Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/03523

 

 

 

 

2019 оны 12 сарын 10 өдөр       Дугаар 101/ШШ2019/03523           Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХААХҮЯ-анд холбогдох, 

Ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, Б.Учралбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.     

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: О.М- намайг, ХХААХҮЯны сайдын 2018 оны 8 дугаар сарын    06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б-24 дүгээр тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн захирлын ажлаас үндэслэлгүйгээр 2018 оны 08 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тухай Б-24 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг болон бусад хуулийн зүйл заалтыг үндэслэл болгож төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ажил олгогчийн итгэлийг алдсан гэх хууль бус үндэслэлийг ажлаас чөлөөлөх тушаалд тусгаж хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн байсан.Би өөрийн хариуцсан албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж төрийн албан хаагчийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд миний нэхэмжлэлийн дараах шаардлагыг бүхэлд нь хангаж “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулж, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу ирүүлсэн хариу тайлбартаа: урд шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч О.М-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бидний зүгээс О.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХААХҮЯны Дотоод аудитын газраас Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд санхүүгийн хяналт шалгалтыг 2018 онд хийсэн байна. Дотоод Аудитын шалгалтаар төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж төсөвт 58,792,100 хохирол учруулсан зөрчил дутагдлыг илрүүлсэн. Дээрх зөрчилд Улсын ахлах байцаагчийн акт гарч төсвийн хөрөнгийг үр ашигшшүй зарцуулж төсөвт 58,792,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн ХХААХҮЯны сайдын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б-24 дүгээр тушаалаар О.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.М- нь ХХААХҮЯ-анд холбогдуулан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/01767 дугаартай шийдвэрээр О.М-ийг "ЖДҮХС-"-гийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны олговорт, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 6,832,889 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зохих ёсоор төлөх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хариуцагчид даалган шийдвэрлэснийг, хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1598 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ./хх-ийн 4-6,  дугаар тал/

 Шүүхийн шийдвэрийн дагуу ХХААХҮСайдын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 дугаартай “Ажилд эгүүлэн тогтоох тухай” тушаалаар О.М-ийг ЖДҮХС-гийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон байна./хх-ийн 3 дугаар тал/

ХХААХҮСайдын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай ”тушаалаар О.М-ийг ЖДҮХС-гийн захирлын ажил албан тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Хүнс хөдөө аж ахуй үйлдвэрийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 13/13-01/01 актыг үндэслэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргаж, улсын төсөвт 58,792,100 төгрөгийн хохирол уруулсан нь дотоод аудитаар тогтоогдсон гэж О.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 2 дугаар тал/

ХХААХҮСайдын 2018 оны 4 дүгээр 16-ны өдрийн А-67 дугаартай “Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээ хийх тухай” тушаалын дагуу хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 13/13-1/01 дугаартай актад ЖДҮХС-гийн бүтэц, орон тоо шинэчлэх батлах тухай ХХААХҮСайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/09 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахдаа тус сангийн захирал О.М- нь “...бүтэц, зохион байгуулалтын нэрийн дор 16 албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж, 3-6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж гэж нийт 58,792,100 төгрөгийг олгож Төсвийн тухай хуулийн 6.4.1-д заалтыг зөрчиж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна.” гэж дурджээ. /хх-ийн30-32 дугаар талууд/

Улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч О.М- Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд гомдол гаргасныг Захиргааны хэргийн гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна./хх-ийн 191-210 дугаар талууд/

ХХААХҮСайдын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.1.5, улсын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 13/13-1/01 дугаартай актыг үндэслэл болгож нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.” гэж хуульчилсан.

Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоож болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог ойлгоно.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2019/18830 дугаартай захирамжаар шаардсан боловч хариуцагчийн төлөөлөгчид шүүхийн хэлэлцүүлэгт “О.М-ийн хөдөлмөрийн гэрээ тус яамны бичиг хэргийн архивд байхгүй, өөрөө авч явсан”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүх ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээний хувийг шаардсан, нэхэмжлэгч өөрт байсан хөдөлмөрийн гэрээг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн.” гэж тус тус тайлбарлаж байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, тухайлан заасан ноцтой зөрчил хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд гаргасан үндэслэлд хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болно.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээрх үндэслэлийг хөдөлмөрийн гэрээндээ тусгасан эсэх, О.М-ийн 2016 онд гаргасан зөрчил нь сахилгын эсхүл ноцтой зөрчлийн аль хэсэгт хамаарах нь тодорхойгүй байна.

Ажил олгогч ХХААХҮС нь ажилтан О.М-ийн 2016 онд зөрчил гаргасан гэж үзэж, 2018 оны 8 дугаар сарын       06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч О.М-г ЖДҮХС-”-гийн захирлын үүрэгт ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход О.М-ийн ажиллаж байсан хугацааны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 4,447,825 төгрөг /4,447,825 төгрөг: 3 сар/ нэг сарын дундаж цалин 1,482,608 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоход /1,482,608 төгрөг:21.5 хоног/ нэг өдрийн дундаж цалин нь 68,958 төгрөгийг ажилгүй байсан хугацааны 339 /16 сар 7 хоног/ хоногт тооцоход 23,376,762 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт шүүхийн шийдвэрт заагдсан олговрыг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийхийг ажил олгогч байгууллагад даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан О.М-ийг ЖДҮХС--гийн захирлын үүрэгт ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт хариуцагч ХХААХҮЯ-наас 23,376,762 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 602,308 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.М-ийн болон ажил олгогчийн төлбөл зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг ХХААХҮЯд даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХХААХҮЯ-наас 274,834 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.  Зохигчид шийдвэрийн нэгдэх заалтад гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж, бусад заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ