Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 41

 

         Г.М-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

яллагдагч Г.М-н өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базархандын  гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/1839 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын               5-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлээр Г.М-д холбогдох эрүүгийн 2017 2603 0529 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Г.М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ......../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 402 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 353 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 240 дүгээр зүйлийн 3, 241 дүгээр зүйлд тус тус зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн;

Г.М нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын автомашины зогсоол дээр байсан 25-27 УНМ улсын дугаартай, “Тоёота кроун” загварын автомашинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар иргэн Б.Д-н эзэмшлийн “Самсунг эс-6” загварын гар утас хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын 508 тоот амралтын гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч, иргэн О.Н-н эзэмшлийн “Айфон 7” загварын утсыг хулгайлан авч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

цахим хэрэгсэл ашиглаж, Erdenee Erdene гэх нэрээр харилцан, “банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг, эхнэр эдийн засагчаар Англид сурдаг, машинууд зарна, авах уу, эсхүл авах хүн мэдэж байгаарай” гэж мессеж, зураг илгээх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас мобайл банк үйлчилгээг ашиглан 5540326599 дугаартай данснаас В.А-с шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг залилсан,

хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр иргэн С.Х-т өөрийгөө Эрдэнэбаяр гэж танилцуулан, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 05173 дугаартай салбараас 5026969741 тоот данс руу 5.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5069292999 тоот данс руу 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн дараах зөрчил илэрснийг зөвтгөн залруулах шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “... Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж заасны дагуу прокурор яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулан өгөх үүрэг бүхий байх хуулиар хүлээсэн прокурорын чиг үүргийг шүүх хэрэгжүүлэхгүй, уг ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм.

Прокуророос Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд ирүүлэхдээ яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулаагүй, яллагдагч нь прокурорын яллах дүгнэлтийг гардан авахаас татгалзсан гэх үндэслэлээр тэмдэглэл үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай байхаас гадна тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу дүрсний бичлэгээр баталгаажуулаагүй, уг үйл ажиллагааны явцыг хөндлөнгийн гэрч оролцуулан баталгаажуулсан баримтгүй байна.

Нөгөөтэйгүүр “шүүх, прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах хүн нь хүлээн авахаас зайлсхийсэн, татгалзсан бол энэ талаар баталгаажуулна” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.34 дэх заалтад заасан “прокурорын шийдвэрт” хамаарах ба прокурорын шийдвэр гэж Прокурорын тухайн хуулийн 31.1-д зааснаар “прокуророос бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гаргаж буй тогтоол даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол” зэргийг хамааруулан ойлгохоор хуульчилж, прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийн бусад төрлийг хуулиар тогтооно гэж мөн хуулийн 31.2 дахь хэсэгт заажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах /прокурор/ болон өмгөөлөх /шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч/ талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр явагдах тул яллах дүгнэлт гардаж аваагүй этгээдийн зүгээс өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан эрх тэгш мэтгэлцэх боломж нь хязгаарлагдах нөхцөл байдлыг үүсгэхээр байна.

Иймд яллагдагчийн хувийн байдал, холбогдсон хэргийн шинж чанарыг харгалзан дээр заан дурдсан зөрчлийг арилгаж засуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцнэ гэж дүгнэн Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1839 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг прокурорт буцаах үндэслэлийг хуулийн 33.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж 6.1-6.11 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдвол, эсхүл 6.12-д зааснаар “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж болохоор заасан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хэргийг прокурорт буцаах” тухай зохицуулалт нь ерөнхий зохицуулалт бөгөөд буцаах үндэслэл, журмыг мөн хуулийн 33.3 дугаар зүйлд хуульчлахдаа “урьдчилсан хэлэлцүүлгийн үед...” хэргийг прокурорт буцаахаар тогтоосон байхад хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүйгээр шууд шүүгчийн захирамжаар буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах хүн хүлээн авахаас зайлсхийсэн, татгалзсан бол энэ тухай баталгаажуулна” гэсэн заалтыг үндэслэн прокурор тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан баримт хэрэгт хавсаргагдсан байгаа болно.

Иймд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1839 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Г.М-н өмгөөлөгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос яллагдагч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлт гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай болсон. Яллах дүгнэлтийг гардан авахаас татгалзсан гэх үйл баримт нь хангалттай тогтоогдоогүй. Уг үйл явцыг гэрч байлцуулж, камерын бичлэг болон гэрэл зургаар баталгаажуулж болох байсан. Баталгаажуулах олон арга байхад алийг нь ч хийгээгүй. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр бол заавал урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ гэсэн заалт байхгүй. ... Урьдчилсан хэлэлцүүлэг хийх шаардлагагүй гэж үзсэн нь шүүхийн бүрэн эрхийн асуудал. Яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулаагүй нь шүүх хуралдааныг явуулж болохгүй нөхцөл байдал тул мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх яллагдагч Г.М-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна.

Тодруулбал, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийх, түүнчлэн мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд прокурор, өмгөөлөгч нар нь гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдааны үед нотлогдвол зохих байдлуудыг нотлох замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх Г.М-д холбогдох хэргийг “яллагдагчид прокурорын яллах дүгнэлтийг гардуулаагүй, яллагдагч гардаж авахаас татгалзсаныг баримтжуулах ажиллагааг дутуу хийсэн” гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, прокуророос 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Г.М-д холбогдуулан 583 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байх ба уг яллах дүгнэлтээ яллагдагчид гардуулахаар хяналтын прокурор Ц.Отгонсүрэн нь цагдан хорих байранд очсон боловч яллагдагч нь гардан авахаас татгалзсан байна.

Прокурор Ц.Отгонсүрэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх, прокурорын шийдвэр, бусад баримт бичгийг хүлээн авах хүн нь хүлээн авахаас зайлсхийсэн, татгалзсан бол энэ тухай баталгаажуулна. ...” гэж заасныг удирдлага болгон прокурорын тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсарган, хэргийг шүүхэд хүргүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 40 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/1839 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.