Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0082

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 27 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

2022 оны 02 сарын 11 өдөр        Дугаар 128/ШШ2022/0082              Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Ц,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гэрч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргаж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. П.Ц.ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3, 48.1.3, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.2, 6.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3. Нэхэмжлэгч 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Ц миний бие МУИС-ийн Байгалийн ухааны факультетын Биологийн ангийг “Агнуур зүйч-экологич” мэргэжлээр 1991 онд төгссөнөөс хойш байгаль орчны салбарт тасралтгүй 30 жил ажиллаж байна. Энэ хугацаанд байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон төв байгууллагад мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргын албан тушаалуудыг 20 жил, олон улсын төсөлд 10 жил ажилласан байна.

2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Амьтан, ургамал байгалийн нөөцийн хэлтсийн даргын ажилд шилжин ажилласан. 2021 оны 01 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Н.Уртнасан сайд томилогдсон бөгөөд ирсэн цагаасаа намайг шахан дарамталж, ажлаа өг, чамайг байхгүй болгоно зэрэг дарамтуудыг үзүүлж эхэлсэн. Миний бие хууль зөрчиж алдаа гаргаагүй тул өргөдөл өгөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлэхэд “Чамайг энэ ажлаас заавал холдуулна, харж байгаарай” гэж занасан.

Үүний дараа “цаг ашиглалт хангалтгүй” гэдэг үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/82 тоот тушаалаар цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, үүнээс 8 хоногийн дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 тоот тушаалаар “Албан тушаалын эрхийг хэтрүүлсэн” гэдэг үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй, зөвхөн сайдын захиалгаар, түүний хувийн үзэмж, шахалтаар гаргасан гэж үзэж байна. Б/90 тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3, 48.1.3 дахь хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.2, 6.1 дугаар заалтуудыг үндэслэн гаргажээ.

2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 39.1.2-ыг зөрчин “Албаны эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж үзсэн.

Эрх мэдлээ хэтрүүлэх гэдгийг Монгол улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолд “...эрх мэдлээ хэтрүүлж” гэж хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээс илүү эрх эдлэхийг хэлнэ” гэж заасан байна. Миний бие хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг давуулж эдлээгүй. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 408 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын “Албан тушаалын зорилт” хэсгийн 2-т “...нөөц ашиглах тусгай зөвшөөрөл олгох” гэж заасан. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл олгох эрх нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан бүрэн эрх юм. Түүнээс хэн нэгэн газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга, сайдын бүрэн эрхэд халдаж ажил хийгээгүй тул эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн 39.1.2-ыг үндэслэх боломжгүй юм.

2021 оны 8 дугаар сарын 20 -ны өдрийн Б/90 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 39.1.3-ыг зөрчин “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж үзсэн.Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Яамыг гадаад, дотоодод Монгол улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга  төлөөлнө” гэж заасан түүнээс биш яамны хэлтсийн дарга төлөөлөхгүй. Төлөөлөх эрх болон үйл ажиллагаатай холбогдуулан тушаал, шийдвэрийг мөн хэлтсийн дарга гаргахгүй. Өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан ч Газрын дарга хянаж байдаг.

2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 48.1.3, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.2 болон 6.1 дэх хэсгийн тус тус үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 нь зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сануулах, цалингийн хэмжээг бууруулах, төрийн албанаас халах, гурван жил орохгүй халах гэсэн 4-н төрөл байдаг. Үүнийг Монгол улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4-р сарын 04-ний өдрийн 36,32 дугаар "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-аар нарийвчлан зохицуулдаг.

Уг журмын 3 дугаар зүйлд албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг үндэслэн ямар сахилгын шийтгэл ногдуулахыг нарийвчлан журамласан.

Мөн сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргасан нөхцөл, байдал, үр дагавар, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, өмнө зөрчил гаргаж байсан эсэх, зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан

 

 

байдал, зөрчлийн улмаас учирсан хор уршиг арилгах арга хэмжээ авсан эсэх зэргийг харгалзан үзэж сахилгын шийтгэл оногдуулахаар заасан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сахилгын шийтгэл ногдуулах хяналт шалгалт хийхдээ “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.6-г зөрчин надад бичгээр мэдэгдээгүй. Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.4-д заасан ажиллагааг хийж, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоогоогүй байдаг. Зөвхөн Хуулийн хэлтсийн дарга Д.Хэрлэнчимэгтэй 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 10 минутад Сонсгох ажиллагаа хийсэн тэмдэглэл л үйлдсэн байна.

Сахилгын шийтгэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ногдуулахдаа “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3-ыг харгалзан үзэж хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцоолон сахилгын шийтгэл ногдуулах ёстой байтал шууд ажлаас халах шийтгэл ногдуулах нь миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Төрийн албанаас халах шийтгэлийг албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал тухайн албан хаагчийн төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байх ёстой. Тушаалын үндэслэлд дурдсан зөрчлийн шинж нь төрийн албанаас халах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 4.9-д гэрээний эх хувь, агнуулах ангийн төлбөр, хураамжийг төлсөн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгохоор зохицуулсан. Тухайн компани тусгай зөвшөөрлийг өнөөдөр хүртэл авч чадаагүй бөгөөд ямар ч ан агнаагүй, үйл ажиллагаа явуулгүй байна. Энэ тухай гомдлоо Төрийн албаны зөвлөлд гаргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 02/1816 тоотоор хариу ирүүлж, миний гомдлыг шийдвэрлэж өгөөгүй.

Засгийн газрын Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын 4.9-д заасан байдаг. Үүнд гэрээ, төлбөр төлсөн баримт, албан хүсэлтийг үндэслэн зөвшөөрөл олгодог. Аймгийн Байгаль орчны газар болон орон нутгийг тусгай хамгаалалтын газрын менежмент хариуцагч гэсэн дөрвөн субъект гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болдог. Ч.Батсансар дарга би гэрээг нь зурна. Чи зөвшөөрлийг нь гаргаж бай гэсэн. Гадаадын иргэд ирээд цаг хугацааны хувьд шахуу байдаг. Зөвшөөрлөө үндэслээд цагдаагийн газраас бууны зөвшөөрөл авдаг. Цагдаагийн газраас бууны бичгээ авсны дараа гаальд өгч хилээр буугаа оруулж ирдэг. Тухайн компани яаруу цаг тулсан туслаач гэдэг байдлаар хандсан. Албан ёсоор хүсэлт гэрээгээ ирүүлсэн байсан. Ч.Батсансар дарга гэрээг би зурна зөвшөөрлийг нь гаргаж бай гээд үүний дагуу би зөвшөөрлийг нь гаргасан. Үүнийг зөрчил гэж үзээд намайг ажлаас халсан.

Иймд П.Ц миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргаж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ захиргааны хэргийн маргаан нь ховор амьтан агнах, тусгай зөвшөөрөл олгох харилцаатай холбоотой үүссэн. 2013 оны 93 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт гэж байгаа. Агнуурын бус нутагт менежмент, хариуцагч нар Аргал, Угалз агнах тоогоо явуулдаг. Аймаг нийслэлийн байгууллагад 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор манай бүс нутагт хэдэн ширхэг аргал, угалз агнах боломжтой байна гэдэг тоогоо хүргүүлдэг. Аймаг, нийслэлийн байгууллагад 8 дугаар сарын 20-ны   өдрийн дотор  Төрийн   захиргааны  төв  байгууллага буюу яам руу өгдөг. Яам

 

үүнийг 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд Засгийн газрын хуралдаанаар орж хэлэлцүүлэх ёстой. Засгийн газар 14 хоногт чиглэл өгөөд Байгаль орчны сайдад агнуурын бүсийн хуваарийг баталдаг. 2021 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоол гарсан. Энэ процесстой холбоотойгоор 14 хоногийн дараа Байгаль орчны сайд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/147 тоот тушаал гаргаж нэг ширхэг Алтайн угалзыг агнана гэсэн тушаал гарсан. Энэ тушаал гарсантай холбоотой маргаан үүссэн. “Н.в.т” ХХК гэрээ байгуулж зөвшөөрлийг өгсөнтэй холбоотой энэ шүүх хурал явагдаж байна. “Н.в.т” ХХК-иас тэмдэгтийн хураамж төлсөн баримт, мэдүүлэг, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гэх мэтчилэн байдлаар 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. Энэ мэдээлэл хугацаатай байсан учир гэрээгээ байгуулаад буцаагаад надад өгөөч манай жуулчин ирээд ангаа агнах гээд байна гэдэг байдлаар хандаж байсан. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр баримтууд нь очиж, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дахин яам руу хүргүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дахин хариу гарсан эсэх талаар тодруулахаар гурван удаа “Н.в.т”  ХХК хандсан. “П.т.ж.э.и” ХХК гэж компани байгаа. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэг удаа Угалз агнах хүсэлтийг тавьсан. “Н.в.т”  ХХК-д тусгай зөвшөөрөл олгохгүй. П ХХК-д тусгай зөвшөөрөл олгоно гэснээс хариуцсан хэлтсийн дарга энэ асуудалд хэлмэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор нэг удаа сахилгын шийтгэл гарсан. Ажил дээр нь гэнэтийн шалгалт явуулсан. Ажил дээрээ байгаагүй цалингийн 20 хувийг нь авна гэсэн. Бид үүнтэй маргаагүй. Үүнээс хойш 8 хоногийн дараа төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь халсан. Байгаль орчны яамны 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 033357 дугаартай чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг сайн харвал Увс аймгийн Засаг даргад гээд, “Н.в.т”  ХХК тусгай зөвшөөрлөө аваагүй байгаа тул ан агнах газрыг сайн харж байгаарай Угалз агнах вий гэдэг агуулгатай.

Мөн хуваарь батлуулах хүсэлт өгөөгүй тул цуцална гэсэн. 93 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад тухайн аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг үндэслэж хуваарийг баталдаггүй. Агнуурын бус нутгийн менежмент хариуцагч нар өөрөө тоог гаргадаг гэсэн журам байдаг. Гэтэл “Н.в.т”  ХХК хуваарь батлуулах хүсэлт өгөөгүй учир тусгай зөвшөөрлийг чинь цуцална гэдэг төсөл бэлдэж байсан. 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ тэмдэглэлээс харахаар “Н.в.т”  ХХК хүсэлт өгөөгүй харин “П” ХХК хүсэлт өгсөн. Аж ахуйн нэгж байгууллага хүсэлт өгч байж үүний дараа хуваарь гардаг гэдэг тайлбар өгдөг. Чиглэл хүргүүлсэн албан бичиг өг гэж Сайдаас Төрийн нарийн бичгийн даргад хандсан нь хурлын тэмдэглэлд авагдсан байгаа. Үүнээс харахаар хэлтсийн дарга, сайд хоорондын таагүй харилцаа, үгэнд ороогүй нөхцөл байдлаас шалтгаалан Б/90 дугаартай ажлаас халах тушаал гарсан байдаг. Үүнтэй холбоотой хууль зүйн үндэслэлүүдийг нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд дурдсан байгаа” гэжээ.

6. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/90 дугаар тушаалаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд томилж ажиллуулсан.

П.Ц нь тус хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаж үүнийг хяналт шалгалтаар баталгаажуулан холбогдох арга хэмжээг хууль тогтоомжид заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс авч байсан.

Төрийн захиргааны удирдлагын газар болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас 2021 оны 8 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд сайдын өгсөн үүргийн дагуу албан хаагчдын ажлын цагийн бүртгэлд хяналт шалгалт хийхэд Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Ц нь “ажлын цагаар ажлын байранд байгаагүй” нөхцөл байдал шалгалтаар илэрсэн байдаг. Яамны газар, хэлтсийн дарга нар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын байраа орхин гаргах тохиолдолд Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдсэн байх ёстой бөгөөд үлгэр жишээ байж албан хаагч, мэргэжилтнүүдийг манлайлан ажиллах ёстой. Гэтэл тус хяналт шалгалтаар зөрчил илэрсэн. Гаргасан зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах тухай шийдвэрийг танилцуулахаар мэдэгдсэн.

Сонсох ажиллагаа болон мэдэгдэл, тайлбар хүсэлтийг Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасны дагуу шат дараатай авч хэрэгжүүлж байсан. 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдлийг хүргүүлэн, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтлөн тайлбар авч, шийдвэр гаргах эрх  бүхий этгээд болох Төрийн нарийн бичгийн даргад танилцуулан шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/82 дугаар тушаал гарсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаарддаггүй. Тиймээс тус захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Гэтэл П.Ц нь давтан зөрчил гаргасан. Зөрчлийн тухайд: “Н.в.т” ХХК-д гэрээ албажаагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон. Тус асуудлын талаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасны дагуу мэдэгдэл хүргүүлж, тайлбар авч, дүгнэлт гаргасан. Холбогдох зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3-д заасныг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь үндэслэлтэй байсан.

Нэхэмжлэгч П.Ц нь гаргасан зөрчилтэй холбоотой авч хэрэгжүүлсэн бүх ажиллагааг мэдэж байсан бөгөөд оролцож байсан. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийж, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

              1.       Иргэн П.Ц.ы нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүх шийдвэрлэв.

              Нэхэмжлэгч П.Ц Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, харилцан зөвшилцсөний дагуу Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын үүрэгт шилжин ажиллажээ.

              Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/82 тушаалаар П.Ц.ыг ажлын байранд байгаагүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа удаа дараа зөрчил гаргасан гэж дурьддаг.

              Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 тушаалаар П.Ц.ыг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.2, 6.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ховор амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 4.9 дэх хэсгийг зөрчиж, тусгай зөвшөөрөл олгосон нь шалгалтаар илэрсэн гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1-р х.х-61/

              2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... тусгай зөвшөөрөл олгох эрх нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан бүрэн эрх юм. Түүнээс хэн нэгэн газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, сайдын эрх хэмжээнд халдаж ажил хийгээгүй тул эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй... өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан ч Газрын дарга хянадаг... Төрийн албанаас халах шийтгэлийг албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал тухайн албан хаагчийн төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байх ёстой. Тушаалын үндэслэлд дурдсан зөрчлийн шинж нь төрийн албанаас халах ямар ч үндэслэлгүй” гэх агуулгаар маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч нь тус хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаж үүнийг хяналт шалгалтаар баталгаажуулан холбогдох арга хэмжээг хууль тогтоомжид заасны дагуу тус яамны зүгээс авч байсан...гэтэл П.Ц давтан зөрчил гаргасан бөгөөд “Н.в.т” ХХК-ийн гэрээг албажуулаагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон тул холбогдох зөрчилд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасны дагуу мэдэгдэл хүргүүлж, тайлбар авч, дүгнэлт гаргаж Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байсан” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

              3. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 93-р тогтоолын 2 дугаар хавсралтаар “Ховор амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг баталжээ. Уг журмын Дөрвийн 4.9-д “Төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудлыг хариуцсан нэгж, энэхүү журмын 4.6, 4.7-д заасан гэрээний эх хувь, агнуулах ангийн төлбөр, хураамжийг төлсөн санхүүгийн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгоно” гэж тусгажээ. /х.х-н 120-130/

              “Н.в.т” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 21/07/004 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт хандан Увс аймгийн Бөхмөрөн сумын Гулзат ангийн бүс нутагт Алтайн угалз 1 толгойг агнах ангийн зөвшөөрөл хүссэн хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүргүүлжээ. /1-р х.х-н 154-162/

              4. Хэрэгт авагдсан ан агнах тусгай зөвшөөрөл, түүний арын тусгай тэмдэглэлд тусгагдсан бичиглэл, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ч.Б.ын мэдүүлгээс үзэхэд П.Ц.ы дээд албан тушаалтан болох Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Н.Батсансараас зөвшөөрөл авсны дагуу 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлийг бичиж олгосон байна. Тодруулбал тухайн үед Ч.Б дарга ээлжийн амралттай байсан бөгөөд утсаар тусгай зөвшөөрлийг нь олго, би гэрээнд гарын үсэг зурчихна гэсэн үүрэг даалгавар өгсний /гэрчийн мэдүүлгээс/ дагуу нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг олгосон, тухайн өдөр ажил тарсны дараа гэрээнд гарын үсэг зурагдсан байна.

              Улмаар “Н.в.т” ХХК гэрээгээ аваагүй гэсэн шалтгаанаар тусгай зөвшөөрлийг буцааж, яаманд өгсөн, ан агнаагүй зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд П.Ц тусгай зөвшөөрөлд гарын үсэг зурснаас үүдэн ямар нэгэн үр дагавар болон хохирол үүсээгүй. Түүнчлэн хэргийн материалд “Гулзат” агнуурын бүс нутаг дахь тусгай зориулалтын ан агнуурын 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2021/92 дугаар гэрээ авагдсан байх бөгөөд гэрээний талууд бүгд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. /1-р х.х-н 144-146/

               5. Нэхэмжлэгч П.Ц.ы ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны Албан тушаалын зорилтын 2-т “...Амьтан, байгалийн ургамлын нөөцийн судалгааг хийх, экологи-эдийн засгийн үнэлгээ боловсруулах, мэдээллийн санг бүрдүүлэх, мэргэжлийн байгууллагын эрх олгох, нөөц ашиглах тусгай зөвшөөрөл олгох” гэж заасан /1-р х.х-н 106 ар талд/, 3-р зорилтын хүрээнд “Цаг үеийн зайлшгүй шаардлагаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэх, зохион байгуулах, тайлагнах” ажлын хүрээнд газрын дарга Ч.Б үүрэг болгосноор тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль болон “Ховор амьтныг агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 2 дугаар хавсралтын 4.9-ийг зөрчөөгүй байх тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3 “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэсэн үндэслэлээр буруутгаж, төрийн албанаас халсан хариуцагчийн шийдвэр хууль бус  байна.

              Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батлахаар заасан бөгөөд журам-ын 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно” гэсэн эрхийнхээ хүрээнд тухайн нөхцөл байдлыг шалган тогтоохоор, тодруулбал түүний шууд удирдлагаас тайлбар, мэдүүлгийг аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хариуцагч хэрэгжүүлж ажиллаагүй байна.

              Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасантай нийцээгүй шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх” зарчмыг тушаал гаргахдаа үндэслээгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шүүх шийдвэрлэлээ.

              Мөн түүнд ажилгүй байсан хугацаанд авах байсан цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд бодож нийт 11.980,031 /арван нэгэн сая есөн зуун наян мянга гучин нэгэн/ төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгав.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус үндэслэн

 

ТОГТООХ нь:

 

              1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.8, 48.9, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Ц.ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Ц.ыг урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 11.980,031 /арван нэгэн сая есөн зуун наян мянга гучин нэгэн/ төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

              3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ