Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 616

 

Т.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/03147 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Тгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “К” ХХК, “М” ХХК-дад холбогдох

 

“К” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 дугаартай Зээлийн гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхоны 44Б байрны 6 тоот болон Т07/141 тоот гэрээний зоорийн давхарт байрлах 150 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э

Хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2009 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “М” ХХК-тай 180 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээ байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блю скай хотхоны 44Б байрны 6 тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууцыг, мөн байрны зоорийн давхрын 150 тоот авто зогсоолын хамт захиалан бариулж, төлбөрийг 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлснөөр байрандаа нүүн орсон. Орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсан ч “М” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандаж, шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1682 дугаар захирамжаар орон сууц, авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгон, өмчлөх эрхийг бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандахад орон сууц, авто зогсоол нь “М” ХХК болон “К” ХХК хоорондын барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Улмаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 256 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блю скай хотхоны 44Б байрны 6 тоот орон сууц, 44Б байрны зоорийн давхрын 150 тоот авто зогсоолын өмчлөгчөөр намайг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан тул 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2206013637 дугаарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Гэтэл “М” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дэх хэсэг, орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээний 4.6, 5.7-д заасныг тус тус зөрчин, надад мэдэгдэлгүйгээр өөрийн нэр дээр бүртгүүлж, улмаар “К” ХХК болон “Си Эм Эс Эл” ХХК хоорондын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “К” ХХК-тай Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, 44Б байрны 06 тоот орон сууцыг барьцаалсан. Мөн “М” ХХК нь “К” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээний хавсралтаар 44-ийн А, Б, В, Г дугаар байрны зоорийн давхрын 205 ширхэг авто зогсоол барьцаалсны дотор миний өмчлөлийн 150 тоот авто зогсоол орсон.

“М” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг, “К” ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүй миний эрх ашгийг зөрчсөн.

Иймд “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээний Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю скай хотхоны 44Б дугаар байрны 132 м.кв талбайтай, 6 тоот орон сууцанд холбогдох хэсгийг, мөн “М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю скай хотхоны 44Б дугаар байрны зоорийн давхарт байрлах 150 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Т.Т миний өмчлөлийн орон сууц болон авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Т нь 2009 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай компанитай 180 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю скай хотхоны 44Б байрны 6 тоот орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 150 тоот авто зогсоолыг захиалан бариулсан. Т.Т төлбөр тооцоог 2010 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бүрэн төлж дууссанаар учраас тухайн орон сууц болон авто зогсоолоо эзэмшиж ашиглаж байгаа. Мөн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1682 дугаар захирамжаар Т.Тг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон. “М” ХХК нь “К” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 авто зогсоолыг зээлийн барьцаанд тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учир хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ байгуулагдаагүй. Дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээгээр “Си Эм Эс Эл” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй барилга, “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008713 тоот улсын бүртгэлийн дугаартай 000016260 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2,5 га бүхий эзэмших эрхтэй газар эзэмших эрх зэргийг “К” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулж, 44А, 44Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас банк бүрэн чөлөөлсөн.

“К” ХХК-ийн шаардлагаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/41 тоот зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд 150 тоот авто зогсоолыг, Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөн байрны 6 тоот орон сууцыг Т.Тд мэдэгдэлгүй барьцаалсан нь үнэн. Ингэхдээ Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн тодорхойлолтод барьцаалж байгаа эд хөрөнгийг эрх бүхий хүмүүс газар дээр нь үзэж, үнэлэлт, дүнг тусгасан. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн барьцааны хөрөнгийг биечлэн шалгалгүй зээлийг олгосон. 2010 оны 9 дүгээр сард орон сууц болон авто зогсоолууд нь бүрэн баригдсан, иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байранд нүүж орсон байсан. Уг хотхоны орон сууцуудад 2009 оны 9 дүгээр сараас дулаан, ус цахилгаан авч, 2009 оны 12 дугаар сараас айлуудаа оруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч “К” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “К” ХХК нь “М” компанитай 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Т07/141 тоот зээлийн гэрээг байгуулж 1 400 000 ам.долларыг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн “М” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот барьцааны зээлийн гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлийн баталгаанд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 авто зогсоол, 3 өрөө орон сууц, зогсоолын хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдлийг барьцаалсан. “К” ХХК нь “Си Эм Эс Эл” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг “Си Эм Эс Эл” ХХК-тай байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Блю скай хотхоны 44А тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хотхоны 44Б тоотод байрлах 1692 м.кв талбайтай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “М” ХХК-ийн эзэмшлийн 01/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам хаягт орших 2.5 га эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан. Түүнчлэн 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “М” компанийн өмчлөлд 44-ийн А, Б, В, Г байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44-ийн А, Б, В, Г байрны 1-205 тоот авто зогсоол, Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44-ийн А, Б, В, Г байрны 1-24 тоот орон сууцуудыг нэг бүрчлэн барьцаалсан.

“К” ХХК-ийн “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно. “К” ХХК нь Т07/208, Т07/141 тоот барьцааны гэрээнүүдийг 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр “М” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэй, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т заасан зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулдаг.

“К” ХХК нь 44Б байрны 6 тоот орон сууц болон 150 тоот автозогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус хөрөнгүүдийн өмчлөгч нь “М” ХХК байсан тул тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэн барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Харин Т.Т нь дээрх барьцааны эрхээс хойно иргэний хэргийн шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгосон учир “К” ХХК нь нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44-ийн А, Б, В, Г байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн авто зогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан.

Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.4. дэх хэсэгт заасныг баримтлан ”М” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/208, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээнүүдийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю скай хотхоны 44Б дугаар байрны 6 тоот болон 150 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 317 250 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Т.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хоролдулам, өмгөөлөгч М.Энхжин нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч "Мфикс Капитал" ХХК болон "К" ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний 3.1-д заасан барьцааны зүйлд "205 автомашины гарааш" гэх хаана байрлах, ямар авто зогсоол нь тодорхойгүй хөрөнгүүдийг барьцаалсан. Мөн 2007 оны №Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулагдах үед "К" ХХК нь барьцаа хөрөнгүүдийг нягтлан шалгаагүй, барьцаа хөрөнгийн тайлан үйлдээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3  дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл. Орон сууцны хувьд 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1287 тоот албан бичгээр уг хөрөнгийг барьцаанаас чөлөөлснөөр "К" ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон. 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд барьцааны үүрэг ногдуулсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй орон сууц, авто зогсоолыг "К" ХХК нь 2007 онд барьцаалж, 2010 онд дахин барьцаалсан мэт тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчиж, нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй. Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар "К" ХХК нь барьцааны зүйл болох орон сууц, авто зогсоолыг өөр этгээдийн өмчлөлийн зүйл болохыг мэдэх боломжтой байсан гэх үйл баримт тогтоогдоогүй" хэмээн нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. №Т07/208 тоот болон №Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дэх хэсэгт зааснаар өөрийн захиалсан орон сууц, авто зогсоолыг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж байсан нь тогтоогддог.

"К" ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд барьцааны үүрэг ногдуулахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй тул "К" ХХК-ийг барьцааны зүйл болох орон сууц, авто зогсоолыг өөр этгээдийн өмчлөлийн зүйл болохыг мэдэх боломжтой байсан гэж үзэхгүй" гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.

"К" ХХК нь хуулиар хүлээсэн зээлдэгчийн орлогын мэдээлэл, санхүүгийн тайлан, зээлийн ашиглалт зэргийг нягтлан шалгах чиг үүргээ хэрэгжүүлсэн бол 2010 онд хууль ёсоор барьцаалсан гэх хөрөнгө нь “М” ХХК-ийн бус бусдын хөрөнгөөр бий болж, захиалагч иргэн нь ажлын хөлсөө бүрэн төлж, өмчлөх эрх нь үүссэн болохыг мэдэх байсан. Түүнчлэн 2010 онд зээлийн барьцааны гэрээ байгуулах үед “М” ХХК нь эрхийн улсын бүртгэлийг хууль бусаар хийлгэсэн болохыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 256 тоот шийдвэрээр тогтоосон атал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1682 дугаар захирамж гарснаар үүссэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул  “М” ХХК нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчиж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Дээрх үндэслэлээр 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №Т07/208 тоот болон №Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний нэхэмжлэгчийн өмчлөлийн 44Б байрны 6 тоот орон сууц болон 150 тоот авто зогсоолд холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч "К" ХХК болон "Мфикс Капитал" ХХК-дад холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 дугаартай зээлийн гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхоны 44Б байрны 6 тоот болон Т07/141 тоот гэрээний зоорийн давхарт байрлах 150 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр гэрээ байгуулсан...” гэж тайлбарладаг. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч “К” ХХК нь эс зөвшөөрч маргасан байна.

            “М” ХХК, ”К” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ байгуулан 1 400 000 ам.долларын хөрөнгө оруулалтын зээл авч, барьцаанд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины зогсоол зэргийг барьцаалсан байжээ. Улмаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг шинэчлэн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа дээрх орон сууц тус бүрийг улсын бүртгэлд бүртгэгдсэн дугаар, талбайн хэмжээ, хаяг тус бүрээр нь гэрээнд нэрлэн зааж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Тэдгээр барьцаа хөрөнгийн дотор нэхэмжлэгч Т.Тгийн одоо өмчилж буй 44Б байрны 6 тоот орон сууц болон мөн байрны зоорийн давхрын 150 тоот автозогсоол орсон болох нь хэрэгт авагдсан Т07/208 тоот болон Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээнүүд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 12-13, 19-23 дахь тал/

            Зохигчид 2010 оны зээлийн барьцааны гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлагын хувьд маргаагүй, харин эд хөрөнгийг барьцаалахдаа хуульд заасан гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг зөрчсөн гэж марган, мэтгэлцжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, маргаж буй 2010 оны зээлийн барьцааны гэрээг байгуулах үед 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцнууд нь хариуцагч “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, тодруулбал М ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 44б байрны 6 тоот орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013637 дугаарт бүртгэгдэж, 000103632 дугаартай гэрчилгээ авсан байдаг. /хх 92 дахь тал/

            Нэхэмжлэгч Т.Тг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01665 дугаар захирамжаар барьцааны гэрээнд тусгагдсан орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өмчлөгчөөр бүртгэсэн байна. /хх 35, 40 дэх тал/

            Дээрхээс дүгнэхэд зээлийн барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Т.Тд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсээгүй байсан учир барьцааны гэрээний талууд түүнээс зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүйн гадна тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгч болох хариуцагч “М” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцыг барьцаалсаныг буруу гэж үзэхгүй. Хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэгч Т.Т нь барьцааны гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулан, үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхгүй юм.

            Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/03147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 317 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ч.ЦЭНД