Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,         

            хохирогч Н.Хангайцэцэг, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар, /үнэмлэхний дугаар 2309/,

            шүүгдэгч Б.Очирням, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, /үнэмлэхний дугаар 0463/,

гэрч Ж.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баяраагийн Очирнямд холбогдох 201626030676 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эх Н.Отгонцагааны хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 2-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Баяраагийн Очирням /РД: МЮ93061312/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

Шүүгдэгч Б.Очирням нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 6 дугаар сард хохирогч Н.Хангайцэцэгийг надтай буцаад үерхэж нийл, хамт амьдар, надтай унт гэх зэргээр дарамталж газар хавсарч унаган, үснээс нь зулгаасан, 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар их дэлгүүрийн үүдэнд барьж аваад хүн багатай газар руу дагуулж явахдаа гарнаас нь чанга барьж хөхрүүлсэн, 2016 оны 2 дугаар сард компанийх нь Зайсан дахь салбарын агуулахад дайрч орж чирч гаргасан зэрэг удаа дараа хүч хэрэглэн биед нь халдсан, мөн 2016 оны 2 дугаар сараас Н.Хангайцэцэгийн гар утас руу байнга залгаж, мессэж бичиж чамайг ална, хүчиндүүлнэ, зэрэмдэглүүлнэ, танай эцэг эхийг ална, дүүг чинь болон эгчийн чинь хоёр хүүхдийг хулгайлна гэх зэргээр айлган сүрдүүлж,  янхан, биеэ үнэлэгч зэргээр гутаан доромжилж байнгын шинжтэй сэтгэл зүйн зовиур шаналал, айдас дарамт бий болгож тарчлаах гэмт хэрэгт холбогджээ.                                                          

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын гаргасан мэдүүлэг болон яллах ба цагаатгах талуудын саналаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Очирням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Замын-Үүдэд ажиллаж байхдаа 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н.Хангайцэцэгтэй танилцсан түүнээс хойш хэд хоногийн дараа Н.Хангайцэцэг над руу залгаад Улаанбаатарт ирээч гэхэд надад зардлын мөнгө байгаагүй тул галт тэрэгний билет дууссан байна гэхэд Н.Хангайцэцэг надад галт тэрэгний билет авч өгсөн. Тэгээд Улаанбаатар хотод ирэхэд Н.Хангайцэцэг намайг тосож аваад бид хоёр White house зочид буудалд орж хамт гурав хоносон. Түүнээс хойш бид хоёр холбоотой байсан бөгөөд 2013 оны 12 дугаар сард Н.Хангайцэцэг Дарханд манай гэрт хоёр гурав хонож аавтай маань танилцаж байсан. Н.Хангайцэцэг надад гар утасны дугаар авч өгсөн боловч би тэр дугаарыг нь гээчихсэн. Түүнээс хойш бид хоёр нэг хэсэг хугацаанд харьцаагүй би Дарханд гэртээ байсан. Тэгтэл Н.Хангайцэцэг 2014 оны 2 дугаар сард манай ээжийн дугаар руу мессэж  бичээд хоёулаа уулзъя, би ганцаардаад байна гэхээр нь би Улаанбаатарт ирж бид хоёр буцаад уулзаж эхэлсэн. Би 2014 оны 11 дүгээр сард Солонгос улсад гэрээгээр ажиллахаар явсан ба 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монголд түр ирсэн. Бид хоёр ээжүүдээ хооронд нь танилцуулж, Монгол бөхийн өргөөнд хамт тоглолт үзүүлсэн. Би 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Солонгос улс руу буцсан ба Н.Хангайцэцэгийг эмнэлэгт хэвтэх гэж байна гэхээр 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрээгээ цуцлаад Монголд ирсэн. Би ирсэн өдрөө Н.Хангайцэцэгийн гэрт очиж уулзаад бид хоёр гадуур хонож байсан. Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Н.Хангайцэцэг эмнэлэгт хэвтэж, би Замын-Үүд явсан.  Намайг Замын-Үүдэд байхад Н.Хангайцэцэг салъя, хоёулаа больё гэсэн мессэж бичсэн. Тэгэхээр нь би Улаанбаатарт ирж Н.Хангайцэцэгтэй уулзахаар хэвтэж байсан эмнэлэг дээр очиход байхгүй байсан тул гэрийнх нь гадаа зогсож байтал Н.Хангайцэцэг гараад ирэхээр нь 2 цаг гаруй юм ярилцаж зогссон нь үнэн түүнээс биш цохиж зодоогүй, харин гарнаас нь атгаж барьсан. Тэр үед Н.Хангайцэцэг ээж залгаад байна гээд явсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд холбоогүй байж байгаад 2015 оны өвөл Налайхад бид хоёр уулзсан ба дахин уулзаж харилцдаг болсон.  Улаанбаатар их дэлгүүрийн ойролцоо Н.Хангайцэцэгтэй тааралдаад би гарнаас нь бариад байрны дунд саравчинд сууж юм ярьсан. Тэгээд бид хоёр хороололд буудалд орсон ба Н.Хангайцэцэгийн утас руу 9937.... дугаараас залгахаар нь би энэ хэн юм бэ гэхэд Н.Хангайцэцэг мэдэхгүй гэсэн. Би утсыг нь аваад би Н.Хангайцэцэгийн найз залуу байна, чи хэн юм бэ гэхэд нөгөө хүн бас Би Н.Хангайцэцэгийн найз залуу байна гээд бид хоёр утсаар хэрэлдсэн. Дараа нь би хороололд явж байтал дэлгүүрийн үүдэнд Н.Хангайцэцэгийн машин нь байхаар нь очиж уулзсан. 2016 оны 02 сард Н.Хангайцэцэг бид хоёр Модны 2-т зочид буудалд хоночихоод Н.Хангайцэцэг өглөө 06.00 цагийн үед явж байсан. Түүнээс хойш хоорондоо харилцаатай байж байгаад утсаа авахгүй болохоор нь би Н.Хангайцэцэгийн ажлын Зайсан дахь салбарт халамцуу очсон. Тэр үед Н.Хангайцэцэг агуулахаасаа гараад ирэхээр нь гараас нь бариад гадаа үүдэнд нь уулзая гээд аваад гарсан. Тэгээд бид хоёрыг уулзаж байхад ажлынх нь хүмүүс ирэхээр нь бид хоёр түр уулзаадахъя гээд ярилцаж байгаад Н.Хангайцэцэг ажил руугаа буцаад орсон. Тэр үед Н.Хангайцэцэг хүзүүн дээрээ шимүүлсэн байсан ба намайг асуухад самрын харшил гэж худлаа хэлсэн. Түүнээс хойш дахин Н.Хангайцэцэгтэй уулзаагүй. Би урд өмнө хүнд дурлаж байгаагүй, анх удаа Н.Хангайцэцэгт хайртай болсон. Би Н.Хангайцэцэгт хайртай болохоор түүнийг харддаг байсан. Намайг  сэтгэлээ татахаар Н.Хангайцэцэг өөрөө буцаад уулзая гээд миний сэтгэлийг эргүүлдэг байсан. Н.Хангайцэцэг нь надтай хамт хонож байхдаа ээждээ ажилтай байна гэх зэргээр миний хажууд худлаа ярьдаг байсан. Н.Хангайцэцэг надад ч бас худлаа хэлдэг. Би түүний худлаа ярьдагт уур хүрдэг байсан болохоос түүнийг гэмтээх болон өөр санаа байгаагүй. Хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би Н.Хангайцэцэгтэй уулзахгүй дахин асуудал гаргахгүй гэв.

 

Хохирогч Н.Хангайцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2013 оны 11 дүгээр сард Замын-Үүдэд ажлаар явж байхдаа Б.Очирнямтай танилцсан. Тэр үед Б.Очирням ачигч хийж байсан. Б.Очирням сэргэлэн, сайхан сэтгэлтэй, найрсаг, хүнд итгэмтгий хүн шиг санагдсан. Ийм залуу хүн ачаа ачаад явж байгаад харамсалтай юм гэж бодсон. Тэгээд би Улаанбаатарт ирээд хэд хоногийн дараа Б.Очирнямаас вагоны номер асуух гэж холбогдоод түүнээс хойш бид хоёр бие биенийхээ утасны дугаарыг мэдэж харилцаатай болсон. Би Б.Очирнямыг Улаанбаатар хотод ирээч гээд түүнд галт тэрэгний билет авч өгсөн ба түүнийг тосож авч хамт зочид буудалд орж байсан. Бид хоёр хамт тоглолт үзэх зэргээр цагийг хамт өнгөрүүлж байсан. Б.Очирнямд өөрийн гэсэн утасны дугаар байхгүй болохоор нь харилцаа холбоотой байхын тулд би утасны дугаар, өвлийн хувцас хүртэл авч өгч байсан. Би Б.Очирням надаас дүү гэдгийг мэдээд түүнийг сургуульд сургах талаар анхаарвал зүгээр юм гэж боддог байсан. Тэгээд үерхэж байгаад салъя гэж хэлсэн шалтгаан нь Б.Очирням өөрийнхөө юманд гамтай ханддаггүй байдал нь зан ааштай нь холбоотой байдаг юм болов уу гэсэн эргэлзээ төрсөн. Удалгүй Б.Очирнямын зан ааш нь өөрчлөгдөж эхлэхээр нь 2014 оны 3, 4 дүгээр сараас эхлэн хоёулаа хэзээ ч тохирохгүй юм байна гэж байнга хэлдэг болсон. Учир нь тодорхой эрхэлсэн ажилгүй, оршин суух хаяг байхгүй Б.Очирнямтай үерхэж байгаа гэдгээ ажлынхан болон гэр бүлийнхэндээ хэлэх нь надад маш эвгүй, хэцүү байсан. Б.Очирням уулзахгүй бол аав, ээж, ах, эгчид чинь хэлнэ гэдэг байсан. Б.Очирням нь ой тогтоолт маш сайн. Би утсан дээрээ бүх дугааруудаа тэмдэглэсэн байдаг. Б.Очирням миний утсыг авахад би эхэндээ юм бодож байгаагүй. Гэтэл Б.Очирням манай аав, ээж, ах, эгч, манай захирлын дугаарыг хүртэл цээжилсэн байсан. Тэгээд Б.Очирням гэр рүү чинь болон ажил руу чинь залгаж холбоотой гэдгээ хэлнэ гэж сүрдүүлдэг байсан. Б.Очирням нь байнга Улаанбаатар хотод байгаад байдаггүй. Хааяа ирдэг байсан, ирэхээрээ би одоо яг ажил руу чинь орлоо гэж хэлэх бүрт нь айсандаа уулзаж байсан. Б.Очирням нь над руу өдөрт 50-100 удаа залгадаг байсан. Би албан ёсны брэндийн салбар хариуцсан менежерийн хувьд миний утас руу маш их дуудлага ирдэг. Гэтэл Б.Очирням нь тасралтгүй залгадаг байсан. Түүнээс болоод утсаа унтраана, дууг нь хаадаг байсан. Компаний хурал дээр хүртэл яригдаж байсан. Би ээждээ хэлэхгүй нуусаар байгаад 2014 оны 06 дугаар сард хэлж түүнээс хойш гэрийнхэн мэддэг болсон. Түүнээс өмнө манай Гэрэлмаа найз мэддэг байсан. Энэ асуудлаас болоод миний эргэн тойрны найз нөхөд бүгд мэддэг болсон. Би утаснаасаа салдаггүй. Улаанбаатар их дэлгүүрийн үүднээс Б.Очирням миний утасыг авсан. Б.Очирням тухайн үед авъя гэж бодоогүй байх. Миний утасыг бариад анхаарал нь сарнисан байхад нь би замын эсрэг тал руу зугтаж байсан. Тэгээд зарим тохиолдолд утсан дээр байсан мессэж байхгүй болсон. Дараа нь 2016 онд Вива сити дээр Мy март дэлгүүрийн үүдэнд хүлээж байсан. Намайг машиныхаа цонхыг онгойлгохгүй бол цохиод хагална гээд байсан тухайн үед миний утасны цэнэг дууссан учраас би гэр рүүгээ залгах боломжгүй дэлгүүрийн ойр хавьд байсан хүмүүсээс тусламж гуйхад Б.Очирням энэ бид хоёрын асуудал гээд хэлсэн учраас туслаагүй. Би чамд сем картаа өгье, чи манай ээж рүү залгаад өгөөч тэгэх үү гэж гуйж байсан. Тэгээд би Б.Очирнямд сем картаа өгч ээж рүүгээ  залгуулсан. Манай ээж гарч ирээд Б.Очирнямтай ярилцах гэтэл зугтааж явж байсан. Б.Очирням нь 2016 оны 02 сараас биш нилээд дээр үеэс мессэж бичдэг байсан. Тухайн үед би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст энэ асуудлаар хандаж байсан боловч хүлээж аваагүй. Учир нь хууль ёсны гэр бүл биш учраас хэрэг үүсгээгүй. Б.Очирням нь Монголын цагдаа, хууль надад үйлчлэхгүй юм чинь энэ асуудал хуулийн дагуу явсан ч хэрэг болохгүй гэсэн хандлага гаргаж байсан. Б.Очирнямтай утсаар яриад ойлголцсон зарим үед арай тайван байдаг байсан. Миний хувьд тайван байдал нь өдөрт 10-20 удаа залгах юм уу эсхүл мессэж бичих нь хамгийн тайван хувилбар байсан. Б.Очирнямтай хэд хэдэн удаа зочид буудалд орж байсан нь үнэн. Б.Очирням нь намайг гаргаж өгч хамт хонохгүй бол  Солонгос улс руу явахгүй гээд байна гэж ээж нь над руу ярихаар нь би хамт очиж хонож байсан. Б.Очирнямыг Солонгос улс руу явахад нь ээжтэйгээ, Б.Очирнямын ээжтэй хамт гаргаж өгч байсан. Би Б.Очирнямыг Солонгос улсаас битгий ирээч, наанаа аль болох удаан бай, чи одоо хэдэн нас хүрч байгаа билээ, боловсрол байхгүй юм чинь ажил хийж эхлээд өөрийгөө авч явах чадвартай болчих гэж хэлж байсан. Б.Очирнямыг Солонгос улсад байхад бид хоёр холбоотой байдаг байсан. Учир нь би Б.Очирнямтай холбоотой байвал Солонгос улсдаа илүү удаан тэндээ үлдэх байх гэж бодож байсан. Манай компани Дархан, Эрдэнэт рүү худалдан авалт хийхээр би ерөнхий захиралтайгаа явж байхад Б.Очирням нь Солонгос улсаас манай ерөнхий захирлын дугаар руу залгаад  янз бүрээр хэлж байсан. 2015 оны 6 дугаар сард намайг байрнаасаа гараад эсрэг талын дэлгүүр рүү орох гэж байхад Б.Очирням ирсэн. Б.Очирням нэг гартаа тоосго бариад нөгөө гараараа миний шилэн хүзүүн дээр дарчихаад чамайг орилох юм уу, зугтсан тохиолдолд энэ тоосгоор цохино гэж хэлж байсан. Тэгээд Туул голын гүүрний тийшээ дагуулж явсан. Өмнө нь буудалд орж, таксинд явж байхдаа гуя руу хоёр удаа цохиж, хацар руу алгадаж тэр нь хөхөрч байсан. Миний гар буудал орох, барьж авах тохиолдол бүрт мушгиж хөхөрсөн байдаг байсан. Б.Очирням нь уурлаж бухимдахаараа чичирч, орилж, уйлдаг тэр үедээ өөрийн ухаангүй болчихдог. Тэр байдлаас нь би айдаг учраас дагаж явсан. Тэгээд би одоо ээж хүлээж байгаа, ээжийн санаа нь зовж байгаа гэхэд миний утсыг авчихдаг. Тэгээд Б.Очирням за тэгвэл ээждээ 15 минутын дараа очлоо гэж хэл гэхээр нь ээжтэйгээ утсаар яриад хэлэхэд би тоглосон юм 15 минут гэж худлаа ярьж байгаа юм танай ээжийг зовоож байгаа юм гэж хэлж байсан. Тэгж байсаар байгаад орой бүрэнхий харанхуй болсон хойно явуулж байсан. Тэгээд намайг гүй л дээ харъя гэсэн. Тэгэхээр нь би гүйсэн. Гэтэл намайг араас дэгээдэж хавсарч унагаагаад араас барьчихаад байдаг байсан. Тэгээд би эргээд нийлэх тухай бодож үзье гэж гуйж байж явсан. Түүнээс хойш Б.Очирням нь манай гадаа өдөр бүр ирдэг байсан. Сүүлдээ цагдаа дууддаг болсон. Б.Очирням дараа нь найзуудтайгаа ирдэг болсон. Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэл би аав, ээж, ах, эгч, дүү нарынхаа хэн нэгэнтэй байнга хамт явдаг болсон. Би ганцаараа ажилдаа явсан, дэлгүүр орсон, орцонд орсон асуудал нэг ч байхгүй. Яагаад гэвэл дэлгүүр орох хооронд Б.Очирнямд баригдчихдаг байсан. Манай компаний Зайсан дахь салбарын оффис нь агуулахаараа дамжиж дээшээ гардаг нойл нь нэг давхарт байдаг учраас би агуулахаараа дамжаад нойл орох гэтэл Б.Очирням урдаас гараад ирсэн. Тэгээд агуулахдаа ороход Б.Очирням дагаад ороод ирсэн. Тухайн агуулах нь тусгай код, харуул хамгаалалттай гадны хүн орохыг хориглодог. Тэгээд намайг дагуулаад гарахаар нь худалдагч, менежер хоёроос надад туслаач гэхэд тэд Б.Очирнямыг өмнө нь харж байгаагүй болохоор өө нөгөөдөх чинь уу гэж хэлж байсан. Энэ бүх байдал маш олон удаа давтагдаж байсан учраас цагдаагийн байгууллагад дахин хандсан. Хэрвээ Б.Очирнямыг уурлуулсан тохиолдолд манай компаний бүх утас руу залгадаг байсан. Түүнийг нь багасгахын тулд Б.Очирнямтай уулзаж байсан. Би ядаргааны болон самарын харшилтай тэгээд Сонгдо эмнэлэгт хэвтсэн. Миний хувьд энэ байдлаас болж ажлаасаа гарсан. Бид гэр бүлээрээ өөрийнхөө байранд амьдарч чадахгүй өөр байр хөлсөлж амьдарч байгаа мөн дүүгийнхээ сургуулийг шилжүүлсэн, би ганцаараа явахаас айж болгоомжилдог болсон. Б.Очирнямаас нэхэмжлэх зүйлгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Очирням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймагт ачигч хийж байхдаа Н.Хангайцэцэгтэй танилцаж байсан юм. Тэгээд Н.Хангайцэцэг Улаанбаатар хот руу буцсан ба удалгүй намайг хотод хүрээд ирээд ир, өглөө би чамайг тосоод авъя гэхээр нь хотод ирсэн. Н.Хангайцэцэг намайг тосож аваад уулзаад хамт хоол идчихээд Модны 2-т White house гэх зочид буудалд орж, бэлгийн харьцаанд орсон. Үүнээс хойш Н.Хангайцэцэгтэй үерхэж байнга Замын-Үүдээс Улаанбаатар руу ирж буцдаг болсон. Би Н.Хангайцэцэгтэй 2014 оны 11 дүгээр сар хүртэл үерхэж байгаад Солонгос улс руу 3 жилийн гэрээгээр ажиллахаар явсан. Намайг Солонгос улсад ажиллаж байхад Н.Хангайцэцэг Солонгос улсад очоод надтай уулзаагүй буцсаныг faсebook тавьсан зургаар мэдсэн. Намайг утасаар залгахад худлаа яриад байсан. Би Монголд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ирээд Н.Хангайцэцэгтэй уулзаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд хамт хоносон. Н.Хангайцэцэг найзтайгаа уулзана гэхээр нь би Солонгос улсад ажиллаад ирсэн 800.000 төгрөгийн тал болох 400.000 төгрөгийг Н.Хангайцэцэгт өгсөн. Тэр орой нь би Н.Хангайцэцэгийн ажил дээр очоод Н.Хангайцэцэгийг гарч ирэхэд нь дандаа ингэж оройтож байх юм, бас Солонгос улсад ирчихээд хэлээгүй болохоор нь уур хүрээд Н.Хангайцэцэгийн гуя руу нь 2 удаа гараараа цохисон, тэгээд шууд юм үзэлгүй зочид буудалд орж маргалдаж байхад Н.Хангайцэцэг манай найз Болджин рүү намайг зодоод байна гэсэн мессэж бичсэн байсан, удалгүй Болджин орж ирээд юу болоод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд удаагүй би Солонгос улс руугаа буцаад явсан. Гэтэл Н.Хангайцэцэг над руу залгаад салъя гэхээр нь би салахгүй гэж уурласан. Тэрнээс хойш миний уур хүрээд утсаар ярьж дарамталдаг болсон. Миний хажууд хамт байхдаа ээж, аавдаа худлаа ярьдаг байсан. Тэгээд надад ч бас ингэж худлаа ярьдаг байх гэж бодсон. Би их бухимдуу, хартай, юмаа. Би өдөр өөрийнхөө 88156344 дугаарын утсаараа Хангайцэцэг рүү 50-100 удаа залгахаар утсаа авахгүй бол автал нь залгадаг, мессэжийг 10-20 удаа бичиж дарамталж сүрдүүлдэг. Нийт 4 удаагийн үйлдлээр уулзаж, дарамталж түүнийг цохиж гарнаас нь татаж чангааж явуулахгүй зовоож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 50-52-р хуудас/,

Хохирогч Н.Хангайцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2014 оны 03 дугаар сарын үед үерхэж найзлахаа больё гэж хэлээд салцгаасан юм. Намайг Б.Очирнямд салъя гэж хэлэхэд эхлээд намайг утсаар дарамталж эцэг, эх ажил төрлийн болон таньдаг хүмүүс рүү чинь худал мэдээлэл өгнө, эцэг, эх хоёрт чинь хортой хоол өгч ална, чиний дүүг чинь сургуулиас нь аваад хүний наймаанд явуулна шүү, танай эгчийн хоёр хүүхдийг хулгайлна шүү гэх зэргээр дарамталж, сүрдүүлж байсан. Б.Очирням нь 2015 оны 06 дугаар сард БНСУ руу ажлаар явж ирчихээд намайг гэрээсээ гараад явж байхад барьж аваад гартаа тоосго чулуу атгасан байснаараа цохиж ална гээд Вива Сити хорооллын хойд далан руу уруудаж Туул голын эрэг дээр аваачиж 4 цаг гаран саатуулж байлгасан. Тэгж байлгахдаа намайг надтай буцаж үерхэж нийлж хамт амьдар, надтай унтаж хэвт гэх зэргээр дарамталж газар хавсарч унагаж, босгож ирээд үснээс зулгааж байсан. Түүний дараа 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар их дэлгүүрийн үүдэнд намайг машиндаа суух гээд алхаж байхад Б.Очирням нь гарч ирээд намайг барьж аваад чирээд хүн багатай газраар 14 цагаас орой 20 цаг хүртэл дагуулж явсан юм. Энэ үед миний гар утас цүнхийг булааж аваад гэрт чинь хариулахгүй, эцэг эхийн чинь санааг зовооно гээд гарыг хугалах шахаад чанга бариад хөхрүүлж, хамт алхаж байхдаа хүзүүнээс гараараа атгаад явдаг юм. Би тухайн үед гар утсаа хаяад зугтаасан юм. 2016 оны 01 дүгээр сарын үед манай компаний салбар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт намайг ажлаас гараад явж байхад өдөр 14 цагийн үед Б.Очирням дахиад гарч ирээд намайг чирээд зам гаргаад эсрэг талын байрны орц руу орж намайг дахин дарамталж, чи надтай буцаад нийл чамд өөр сонголт байхгүй, хэрвээ чи өөр хүнтэй суугаад үр хүүхэдтэй болох юм бол тэрийг чинь алаад, хадам эцэг эхийг чинь зовооно, чиний талаар худал ярина гэх зэргээр дарамталдаг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын үед би компанийхаа Зайсан дахь салбарт байхад Б.Очирням манай компанийн агуулах руу дайрч орж ирээд намайг барьж аваад агуулахаас чирээд гаргасан, тэр үед манай нярав Сэлэнгэ салгах гэсэн боловч чадаагүй бөгөөд худалдан авагч нар арай хийж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 15-18-р хуудас/,

Гэрч Ж.Буяндэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Миний охин Хангайцэцэг Б.Очирнямтай үерхэж, найзалж байгаад салах болсон тухайгаа хэлэхэд 2013 оноос хойш өдөр болгон 100 гаран удаа мессэж бичиж, залгаж дарамталдаг болсон. Сүүлдээ Б.Очирням над руу болон манай нөхөр Нямдорж руу, цаашлаад манай охины ажлын газрын захирал, нягтлан, нярав, найз нөхөд, хүргэн ах нар руу нь залгаж Хангайцэцэг хаана байна, утсаа хурдан аваадах гэж хэл, охин чинь хаана янхандаж байна, танай гэр бүлийнхнийг удмаар чинь хараачихсан, чи үхээд өгөхөөр охин чинь хэний гарт үлдэх болдоо, худалчуудаа, бузаруудаа гэх зэргээр бие сэтгэлийн хүнд дарамтанд оруулж байна. Манай нөхөр Нямдорж бид хоёр Очирнямтай манай гэрийн гадаа ирээд цонхны доор орилоод байх үед хэд хэдэн удаа уулзаж, миний охиныг тайван байлгаад салаад өгөөч, миний охин чамд хөгшиднө гэж их гуйж аргадаж үзсэн нэмэр болоогүй. Сүүлдээ Б.Очирнямын ээж рүү залгаад миний охины болон над руу утсаар дарамталж ярихаа болиоч гэж хэлж өгч туслаач, бид нарыг ална, хүчиндүүлнэ, алаад шоронд булчихна гэж дарамтлаад байна гэхэд ээж Отгонцагаан нь миний үгэнд ордоггүй юмаа, гэхдээ би хэлье, тэрний хүн ална гэж юу байхав, худлаа сүрдүүлж байгаа юм, миний утасыг залгахаар авдаггүй юм гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Б.Очирням мөн л манай охин Н.Хангайцэцэг болон манай гэр бүл, ажлын газрын хүмүүс рүү нь утсаар ярьж, мессэж бичиж дарамталж эхэлсэн, тэгэхээр нь би ээжид нь дахиад хэлсэн. Би удаа дараа Б.Очирнямыг цагдаад дуудлага өгөхөд Б.Очирням нь зугтаачихдаг, энд тэнд нуугдаж байгаад гараад ирдэг байсан. 2015 оны 06 дугаар сард Миний охиныг удаа дараагийн давтан үйлдлээр араас нь дагаж барьж аваад явуулахгүй, зоддог, биеийг нь хөхрүүлсэн, зулгаруулсан байдаг байсан, миний охины амь нас хэцүү байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 19-20, 211-212-р хуудас/,

Гэрч С.Нямдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Миний охин Н.Хангайцэцэг нь Б.Очирнямтай 3 сарын хугацаанд үерхэж найзалж байгаад салах тухайгаа хэлэхэд Б.Очирням нь 2013 оноос хойш өдөр болгон утсаар 100 гаран удаа мессэж бичиж, залгаж дарамталдаг болсон. Би Очирням гэх хүүхдийг гуйж үзсэн, удаа дараа миний охин Хангайцэцэгийг дарамталсан, доромжилсон, дайрч давшилсан, найзуудаараа чамайг хүчиндүүлнэ, аав чинь энд тэнд явж байна араас нь тоосгоор цохичих уу яах уу, дүүгийн чинь сурдаг сургуулийг мэднэ, мөн эгчийг чинь хоёр хүүхдийнх нь сурдаг цэцэрлэг, сургууль болон амьдардаг байрыг нь мэднэ шүү гэх зэргээр мессэжээр дарамталдаг байсан. Миний охин Н.Хангайцэцэг Б.Очирнямтай үерхэж эхэлснээс хойш их ууртай, бухимдалтай, уурлахаараа уйлдаг болсон. Хангайцэцэгийн хацар руу цохиод хөхрүүлсэн байсан гэсэн. Надаас миний охин нуугаад хэлээгүй байсан. Хойшид энэ хүүхдийг гэм буруугүй гээд эрх чөлөөтэй болох юм бол би амь насаа үр хүүхдээ хуулиас гадуур арга хэмжээ авахад ямар ч эргэлзээгүй болчоод байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-22, 210-р хуудас/,

Гэрч Ж.Отгонхишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Н.Хангайцэцэгийн үерхэж байсан Б.Очирням гэх залууг танихгүй нэг л удаа харж байсан. Ер нь бол байнга л дэлгүүрийн утас руу залгаад яриад байдаг байсан. Би эхэндээ мэдэхгүй хэлчихдэг байсан чинь Н.Хангайцэцэг надад сүүлд нь ямар учиртай болохыг хэлсэн. Тухайн үед Н.Хангайцэцэг намайг битгий хэлж байгаарай, наад залуу чинь надаас салахгүй байгаа юм гэж хэлж байсан. 2016 оны 02 дугаар сарын 15-ны үеэр Зайсан дахь салбарт дэлгүүртээ байж байхад нэг залуу орж ирээд гараад явсан. Тэгсэн Хангайцэцэг хоёр давхрын оффисоос буугаад ирсэн чинь нөгөө залуу Хангайцэцэгийг агуулах ороход гүйж ороод чирээд гаргаад ирсэн. Би гүйж очоод хөөе юу болоод байна гэхэд та нарт хамаагүй, та нар хэн юм бэ гээд дайрсан. Хангайцэцэгийн гарыг чанга атгасан байдалтай дэлгүүрийн хаалгаар гарсан. Хангайцэцэг их айсан байсан, тэгээд би нөгөө менежертэйгээ хамт гарыг нь хүчээр тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-24-р хуудас/,

Гэрч Б.Гэрэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Н.Хангайцэцэгийн үерхэж байсан Б.Очирням гэх залууг танина. Би Н.Хангайцэцэгийн ойр орчмын бүх хүмүүсийг мэднэ. Н.Хангайцэцэг нь надад Б.Очирням нь их хэцүү амьдралтай, амьдралын боломж муутай залуу байна лээ би өөрөө ийм амьдрал туулсан болохоор үерхэх санаатай байна гэж хэлж байсан. Б.Очирням, Н.Хангайцэцэг хоёр анх үерхэж байхдаа зүгээр л байсан. Энэ хоёр үерхээд 1 жил ч болоогүй. 2016 оны 06 дугаар сард манай гэрт Хангайцэцэг ирээд байж байхад Б.Очирням манай гэрийн хаалгыг хүчтэй тогшоод байхаар нь гэрээс гараад би хажуу өрөө түрээслэдэг, нялх хүүхэдтэй хүн байна, одоо гарлаа, түр хүлээж бай гэж хэлэхэд тэр өдөр Б.Очирнямтай надтай хэрэлдээд танай гэрийг мэднэ шүү гэх мэтээр намайг сүрдүүлсэн. Тэгээд дараа нь манай гэрт ирээд Хангайцэцэгийн гарын бугуйнаас нь чанга атгаад тавихгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25-26, 207-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 617 дугаартай дүгнэлтэнд:

А. Б.Очирням нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Өөрийнхөө үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон үйл явдлыг зөв тайлбарлах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

Б. Б.Очирням нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх мэдээлэл байхгүй байна.

В. Б.Очирням нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна. /хх-ийн 1-р хавтас 30-31-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1140 дугаартай дүгнэлтэнд:

А. Н.Хангайцэцэг нь сэтгэцийн удамшлын болон олдмол эмгэггүй байна. Н.Хангайцэцэг нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байна. Н.Хангайцэцэг нь болсон үйл явдлыг зөв тайлбарлаж, мэдүүлэх чадвартай байна.

Б. Н.Хангайцэцэг нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байдаг гэх мэдээлэл одоогоор үгүй байна.

В. Н.Хангайцэцэг нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Н.Хангайцэцэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /хх-ийн 1-р хавтас 234-235-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Очирнямын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 143-р хуудас/

Шүүгдэгч Б.Очирнямын 88156344 дугаарын утаснаас хохирогч Н.Хангайцэцэг рүү бичсэн мэссэжүүд /хх-ийн 1-р хавтас 96-134-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Очирнямыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 6 дугаар сард хохирогч Н.Хангайцэцэгийг надтай буцаад үерхэж нийл, хамт амьдар, надтай унт гэх зэргээр дарамталж газар хавсарч унаган, үснээс нь зулгаасан, 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар их дэлгүүрийн үүдэнд барьж аваад хүн багатай газар руу дагуулж явахдаа гарнаас нь чанга барьж хөхрүүлсэн, 2016 оны 2 дугаар сард компанийх нь Зайсан дахь салбарын агуулахад дайрч орж чирч гаргасан зэрэг удаа дараа хүч хэрэглэн биед нь халдсан, мөн 2016 оны 2 дугаар сараас Н.Хангайцэцэгийн гар утас руу байнга залгаж, мессэж бичиж чамайг ална, хүчиндүүлнэ, зэрэмдэглүүлнэ, танай эцэг эхийг ална, дүүг чинь болон эгчийн чинь хоёр хүүхдийг хулгайлна гэх зэргээр айлган сүрдүүлж,  янхан, биеэ үнэлэгч зэргээр гутаан доромжилж байнгын шинжтэй сэтгэл зүйн зовиур шаналал, айдас дарамт бий болгож тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

          Яллах дүгнэлтэд дурдагдсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Очирнямын гэм буруу, өөрөөр хэлбэл, түүний үйлдэлд тарчлаах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив болон субъектив талын шинжгүй байна. 

 

          Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан Тарчлаах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь: гэмт хэргийн гадаад талыг илэрхийлэх үйл явдал буюу гэмт этгээдээс хохирогч руу чиглэсэн байнгын шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл эсхүл эс үйлдэхүйгээр буюу дааруулах, цангаах, өлсгөх гэх мэт аргаар харьцах, түүнчлэн нэг удаа хүч хэрэглэсэн боловч уг үйлдэл нь хохирогчийн бие махбодь болон сэтгэцэд онцгой нөлөөлж айлгаж, цочирдох өвдөлт шаналал үүсгэх зэргээр тодорхой цаг хугацаанд үргэлжилсэн  байхыг шаардана.

           

Субъектив талын шинж нь: гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд хохирогчид руу чиглэсэн объектив талын үйлдлийг хийхдээ хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны өвдөлт шаналал учруулахаа ухамсарлаж, зориуд хүсэж хийсэн байдаг онцлогтой.

          

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1-т Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж, мөн 3 дугаар зүйлийн 3.1-т Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно гэсэн үндсэн зарчмууд нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйгээр халдсан, объектив, субъектив шинжүүдийн цогц бүрдэл буюу гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болохыг тогтоожээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлгүүдийг өөр хооронд нь харьцуулан үнэлж дүгнэхэд:  Б.Очирням, Н.Хангайцэцэг нар нь 2013 оны 11 дүгээр сард танилцаж, хайр сэтгэлийн холбоотой төдийгүй дотно харьцаатай байсан ба Н.Хангайцэцэг нь Б.Очирнямаас 2015 оны 6 дугаар сард харьцаагаа таслах санал гаргаснаар тэдний хооронд таарамжгүй харьцаа үүссэн байна.

 

Хохирогч Н.Хангайцэцэг нь 2015 оны 6 дугаар сард, 2015 оны 11 дүгээр сард, 2016 оны 2 дугаар сард удаа дараа Б.Очирнямд цохиулсан, гарыг нь базаж хөхрүүлсэн, мөн мессежээр удаа дараа заналхийлж дарамталсанаас үүдэн бие махбодийн болон сэтгэл санааны хувьд өөрчлөлтөд орсон гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн дээрх мэдүүлэг нь өөр бусад баримтуудаар нотлогдоогүй, тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь удаа дараа  цохиулснаас хөхрөлт үүссэн гэж байгаа ч тухай бүрт биед нь гэмтэл учирч байсан эсэх, уг гэмтлийн улмаас зовиур шаналгаа, зовж зүдрэхээр байдал үүссэн болох нь тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Гэрч Ж.Отгонхишиг, Б.Гэрэлмаа нарын мэдүүлэгт ...Б.Очирням нь Н.Хангайцэцэгийн гараас атгаж бариад тавихгүй байсан гэх боловч дээрх мэдүүлгийг үндэслэн хохирогчийг гэмтээсэн, зовиур шаналалд оруулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

         Тус хэрэгт авагдсан Монгол Өрх хүрээлэнгийн сэтгэл зүйн шинжилгээний дүгнэлтэнд: хохирогч Н.Хангайцэцэгт Хосын харилцааны удаан хугацааны сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй  complex trauma буюу сэтгэл зүйн цочрол гэмтэлд  өртсөн гэж /хх-ийн 236-239-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1140 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.Хангайцэцэг нь сэтгэцийн удамшлын болон олдмол эмгэггүй байна. Н.Хангайцэцэг нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байна. Н.Хангайцэцэг нь болсон үйл явдлыг зөв тайлбарлаж мэдүүлэх чадвартай. Н.Хангайцэцэг нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл одоогоор үгүй байна. Н.Хангайцэцэг нь одоо сэтгэцийн эмгэггүй байна. Н.Хангайцэцэгийн сэтгэцэд өөрчлөлт ороогүй байна гэх дүгнэлт тус тус авагджээ./хх-ийн 233-235-р хуудас/

 

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэтгэц гэдгийг хүрээлж байгаа ертөнцийн юмс үзэгдэл тэдгээрийн холбоо хамаарлыг уураг тархиндаа тусгах тусгал гэж,

сэтгэл зүй нь: хүний зан үйл, сэтгэцийн шинж, байдал, үйл явцууд, ухамсарын нарийн үйлдлүүд болох сэтгэл хөдлөл, анхаарал, зан үйл, хүртэхүй гэж тайлбарласан байдлаас үзвэл Н.Хангайцэцэгийн сэтгэл зүйд учирсан гэх complex trauma буюу сэтгэл зүйн цочрол нь түүний  сэтгэцэд  нөлөөлсөн үр дагаварт хүргээгүй байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.2-т Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэж заасан ба Тарчлаах гэмт хэрэг нь бие болон сэтгэцийн хүчирхийллийн нэгдлээр тодорхойлогдоно.

         

Иймд Б.Очирнямын хохирогч Н.Хангайцэцэгийн гар утас руу удаа дараа залгах, ярих, мессэж бичих хэлбэрээр заналхийлэх, гуйх, ятгах, уурлаж доромжлох зэрэг харилцааны олон хэлбэрээр харилцаж холбогдсоныг тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

          Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан Тарчлаах гэмт хэрэг нь хохирогч руу заналхийлснээр төгсдөг, хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэсэн онолын тайлбар хэлж мэтгэлцэв.

          

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй хэрэгжсэнээр төгсдөг заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж үздэг.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол гэж зааснаас үзвэл уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулаагүй боловч энэ хэргийн улмаас хохирогчид тодорхой хор уршиг учруулсан байхыг шаарддаг тул материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзнэ. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар няцаагдаж байна.

 

            Дээрх байдлаас дүгнэхэд Б.Очирнямын үйлдлийг бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэлээ.

 

            Иймд Б.Очирнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Очирням нь энэ хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 29 хоног цагдан хоригдсон байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн  283.1,  286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баяраагийн Очирнямд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Очирнямыг цагаатгасугай.

 

         2.  Б.Очирням нь энэ хэрэгт 29 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

         3. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

         4. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          5. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Очирнямд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР