Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0506

 





 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: Уаймгийн Бсумын Засаг дарга

Гуравдагч этгээд: “Х” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Уаймгийн Бсумын Ха багийн Хын уурхайд байрлах “Н” ХХК-ийн эзэмших эрхийн газартай давхардуулан “Х” ХХК-д газар олгосон Уаймгийн Бсумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/01 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Уаймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 124/2025/0004/3

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Уаймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:

 “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 33.1.2 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.16 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль /2006/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Уаймгийн Бсумын Засаг даргад холбогдуулан гаргасан Уаймгийн Бсумын Ха багийн Хын уурхайд байрлах “Н” ХХК-ийн эзэмших эрхийн газартай давхардуулан “Х” ХХК-д газар олгосон Уаймгийн Бсумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/01 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

2.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ааас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: 

2.1.“"Н" ХХК-ийн "Уаймгийн Бсумын Ха багийн Хын уурхайд байрлах "Н" ХХК-ийн эзэмшлийн газартай давхардуулан "Х" ХХК-д олгосон Уаймгийн Бсумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/01 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, "Н" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Уаймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0019 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А миний бие дараах агуулгаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч "Н" ХХК нь 1989 онд байгуулагдсан цагаас хойш одоог хүртэл Уаймгийн Бсумын Ха багийн нутаг дэвсгэр Хын уурхай (тосгон)-н хаягт байрлах нэгж талбарын 19020**** дугаартай 4,000м.кв газрыг Бсумын Засаг даргын захирамжаар эрх олгосны дагуу 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, 0177**** дугаартай газар эзэмших гэрчилгээ гарсан байдаг.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасан. Сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлнэ гэж заагаагүй. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулснаар тухайн газрыг эзэмших, ашиглах, газрын төлбөрийг төлөх зэрэг эрх үүрэг үүсч, зөвхөн гэрчилгээгээр тухайн газрыг ашиглах эрхтэй болж байгаа юм. "Н" ХХК-ийн хувьд хэдийгээр анх эрх олгосон сумын Засаг даргын захирамж олдохгүй байгаа боловч (одоогоор хайж байгаа) гэрээ байгуулж, гэрчилгээ гарсан байдаг. Захирамж олдохгүй байгаа болон 2009 онд гэрээ байгуулж, гэрчилгээ гарсан нь "Н”-ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх 2002 оны 52 дугаар захирамж олдоогүй, Н ХХК-д газар олгосон захирамж хайгаад гарч ирээгүй үйл баримтыг дүгнэхдээ анхнаасаа огт захирамж гараагүй байхад хууль бусаар газрын гэрчилгээ олгосон мэтээр дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай.

2.2.Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гол үндэслэл нь тодорхой бус, ойлгомжгүй байдаг. Нэг талаас сумын Засаг даргын газар олгосон захирамж байхгүй, анхнаасаа захирамжгүйгээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь хууль бус гэж үзсэн хэрнээ нөгөө талаас Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон ашиглалтын зөвшөөрөл гэрчилгээ олгосон цаг хугацаа нь “Н” ХХК-д газар олгосон цаг хугацаанаас өмнө нь гарсан байна. Өмнө нь гарсан учир 2006 онд батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалтыг буюу хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэж, түүнийг явцуу утгаар тайлбарлаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

2.3.Ерөнхийдөө “Н” ХХК нь 1989 оноос хойш 4,000 мкв газарт тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2002 онд сумын Засаг даргын захирамж гарснаар 2009 онд гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээ гарсан байдаг.

Гэтэл 2011 онд сумын Засаг даргын газар эзэмшүүлэх захирамжаар "Х" ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл "Х" ХХК нь одоог хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээгүй зөвхөн уул уурхайн ашиглалтын зөвшөөрөл дээрх газрын хэмжээгээр тухайн газрыг эзэмшиж ашиглаж байгаа. Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон ашиглалтын зөвшөөрөл нь зөвхөн заасан газрын хэмжээнд уул уурхайн ашиглалт, олборлолт явуулах зориулалттай болохоос тухайн газар дээр барилга байшин барих зөвшөөрөл олгоогүй гэж харж байна. Өөрөөр хэлбэл тухайн газрын гадаргын эрхийг тус нутаг дэвсгэрийн удирдлага буюу сумын Засаг дарга дангаар олгох ёстой бөгөөд эрх авсан этгээд нь гэрээ байгуулж, гэрчилгээ гарснаар тухайн газрыг эзэмших эрхтэй болдог.

Тэгэхээр 2009 онд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон “Н” ХХК-ийн газартай давхцуулан газар эзэмшүүлэх эрх олгосон Уаймгийн Бсумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/01 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэснийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

 

ХЯНАВАЛ: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж гомдлыг ханган шийдвэрлэв. 

1.Нэхэмжлэгч “Н” ХХК-аас “Уаймгийн Бсумын Ха багийн Хын уурхайд байрлах “Н” ХХК-ийн эзэмших эрхийн газартай давхардуулан “Х” ХХК-д газар олгосон Уаймгийн Бсумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/01 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг Уаймгийн Бсумын Засаг даргад холбогдуулан гаргажээ. 

2.Нэхэмжлэгчээс “1989 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, шатахуун түгээх станцын зориулалттай 4000 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан боловч газар эзэмших эрхийг сунгаж өгдөггүй, газрын хувийн хэргээ шалгуулахад маргаан бүхий захирамжаар “Х” ХХК-д давхцуулан өгсөн гэдгийг мэдсэн, манай компанийн өмчлөлийн эд хөрөнгө байрлаж, үйл ажиллагаа явуулж буй хүчин төгөлдөр эзэмшил газрыг гуравдагч этгээдэд олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн, хариуцагчаас манай газартай гуравдагч этгээдэд давхцуулан олгосон шийдвэрээ мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан.

3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгчээс газар эзэмших гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад ямар нэгэн сунгах хүсэлт ирүүлээгүй, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрчилгээ, гэрээгээ шинэчлэх албан бичиг ирүүлсэн” гэх тайлбарыг өгчээ.

4.Гуравдагч этгээдээс “нэхэмжлэгчийн шатахуун түгээх станц нь манай тусгай зөвшөөрөл бүхий талбайн дотор байрлаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд манай нүүрс олборлох ашиглалтын үйл ажиллагаа тус шатахуун түгээх станцруу улам ойртож байна. Архивын үзлэг нэхэмжлэгчид газар эзэмших олгосон захирамж олдоогүй, иймээс манай уурхайн талбайтай нэхэмжлэгчийн газар давхцалгүй, давхацсан баримт байхгүй” гэж маргажээ. 

5.Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй маргааны үйл баримтын талаар:

5.1.Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн одоогийн шатахуун түгээх станцын барилгын дэргэд түүний үйл ажиллагаа явуулж байсан барилга 1989 онд баригдсан байсан, тус компани маргаан бүхий газар дээр шатахуун түгээх станцын барилга, үйлчилгээний зориулалтаар тус газарт үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь Тээврийн эрдэм шинжилгээ зураг төслийн институтээс 1989 онд баталсан Зураг, төсөв, Үндсэн хөрөнгө актлах тухай ТехНийн комиссын акт, БНМАУ-ын Зам, Тээврийн эрдэм шинжилгээ зураг төслийн институтээс баталсан 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Бө Хын Шатахуун түгээх станц”-ын төсөв өртгийн талаарх 89/89 дугаар төсвийн шифр болон зургийн шифрийн баримтууд, Бө НХБ-ын савнуудын судалгаа, Бө аймгийн НХБ-ын үл хөдлөх хөрөнгийн жагсаалт[1] зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд 1989 оноос хойш маргаан бүхий газарт шатахуун түгээх станцын үйлчилгээний зориулалтаар байнга үйл ажиллагаа явуулж, барилга барьсан буюу бодит байдалд эзэмшил үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна

5.2.Мөн Уаймгийн Бсумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай захирамжийг үндэслэн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Бө аймаг дахь салбарт Ха багийн Хын уурхайд 4000 м.кв газрыг шатахуун түгээх станцын барилга, үйлчилгээний зориулалтаар, 20 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна. 

5.3.Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн байгуулах тухай хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад гаргаж байсан болох нь  2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэх тухай” албан бичиг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар “Газар эзэмших, эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэх тухай” албан бичиг зэргээр тогтоогдож байна.

5.4.Харин Гуравдагч этгээд “Х” ХХК-д Уаймгийн Бсумын нутагт орших Х өргөтгөл нэртэй 1043 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 11*** дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 585 дугаар шийдвэрээр Т.Дгаас шилжүүлэн авч, тус хэлтсийн даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1596 дугаартай шийдвэрээр 77.81 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгожээ.

5.5.Маргаан бүхий Уаймгийн Бсумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/01 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар “Х” ХХК-ийн 1****А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн 77.81 га талбайг 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, 017**** дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. 

5.6.Гуравдагч этгээд “Х” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн 77.81 гектар талбайгаас 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр 26.52 га газрын буцаан олгож, 51.25 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч газрын мэдээллийн нэгдсэн санд 51.24 га газрыг эзэмшиж байгаа талаар бүртгэгдсэн боловч хариуцагч Бсумын Засаг дарга “Х” ХХК-д олгосон 2011 оны А/01 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 77.81 га газрын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байна.

5.7.Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1860 дугаар албан бичиг, Уаймаг дахь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаар албан бичиг, түүний хавсралт[2] зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн шатахуун түгээх станцын үл хөдлөх эд хөрөнгө бүхий 4000 м.кв газар нь маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд “Х” ХХК-д олгосон уурхайн 77.81 га талбайн газартай бүхэлдээ давхцалтай гэдэг нь тогтоогдов.

5.8.Маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч “Н” ХХК нь 1989 оноос хойш маргаан бүхий газрыг шатахуун түгээх станцын барилга, үйлчилгээний зориулалтаар ашиглаж, эзэмшиж байсан буюу гуравдагч этгээд “Х” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрын эзэмших эрхээс  нэхэмжлэгчийн газар эзэмших эрх түрүүлж үүссэн, мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшлийн газрууд давхцалтай гэж үзэх үндэслэлтэй байна. 

6.Хууль зүйн үндэслэлийн талаар:

6.1.Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус зохицуулсан. 

6.2.Маргааны хувьд, хариуцагчаас гуравдагч этгээд “Х” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авахдаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрх түрүүлж үүссэн нөхцөл байдлыг хуульд зааснаар газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж, нэхэмжлэгчийн  шатахуун түгээх станцын барилга, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон нь дээр дурдсан Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус зөрчсөн бөгөөд уг газрын давхцал бий болгосон маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн байх тул маргаан бүхий А/01 захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

6.3.Нэхэмжлэгч “Н” ХХК-д газар эзэмшүүлсэн гэх Уаймгийн Бсумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 52 дугаар захирамж нь өөр агуулгатай, түүнд газар эзэмшүүлсэн захирамж олдохгүй байгаа талаар хариуцагч, гуравдагч этгээдээс маргаж байх боловч нэхэмжлэгч “Н” ХХК нь маргаан бүхий газрыг 1989 оноос хойш бодит байдалд эзэмшиж байсан үйл баримт тогтоогдсон, мөн 2009 онд нэхэмжлэгчид 4000 м.кв газар эзэмшүүлэх гэрчилгээг хариуцагчаас олгож, гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөн, газар эзэмших эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. 

7.Дүгнэхэд, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Н” ХХК нь гуравдагч этгээдээс өмнө маргаан бүхий газрыг 1989 оноос хойш бодит байдалд эзэмшиж байсан, мөн 2009 онд нэхэмжлэгчид 4000 м.кв газар эзэмшүүлэх гэрчилгээг хариуцагчаас олгож, гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдож байхад “... “Н” ХХК нь 1989 оноос хойш маргаан бүхий газрыг ШТС-ын барилга, үйлчилгээ-ний зориулалтаар эзэмшиж байгаа гэх боловч тус компанид тухайн газрын эзэмших эрхийг олгосон эрх бүхий этгээд болох Уаймгийн Бсумын Засаг даргын шийдвэр өнөөдрийг хүртэл байхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуулийн 27-33 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрх үүссэн гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. 

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Уаймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-аас Уаймгийн Бсумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Уаймгийн Бсумын Ха багийн Хын уурхайд байрлах “Н” ХХК-ийн эзэмших эрхийн газартай давхардуулан “Х” ХХК-д газар олгосон Уаймгийн Бсумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/01 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Уаймгийн Бсумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/01 дугаартай захирамжийн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.





 ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

 

 

 ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

 

 

 ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас, 195-197, 230-236 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас, 84-86, 92, 93 дахь тал