| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0146/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/166 |
| Огноо | 2023-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/166
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Хохирогч Б.Б /онлайн/,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Од холбогдох эрүүгийн 2338000000119 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 30-16 тоот хашааны гадна хохирогч Б.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, халдаж зодон, биед нь зүүн шанаанд шарх, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, дагзны хуйханд цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000119 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.О нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 30-16 тоот хашааны гадна Э.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж зодоон хийхэд Б.Б салгаж болиулахад Б.О нь Б.Бгийн нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаанд шарх, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, дагзны хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бгийн өгсөн: “...Хохирол төлбөр төлөөгүйд гомдолтой байна. Надтай ярьсан бол би өөрөөр ярих байсан. Би өөрөө соёлын тэргүүний ажилтан хүн, урлаг уран сайхнаар явдаг. Би олон тоглолтод орж чадаагүй, гомдолтой байна..” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бгийн өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирсэн юм. .. Бандиа машинаас бууж чадахгүй байсан болохоор нөгөө зодолдсон залуугаа дуудахад тэр нь ирээд Бандиатай хэрэлдээд зодолдох гээд байхаар нь би тухайн махлаг залууг хойноос нь татаад ахын дүү боль боль гэж хэлэхэд шууд эргэж хараад гараараа миний нүүр лүү 5-6 удаа цохисон. .. Бас намайг тэврээд газарт унагааснаа толгойны ар хэсэг лүү хэд хэдэн удаа цохисон... Хамгийн гол нь миний зүүн шанаанд тавигдсан 2 оёдол гоо сайханд минь сөргөөр нөлөөлж байна. Үүнийгээ би гоо сайхны хагалгаанд орж янзлуулах хэрэгтэй байна. .. Миний хохирлыг барагдуулаад өгчих юм бол гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 13 тал/,
Гэрч Л.Цын өгсөн: “...Ц нь хөл болохгүй байна гээд машинаасаа бууж ирэхгүй байсан, харин нөгөө том биетэй Б гэх ах нь бууж ирээд Оыг барьж аваад “дүү зодлоо” гэх зүйл яриад хашаа руу шахаад дүүгэрдээд байсан. Тэгсэн чинь нөгөө 2 нь бууж ирээд О руу дайрах гэхээр нь би Баагий гэх залууг болиулах гээд барьж авсан. Тэр хооронд О, Б, Ц гурвын хооронд зодоон болсон байсан, нэг харахад “Бн толгойноос нь цус гарч байсан, Ц гартаа чулуу барьчихсан байж байсан”. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Гэрч Х.Бгийн өгсөн: “... Бид гурав уучлалт гуйх гээд араас нь 10 дугаар хороонд очоод хажууд нь зогстол О гэдэг хүн бууж ирээд машины цонхоор Цг цохиод Б гэдэг ах буугаад салгах гэсэн чинь Бг О гэдэг хүн барьж аваад цохиод авсан чинь зүүн нүдний дээд хөмсөгнөөс нь цус гарсан байсан. ..Тухайн үед Ц, О хоёр л зодолдсон Б салгах гэж байгаад цохиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Гэрч Э.Цгийн өгсөн: “... Тэгээд би хөлөө бариад доошоо харж сууж байгаад Б ах руу хартал зүүн талын нүдний ойролцоо цус гарсан байдалтай байхаар нь би Б.О дээр очих гэж байсан боловч миний хөл өвдөөд явж чадаагүй юм. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаартай: “...Б.Бн биед зүүн шанаанд шарх, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, дагзны хуйханд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Б.Бгийн биед үүссэн шарх нь тусдаа бусад цус хуралтууд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,
Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би Бат-Өлзийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Бгийн мэдүүлэг, гэрч Л.Ц, Х.Б, Э.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.О нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 30-16 тоот хашааны гадна Э.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж зодоон хийхэд Б.Б салгаж болиулахад Б.О нь Б.Бгийн нүүр рүү цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаанд шарх, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, дагзны хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Оын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Оын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Оын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотой баримт ирүүлээгүй байна.
Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Б нь шүүгдэгч Б.Ооос 10.950.000 төгрөгийг нэхэмжилж, шүүхэд 10.950.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж байх боловч хохирогч Б.Бгийн шүүхэд ирүүлсэн Ателиер аестхетисхын амбулатори эмчийн үзлэг гэх 10.950.000 төгрөгийн баримт, энгийн эмийн жор гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогч Б.Б нь 10.950.000 хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Ооос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Оын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 41, 46-50 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ЦЕГ-ын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.О нь ам бүл 3, ээж, ахын хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч нийт эдлэх ялыг 284 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь 2 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Оыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 /арван зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч нийт эдлэх ялыг 284 /хоёр зуун наян дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 284 /хоёр зуун наян дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Ооос хохирогч Б.Б нь 10.950.000 /арван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь 2 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН