Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/64

 

                          ******* Улсын нэрийн өмнөөс

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга       Б.Номин,

 Улсын яллагч                     Т.Нансалмаа,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч     Г.Энхцэцэг

 Шүүгдэгч                                 ******* нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******-д холбогдох 2109016260010 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын  09-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, нөхөр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг сум 2 дугаар баг тоотод оршин суух хаягтай урд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ******* *******, РД://,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэн *******ийн 3000 койныг өндөр үнээр худалдаж авна гэж итгүүлэн түүний ард төхөөрөмжид нэвтрэх нэр, нууц үгийг цахимаар авч улмаар *******ийн ******* дугаарын дансанд байсан 1.200.000 төгрөгийг өөрийн нөхөр *******ийн нэр дээр нээсэн дугаарын данс руу, 3000 ширхэг ард койныг өөрийн нэр дээр бүртгэлтэй дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

Мөн 2022 оны 05 дугаар сард иргэн Д.Д өөрийгөө Ард санхүүгийн нэгдэлд ажилладаг гэж итгүүлэн жилийн 0.2 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийн зээл авч болно гэж хуурамч байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийг нэр дээр нээсэн данс руу шилжүүлэн улмаар уг данснаас өөрийн эзэмшлийн дугаарын хаан банкны данс руу шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Миний буруу” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ийн өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд ажлынхаа өрөөнд цайны цагаар фейсбүүк цахим орчинд пост үзэж байхад Ард койн өндөр үнээр авна гэсэн зар байсан, тэгэхээр нь уг зарыг оруулсан “Azjargal гэсэн нэршилтэй фейсбүүк хаягтай хүнтэй өөрийн эзэмшлийн "Enkhchimeg Bavaasan" гэдэг нэршилтэй фейсбүүк хаягаар өндөр үнээр Ард койн авах юм уу? гэж чатаар харилцахад тийм ээ гэсэн. Тэгээд намайг чатаар та өөрийн Ард төхөөрөмжид нэвтрэх нэр, нууц үгийг өгчихөө би өөрөө шилжүүлж авчхаад танд буцаагаад мөнгийг чинь таны эзэмшлийн Ард койны төгрөгийн дансанд байршуулаад өгъе гэсэн. Би тухайн үед өөрөө арилжаалж мэдэхгүй байсан болохоор уг хүнд итгээд Ард койны төхөөрөмжийн нэвтрэх нэр, нууц үгийг чатаар өгсөн юм. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр миний эзэмшлийн Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн төгрөгийн ******* дугаартай данснаас 12 цаг 54 минугаас 55 минутын хооронд 3 удаагийн зарлагын гүйлгээгээр Г Т гэгчийн Ард койны дугаарын данс руу шилжүүлж авсан. Мөн өдөр 18 цаг 42 минутын үед Арц санхүүгийн нэгдэл ХК-ийн миний нэр дээрх ******** дугаарын Ард койны данснаас 3000 ширхэг Ард койныг минь ******* ******* гэгчийн ******* дугаарын дансанд шилжүүлэн авсан байсан. ...би хөрөнгийн үнэлгээнд тусгагдсан 678.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн миний Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн төгрөгийн ****** дугаарын данснаас хулгайлж авсан 1.200.000 төгрөгийг нэмээд надад нийт 1.878.000 төгрөгийн хохирол тул маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ийн өгсөн: “...Надад Ард кредит ББСБ-д данс байхгүй. Харин би ийм дугаартай данстай талаараа сая л мэдлээ. Би гар утас интернэтийн талаар мэдлэг муу учраас ухаалаг гар утас ашиглаад байдаггүй юм. Манай эхнэр миний нэр дээр данс нээж байсан гэдэг талаар саяхан сонсож мэдлээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн шинжээчийн “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 003 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 678.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******гийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би Өвөрхангай аймгийн Хархорин сумын баг Мойлтын тоотод байх өөрийн гэртээ байж байхад миний өөрийн фэйсбүүк хаяг руу Az jargaltai amidral гэсэн фэйсбүүк хаягнаас жилийн 0,2 хувийн хүүтэй 5-10 сая төгрөгийн хүүтэй мөнгө зээлээр авах уу гэсэн зурвас ирсэн. Би эхэндээ тоохгүй байсан чинь 7 хоног орчим надруу зурвас бичээд байсан. Тэгээд намайг дугаараа өгчих гээд байхаар нь би өгсөн чинь миний дугаарын утасруу дугаарын утаснаас эмэгтэй хүн залгасан ба өөрийгөө надад Ард санхүүгийн байгууллагад ажилладаг гэж хэлсэн. Тэгээд мөнгө шилжүүлдэг өдөр, тэрний урд өдөр хоёр утсаар яриад би 10,000,000 төгрөг зээлэхээр болсон тэгэхэд тэр эмэгтэй эхлээд хүүний мөнгө буюу 500,000 төгрөг шилжүүлэх юм байна. Тэгээд хүүгээ байршуулаад 10 минутын дотор зээл чинь бүтчихнэ гэж хэлсэн. Би тэр дор нь өөрийн дугаарын тоот данснаас дугаарын дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн боловч ойролцоогоор 20 минутын дараа надруу дахиж залгаад 1,000.000 төгрөг тушаах шаардлагатай юм байна гэж хэлэхээр нь би нэмээд нөгөө дансруугаа мөн адил 500.000 төгрөг шилжүүлсэн Тэгээд зээл орж ирэхгүй болохоор нь тухайн хаяг руу ороод харахад гарч ирхээ больчихсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 108 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 157 -158 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Сиди бүхий файлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

“Ард кредит” ББСБ-ын харилцагчийн дансны хуулга /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

“Ард кредит” ББСБ-ын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 417 тоот албан бичгээр гаргаж өгсөн харилцагчийн дансны хуулга, дугтуй /хх-ийн 59-64 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 102 дугаар хуудас/,

*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 111 дүгээр хуудас/,  

“Ард кредит” ББСБ-ын 2022 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 468 тоот албан бичгээр гаргаж өгсөн харилцагчийн дансны хуулга, дугтуй /хх-ийн 115-117 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ХААН банкны тооцооны төвийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар албан бичгээр ирүүлсэн М.******* дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 120 дугаар хуудас/,

дугаарын орсон, гарсан дуудлагын лавлагаа /хх-ийн 122 дугаар хуудас/,

*******ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 144-145 дугаар хуудас/,

*******ийн ******* дугаартай дансруу цахим банк ашиглан 1.880.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 181 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримт

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 173 дугаар хуудас/ 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 174 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 32 тоот тодорхойлолт /хх-ийн 175 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэн *******ийн 3000 койныг өндөр үнээр худалдаж авна гэж итгүүлэн түүний ард төхөөрөмжид нэвтрэх нэр, нууц үгийг цахимаар авч улмаар *******ийн ******* дугаарын дансанд байсан 1.200.000 төгрөгийг өөрийн нөхөр *******ийн нэр дээр нээсэн дугаарын данс руу, 3000 ширхэг ард койныг өөрийн нэр дээр бүртгэлтэй дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

Мөн 2022 оны 05 дугаар сард иргэн Д.Д өөрийгөө Ард санхүүгийн нэгдэлд ажилладаг гэж итгүүлэн жилийн 0.2 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийн зээл авч болно гэж хуурамч байдлыг зориудаар бий болгон 1.000.000 төгрөгийг нэр дээр нээсэн данс руу шилжүүлэн улмаар уг данснаас өөрийн эзэмшлийн дугаарын хаан банкны данс руу шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан  залилсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ийн өгсөн:  мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ийн өгсөн: “...гэх дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******гийн өгсөн:..” гэх мэдүүлэг, /хх-ийн 108 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ийн өгсөн: “...гэх дүгнэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Сиди бүхий файлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

“Ард кредит” ББСБ-ын харилцагчийн дансны хуулга /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

“Ард кредит” ББСБ-ын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 417 тоот албан бичгээр гаргаж өгсөн харилцагчийн дансны хуулга, дугтуй /хх-ийн 59-64 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 102 дугаар хуудас/,

*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 111 дүгээр хуудас/, 

“Ард кредит” ББСБ-ын 2022 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 468 тоот албан бичгээр гаргаж өгсөн харилцагчийн дансны хуулга, дугтуй /хх-ийн 115-117 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ХААН банкны тооцооны төвийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар албан бичгээр ирүүлсэн М.******* дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 120 дугаар хуудас/,

дугаарын орсон, гарсан дуудлагын лавлагаа /хх-ийн 122 дугаар хуудас/,

*******ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 144-145 дугаар хуудас/,

*******ийн ******* дугаартай дансруу цахим банк ашиглан 1.880.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 181 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нь  нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ залилуулсан, шүүгдэгч  нь “бусдыг хуурч,  цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж залилсан талаар  шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх,  энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг  хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулан залилан авсан нь шүүгдэгч *******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “бусдыг хуурч, бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж  залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  М.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч,  цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж  залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч *******ын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэн *******ийн 3000 койныг өндөр үнээр худалдаж авна гэж итгүүлэн түүний ард төхөөрөмжид нэвтрэх нэр, нууц үгийг цахимаар авч улмаар *******ийн ******* дугаарын дансанд байсан 1.200.000 төгрөгийг өөрийн нөхөр *******ийн нэр дээр нээж авсан  залилах үйлдэл нь 2021 оны ******* улсын Өршөөлийн тухай хуулийн 5.1 дэх заалтанд хамрагдаж байх тул дээрх үйлдлийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэн *******ийг залилсан үйлдэл нь ******* улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд  хамаарахгүй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас  хохирогч *******т  учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч *******д  1,000,000 төгрөгийн хохирол учруулсан ба 500.000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан,үлдэгдэл 500.000 төгрөгийн хохирлыг 2023 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдах нь  зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******аас 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах ,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..., эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн  болон илэрхийлсэн байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагч болон  шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан  ******* нь бага насны 4 хүүхэдтэй,  хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр орон нутгаасаа гадагш явах тохиолдол байдаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах, торгох, нийтэд тустай ажил хийх ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, мөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж , 1 жил 6 сарын  хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар *******ыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* *******ыг  хорих ял оногдуулахгүйгээр  1 жил  6 сарын хугацаагаар тэнсэж,  1 жил 6 сарын  хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг  тус тус анхааруулсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар *******ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 500,000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ