| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2019/04286/И |
| Дугаар | 101/ШШ2019/03611 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2019/03611
2019 оны 12 сарын 18 өдөр Дугаар 101/ШШ2019/03611 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х Банк” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Ч
Хариуцагч: Д.О
Зээлийн гэрээний үүрэгт 36,961,278 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Наранбаатар, Э.Амартүвшин, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: иргэн Х.Ч, Д.О нар нь “Х Банк”тай 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1080024542 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч Х.Чын “Х Банк” дахь ******* дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлэн хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр доорх гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийсэн.
Үндсэн гэрээний дагуу олгосон зээлийн үлдэгдэл болох 23,300,000 төгрөгийг үлдэгдэл дээр 10,000,000 төгрөгийн санхүүжилт хийж нийт 33,300,000 төгрөг болгон үндсэн гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болохоор заасан хугацааг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгоно гэж тусгасан.
Энэхүү өөрчлөлттэй холбоотой үндсэн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоосон. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн хугацааг сунган зээлийг шилжүүлэн бүртгэсэнтэй холбогдуулан зээлийн дансны дугаарыг 1080026511 болгон өөрчилсөн.
Зээлдэгч нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш үндсэн зээлд 11,100,000 төгрөг, зээлийн хүүд 17,539,773.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 786,206 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар 1080026511 тоот зээлийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн зээлээ төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 842 хоног хугацаа хэтрүүлээд байна. “Х Банк” ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй байна.
1080024542 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 8 дугаар 16-ны өдрийн 1080014058-01 дугаар Баталгаат ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан.
Х.Ч, Д.О, Ч.Ч нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 0дугаар хороо, 0богинын 0тоот хаягт байршилтай 264 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн Ү-0000000дугаар гэрчилгээтэй хувийн сууц, эзэмших эрхийн 000415487 дугаар гэрчилгээтэй 700 м.кв газрыг зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барьцаа хөрөнгөнд нэмэлт өөрчлөлт оруулж, 1080026511-01 барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, 0дугаар хороолол, 0байр, 0тоот хаягт байрлах Г-000000гэрчилгээний дугаартай Ү-000001улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалж барьцааны зүйлийг өөрчилсөн байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1080024542 дугаартай гэрээний холбогдох заалтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 22,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хүү 12,966,544 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1,794,733 төгрөг нийт 36,961,278 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, 0дугаар хороолол, 0байр, 32 тоот хаягт байрлах, Г-000000 гэрчилгээний дугаартай Ү-000001улсын бүртгэлийн дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч “Х Банк” зээлийн гэрээний үүрэгт 36,961,278 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцооллоор 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хоорондын тооцоогоор 47,000,000 төгрөгөөр тохирсон. Үүнээс өөрийн барьцаат хөрөнгийг орон сууцаар сольж зөрүү 20,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн. (2018 оны 11 дүгээр сарын 13-нд) үүнээс үндсэн зээлд 10,877,608.28 төгрөг, хүүнд 8,348,721.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 773,672.65 төгрөг төлсөн. Төлбөр хийгдсэнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 24-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт хийсэн учир 3 сарын хүү тооцох явах ёстой. Иймээс “Х Банк”ны 36,000,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Дахин тооцоо хийж байж үлдэгдлээ тохирно гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х Банк”ны нэхэмжлэлийн шаардлагад 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийсэн 33,300,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 36,961,278 төгрөг нэхэмжилсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Х Банк”ны Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд гэрээний үлдэгдэл дүнг 47,408,723 төгрөг зээл, хүү, алданги нэхэмжилсэн байдаг. Энэ дүнг нөхөр Х.Ч хүлээн зөвшөөрч барьцаа хөрөнгө сольж зөрүүний 20,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн төлбөрт тушаасан.
Түүнээс өмнө зээлийн төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөг хүртэл 29,430,750 төгрөгийг (үүнээс 10,877,606 үндсэн зээлээс сая төгрөг, 17,348,721 зээлийн хүүнээс, 773,672 төгрөг нэмэгдүүлсэн хүүд тооцон суутгажээ.) үндсэн зээл хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн. Үүнийг зөвхөн хүүнд суутгаж, үндсэн зээлээс хасаагүй байгаа нь шударга биш зээлдэгчийг хохироож гэрээний хуваарь зөрчиж өндөр хүү болсон байна. 2018 оны 10 дугаар сарын 24-ны гэрээнд өөрчлөлт оруулж гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болохоор өөрчилсөн. Гэрээний хугацаанд дээрх төлбөрийг нягталж, хянуулж дахин тооцоо хийх хүсэлтэй байна.
“Х Банк” ХХК-ны нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Д.О миний бие 2016 онд ОХУ-д докторт суралцахаар явсан. Түүнээс хойш таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа Барьцаа хөрөнгө Х.Чын нэр дээр байдаг тул “Х Банк”тай хийсэн гэрээний үүргээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Гэрээг Х.Ч-ын нэр дээр дахин шинэчлэн хийх хүсэлтэй байна. Гэр бүл цуцлуулах өргөдлөө шүүхэд өгсөн гэжээ.
Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х Банк” ХХК нь хариуцагч Х.Ч, Д.О нарт холбогдуулан, үндсэн зээлийн үлдэгдэл 22,200,000 төгрөг, зээлийн хүү 12,966,544 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,794,733 төгрөг, нийт 36,961,278 төгрөг гаргуулах, төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал барьцаа хөрөнгө солихдоо 20,000,000 төгрөг хасуулж зээлийг 47,000,000 төгрөгт тооцох ёстой, 3 сарын хүү тооцох ёстой гэж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х Банк” ХХК хариуцагч Д.О-ээс татгалзаж, Х.Ч-ыг хариуцагчаар тодорхойлсон.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Хариуцагч Х.Ч 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад товлосон “шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-т гарын үсэг зурсан, хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзэв.
2.Зээлийн гэрээний үүрэгт 36,961,278 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Зохигч талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 7-ний өдөр ЗГ1080017230 тоот Зээлийн шугамын гэрээ болон 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тоот Баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулагдаж, 15,000,000 төгрөгийн зээлийг, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглах зорилгоор, зээлийн жилийн хүү 25.2 хувийн, 37 сарын хугацаатайгаар зээлийн гэрээг өөрчлөн, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1080024542 тоот зээлийн гэрээг байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглах зорилгоор, 365 хоногийн хугацаанд 27,6 хувийн, 36 сарын хугацаатайгаар, Баталгаат ипотекийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй байна./хх-ийн 13-17, 23-27, дугаар талууд/
Нэхэмжлэгч нар “Х Банк” ХХК-анд хүсэлт гаргаснаар 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1080024542 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн гэрээний дагуу олгосон зээлийг 33,300,000 төгрөг зээлд шилжүүлж, гэрээний дуусгавар болох хугацааг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болгон 6 сараар сунгаж, зээлийн дансны дугаарыг 1080026511 тоот болгож өөрчилж, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тоот Баталгаат ипотекийн гэрээнд тусгасан Сүхбаатар дүүргийн 0дүгээр хороо, 0байрлах эзэмших эрхтэй 0м.кв газар, 235 м.кв хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөлж, Х.Ч-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000001дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 0дугаар хороо, 0дугаар хороолол, 0байр, 0тоот хаягт байрлах 68.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан тоот Зээлийн шугамын гэрээ болон тоот Баталгаат ипотекийн гэрээнүүдийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн10-22 дугаар талууд/
Эдгээр гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн байна.
Тус гэрээнүүд нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна. Эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч банк нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээний дагуу төлбөр гаргуулахаар хариуцагчаас шаардсан. Дээр дурдсан баримтаар зээлдэгч буюу хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээний 3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт “Зээлийн эргэн төлөлт”, 3.2.2-т “Зээлийн үндсэн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хавсралт 1/-т заасан хугацаанаас өмнө хэсэгчлэн төлсөн ч зээлийн үлдэгдлээс тооцогдох зээлийн үндсэн хүүгийн төлбөрийг хавсралт 1–д заасан эргэн төлөлтийн хуваарийн адгуу төлөх үүрэг хэвээр байна.”, 4.1-д “Зээлдэгч үндсэн төлбөр болон төлөх үүргээ Гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна.”4.2-т Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө”. гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж зохицуулсны дагуу зээлдүүлэгч тал шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Шугамын зээлийн гэрээ нь тодорхой хугацаатайгаар байгуулагдсан байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусахаар талууд тохиролцжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хоорондын тооцоогоор 47,000,000 төгрөгөөр тохирсон. Үүнээс өөрийн барьцаат хөрөнгийг орон сууцаар сольж 20,000,000 /үндсэн зээл 10,877,608,28 төгрөг, хүү 8,348,721,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 773,672,657 төгрөг/ төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлж, төлбөр хийгдсэнээс хойш 3 сарын хүү тооцох ёстой.” гэж маргасан.
Гэрээний нэг тал буюу хариуцагч нар үүргээ зөрчсөнтэй холбогдуулан гэрээний нөгөө тал буюу зээлдүүлэгч тал нь гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлсэн нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Гэрээнд заасан үүргийн дагуу тооцоолсон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоолол нь гэрээгээр тохиролцсон зээлийн болон нэмэгдүүлсэн хүүний хэмжээгээр тооцоологдсон, үнэн зөв гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан зохицуулалтууд болон гэрээний үүргийн дагуу гаргасан дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иймээс, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гэрээний үндсэн үүрэгт хамаарах нийт 36,961,278 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
3. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №1080026511-01 тоот Барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.
Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1080024542 тоот зээлийн гэрээний барьцаанд 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тоот Баталгаат ипотекийн гэрээнд тусгасан Сүхбаатар дүүргийн 0дүгээр хороо, 0байрлах эзэмших эрхтэй 700 м.кв газар, 235 м.кв хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөлж, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж Х.Чын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000001 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 0дугаар хороо, 0 дугаар хороолол, 0байр, 0тоот хаягт байрлах 68.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь баталгаат ипотекийн гэрээний хуулбар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 10-11, 20, 32 дугаар талууд/
Баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгджээ.
Тус гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Ипотекийн гэрээ нь барьцаалуулагч, өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа үр дагаваргүй, өмчлөгч нь зээлийн үндсэн гэрээний хувьд үүрэг хүлээж байх тул үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаар холбогдох нотлох баримтыг гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй байна гэж дүгнэлээ.
Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Ч-оос зээлийн гэрээний үүрэгт 36,961,278 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Банк” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч Х.Чын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000001 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 0дугаар хороо, 0дугаар хороолол, 0байрны 0тоот хаягт байршилтай, 68.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Даваасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Чоос 412,957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ