Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0072

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б,

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хоорондын 2013 оны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Л.Б, Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Ч.Б нь 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, түүний дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус актын улмаас учруулсан хохирол 294.512.192 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /2-р х.х-н 52-53-р хуудас/

Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад зааснаар Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 2 дугаар хавсралтаар баталсан комиссын бүрэлдэхүүн буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Э******* даргалж, бүрэлдэхүүнд нь тус газрын хяналтын улсын байцаагч нар ажиллаж, дүрмийн Дөрөв-ийн 4.1.1-д зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комиссын акт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох 2013 оны 1-р сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг гаргасан бүрэлдэхүүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга мэдэгдэлд цохолт хийж, томилдог байсан байх тул /1-р х.х-н 244-р хуудас/ шүүх тухайн маргаж байгаа асуудлаар тухайн үед комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан улсын байцаагч нар буюу хяналт тавих эрх бүхий байгууллага болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг хариуцагчаар татан оролцуулж хэргийг нэг мөр шийдвэрлэсэн болно.

2.   Тэ******* ХХК-ийн захиалгаар баригдсан Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, И*******, *******тай орон сууцны барилгад Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2 дугаар хавсралтаар томилогдсон 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актаар байнгын ашиглалтад оруулсан байна. /х.х-н 79-83/

3.    Иргэн Ч.Б нь тус байрны 7 тоот орон сууцыг 2013 оны 10 дугаар

сарын 7-ны өдөр ипотекийн зээлээр худалдан авч, 000277304 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авчээ. /х.х-н 19-30, 40/

4. Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлдээ: Иргэн Ч.Б миний бие 2013 оны 10 дугаар сард Т******* ХХК-ийн дэд захирал Д.Атай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ******* байрны 7 тоот, 2 өрөө, 49.16 м.кв байрыг нийт 98.320.000 /ерэн найман сая гурван зуун хорин мянга/ төгрөгөөр худалдан авсан. Байранд орж амьдрах гэтэл байрны доод талд байрлах тус орон сууцны барилгын төвлөрсөн дулаан дамжуулах хуваарилах төвөөс байнгын дүнгэнэсэн чимээ гарч хүн амьдрах ямар ч боломжгүй байсан.

Иймд би Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох бүх байгууллагад гомдол хүсэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №07/110/89 дугаартай дүгнэлтээр манай байранд дулаан дамжуулах хуваарилах төвийн дуу, шуугианы хэмжээ 70 дба байгааг болон тухайн байр нь хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх шаардлагыг хангахгүй байгааг тогтоосон. Барилга барьсан компанийг дулаан дамжуулах төвийг шилжүүлэх арга хэмжээ гэсэн боловч шилжүүлэх боломжгүй гээд шилжүүлээгүй. Мөн дуу тусгаарлана гээд арга хэмжээ авсан нь ямар ч үр дүнгүй болсон.

Улсын комисс уг барилгыг хүлээн авахдаа гүйцэтгэгч компани барилгын зураг төслөөр дулаан дамжуулах төв 1 дүгээр блок байрны шатны хонгилын баруун талд төлөвлөсөн байсныг зөрчиж, 2 дугаар блок орон сууцны 7 тоотын доод талд байрлуулж, барилгын зураг төсөл болон холбогдох норм стандарт, Барилгын тухай хуулийг зөрчсөн байхад хүлээн авсан байдаг. Өөрөөр хэлбэл 044/2013 улсын комисс нь өөрт олгогдсон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашиглаж, сонгох боломжоо буруу хэрэглэж зураг төслийн дагуу биш байхад зураг төслийн дагуу бүрэн хийгдэж гэж шийдвэрлэсэн үйл ажиллагаатай маргаж байгаа уг шийдвэрээс болоод чанарын шаардлага хангахгүй 7 тоот 2 өрөө орон сууцаа зарж болохгүй байгаа.

Улсын комиссын актаар тус барилга нь барилга байгууламжид тавих шаардлагыг бүрэн хангасан, өөрөөр хэлбэл дуу чимээгүй, хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж баригдсан гээд байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэхүү актаар хүлээн авсан байрыг актын дагуу байнга ашиглах ямар ч боломжгүй байнгын маш их дуу чимээтэй, хүн амьдрах ямар ч боломжгүй байгаа тул энэхүү актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү.

Хүн амьдрах боломжгүй баригдсан байрыг улсын комисс байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсний улмаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч надад худалдаж жирийн иргэн би маш их хохирч байна.

Би байрыг худалдан авахдаа өөрийн өмчлөлийн 60.000.000 (жаран сая төгрөгийн үнэтэй орон сууц, 98.320.000 /ерэн найман сая гурван зуун хорин мянга/ төгрөгөөр худалдан авсан байруудыг барьцаанд тавьж жилийн 8 хувийн хүүтэй 98.320.000 /ерэн найман сая гурван зуун хорин мянга/ төгрөгийн зээл авч үнийг төлсөн. Зээлийн төлбөрт 37.872.197 (гучин долоон сая найман зуун далан хоёр мянга нэг зуун ерэн долоо) төгрөг төлсөн. Би байрыг огт ашиглаж, амьдарч чадахгүйгээс надад байрны үнэ 98.320.000 /ерэн найман сая гурван зуун хорин мянга/ төгрөг, барьцаанд тавьсан байруудаа алдахад хүрээд байгаа тул түүний үнэ 60.000.000 /жаран сая/ төгрөг, 98.320.000 /ерэн найман сая гурван зуун хорин мянга/ төгрөг, ямар ч үр ашиггүй зээлд төлсөн 37.872.197 /гучин долоон сая найман зуун далан хоёр мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгөөр хохирч нийт 294.512.197 /хоёр зуун ерэн дөрвөн сая таван зуун арван хоёр мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгийн хохирол учраад байна. Хохирлын хэмжээг тогтоож өгөхийг хамтатган нэхэмжилж байна. Захиргааны байгууллагын алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцахаар хуульчилсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 101.1, Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.

Тухайн актаар хүлээж авсан барилга нь 2 блоктой. Зөвхөн нэгдүгээр блок руу гадна дулаан хангамжийг холбох зургийг н.Одсүрэн гэж хүн хянав гээд барилгын экспертиз баталсан. Энэ баримт хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан. Нэгдүгээр блок руу оруулна гэсэн чинь хоёрдугаар блок руу оруулж гүйцэтгэгч компани зураг төсөл зөрчсөн. Зураг төслийн дагуу хийгдсэн тохиолдолд улсын комисс хүлээж авч акт үйлддэг. Гэтэл улсын комисс зураг төслийн дагуу хийгдээгүй байхад зураг төслийн дагуу хийгдсэн байна гэж хүлээж авч байгаа нь хууль бус юм. Энэ алдааны улмаас учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна, 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж заасны дагуу төр хариуцна. Бид тухайн захиргааны байгууллага гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Засгийн газрыг гэж үзэж байгаа. Учир нь Засгийн газрын албан бичигт ашиглалтад оруулах, үйл ажиллагааг зохион байгуулах байгууллага-салбарын төрийн захиргааны төв байгууллага гэснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг, дарга-Төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газрын дарга гэснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э*******ыг, нарийн бичгийн дарга-салбарын төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтэн гэдгийг тухайн комиссын дарга н.Э*******г хэлж байгаа. Маргаан бүхий улсын комиссын 044/2013 актаас үзвэл барилгыг н.Э******* хүлээж авах ёстой байтал н.Э******* гэсэн барилгын мэргэжилтэн хүлээж авсан байдаг. Гэтэл солигдож ирж ажилласан н.Э******* нь зураг төслийн биш байхад зураг төслийн дагуу байна гэж хүлээж авсан. Энэ бол хууль бус алдаа. Энэ алдааны улмаас учирсан хохирлыг захиргааны байгууллагаас буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Засгийн газраас гаргуулахаар нэхэмжилж байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагын ахлах байцаагчийн зөрчил дутагдлыг илрүүлсэн дүгнэлт бий. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 07/110/89 тоот Дулаан дамжуулах төвийн тухай дүгнэлтээр чанарын шаардлага хангахгүй, зураг төслийн дагуу хийгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан бодит байдалд нийцэхгүй, хүн амьдрахад тохиромжгүй, зарахад эдийн засгийн хувьд тохиромжгүй барилгыг хүлээж авсан байна гэж дүгнэсэн. Энэ алдаанаас учирсан хохирлыг би тухайн байгууллагаас нэхэмжилж гаргуулна. 2013 оноос хойш 9 жилийн турш үүргээ гүйцэтгэхгүй, хохирол хуримтлуулсан, нөхөн төлбөрт 294 сая төгрөгийг гаргуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссыг хариуцагчаар татсан юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг нь шалгах, зөрчил дутагдлыг илрүүлэх, зөрчил дутагдлыг таслан зогсоох, ард иргэдийнхээ төлөө тангараг өргөсөн чиг үүрэг бүхий байгууллага. Гэтэл зураг төслийн дагуу хийгдээгүй, норм дүрэмд нийцэхгүй гэсэн алдаанууд илэрсээр байтал тэр алдаануудыг хүлээн зөвшөөрч чиг үүргээ умартан шүүх хуралдаанд ийм тайлбар гаргаж байгааг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Хянадаг гэчхээд хянадаггүй, илрүүлчхээд арга хэмжээ авдаггүй нь ноцтой санагдаж байна. Иргэн ганцаараа учраас хохирох ёстой гэдэг. Иргэн бүгд хуульд захирагдах ёстой боловч эдгээр хүмүүст хууль үйлчилдэггүй юм шиг загнадаг. Барилгын тухай хуульд заасны дагуу хийгдсэн барилгыг шаардлага хангасан гэж үзнэ гэж заасан. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна, 14.1.1-д зураг төслийн дагуу баригдсан байх, 14.1.2-т барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх гэсэн шаардлагыг хангасан барилгыг шаардлага хангасан гэж үздэг. Гэтэл шаардлага хангахгүй барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж хүлээж аваад ордер гаргасан. Тиймээс энэ акт нь илт хууль бус гэдэг нь тогтоогдож байгаа. Урьдчилсан хэлэлцүүлгээр тус акт илт хууль бус гэдэг нь тогтоогдсон.

Эд хөрөнгийн болон намайг даган салаалж буй эрх зүйн үйлчлэлд орох хүмүүсийн /ар гэр/ эдийн засгийн хангалттай байдалд амьдрах эрхийг зөрчиж, эдийн засгийг дордуулж байгаа. Зарагдахгүй, шаардлагад нийцэхгүй, актлагдсан орон сууцыг надад хүчээр шахаж намайг амьдруулж байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шаардлага хангахгүй байрандаа хүчээр амьдар гээд чиг үүргээ умартаж байгаа. Уг нь үүнийг таслан зогсоогоод надад мөнгө олгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой. Тухайн байшинг зураг төслийн дагуу актаар хүлээж авснаас үүдэн надад эд хөрөнгийн, эрхийн гэсэн 2 хохирол учирч байгаа. Эд хөрөнгийн хохирлын хувьд Дарханы, мөн чанарын шаардлага хангахгүй, маргаж буй 2 байрны хувьд хохирч, эрхийн хохирлын хувьд банканд өрөнд орж хохирол учирч байгаа. Би энэ байрыг шаардлага хангасан гэж худалдаж аваад зээлийн 100 сая төгрөг, тухайн байрны биет байдлын үнэ 98 сая 320 мянган төгрөг, Дарханы байраа давхар батлан даалтад тавьсан эрсдэлд намайг түлхсэн. Банканд сар бүрийн 820 мянган төгрөгийн төлөлт төлсөөр өрнөөсөө 37 сая төгрөгийн төлсөн. Эдгээрийг тооцож үзэхээр нийт 294 сая төгрөгийн хохирол учирсан гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Л.Б, Ж.А нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Б, Д.А нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан орон сууцны зориулалттай барилгад /Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хорооллын ******* байр/ Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн ашиглалтад оруулах дүрэм-ийн /тухайн үед хүчин төгөлдөр хэрэгжиж байсан/ дагуу байгуулагдсан 22 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс ажиллаж тус барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэж 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаартай улсын комиссын акт, дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Тус Улсын комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гадна Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Үндэсний төв архив, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар гэх мэт төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас оролцон ажилласан байна.

Дээрх комиссын бүрэлдэхүүнд ажилласан байгууллагын төлөөллүүд нь тухайн барилгын архитектур төлөвлөлт, барилга бүтээц, барилгын материал, цэвэр, бохир ус, дулаан хангамж, цахилгаан хангамж, холбоо дохиолол, халаалт салхивч, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, лифт, гадна авто зам, тохижилт зэрэг 10 гаруй мэргэжлийн чиглэлээр инженерийн зураг төсөл, угсралтын ажлын чанар, холбогдох баримт материалын бүрдүүлэлтийн байдалд үзлэг хийдэг бөгөөд далдлагдсан болон орж үзэх боломжгүй зарим өрөө, тасалгаанд нэвтрэх боломжгүй тохиолдлууд ч гардаг тул улсын комисс тухайн үед бүх асуудлыг нарийвчлан шалгах боломжгүй байдаг.

Мөн дээрх барилгад зөвхөн Ч.Б.аас гадна өнөөгийн байдлаар нийт 250 гаруй айл өрх оршин сууж байгаа бөгөөд байрны гэрчилгээ нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд хамрагдаж гэрчилгээ гарсан байгаа тул зөвхөн нэг оршин суугч буюу иргэн Ч.Б.ын гомдлын дагуу Улсын комиссын актыг бүхэлд нь хүчингүй болгох нь учир дутагдалтай, ач холбогдол, үндэслэлгүй байна. Иймд Ч.Б.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Ч.Б нь барилгын гүйцэтгэгч компани болох "Т*******" ХХК-иас худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарах зардалд 25.612.360 төгрөгийг гаргуулахаар 2016 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнө нь 2016 онд нэхэмжлэл гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Т******* ХХК-ийн дэд захирал Д.А нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол И******* ******* байр хаягт байрлалтай нийт 256 айлын орон сууцны зориулалттай байрны 7 тоотод дулааны үзелээс гарч буй дуу чимээг арилгах шаардлагын дагуу үзелийн таазанд 10 см-ийн полистрол хавтан хадаж, эсгий хавтан нааж, бойлерын чанх дээр байрлаж тусгаарлагч зориулалтын 3 мм-ийн зузаантай хавтанг дэвсэж бэхлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд дээрх ажлуудыг гүйцэтгэсний дараа бойлер, дулааны үзелээс дуу чимээ гарахгүй болсон тул нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээс 19.612.360 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 6.000.000 төгрөг гаргуулахаар гэрээ байгуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч зохигчдын эвлэрлийг баталж хэргийн хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг гаргасан байна. Тус шүүгчийн захирамжийн 4 дэх хэсэгт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан.

Анхны зургаар хоёр блокны нэгдүгээр блокт дулааны дуу чимээ гаргаж байсан узел байрлаж байсан. Хоёрдугаар блоконд угсарсан. Нэхэмжлэгч Ч.Б*******ы байр хоёрдугаар блокны хажууд байрладаг. Анхны зургаас өөрчлөгдөж болно. Захиалагчийн хүсэлтээр норм дүрмийг зөрчихгүй тохиолдолд өөрчлөлтийн зураг хийж болно гэж Барилгын тухай хуульд заасан. Захиалагч одоо байгаа өрөөнд байрлуулах хүсэлт гаргасны дагуу анхны зургаас өөрчлөгдөж хийгдсэн. Энэ нь хуулийн дагуу явагдсан. Засгийн газрын 2009 оны тогтоолын дагуу улсын комисс ажилласан. 2009 оны тогтоолыг зөрчиж ажилласан мэтээр ярьж байна. 2009 оны тогтоолд комиссын ахлахаар тухайн орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын техникийн улсын байцаагч байна гэж заасан. Энэ тогоол зөрчигдөөгүй. Өөрөөр хэлбэл тухайн үед Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажиллаж байсан н.Э******* тухайн комиссыг ахалсан. Комиссын гишүүдийг зохион байгуулж, эхлээд зураг төсөл бичиг баримттай танилцаж, дараа нь объект дээр нь очиж танилцаж, гишүүдийн саналыг авч, үүрэг даалгавар өгч, ашиглалтын шаардлага хангасан гэж комиссын гишүүд гарын үсэг зурж, сүүлд нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч н.Э******* гарын үсэг зурснаар манай байгууллага дугаар олгож, улсын комисс ашиглалтад авч, комиссын акт үйлдэгдэнэ. Тиймээс энэ нь Засгийн газрын 2009 оны тогтоолыг зөрчсөн зүйл байхгүй. Н.Э******* дарга барилгыг хүлээж авахгүй. Эдний барилга дээр н.Э******* хүлээж авсан байна. Барилга байгууламж дээр өөр өөр байцаагч ахлаад явж байгаа. Бүх барилга дээр н.Э******* ахалж явахгүй. н.Э******* барилгыг ашиглалтад хүлээж авсан гэж хэлж болохгүй. Улаанбаатар дулааны сүлжээ, Ус сувгийн удирдах газар, эрүүл ахуйн байцаагч, хот төлөвлөлтийн байгууллага зэрэг холбогдох байгууллагууд узелийг үзэх ёстой. Узелтэй холбоотой байгууллагын төлөөллүүд узелийг үзээд болсон гээд гарын үсэг зурсан байхад комиссын дарга гарын үсэг зурж баталгаажуулахаас өөр аргагүй.

2013 оноос хойш үүргээ гүйцэтгээгүй гэж хэллээ. Комиссын акт баталгаажаагүй бол айлуудын ордер олгогддоггүй. Улсын комиссын акт 3,4 дэхээ шинэчлэгдээд байна. Тухайн үед акт баталгаажаагүй бол айлууд ордероо авч чадахгүй байсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт баталгаажаагүй тохиолдолд барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасан. Комиссын дүгнэлт гарсны дагуу тухайн байрны айлуудын ордер олгогдсон. Нэхэмжлэгч тухайн байраа ашиглаж байсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анх дуу чимээ ихтэй гэж дүгнэлт гаргасан байсан. Анхны байрлал өөрчлөгдсөн байна, анхны байрлалд шилжүүлэх арга хэмжээ ав гэсэн зүйл л дүгнэлтэд нь бий. Дараа нь манайд хандаад ажил үүргийн хуваарийн дагуу над дээр цохогдоод намайг очиход Ч.Б нь тухайн үед байраа орон сууцны бус зориулалтаар ашиглаж үйлчилгээ эрхэлж байсан. Энэ хүн байрны асуудлаар бус узелийн асуудлаар гомдол гаргасан учраас Ч.Б.тай уулзаж, узелийг нь шалгаад л явсан. Тэр үеэс хойш энэ хүн байраа ашиглаж байгаа.

Улаанбаатар дулааны шугам сүлжээ тухайн барилгад техникийн нөхцөл олгодог. Техникийн нөхцөл гэдэг нь дулааны үзелийн зургийг үзэж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр дулааны ачаалал хүрч байгаа эсэхийг нотолж зургийг баталж, уг зурагт үндэслэж Дулааны шугам сүлжээ дулаанаар хангадаг. Одоо ч 256 айлын орон сууц халж байгаа, халаалттай байгаа. Нэг иргэний гомдлоос болж 256 айлын ордерыг хүчингүй болгох гээд байгаа юм уу? Эдгээр айлууд амьдарч халаалтаа авч байгаа. Ч.Б.аас өөр нэг ч иргэнээс дуу чимээтэй гэсэн гомдол ирээгүй. Иймд Ч.Б.аас болж улсын комиссын актыг хүчингүй болгуулах нь үндэслэлгүй юм. Улаанбаатар дулааны шугам сүлжээний төлөөлөл тухайн үед нь зураг төсөлтэй нь танилцаад узелийг баталсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэн Ч.Б.ын нэхэмжлэлтэй Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Байрны доод талд байрлах тус орон сууцны барилгын төвлөрсөн дулаан дамжуулах хуваарилах төвөөс байнгын дүнгэнэсэн чимээ гарч хүн амьдрах ямар ч боломжгүй болсон. Би байрыг огт ашиглаж, амьдарч чадахгүйгээс надад байрны үнэ 98,320,000 төгрөг, барьцаанд тавьсан байруудаа алдахад хүрээд байгаа тул түүний үнэ 60,000,000 төгрөг, 98,320,000 төгрөг, ямар ч үр ашиггүй зээлд төлсөн 37,872,197 төгрөг, нийт 294,512,197 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ байрыг ашиглаж чадахгүй байгаа учир Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үндэслэлд хамаарна гэжээ.

3. Иргэн Ч.Б нь Т******* ХХК-ийн захиалгаар

баригдсан Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, И*******, *******тай орон сууцны барилгын доод талд байрлах тус орон сууцны барилгын төвлөрсөн дулаан дамжуулах хуваарилах төвөөс байнгын дүнгэнэсэн чимээ гарч хүн амьдрах ямар ч боломжгүй болсон талаарх гомдлыг мэргэжлийн хяналтын байгууллагад гаргажээ. Түүний гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Б******* Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд даргын баталсан 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 02-03/580 дугаартай төлөвлөгөөт бус шалгалт хийх удирдамжийг үндэслэн иргэн Ч.Б.ын өмчлөлийн 7 тоот байрны доор байрлуулж угсарсан ус, дулааны зангилааны ашиглалтын төлөв байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар ... ус, дулааны зангилааны дуу чимээ 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах гэсэн Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтыг зөрчсөн... гээд зөрчлийг арилгуулахаар Т******* ХХК-д албан шаардлагыг хүргүүлжээ. Улмаар эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 07/110/89 дугаар дүгнэлтээр 2. Дулаан хуваарилах төвийн дуу шуугианы хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их буюу 68-70 дБА байгаа нь ... 40дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно гэснийг зөрчиж байна. ... инженерийн тооцоо, судалгаа зураг төслийн үндсэн дээр дулаан дамжуулах төвийг орон сууцны бус зориулалттай хэсгийн доор шилжүүлэх эсвэл бие даасан тусдаа байранд байрлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэжээ. /1-р х.х-н 74-77-р хуудас/

4. Нэхэмжлэгч дулааны узелийн өрөөг манай байрны дор биш шатны дор

байрлуулахаар анх зураг төслийг баталсан байхад улсын комисс хүлээн авсан нь буруу гэж маргаж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус барилгын дулааны узелийг өрөөг шилжүүлсэн гэж, хэрэгт авагдсан Үндэсний төв архиваас ирүүлсэн халаалт, агаар сэлгэлтийн системийн байршлын схем зураг дээр тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. /2-р х.х-н 20-р хуудас/

            5. Дээрх мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага болон дүгнэлт гарсаны дараа Т******* ХХК-иас узелийн таазанд 10 см-ийн полистрол хавтан хадаж, түүн дээр эсгий хавтан нааж, 7 тоот айлын шаланд дуу тусгаарлагч хийж өгч, дуу чимээг намсгасан гэсэн бичгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ. /2-р х.х-н 96-108/

            6. Иргэн Ч.Б тухайн үед Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Ад холбогдуулан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарах зардал 25,612,360 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байжээ. Улмаар тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/03111 дугаар шийдвэрээр эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эвлэрлийн гэрээнд: Хариуцагч БЗД-ийн 1-р хороо, 12-р хороолол, И*******, 30-р байр, хаягт байрлалтай, нийт 256 айлын орон сууцны зориулалттай байрны 7 тоотод дулааны узелээс гарч буй дуу чимээг арилгах шаардлагын дагуу узелийн таазанд 10 см-ийн полистрол хавтан хадаж, эсгий хавтан нааж, бойлерын чанх дээр байрлаж буй 7 тоотод нийт 43 м2 талбайд паркетан шалны дээр хивс, дрожны доор нь дуу тусгаарлагч зориулалтын 0.3 мм зузаантай хавтанг дэвсэж, бэхэлж өгсөн ба 19/19 тоот актыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтэц хяналтын хэлтэст хүргүүлсэн. Ажлын хөлс, тээврийн зардлын хамтаар 2530 000 төгрөгийг зарцуулсан. Дулааны узелийг өмнө хийж гүйцэтгэсэн МSN ХХК-иар дахин хийлгэсэн ба шатсан насосуудыг солиулж, бусад засвар үйлчилгээний ажлуудыг хийлгэхэд 7,138,269 төгрөг зарцуулсан. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа бойлер, дулааны узелээс дуу, чимээ гарахгүй болсон. Иймд 1. Нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээс 19,612,360 төгрөгөөс татгалзаж байна. 2. Хариуцагч нь нэхэмжлэгчид 6,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлнө... гэжээ. /2-р х.х-н 110-113-р хуудас/

            7. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 181/ШШ2019/01951 дугаар шийдвэрээр хариуцагч Ч.Б, Б.Сүрэн нараас 107,100,912 төгрөгийг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор, ... сайн дураар төлөөгүй бол ... иргэн Ч.Б.ын 7 тоот орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /1-р х.х-н 111-113-р хуудас/

8. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл иргэн Ч.Б.ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, И*******, ******* байрны 7 тоот орон сууцны доор байрлах дулааны узелээс гарах дуу хэмжээ их байгааг мэргэжлийн хяналтын байцаагч тогтоон, албан шаардлага, дүгнэлт хүргүүлсний дагуу тухайн барилгыг барьсан Тэлмүүн констракшн ХХК-иас /Д.А/ холбогдох арга хэмжээг авсан, Ч.Б эд хөрөнгийн доголдлыг хариуцагч арилгасан гэж үзэж, хариуцагчтай эвлэрсэн, уг байр нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулахаар иргэний шүүхийн шийдвэр гарсан зэрэг нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад хамаарахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалт, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ч.Б гаргасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 044/2013 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус актын улмаас учруулсан хохирол 294.512.192 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага-ыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ