага нь хариуцагч Д.О-ээс авсан зээлээ төлөхийг удаа дараа шаарддаг байсан боловч хугацаа сунгаад өгөөч төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. Манай байгууллагаас 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч Д.О-т үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 4,584,622.13 төгрөг барагдуулах тухай №19/04 тоот албан бичиг хүргүүлж хариуцагч 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан.
Иймд хариуцагчийн гаргаж өгсөн зээл, зээлийн хүү төлөх хуваарийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариуцагч Д.О-с зээл, зээлийн хүүд нийт 4,584,622 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 88,304 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч Д.О- нь манай байгууллагатай 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр №ЗЭ14012201 зээлийн гэрээг байгуулж тус гэрээний дагуу 2,210,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн төлөлт эхэлснээс хойш хариуцагч зээлийн хүүгээс 585,300 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш үндсэн зээл% зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг удаа дараа шаардсан боловч тухайн бүр хүсэлт гаргаж гаргасан хугацаандаа төлөлгүй өнөөдрийг хүрсэн.
Иймд хариуцагч Д.О-ээс 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх нийт 1675 хоногийн зээл ашигласан хоногийн хүү нийт 4,187,563.33 төгрөг, нийт 6,441,036 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан.Иймд хариуцагчаас 6,441,036 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Д.О- 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Д Д”ХЗХ-ны нягтан бодогч Лхагважавтай зээлийн гэрээний байгуулсан нь үнэн боловч бодит байдалд “Д Д”ХЗХ-оос гэрээний дагуу мөнгө гардаж аваагүй байна.
Учир нь Д.О- урд хоршооны гишүүнээр 2011 онд элссэнээс хойш хэд хэдэн удаа уг хоршооноос зээл авч ,төлж дахин зээл авдаг авдаг байсан бөгөөд хамгийн сүлд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,8000,000 төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан байна. Үүнээс заримыг төлж чадаагүй үлдэгдэлтэй байтал 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус хоршооны ажилтан гэрээгээ шинэчлэхийг шаардаж, зээл хүүгээ төлөөгүй хугацаа хэтэрснээр 2,210,000 төгрөгийн өр үүсээд байгаа учир энэ үлдэгдэл зээл хүүгийн өрөө нэмж хүү тооцож гэрээг шинээр зээлийн гэрээ хийж гарын үсэг зуруулсан бөгөөд энэ гэрээгээр Д.О-т ямар нэгэн мөнгө өгөөгүй.
Иймд энэ нь мөнгө зээлдүүлээгүй харин 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр авсан зээлийн үндсэн болон зээлийн болон хүүг нэмж хүүнээс хүү авахаар хууль зөрчиж хийсэн дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд зээлдүүлэгчид мөнгө шилжүүлж өгөх үүргээ бодитоор биелүүлээгүй учир бодитоор барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ гэрээгээр зээлдүүлэгч бодит байдлаар мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул зээлдэгчид энэ гэрээгээр бусдад мөнгө төлөх үүрэг үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д Д”хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Д.О-ээс 6,441,036 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр бэлэн мөнгө хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №ЗЭ14012201 дугаартай зээлийн гэрээгээр 2,210,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлэхээр талууд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2016 оны12 дугаар сарын 14-ний өдрийн 4/132 дугаартай “Тусгай зөвшөөрөл”-ийг олгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “хариуцагчийг “Д Д”хоршоонд 2011 онд элсэж, удаа дараа зээл авч, буцаан төлж байсан” гэх тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч үгүйсгээгүй, Д.О- 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус хоршоонд гишүүнээр элсэж, 2016 оны 01 дүгээр сарын 08, 2018 оны 6 дугаар сарын 20, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулах талаар хүсэлтийг гаргаж байсан зэрэг баримтууд хэрэгт авагдсан. /22-24, 26-28 дугаар талууд/
Хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус хоршооноос 1,800,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргийг биелүүлээгүй, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрээг дахин шинэчилж, гэрээнд зурагдсан гарын үсэг зурсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй тул дээрх гэрээг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэв./хх-ийн18, 20 дугаар талууд/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлдүүлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр зээлдэгчид 2,210,000 төгрөгийг олгоогүй, зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй “гэж зааснаар нэхэмжлэгч дээрх зээлийн гэрэээд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хуульд зааснаар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч хуульд хугацаа хэтэрсэн хүүг шаардах эрхгүй.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.13-д ‘гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 1.14-т “зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хуваарьт хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлийн төлбөр бүрэн барагдуулж дуустал төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 1,0 хувиар нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус тохирчээ.
Д.О- 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 9,500 төгрөгийг “зээлийн хүү төлөв” гэж тушаасан, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт үндсэн зээл, зээлийн хүүнээс хариуцагчийн төлсөн мөнгийг хассан эсэх талаар тайлбарлаж чадаагүй тул хариуцагчийн өөрийнх нь зээлийн хүүд төлөв гэсэн зөвшөөрлийн дагуу зээлийн хүү болох 251,940 төгрөгөөс /2,210,000*3,8%=83,980*3=251,940-9500=242,440/ 9500 төгрөгийг хасаж тооцов.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.”, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хариуцагч гэрээнд заасан хүүгийн хорь хувь болох 48,488 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Д.О-ээс үндсэн зээл 2,210,000 төгрөг, зээлийн хүүд 242,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,488 төгрөг нийт 2,500, 928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,940,108 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-с 2,500,928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д.Д” ХЗХ/РД:/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,940,108 төгрөгийнн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 54,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ