| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0809/З |
| Дугаар | 221/МА2025/0510 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2025/0510
Д.Эийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дд
Нэхэмжлэгч: Д.Э
Хариуцагч: ШЕЗ, НдЗХАШШТГД
Нэхэмжлэлийн шаардлага: “Д.Эийн шүүгчээр томилоогүй орхисон 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгохоос мөн ээлжийн амралтын нэмэгдэл олгохоос хариуцагч нар татгалзсан нь хууль бус, 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг улсад ажилласан болон шүүгчээр ажилласан жилд оруулан тооцож, нэмэгдэл олгох, ээлжийн амралтын нэмэгдэл олгохыг ШЕЗ, НдЗХАШШТГДд тус тус даалгах”,
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч ШЕЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дд, хариуцагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бүжинлхам
Хэргийн индекс: 128/2024/0809/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0087 дугаар шийдвэрээр:
“...1 дэх заалтаар Шүүхийн тухай хуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.4 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ШЕЗийн 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 01/1486 дугаартай Д.Эийн шүүгчээр ажиллаагүй 8 жил, 4 сар, 28 хоногийн хугацааг төрийн албан хаасан хугацаанд оруулан тооцох, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Эийн шүүгчээр ажиллаагүй 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг түүний төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцож, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоохыг ШЕЗд даалгаж,
...2 дахь заалтаар Шүүхийн тухай хуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.4, 47 дугаар зүйлийн 47.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын Д.Эийн шүүгчээр ажиллаагүй 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг төрийн алба хаасан хугацаанд болон шүүгчээр ажилласан хугацаанд оруулан тооцох, нэмэгдэл амралт олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Д.Эийн шүүгчээр ажиллаагүй 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг түүний төрийн алба хаасан хугацаанд болон шүүгчээр ажилласан хугацаанд тус тус оруулан тооцож, нэмэгдэл амралт олгохыг НдЗХАШШТГДд тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “...Шүүхийн шийдвэрийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Д.Э шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны *** дугаар зарлаг буюу нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй.
3.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр ШЕЗ шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Эийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗд даалгаж шийдвэрлэсэн.
3.3.Харин шүүгч нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.Эийг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гаргаагүй байна.
3.4.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэх ёстой, нэхэмжлэгчийн хувьд шүүгчээс хууль бусаар чөлөөлсөн, огцруулсан тухай нотлох баримт, эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байх тул шүүгчээр ажилласан жилд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй юм.
3.5.Түүнчлэн, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч Д.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №20*** дугаартай өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээг авсан. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/144 дугаартай тушаалаар нэр бүхий өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож, бүртгэлээс хассан нь “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн №20*** дугаартай гэрчилгээ”, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/144 дугаартай “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож, бүртгэлээс хасах тухай” тушаалаар тус тус нотлогддог. Мөн хавтаст хэргийн материалд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос нэхэмжлэгч Д.Э нь 2014.02 сараас 2014.04 дүгээр саруудад сайн дурын даатгал төлсөн, 2014 оны 06 сараас 2019 оны 04 дүгээр саруудад “Слп” ХХН нөхөрлөлд, 2019 оны 7 сард Эрчим хүчний зохицуулах хороонд, 2021 оны 12 дугаар сард “БЭ” ХХК- д тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
3.6.Гэтэл Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2024/087 дугаарт шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.4-т “...нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд шүүгчээр ажилласанд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд “2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч өмгөөлөгчөөр ажилласан эсэх” мөн “өмгөөлөгчийн эрхээ хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан эсэх” асуудалд шүүхээс дүгнэлт өгөх эрхгүйг дурдах нь зүйтэй гэж дүгнэжээ.
3.7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.”гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.16-д “багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;” гэж, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-д “хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх;” гэж тус тус заасныг харгалзан үзэх нь зүйтэй байна.
3.8.Түүнчлэн, ШЕЗ нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Д.Э нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байх бөгөөд түүний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн явдал нь Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан үндэслэлийг бий болгосон гэж үзнэ гэж дүгнэсэн байна гэсэн нь ШЕЗ Д.Эийн шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн мэтээр тайлбарласан нь буруу юм.
3.9.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ШЕЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй үндэслэлийн тухайд:
1.1.Нэхэмжлэгч Д.Эээс ШЕЗ, НдЗХАШШТГДд тус тус холбогдуулан дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:
-ШЕЗийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/1486 дугаартай “Д.Эийн шүүгчээр ажиллагаагүй 8 жил, 4 сар, 28 хоногийн хугацааг төрийн албан хаасан хугацаанд оруулан тооцох, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоос татгалзсан шийдвэр”-ийг хууль бус болохыг тогтоолгох,
-Д.Эийн шүүгчээр ажиллагаагүй 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг түүний төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцож, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоохыг ШЕЗд даалгах,
-Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын “Д.Эийн шүүгчээр ажиллаагүй 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг төрийн алба хаасан хугацаанд болон шүүгчээр ажилласан хугацаанд оруулан тооцох, нэмэгдэл амралт олгохоос татгалзсан шийдвэр” хууль бус болохыг тогтоолгох,
-Д.Эийн шүүгчээр ажиллагаагүй 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг түүний төрийн алба хаасан хугацаанд болон шүүгчээр ажилласан хугацаанд оруулан тооцож, нэмэгдэл амралт олгохыг НдЗХАШШТГДд даалгах.
1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “шүүгчийг үндэслэлгүйгээр албан тушаалдаа томилогдоогүй орхигдсон нь хууль бус байсныг буюу Д.Эийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэдгийг шүүх тогтоосон тул 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг төрийн алба хаасан хугацаанд болон шүүгчээр ажилласан хугацаанд оруулан тооцохоос татгалзаж буй хариуцагч нарын татгалзал нь хууль бус, хариуцагч нарын ажилласан жилийг дутуу тооцож байгаа үйлдлээс шалтгаалж цалингийн болон ээлжийн амралтын нэмэгдлийг дутуу авч хохирч байгаа” гэж тайлбарлан маргаж байна.
Хоёр.Тогтоогдож буй маргааны үйл баримтын тухайд:
2.1.Анх нэхэмжлэгч Д.Э нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар зарлигаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон.
2.2.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, эдгээр шүүгчийг буцаан томилсон *** дүгээр зарлигийг гаргахдаа нэхэмжлэгч Д.Эийг шүүгчээр томилоогүй орхигдуулсан байна.
2.3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч нарыг буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг нэхэмжлэгч нарт үүсгэсэн байна…, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хараат бус байдлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь ШЕЗийн үүрэг байх ба ШЕЗ нь энэ чиг үүргээ хэрэгжүүлэх нэхэмжлэгч 12 иргэнийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин /шинээр/ өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг өнөөдрийг хүртэл аваагүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Э нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй ШЕЗийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг холбогдох шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгасан.
Харин уг шийдвэрээр “нэхэмжлэгч нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох, Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь талууд гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон гэдэг нь тогтоогдов.
2.4.Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэн ШЕЗийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн **дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Д.Эийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн **дугаар зарлигаар Д.Эийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ.
2.5.Үүний дараа нэхэмжлэгч Д.Эээс ШЕЗд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00725 дугаар шийдвэрээр “...Нэхэмжлэгч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалд томилсон байх тул 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу нөхөн олгох нь зүйтэй байна.” гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Эт 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар, мөн хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ШЕЗд даалгажээ.
2.6.Уг иргэний шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад “нэхэмжлэгч нарт тус бүр *** төгрөгийг хариуцагч ШЕЗөөс гаргуулсан атлаа нэхэмжлэгч нарт олгохоор заагаагүйгээс гадна нэхэмжлэгч тус бүрийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй байгаа”-г зөвтгөсөн өөрчлөлтийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар оруулсан.
2.7.Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 70 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч Д.Эийг хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй адилтган үзэж, хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.
2.8.Мөн уг 70 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, шүүгчийн бүрэн эрхийг сэргээн тогтоох үндэслэлтэй гэж үзэн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗд даалган шийдвэрлэж, энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэн ШЕЗөөс нэхэмжлэгч Д.Эийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, улмаар Ерөнхийлөгч түүнийг шүүгчийн албан тушаалд томилсон зарлиг гаргасан зэрэг үйл баримтаар “нэхэмжлэгчийг хууль бусаар шүүгчийн ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн шүүгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүгчийн бүрэн эрхийг нь сэргээсэн” гэж үзэхээр байна.
2.9.Харин Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 725 дугаар шийдвэрээр Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Эийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн үндэслэл хууль бус байсан нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ШЕЗд даалгаж, уг шийдвэр биелэгдсэн гэдэг нь мөн тогтоогдов.
2.10.Иймээс нэхэмжлэгч Д.Эийг Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасантай ижил нөхцөл байдал буюу “түүнийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн үндэслэл хууль бус байсан гэдгийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэн нэхэмжлэгчийн шүүгчийн бүрэн эрхийг шүүхээс болон эрх бүхий этгээдээс сэргээж, цалин хөлсийг нөхөн олгосон” гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.Эийг шүүгчээр ажиллаж байх үедээ шүүгчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр, хууль бусаар чөлөөлөгдсөн гэдгийг шүүхээр тогтоож, мөн шүүх болон эрх бүхий этгээдээс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, түүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн олгосон маргааны үйл баримт тогтоогдож байна.
2.11.Харин хариуцагч ШЕЗийн “...Ерөнхийлөгчийн 2013 оны *** дугаар зарлиг буюу нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаагүй,...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 70 дугаар шийдвэрээр Д.Эийг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гаргаагүй” гэх давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Гурав.Нэхэмжлэгчийн маргаж буй “төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцуулах” гэх үндэслэлд хамаарах хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.”, 57.6-д “…бүх шатны шүүхийн шүүгч, …ийн нэмэгдлийн хэмжээ, зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хууль тогтоомжоор тогтооно.” гэжээ.
3.2.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ.”, 46.3-т “Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална.”, 47 дугаар зүйлийн 47.7-д “... шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно.” гэж тус тус заасан.
3.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ.” гэжээ.
3.4.БНМАУ-ын Засгийн газрын ***1 оны 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ажилласан хугацааг тооцох журам”-ын 1-д “Иргэдэд ээлжийн амралт олгох болон тэдний ажилласан хугацаатай холбогдох бусад эрхийг баталгаажуулахад ажилласан хугацааг тооцох энэ журмыг баримтална.”, 8-д “Ажилласан хугацаанд дор дурдсан хугацааг оруулан тооцно:” м)-д “ажлаас буруу халагдсаны улмаас түрүүчийн ажилдаа эргүүлэн тогтоогдсон ажиллагчдын ажилгүй байсан хугацаа”,
УИХ-ын 2021 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам” 1.2-т “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааг Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад заасны дагуу тооцно.” (Энэ журмыг УИХ-ын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон боловч нэхэмжлэгчээс хариуцагч нарт хүсэлт гаргасан, маргаан бүхий шийдвэр гарсан цаг хугацаанд энэхүү журам нь хүчин төгөлдөр байсан.),
ШЕЗийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 273 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам”-ын 4.6-д “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааг Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад заасны дагуу тооцно.” (одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журам),
Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад “Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно:”, 8/-д “төрийн албанд ажиллах үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа” гэж тус тус зохицуулжээ.
3.5.Дээр дурдсан хууль, журмын зохицуулалтаас дүгнэхэд, “ажилласан хугацааг тооцох” тэр дундаа “төрийн албанд ажилласан хугацааг тооцох” харилцаа нь төрийн албан хаагчийн ажилласан хугацаатай шууд холбоотойгоор хэрэгжих боломжтой төрийн албан хаагчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарах зарим баталгааг эдлэх эрхийг баталгаажуулах зорилготой байна. Тодруулбал, төрийн алба хаасны нэмэгдэл, ээлжийн амралтын хугацаа, өндөр насны тэтгэврийн хэмжээ зэргийг тогтоож, тооцохын тулд “төрийн албанд ажилласан хугацааг тооцох” харилцааг зохицуулдаг гэж үзэхээр байгаа бөгөөд нэхэмжлэгчээс төрийн албанд ажилласан хугацааг тооцуулахаар маргасан.
Харин төрийн албан хаагчийн тэр дундаа шүүгчийн албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэрэг нэмэгдлийг тооцоход “төрийн албанд ажилласан хугацааг тооцох” харилцаа хамраалгүй, эдгээр нэмэгдэлд тусдаа нөхцөл, шаардлага тавигддаг бөгөөд нэхэмжлэгч нь эдгээр тусгай нөхцөл, шаардлагын талаар маргаагүй байгааг дурдах нь зүйтэй.
3.6.Мөн дээр дурдсан Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсгийн 8 дахь заалтаар “төрийн албанд ажиллах үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа”-г төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоор эргэлзээгүйгээр, тодорхой зохицуулжээ.
3.7.Иймээс нэхэмжлэгч Д.Эийг шүүгчээр ажиллаж байх үедээ шүүгчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр, хууль бусаар чөлөөлөгдсөнийг шүүхийн шийдвэрээр тогтоож, түүнийг шүүхийн болон эрх бүхий этгээдийн шийдвэрээр шүүгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байх тул энэ шалтгаанаар түүний ажилгүй байсан “2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл” хугацаа буюу “8 жил 4 сар 28 хоног”-ийн хугацааг “төрийн албанд”, мөн “шүүгчээр” ажилласан хугацаанд тус тус оруулан тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.8.Нэхэмжлэгчийн хувьд “шүүгчээр ажиллах үедээ ажлаас үндэслэлгүй халагдсан буюу ажилгүй байсан хугацаа”-г төрийн албанд болон шүүгчээр ажилласан хугацаанд оруулан тооцуулах бүрэн эрхтэй гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, УИХ-ын 2021 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам” 1.2, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсгийн 8 дахь заалтаар тус тус баталгаажуулсан байгааг дурдах нь зүйтэй.
3.9.Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан “8 жил 4 сар 28 хоног”-ийн хугацааг “төрийн албанд”, мөн “шүүгчээр” ажилласан хугацаанд тус тус оруулан тооцуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
3.10.Харин хариуцагч ШЕЗийн “ажилласан жил тогтоолгох гэж байгаа хугацаанд өмгөөллийн эрх авчихсан буюу өмгөөлөгч хийж, нөхөрлөлд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учраас ажилласан жилийг тооцох боломжгүй” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүгчээр ажиллах үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэдэг нь шүүхээр тогтоогдсон, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь “8 жил 4 сар 28 хоног” буюу хэт олон жил үргэлжилсэн, тухайн хугацаанд нэхэмжлэгч амьдралаа залгуулах, амьжиргааны хэрэгцээгээ хангах зорилгоор эрхэлсэн бусад ажил хөдөлмөр нь түүний ажил, хөдөлмөр эрхлэх эрх, ажлаа сонгох Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрхтэй холбоотой учир шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан энэ үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох, хариуцагчийн “нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан жилийг тооцох”-оос татгалзсан шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дөрөв.Маргаан бүхий хариуцагч нарын татгалзал нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гэдэг нь тогтоогдож байгаа тухайд:
4.1.Монгол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “..., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-т “..., шийдвэр нь үндэслэл бүхий байх”,
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, 42 дугаар зүйлийн 42.3-т “Шүүгчийн хараат бус байдлыг дараах баталгаагаар хангана:”, 42.3.4-т “шүүгчийн эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоог энэ хууль болон бусад хуулиар бүрдүүлэх, хангах”, 73 дугаар зүйлийн 73.1-т “Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 73.1.1-т “энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах”, 73.1.2-т “….шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх” гэж тус тус заажээ.
4.2.Нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч Д.Эийг шүүгчээр ажиллаж байх үедээ шүүгчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр, хууль бусаар чөлөөлөгдсөн гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр гарч, мөн түүний шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, шүүгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, эрх бүхий этгээдийн шийдвэр гарч, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгохоор мөн шүүхээс шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байхад хариуцагч ШЕЗ, НдЗХАШШТГДас “шүүхээр шийдвэрлүүл” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн “төрийн албанд ажилласан жилээ тооцуулах” хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр нь дээр дурдсан хууль, журмын хэм хэмжээг тус тус зөрчжээ.
4.3.Тодруулбал, хариуцагч ШЕЗийн маргаан бүхий татгалзсан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн төрийн үйл ажиллагааны “хууль дээдлэх” зарчим, Захиргааны ерөнхий хуульд заасан “захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх” зарчим, мөн Шүүхийн тухай хуульд заасан “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх”, “шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, хөндөгдсөн, зөрчигдсөн нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх”, Хөдөлмөрийн тухай хуулийн “ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ.”, УИХ-ын 2021 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1.2, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.4.Мөн хариуцагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын маргаан бүхий татгалзсан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн төрийн үйл ажиллагааны “хууль дээдлэх” зарчим, Захиргааны ерөнхий хуульд заасан “захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх” зарчим, мөн Шүүхийн тухай хуульд заасан “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх”, Хөдөлмөрийн тухай хуулийн “ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ.”, УИХ-ын 2021 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1.2, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтыг тус тус зөрчжээ.
4.5.Энэхүү хариуцагч нарын хууль зөрчсөн шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч нь шүүгчийн бүрэн эрхээ сэргээлгэж дахин шүүгчээр томилогдсон 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд төрийн алба хаасны нэмэгдлийг зөв тооцуулан авч чадаагүй, шүүгчийн ээлжийн амралтын нэмэгдлийг эдлээгүйгээс гадна удаа дараа хэд хэдэн удаа шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаж цаг хугацаа, сэтгэл санааны хувьд дахин хохирсон нөхцөл байдал тогтоогдов.
4.6.Иймд хариуцагч ШЕЗ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан шүүгчийн цалингийн бүрэлдэхүүнд орох баталгаа, нэмэгдлийг эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч Д.Эийн зөрчигдсөн эрхийг анхан шатны шүүхээс сэргээн тогтоож, хариуцагч нарын татгалзсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн шүүгчээр ажиллах үедээ ажлаас үндэслэлгүй халагдсан буюу ажилгүй байсан хугацааг төрийн албанд болон шүүгчээр ажилласан хугацаанд оруулан тооцохыг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ