| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0112/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/118 |
| Огноо | 2023-06-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/118
2023 06 21 2023/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,
Шүүгдэгч: Н.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Нын Гт холбогдох эрүүгийн 2335000460141 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны 12 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймаг Тариалан сумын ....-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял тэнссэн, Б овогт Нын Г /РД:........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг “Хойд хужирт” гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө иргэн М.Мийн эзэмшлийн ...... УВА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийг шороон гадаргуутай замд жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, б, 3.7.а-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн М.Бийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг “Хойд хужирт” гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө иргэн М.Мийн эзэмшлийн ..... УВА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийг шороон гадаргуутай замд жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, б, 3.7.а-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн М.Бийн амь насыг хохироосон болох нь:
Гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн “Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг “Хойд хужирт” гэх газарт үзлэг хийхээр тогтов. Үзлэгээр тус газар нь цас орсон газрын хөрс нойтон уулархаг, уулын бэл байх бөгөөд уулын бэл өгсүүр газарт хар мод сийрэг ургасан, эргэн тойронд мод бэлдсэн байдалтай, хөрөөдсөн мод унасан байх бөгөөд тухайн газраас автомашины мөр байх бөгөөд тус газарт Зил-130 маркийн автомашин зогсож байсан гэх тул А цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Тус автомашины мөр нь өртөнцийн зүгээр зүүн зүгт мөр үүсгэж явсан байх бөгөөд 216,30 метрийн зайд хад чулуун дээгүүр давж, дайрч гарсан мөр /дугуйны/ үүссэн байх тул А1 цэгээр тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэн цааш үргэлжлүүлэв. А1 цэгээс мөн зүүн урд 12.60 м зайд тэвшний өндөрлөгт мод ачсан байх тул тухайн модыг 1 цэгээр тэмдэглэж А1 цэгээс зүүн зүгт 30,52 м зайд автомашин унасан байдалтай, газрын хөрс нэлэнхүүдээ хөндөгдөж цас орж арилсан байдалтай мөр үүссэн байх тул А2 цэгээр тэмдэглэв. А2 цэгээс зүүн зүгт 11 метрийн зайд Зил-130 маркийн автомашин хойд зүг рүү харж онхолдсон байдалтай байх тул АЗ цэгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. А1 цэгээс зүүн урд зүгт 40 орчим насны хар өнгийн дээлтэй эрэгтэй хүний цогцос байх тул цогсцыг Б цэгээр тэмдэглэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-13 дахь тал),
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг “Хойд хужирт” гэх газарт Зил-130 маркын ...... УВА улсын дугаартай ачааны зориулалттай, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр тогтов. Тус автомашины баруун дугуйны тэнхлэг тэнхлэг хугарсан, дугу салж унасан баруун кирла болон копуд, кабин нэлэнхүүдээ хонхойж хэлбэр дүрсээ алдсан. Мөн баруун ард дугуй хагарсан зүүн хойд истермэн тасарсан, хоёр их гэрэл хагарсан, салхины урд шил нэлэнхүүдээ хагарсан байдалтай, мөн зүүн урд дугуй хагарч, истермэн тасарсан ачааны даруулга салж унасан, хийн болон агаар шүүгч тасарсан, баруун зүүн өндөрлөгөө ачааны тэвшнүүд нэлэнхүүдээ салж, эвдэрч унасан, кабины таад хэлбэр дүрсээ алдаж, хонхойсон эвдэрсэн байдалтай” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 16-19 дэх тал),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-29 дэх тал),
Мод бэлтгэх эрхийн бичиг /22-067280 дугаартай/ (хавтаст хэргийн 32 дахь тал),
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4 хүүхэд нөхрийн хамтаар амьдардаг. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн үөд Х, Б, Г, Г нар хамтдаа Б гэх хүний бэлтгэсэн модыг очиж авахаар явцгаасан. Тухайн Г, Г хоёр нь манай нөхрийн төрсөн 2 эмэгтэй дүүг авсан 2 хүргэн дүү нь байгаа юм. Б нь манай нөхрийн багийн найз Б-ын төрсөн дүү, мөн Х нь Б ахын охины нөхөр нь бүгдээрээ төрөл садангийн холбоо хамааралтай хүмүүс байгаа юм. 2023 оны 4 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчим байх Б над руу залгаад машин уулнаас гулгасан байна гэж тэр хүмүүс ярьж байна эмч хэрэгтэй байна чи яаралтай эмч аваад хурдан хүрээд ир гэж надад хэлсэн. Ингээд би гэрээс гараад Б, нөхрийн төрсөн дүү М нарын хамт аймгийн нэгдсэн эмнэлэг ороод 103 машин эмчийн хамт аваад Улаангом сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хойд хужирт гэх нэртэй газарт очиход манай нөхөртэй хамт явсан Х, Б, Г, Г нар босоод зогсчихсон машины эргэн тойронд мод тарчихсан байсан бөгөөд би нөхрөө тэдний дунд дээлгүй зогсож байна гэж хараад чи дээлээ өмсөхгүй яасан юм бэ гээд эргээд хартал газар хэвтчихсэн байсан. Ингээд эмч манай нөхрийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Ингээд би яасан юу болсон талаар юу ч мэдэхгүй байна би нөхрөө зуураад уйлж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл манай нөхрийн төрсөн дүү М гэх залуугийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд манай нөхрийн дүү 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан. Тэрнээс хойш нөхрийн эзэмшил болж нөхөр тухайн тээврийн хэрэгсэл жолоодох болсон. Тухайн тээврийн хэрэгсэл манай нөхрийн эзэмшилд байгаа боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээ манай нөхрийн нэр дээр байдаггүй, талийгаач дүүгийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл юм. Тухайн үед би хэргийн газарт болох Хойд хужирт гэх нэртэй газар очихдоо нөхөрөө нас барсан талаар сонсоод шоконд орчихсон байсан тул энэ талаар ямар нэгэн зүйл асуугаагүй, харин сүүлд аймгийн төвд ирээд асуухад Г машин жолоодож явсан. Харин манай нөхөр хажууд нь зорчиж явсан гэж хэлсэн. Тухайн үлдсэн хүмүүс машины араас алхаж явсан тухайн машин асаад хөдлөх гэж байгаад гэнэт унтарчихсан тэгээд доошоо чигээрээ явж байгаад өнхөрчихсөн гэж надад хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхрийнхөө өмь насааар хохиросон. Гэхдээ Н.Г нь санаатайгаар зам тээврийн осол гаргаагүй, мөн нөхөр талийгаач нь М.Б нь өөрөө Г-г гуйж дагуулж явсан. Манай малыг Н.Г хариулж, малладаг учраас миний зүгээс ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Н.Г хохирол нэхэмжлэхгүй, талийгаачийг оршуулах ажиллагаанд Н.Г, эхнэрийнхээ хамтаар оролцож тусласан. М.М нас барсны дараагаар манай нөхөр талийгаач М.Б уг автомашиныг хариуцаж байсан, манай хашаанд байдаг байсан. Би иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох ёстой. Гэхдээ миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Уг автомашины эд анги, болон төмөр хэсгийн зарж борлуулсан. Талийгаач нарын ах, дүү нарын зүгээс уг …….УВА улсын дугаартай автомашиныг худалдан авах, засвар үйлчилгээ хийхэд ямар нэг байдлаар оролцсон зүйл байхгүй, манай нөхөр М.Б , хадам дүү М.М нарын тэдний эзэмшлийн автомашин. Би автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Н.Г нь надад хохирол барагдуулж 2 сая төгрөг өгсөн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67, 69-70, 72-73 дахь тал),
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Н.Г 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр машин бариулах зорилгоор гуйж авч явсан. Г мал хариулах хүн байхгүй болохоор том хүүхдээ аваачиж мал хариулуулчаад Н.Г аваад явсан. Орой 10:30 болж байхад манай найз залгаад дээрээс ярьсан машин гулгасан байна. Эмч авч ир гэж байна гэж хэлсэн. Яваад очиход ...... сумын эмнэлгийн машин оччихсон байсан. Тэгээд хүмүүс бүгдээрээ зогсчихсон байсан. Тэгээд би машинаас буугаад очиход нөхөр маань зогсож байх шиг харагдахаар чи яагаад дээлээ өмсөөгүй юм гээд эргээд харахад нөхөр минь газарт хэвтэж байсан. Г даралт ихсээд тайвшруулаад сууж байна гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад машин хий хураагаад гулсаад гэж хэлсэн. Мод бэлтгэдэг хүмүүсээ үлдээгээд явсан байсан. Тэгээд машин гэнэт унтраад гулсаад санамсаргүй ийм асуудал болсон гэж хэлсэн. Бид нар Г-г гуйж авч явсан” гэх мэдүүлэг,
Гэрч П.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би эхнэр 5 хүүхдийн хамтаар Увс аймгийн ...... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг. 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хадам ах Б залгаад Б ах хүргэн Х-2023.06.28 Х- хамт Хойд хужиртад мод бэлтгээд орхисон байгаа тухайн модыг очоод ачаад ирьө гэж хэлсэн. Ингээд би хадам ах Б болон хүргэн дүү Г Б ахын хүргэн Х, бас танил залуу Б 5-уулаа хадам ах Б-ийн эзэмшлийн Зил-130 маркын ..... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Улаангом сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр болох Хойд хужирт гэх газар луу явсан. Тухайн үөд тэр газартаа өдрийн 01 цагт очсон бөгөөд тухайн үөд ....... машин жолоодож явсан Бид очоод тайрч бэлдсэн байсан хар модыг ачиж бэлдэхээр болж нийт машин дээр 45 ширхэг модыг ачаад оройны 19 цаг өнгөрч байхад хөдлөхөөр болж машиныг Г жолоодохоор болж хажууд нь хадам ах Б суугаад хөдлөхөөр машинаа асаасан тухайн үөд бид нар машин доошоо буусаны дараа машиндаа суух гээд ард нь Х, Б бид нар алхаж байтал машин асаад хий аваад унтараад шууд доошоо уруудчихсан. Харах завдалгүй маш хурдан хугацаанд машин гэнэт өнхөрөөд унах шиг болсон. Тухайн үөд бид 3 хамтдаа араас нь гүйгээд очиход машин дээр ачсан мод талын таван хэсэг тарчихсан. Машин маш ихээр хэлбэрээ алдаж, хонхойсон. Мөн Г нь талийгаач Б толгойг өвөр дээрээ тэвэрчихсэн байсан бөгөөд бид тухайн үөд шоконд орчихсон байсан. Тэр үөд Г бид нарт хэлэхдээ би урд салхины шилээр шидэгдээд Б ах энд хэвтэж байхаар гүйж ирж байна гэж хэлсэн. Ингээд бид нар хурдан сүлжээнд орохоор гүйгээд сүлжээнд орж Б холбогдож, машин гулсаад яаралтай хурдан эмч аваад ирээрэй гэж хэлээд холбооноос гарсан. Бид Б ахийг хөдөлгөж болохгүй гэж бодоод толгойн доор нь хувцас дэрлүүлж тавиад түргэн хүлээсэн бөгөөд шөнийн 12 цагийн үөд ..... сумын эмч ирээд нас барсан байна гэж хэлээд явсан. Удалгүй араас нь талийгаач Б-ийн эхнэр Б, Б, М нар аймгийн төвөөс эмнэлэгийн машинтай ирээд эмч мөн адил Б-ийг үзээд нас барсан байна гэж хэлээд жолоо барьж явсан Г-ыг үзээд даралт ихсэж, пульс тогтворгүй болсон байна гэж хэлээд эм тариа хийгээд байсан. Г-ыг амь хохирогч Б-ийн эхнэрийн хамт тээвэрлээд аваад явсан. Тухайн газраас ачсан мод нь хар мод байсан бөгөөд хэрэгцээний зориулалттай, бэлтчихсэн байсан мод ачихаар явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал),
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2023 оны 04 дүгээр сарын 02-ны орой гэртээ байхад 21 цаг 30 минутын үед Б над руу өөрийн гар утаснаасаа над руу дохисон бөгөөд би буцааж залгахад дугаар нь холбогдохгүй байсан учир би Б дүү ..... сумын ....дугаар баг Хойд хужирт гэх нэртэй газарт мод бэлтгэж байгаад сүлжээнд ороод над руу залгасан юм байна гэж бодоод өнгөрсөн. Тухайн өдрийн 22 цагийн үед над руу Н.Б ............ дугаар залгасан бөгөөд би гар утсаа авч ярихад Н.Б надад хандаж М.Б төрсөн дүү М.М, Д.Б нарын хамт ..... сумын ... дугаар баг Хойд хужирт гэх нэртэй газарт эмнэлгийн яаралтай тусламж дагуулаад ир гэж хэлсэн. Би Н.Б юу болсон талаар лавлаж асуухад мод ачиж явсан автомашин гулгаж, ачиж явсан мод нь тарж унасан байна гэж хэлсэн. Би ослын газар очиход Ганзориг, Г, Бархас, Хүмүүнтогтох нар их даарч бээрсэн байдалтай, Г баруун хөл өвдөөд байна гэж хэлж байсан Мод ачиж явсан Зил-130 автомашин осолдож кобут чихэгдэж, баруун урд дугуй нь салж унасан, урд тэнхлэг тасарсан, нумны сорочик тасарсан, баруун хойд давхар дугуйны обуд хагарсан, тэвшний порчик хагарсан, их 2 гэрэл хагарсан гэх мэт гэмтэл учирсан байсан бөгөөд тухайн автомашинаас 4 орчим метр зайтай М.Б дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд түүний хажууд Тариалан сумын Эрүүл мэндийн эмч зогсож байсан. М.Бийг аймгийн төвөөс авч явсан эмч үзчихээд энэ хүн нас барсан байна та нар цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн тул би цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн. Тухайн осолдсон Зил-130 маркийн автомашиныг Г жолоодож түүний хажууд М.Б сууж явсан бөгөөд Г, Б, Х нар уулнаас алхаж бууж байсан гэж М.Бийн хамаатны хүмүүсээс сонссон. 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Г, Г, Б, Х, М.Б нар Улаангом сумын 2 дугаар баг Хойд хужирт гэх газар руу мод ачихаар явахаас өмнө би тухайн Зил-130 маркийн автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаж явуулсан бөгөөд тухайн автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би 12 жил жолооч хийж байгаа учир автомашин сайн мэднэ. Г нь өөрөө Зил-130 маркийн автомашинтай бөгөөд миний мэдэхээр сүүлийн 4 жил Зил-130 загварын автомашин жолоодож байгаа. Харин М.Б нь портер маркийн автомашин жолоодож байсан. Зил-130 муухан жолооддог” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал),
Гэрч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр миний хадам аав болох Бгийн мод ачих зорилгоор Улаангом сумаас миний нагац ах Мын ......... УВХ улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлтэй амь хохирогч М, Н.Г, Б.Б, Г, Б бид нар Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хархираа уулруу явсан юм. Тэгээд бид нарыг уг газарт очиход мод бэлтгээд тавьчисхан байсан ба уг модыг 19 цагийн үед ачиж дуусаад уулнаас хөдлөөд буух зорилгоор амь хохирогчийн Зил- 130 маркийн тээврийн хэрэгслийг Н.Г жолоодож амь хохирогч хажуу талд суугаад хөдөлсөн тэгээд уулнаас буугаад бид нар суух гээд хойноос нь алхаж байтал уг тээврийн хэрэгсэл гэнэт унтарч уулын уруу өнхөрч машин 1 эргээд 4 дугуйн дээрээ боссон юм. Тэгээд бид нар очтол Г, амь хохирогч нар машины хажууд байсан ба амь хохирогч огт ухаангүй толгойноос нь нэлээн цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид нар эмнэлэг цагдаа дуудсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь амь хохирогчийн тээврийн хэрэгсэл бөгөөд уг автомашиныг Г жолоодож явсан юм. Уг тээврийн хэрэгсэлд амь хохирогч М, Г нар байсан өөр ямар нэгэн хүн байгаагүй юм. Мод бэлтгэх эрхийн бичгийг амь хохирогч Б авсан бөгөөд Д гэх улсын байцаагчтай уулзаад бичиг авсан. Тэгээд 1 машин мод бэлтгэх зөвшөөрөл авчихлаа гэж хэлсэн." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81, 85-86 дэх тал),
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр миний зүс таних хүн болор амь хохирогч М нь айл нүүлгээд өгөөч гэж гуйхаар нь би за гээд туслах гээд Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хуурай зааг гэх газар луу амь хохирогчийн ........ УВХ улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлтэй амь хохирогч М, Г, Н.Г, Х, Б бид нар Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хархираа уул руу явсан юм Тэгээд бид нарыг уг газарт очиход мод бэлтгээд тавьчихсан байсан ба уг модыг 19 цагийн үед ачиж дуусаад уулнаас хөдлөөд буух зорилгоор амь хохирогчийн Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг Н.Г жолоодож амь хохирогч хажуу талд суугаад хөдөлсөн ба бид нар хойноос нь алхаад явсан тэгтэл машин гэнэт унтарсан бөгөөд уулын уруу алдагдаж гүйхээр нь бид нар хойноос чирэгдсэн боловч огт зогсоогүй. Тэгээд бид нар машины хойноос гүйгээд очтол Г, амь хохирогч нар машины хажууд байсан ба амь хохирогч огт ухаангүй толгойноос нь нэлээн цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид нар эмнэлэг цагдаа дуудсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь амь хохирогчийн тээврийн хэрэгсэл бөгөөд уг автомашиныг Г жолоодож явсан юм. Уг тээврийн хэрэгсэлд амь хохирогч М, Г нар байсан өөр ямар нэгэн хүн байгаагүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),
Гэрч М.Дгийн мөрдөн байцалтын шатанд өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 2022 оны мод бэлтгэлийн ажил зохион байгуулагдсан. Тухайн үед лимит гүйцээгүй, талбайн тусгаарлалт хийгдсэн газарт мод бэлтгэх боломжтой тохиолдолд он дамжуулан олгож болдог. М.Б мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авсан. М.Б өөрөө ирж мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал),
Монгол Улсын зөвлөх инженер З.Жын 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23/01 дугаартай “......... УВА улсын дугаартай Зил-130 загварын автомашин нь тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орсон байна. Уг тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоонд бүрэн тэнцсэн байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орох ёстой байсан ороогүй байна” гэх дүгнэлт, хавсралт (хавтаст хэргийн 114-118 дахь тал),
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай “Амь хохирогч М.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Түүний цусанд спиртийн агууламж илрээгүй. Амь хохирогч нь нас барах үедээ эрүүл байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 128-129 дэх тал)
Шинжээч Я Нгийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай “2023 оны 04 дүгээр сарын байдлаар Увс аймагт ЗИЛ-130 маркын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 3,000,000 /Гурван сая/ төгрөг, эвдэрсэн эд ангиудын зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 1,485,000 /Нэг сая дөрвөн зуун наян таван мянган/ төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 137-139 дэх тал)
Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай “Н овогтой Г нь тээврийн хэрэгсэл жолоодох АВ ангилалын эрхийн 3...4 дугаартай үнэмлэхтэй байна. Жолоодох эрхийн үнэмлэх нь жолоодож явсан тээврийн хэрэгсэлд тохироогүй байна. ....... УВА улсын дугаартай Зил-130 загварын ачааны автомашиныг С ангиллын жолооны үнэмлэхтэй жолооч жолоодно. ...... УВА улсын дугаартай Зил-130 загварын ачааны автомашины жолооч Н.Гзамын хөдөлгөөнд оролцохдоо тухайн тээврийн хэрэгсэл тохирох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах бүсийг хэрэглээгүй, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн буруутай үйлдэл гаргасан. ....... УВА улсын дугаартай Зил-130 загварын ачааны автомашинд зорчиж явсан амь хохирогч М.Б нь хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглээгүй буруутай үйлдэл гаргасан. Тухайн осол нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2- д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал хэмээн тайлбарласан. ...... УВА улсын дугаартай Зил-130 загварын ачааны автомашины жолооч Н.Г нь тухайн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй үедээ, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас уг зам тээврийн осол гарсан шууд шалтгаан болж байна. Н.Гын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас автомашины зогсоох боломжтой хурдыг сонгож явах, аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах боломжгүй болсон байна" гэх магадлагаа (хавтаст хэргийн 142-144 дэх тал),
Шүүгдэгч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ял болон яллагдагчийн эрхийг ойлгосон. Сонсгосон ялын талаар хэлэх санал хүсэлт байхгүй. Сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Талийгаач М.Б мод ачаад ирмээр байна гэж хэлж байсан. Би 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр мал хаиулдаг хүн байхгүй, хүүхдүүд хичээлд явчихсан амжихгүй гэж хэлэхэд тэгвэл цэргээс ирсэн залуугаа аваад очьё чиний оронд тэр залуу мал маллаад байж байг чи надтай хамт автомашин жолоодоод хөдөө яваад ирээч гэж хэлсэн. Хадам ах гуйгаад байхаар би дургүйцэж чадаагүй. Би хий хураалгах гээд хаазлаад хийний зүүг босгох гэсэн боловч босохгүй байсан. Б ахад хэлэхэд өөрөө засах гээд оролдоод байсан. тэгээд засрахгүй болохоор нь Б ах мод бэлтгэсэн газар луу явъя гэж хэлсэн. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ачааны машин жолоодох эрхгүй. Би АВ ангиллын үнэмлэхтэй, С ангиллын үнэмлэхгүй Би урьд өмнө нүүдлийн үеэр Зил-130 загварын тээврийн хэрэгсэл жолооддог байсан. Жодоодож чаддаг. Б нь өөрөө уг автомашиныг сайн жолоодож чаддагүй, хөдөө уул, хадтай газраар сайн жолоодож чадахгүй учраас намайг гуйж жолоодуулсан юмаа. Б бид нар тухайн газарт очоод модоо аччихсан, тэгээд 10-15 минут орчим хугацаанд хаазлаад хий хураасан гэж үзээд Б ах одоо хөдөлчих гэхээр нь хөдлөхөд автомашин унтраад тэгээд зам тээврийн осол гарсан юм. Талийгч бид хоёр хоёулахнаа байсан. Би автомашин жолоодож явсан. Бид хоёр суудлын бүс хэрэглээгүй, суудлын бүс байхгүй байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна, би хүнд туслах гэж яваад өөрөө хэрэгт холбогдчихлоо, талийгаачийн малыг цаашдаа маллаж өгнө, өөр бусад байдлаар туслалцаа үзүүлж, дэмжиж амьдарна" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 169-170 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Н.Г нь ...... УВА улсын дугаартай Зил-130 загварын ачааны автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж тодорхойлсонд энэ тохиолдол хамаарч байна.
Жолооч Н.Гнь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас осол гарч зорчигч М.Бнь нас барсан байна.
Шүүгдэгч Н.Гнь (хавтаст хэргийн 197 дахь тал)-аар “С” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь тогтоогдож байна.
Шинжээч эмчийн цогцост хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай “ Амь хохирогч М Бийн биед баруун, зүүн зулай, чамархай, суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, дух, дагз ясны хугарал, их, бага тархины суурь, баруун зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, хатуу хальс баруун зулайн хэсэгт урагдалт, баруун, зүүн зулайн хуйхны доор цус хуралт, духны баруун хэсгийн хуйханд язарсан шарх, эрүүний яс урд хэсгээр хөндлөн хугарал, дээд уруулын салстад, баруун шанаа, баруун чихний дэлбэн, баруун чихний дэлбэнгийн ард зүүн зулайн хуйханд, баруун гарын алганы хэсэгт язарсан шарх, дух, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хацар, эрүүний зүүн хэсэгт, баруун хацар, баруун сарвууны ард, баруун тохойн үений дотно хэсэгт, зүүн өвдөгт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтлүүд нь Тэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно Амь хохирогч М.Б нь дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 124-127 дахь тал)-ээр амь хохирогч М.Б нь энэ ослын улмаас гэмтэл авч нас барсан болох нь тогтоогдож байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаартай “Үзүүлэгч Н.Гын биед үзлэг хийх үед гэмтэл тогтоогдоогүй”гэх дүгнэлт (хавтаст хэргийн 151-152 дахь тал)-аар шүүгдэгч Н.Гын биед гэмтэл учраагүй болох тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Г ...... УВА улсын дугаартай Зил-130 загварын ачааны автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зорчигч М.Бийн амь нас хохирсон явдалтай шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Гнь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Гнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Д Бгийн Хаан банкны 58.........04 тоот дансанд 2.000.000 төгрөгийг Г гэх утгаар шилжүүлсэн орлогын баримт (хавтаст хэргийн 209 дэх тал),
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд “2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Нын Г /ОМ........./ нь зам тээврийн осол гаргаж миний нөхөр Мн Б нас барсан. Уг хэрэгт Н.Г нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд одоо надад Гаас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол байхгүй, цаашид гомдол байхгүй, санал байхгүй болно” гэх гарын үсэг гэрчилсэн үйлдэлийг нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 207-208 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгч Н.Гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Гыг ял шийтгэл авхуулахгүй баймаар байна. Гуйх юм тэр байна. Г миний хань шиг байхгүйч миний амьдралд чадах бүхнээр туслаж миний малыг өвөл зунгүй маллаж өгдөг хүн. Г ял авбал миний малыг маллах хүн олдохгүй. Гт ял шийтгэл оногдуулахгүй байж өгнө үү гэж гуйх байна” гэх мэдүүлгийг гаргасан.
2. Шүүгдэгч Н.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Гнь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Жолооч Н.Гын согтуурлын зэргийг 7510 багажаар шалгахад 0.00 буюу согтолтгүй гарлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал)-ээр амьсгал дахь спиртийн хэмжээг шалгахад түүний амьсгалд спирт илрээгүй байх тул шүүгдэгч Н.Гыг эрүүл байсан гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Г урьд нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял тэнсэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 185, 187-189 дэх тал)–аар нотлогдож байна. /тогтоол дээрх ял зөрүүтэй/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Гын хувийн байдал болон зан төлөвийн талаар Гэрч М.Мын өгсөн: “Н.Гнь 4-16 насны 4 хүүхэдтэй. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Цөөхөн тооны малтай сарын тогтмол орлогогүй. Зан байдлын хувьд төлөв даруухан, шударга, шулуун, хэлье гэсэн үгээ шууд хэлчихдэг, ямар нэг муу зан байдаггүй, бусадтай эелдэг, үг дуу цөөтэй, элдэв муу зуршилгүй, ажилсаг, хөдөлмөрч, бусдад тусархуу, цэвэрч нямбаа, хүний үгнээс гардаггүй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй тэр зангаасаа болоод өөрөө асуудалд орж байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хааяа л хэрэглэдэг, тамхи татдаг, өөр ямар нэг элдэв муу зуршилгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-95 дахь тал), Гэрч Б.Бын өгсөн: “Н.Гнь төлөв даруухан, шударга, шулуун, хэлье гэсэн үгээ шууд хэлчихдэг, ямар нэг муу зан байдаггүй, бусадтай эелдэг, үг дуу цөөтэй, элдэв муу зуршилгүй, ажилсаг, хөдөлмөрч, бусдад тусархуу, цэвэрч нямбаа, хүний үгнээс гардаггүй. Н.Г нь эхнэртэйгээ маргалдаад байдаггүй, эхнэр болон хүүхдүүдтэйгээ хэвийн харилцаатай, эелдэг сайхан харилцдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Н.Гт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Гт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Гт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Гнь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Гын 3......4 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Яд даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт Нын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Гт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Гнь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Н.Гнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Гын 3......4 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах /П.Я/-д даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ