| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/72 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Г |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Бд холбогдох 2316000580067 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ... оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Говь-Алтай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай, Ж овогтой М.Б гэв.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч шүүгдэгч М.Быг 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн ... багийн нутаг Цагаан голын ам гэх газраас хохирогч Х.Бын эзэмшлийн 1 тооны бухыг хулгайлж, Х.Бт 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.Б нь 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Говь-Алтай аймгийн Халиун сумын ... гэх газраас хохирогч Х.Бын эзэмшлийн 1 тооны бухыг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас хохирогч Х.Бт 1,300,000 төгрөгийн хохирол учирсан байх тул энэ нь хүний өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгөд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Бы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Хохиролд 3,000,000 төгрөг төлсөн. Би гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Х.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Манайх Говь-Алтай аймгийн Цээл сумаас Халиун сумын Чацран багт отор хийгээд Бн Мн гадна нүүж ирсэн. 2022 оны шинэ жилийн үеэр үхэр малаа бөөгнүүлэхэд үхэр маань бүрэн байсан. Харин бух маань алга болсон байсан. Түүнээс хойш хүмүүсээс сураглаад өөрөө хайгаад олоогүй. 2023 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдрийн орчим Б.М адуу хайж яваад тал дээр манай бухыг нядлаад толгой шийр, арьс шийрийг нь хээр шуудайнд хийж хаяад явсан байна гээд над руу залгасан. Тэгээд намайг ирж үз гэхээр нь би үзээд яахав дээ. Чи цагдаад мэдэгдчих гэж хэлсэн. Би өөрийнхөө бухыг 2020 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас махны чиглэлийн үхэр гэж шүдлэн бухыг 2,800,000 төгрөгөөр худалдан авсан. Би өөрийн хулгайд алдсан соёолон бухыг 3,000,000 төгрөгөөр үнэлж байна. Би хээр нядлагдсан үхрийн толгой шийр зэргийг харсан. Миний алдсан бухны зөв талын чихэнд шар өнгийн ээмэгтэй, тэр чихэнд давхар төмөр утсаар боогоод бор өнгийн даавуу томж хийсэн буруу талын чих нь шоргоолж эмтэй /чихний 2 талаас нь ухсан/ эвэртэй ягаан халзан зүстэй. Энэ бүх шинж тэмдгээр нь таньж байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 30-32, 34/,
Гэрч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын үеэр манай хажуу айл Х.Бын 1 тооны улаан халзан бух алга болсон. Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр адуундаа явж байгаад Цагаан голын ам гэх газарт 1 тооны үхрийн толгой, шир, шийр зэрэг зүйл хаясан байхыг нь олсон. Тухайн толгой, шир, шийр, зэрэг нь манай хажуу талын айл болох Х.Бын алдсан бух байсан юм. Улаан халзан 4 настай, зүүн чихэндээ улаан даавуутай, шар ээмэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
Гэрч Т.Гын мөрдөн байцаалтад өгсөн “...М.Б нь 2023 оны 01 сарын 15-ны орчим манайд ирээд үхрийн мах аймаг оруулаад өгөөч ирж очих түлшийг нь өгье гэхээр нь би зөвшөөрөөд М.Бы гэрт байсан Халиун сумын Сүүж багийн Цагаан голын ам гэх газраас очиж гэрийн үүдэнд нь байсан дунд зэргийн үхрийн махыг ачаад аймаг оруулаад зах дээр нэг эрэгтэй танихгүй хүнд махыг нь М.Б зарсан. Миний өөрийн эзэмшлийн цагаан өнгийн портер маркийн машинд ачсан. Хэдэн төгрөгөөр худалдсан талаар мэдэхгүй. Надад 200,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,
2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...Халиун сумаас урд зүгт 11 киломерт зайтай Цагаан голын ам гэх тал газар байв. Нядлагдсан гэх үхрийн толгой нь эвэртэй, зөв талын чихэнд 304152 дугаартай шар өнгийн ээмэгтэй, хүрэн өнгийн даавууг эрчилж зүүсэн эмтэй, хажууд нь байсан шар өнгийн уутыг задалж үзэхэд дээд хэсэгт нь үхрийн 4 шийрийг хийсэн, үхрийн шир нь хөлдсөн байв...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07, 09-12/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Быг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бт шинжээчийн дүгнэлтээр 1,300,000 төгрөгийн хохирол учирсан ба хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан шилжүүлгийн баримтаар 2,800,000 төгрөгийг хохирогчийн дансанд төлсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч М.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Быг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...энэ хүн өмнө нь мөн мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан. Энэ нь ямар учиртай вэ? гэхээр шүүгдэгч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байхад нь нагац нар нь мал маллуулна гэж хэлж сургуулиас гарган сумын төв дээр авч очсон. Өөрийнхөө малыг маллаж байхдаа ийм хэргүүдэд холбогдсон байдаг. Энэ хүний өөрийн зорилго нь том машины оператор болж 2 дүүгээ сургуульд суралцуулах хүсэлтэй гэдэг. Сумын төв дээр байгаа хүүхдийг хүмүүс авч явж ажил хийлгэж цалин хөлс өгдөггүй. Нагац нартай нь уулзахад намраас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцуулъя гэж уулзсан байгаа. Намраас элсэлт авахад бүргүүлж сурах боломжтой гэж хариу өгсөн байгаа. Үүнийг шүүх харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Говь-Алтай, Халиун сум гэдэг байдлаар цаашид сургуульд сурах нөхцөл бололцоогоор хангаж маршрут тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, прокурорын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 1 жилийн хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум болон Халиун сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт шилжин ирсэн 1 ширхэг си ди /CD/-г хэрэгт хавсаргаж, хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ургийн овогт М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 1 жилийн хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум болон Халиун сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг ялтан М.Бд сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг үхрийн шийр, толгой, арьс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт шилжин ирсэн 1 ширхэг си ди /CD/-г хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА