| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2019/04351/И |
| Дугаар | 101/ШШ2020/00045 |
| Огноо | 2019-12-25 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2020/00045
2019 оны 12 сарын 25 өдөр Дугаар 101/ШШ2020/00045 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй
Хариуцагч: “С Г” ХХК /рд: /-д холбогдох
Гэмт хэрэгт гүтгэж, хувь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсны хохиролд 2018 оны 1 дүгээр сарын 15-наас хойших одоог хүртэл ажилгүй байсан хугацааны 22 сарын цалинг нэхэмжилж, 69,000,000 төгрөгийг “С Г” ХХК-иас Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх баримтлан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, иргэдийн төлөөлөгч М.Ванчинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Д.О би 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн “С И” -ийн гүйцэтгэх захирлаар томилогдон 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан. Би ажлын цагаар ажиллаж, харин орой нь сурч явсаар амьдралынхаа 50 хувийг ажил хийхийн зэрэгцээ сурч боловсроход зарцуулсан зөвхөн цалингаар амьжиргаа залгуулдаг, өрх толгойлсон, ганц бие аав билээ.
Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж би үзэж байгаа бөгөөд энэ талаар хөдөлмөрийн маргаан үүсгэж нэхэмжлэл өгсөн. Хэргийг шүүхээр хянан хэлэлцэх явцад “С И” -ийн ерөнхий захирал Я.Б нь иргэн Д.О намайг өөрийг нь буюу Я.Бийг заналхийлсэн, “С И” -иас бичиг баримт хулгай хийсэн” гэж эрүүгийн хэрэгт гүтгэж, удаа дараалан цагдаа, прокурорын байгууллагаар шалгуулсан. Д.О надад холбогдуулан 180602978 дугаартай эрүүгийн хэрэг нээгдэж, шалгагдсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны явагдаж 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3868 тоот, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 742 тоот прокурорын удаа дараагийн тогтоолоор эрүүгийн хэргийг хаасан.
“С И” -ийн ерөнхий захирал Я.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илт худал мэдүүлгийг өгөх, гүтгэх эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгуулах зэргээр надад сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорыг учруулсан. Ингэж гүтгэгдэн цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдаж байсны улмаас надад ажилд орох, хөдөлмөр эрхлэх боломжгүй болгосон. Өмнө ажиллаж байгаа байгууллагаас бичиг баримт хулгайлсан гэж шалгагдаж байгаа хүнийг ажилд авах газар олдоогүй.
Тиймээс “С И” -ийн бичиг баримт хулгайлсан, тус компанийн ерөнхий захирлыг заналхийлсэн гэж гүтгэгдэж улмаар энэ нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул иргэн Д.О миний бие Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг үндэслэн “С И” -иас гэмт хэрэгт гүтгэж хувь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсны хохиролд 2018 оны 1 дүгээр сарын 15-наас хойших одоог хүртэлх ажилгүй байсны 22 сарын цалин 69,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Д.О-ыг хэрэгт гүтгэсэн үйлдэл байхгүй, түүний нэр төр, алдар хүндийг мөн ажил хэргийн нэр хүндийг гутаасан ямар ч үйлдэл гаргаагүй буюу Д.О-ын талаар гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж Цагдаагийн байгууллагаар шалгуулсан нь хүнийг гэмт хэрэгт гүтгэж байгаа үйлдэл биш юм. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдлынхоо дагуу хариуцагчийн зүгээс өгсөн мэдүүлгийг худал мэдүүлэг гэж тогтоосон зүйл байхгүй, прокурорын тогтоолууд нь дээрх агуулгыг агуулдаггүй арай өөр ойлголт, худал мэдүүлэг өгсөн болохыг тогтоон ямарваа нэгэн шүүхээс ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол байдаггүй, энэ талаар ч гомдол гарч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаагүй болно.
Мөн Д.О нь манай байгууллагад холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж улмаар тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 101/ШШ2018/01503 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1689 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/011746 дугаартай тогтоолоор тус тус иргэн Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин манай байгууллагын сөрөг нэхэмжлэл болох 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг буюу иргэн Д.О ажлаас халсан нь буруу биш хуулийн дагуу байна гэсэн дүгнэлтийг шүүх өгч эцэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан шиг хууль бусаар сэтгэл санаа, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан зүйл огт байхгүй, энэ ойлголт нь өөрөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд илтэд худал мэдээлэл тараасан байхыг ойлгодог огт өөр ойлголт. Түүнчлэн иргэн Д.О-д холбогдуулан Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж, байцаагч гомдлын дагуу иргэн Д.О-аас 2 удаа байцаалт авсан нь 2 жил ажил хийх боломжгүй байлгасан гэж ойлгож болохгүй, 2 удаа байцаалт авахад хүн ажил хийх боломжгүй байх боломжгүй энэ нь хувь хүний өөрийнх нь асуудал. Д.О-ыг Цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон зүйл байхгүй, нөгөөтээгүүр ажлаас үндэслэлгүй халагдсан гэх шаардлагыг Улсын дээд шүүхээр эцэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг тул Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О хариуцагч “С Г” ХХК-д холбогдуулан гэмт хэрэгт гүтгэж, хувь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсны хохиролд 2018 оны 1 дүгээр сарын 15-наас хойших одоог хүртэл ажилгүй байсан хугацааны 22 сарын цалинг нэхэмжилж, 69,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч “С Г” ХХК нь Д.О-ын талаар гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж Цагдаагийн байгууллагаар шалгуулсан нь хүнийг гэмт хэрэгт гүтгэж байгаа үйлдэл биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Хариуцагч “С Г” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст “…..компанийн бичиг баримт хуулбарлан авч, ерөнхий захирал н.Б-ээс 78,000,000 төгрөг нэхэж өгөхгүй бол нийгмийн даатгалын болон татварын шалгалт оруулна.” гэх гомдлыг гаргажээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3868, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 742 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн 180602978 дугаартай хэргийг Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна../хх-ийн 8-10 дугаар талууд/
Нэхэмжлэгч Д.О хариуцагч “С Г” ХХК-д холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01503 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1689 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/011746 дугаартай тогтоолоор хянан шийдвэрлэжээ. /хх-ийн 45-55 дугаар талууд/
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001ХТ2018/01746 дугаар тогтоолд ”нэхэмжлэгч Д.О нь “С И” ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх, “С И” ХХК нь сард 3,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр, компаниас унаа, гар утасны төлбөр, албаны дугаараар хангах үүргийг хүлээсэн байна” гэж дүгнэсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид нэг сард 3,000,000 төгрөгийн хөлс төлж байсан талаар маргаагүй.
Хариуцагч “С Г” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст “…..компанийн бичиг баримт хуулбарлан авч, ерөнхий захирал н.Б-ээс 78,000,000 төгрөг нэхэж өгөхгүй бол нийгмийн даатгалын болон татварын шалгалт оруулна.” гэх гомдлыг гаргажээ.
Хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.О-ыг Баянзүрх дүүргийн шүүхэд иргэний журмаар маргаж байх хугацаанд хариуцагч “С Г” ХХК нь гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж эрүүгийн журмаар шалгуулж байсан үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар хариуцагч няцаагаагүй, нэхэмжлэгч миний нэр төрд халдаж эрүүгийн журмаар үндэслэлгүй гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргаж байсан гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-дэх хэсэгт зааснаар бодиттой гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Д.О цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд ажил хийх, орлого олох боломжгүй байсан гэх тайлбар, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг шалгаад Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн зэргийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчид орлого олох боломжит байдлыг хаасан улмаар эд хөрөнгийн шинжтэй хохирол учруулсан гэж үзэхээр байх тул Д.О-ын нэг сард авч байсан хөлс 3,000,000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцон 17,590,909 төгрөгийг “С Г” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,409,090 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 245,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “С Г” ХХК-иас 17,590,909 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,409,090 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 245,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Э.ЭНЭБИШ