| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2019/00362/И |
| Дугаар | 370 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 370
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Д” ХХК /РД:.../,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р баг ... тоот
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Буурал овогт Х.О /РД:КЛ......./
Хариуцагч: Ө.З
Барилгын засварын ажил гүйцэтгэсэн ажлын хөлс 12 303 768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “...” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Өмнөговь аймгийн Даланзадгадад суманд байрлах БОЭТ-ийн Халдвартын эмнэлгийн их засварын ажлыг хийж байхад нэмэлтээр ажил гарч ирсэн бөгөөд захиалагч талд танилцуулж 2017- 08-р сарын 01-нд нэмэлт ажлын гэрээ байгуулж ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн 2017-08-16-нд Улсын комисст хүлээлгэн өгсөн билээ. Гэтэл манайх нэмэлт ажлын гүйцэтгэлийн тайланг 2017-08-16-нд гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл нэмэлт ажлын гэрээнд тусгагдсан 12,303,768 төгрөгийг Өмнөговь аймгийн ЗДТГазараас манай компанид шилжүүлж өгөөгүй байна.
Иймд Халдвартын эмнэлгийн их засварын ажлыг нэмэлт гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 12,303,768 төгрөгийг Ө.З-с гаргуулж “...” ХХК-д олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх бол тухайн үед нэмэлт ажил гарсныг танилцуулаад хоёр тал харилцан зөвшилцөөд нэмэлт ажлыг хийсэн. Нэмэлт ажлыг хийгээд комисс ажиллуулаад ажлаа хүлээлгэж өгөөд санхүүжилтээ хүссэн боловч санхүүжилт олгогдоогүй. Яамны санхүүжилт байсан, яам санхүүжилтээ буцааж татсан учраас олгоогүй. Анх манайх тендерт гэрээгээрээ 82 000 000 төгрөгийн ажил хийхээр гэрээ байгуулаад 82 000 000 төгрөгийн ажлаа хийгээд явж байсан. 82 000 000 төгрөгийн ажилд дээврийн ажил, шалны ажил, гадна, дотор засал, хаалга цонхны ажил болон бусад ажлууд орж байсан. Гэтэл яг бид засварлаад явж байх явцад цахилгаан, сантехникийн асуудал гарч ирсэн учраас бид цаашид энэ ажлыг хийх боломжгүй боллоо гэдгийг эрх бүхий байгууллагад тавьснаар нэмэлт гэрээ байгуулагдсан. Бидний тухайн ажлыг гүйцэтгэх явцад хийгдэх шаардлагатай ажил нь Халдвартын эмнэлгийн цахилгааны, сантехникийн ажил байсан. Мөн дотор талд нь үүнтэй холбоотойгоор хаалга цонхны ажил орж ирсэн. Цахилгааны ажилтай холбогдуулаад заслын ажил орж ирсэн. Ингээд ийм ажлуудыг хийх шаардлагатай байна гэдгийг хоёр байгууллага хоорондоо харилцан тохиролцоод Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас ажлыг зогсоох боломжгүй, цааш үргэлжлүүлээд хий, манайх санхүүжилтийг олгоно гэснээс үүдэн нэмэлт гэрээ байгуулаад бид Халдвартын эмнэлгийн цахилгааны болон сантехникийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Ингээд 12 303 768 төгрөгийн гэрээ байгуулаад ажлыг хийж гүйцэтгэсэн гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар захиалагч тал нь ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал нь “....” ХХК юм. 2017 оны 06 дугаар сараас Өмнөговь аймгийн Халдвартын эмнэлгийн барилгын их засварын ажлыг хийж эхэлсэн. Ингээд 2017 оны 06 дугаар сард гэрээ байгуулаад ажлаа гүйцэтгэж байх явцад нэмэлт ажил гарч ирсэн учир дахин 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр захиалагч тал гүйцэтгэгч тал хамтран ажил байдлаа үзээд нэмэлт гэрээг байгуулсан. Нэмэлт гэрээний дагуу хийх ажлаа нэмж хийгээд их засварын ажлаа дуусгаад 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлын комисс байгуулаад ажлаа хүлээлгэж өгсөн байгаа. Халдвартын эмнэлгийн их засварын ажил дууссан гээд ажил хүлээлцэх комиссын хурлын шийдвэрээр ажлыг хүлээж аваад, гарын үсгээ зураад 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хийсэн ажлаа захиалагч талд бүрэн дүүрэн хүлээлгэж өгсөн байгаа. Хэдий тийм боловч 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт ажлын гэрээ байгуулж 12 303 768 төгрөгийн нэмэлт ажил засвар үйлчилгээ хийсэн. Үүнд цахилгаан, сантехник, нэмэлт цонх, хаалга зэрэг ажлын хөлсийг оруулаад 12 303 768 төгрөг болсон байгаа. Энэ мөнгийг өөрсдөөсөө гаргаад хийчихсэн. Ажил хүлээлцсэн акт гарсны дараа Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар эрх шилжүүлсэн хүрээндээ хүлээж аваад мөнгийг шилжүүлж өгнө гэсэн боловч одоог хүртэл шилжүүлж өгөөгүй энэ компанийг хохироож байгаа учраас энэ мөнгийг захиалагч тал болох Ө.З-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулж гаргасан Барилгын засварын ажил гүйцэтгэсний ажлын хөлс 12 303 768 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/35 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Халдвартын эмнэлгийн барилгын их засварын ажлын тендер зарлах эрхийг тус аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсний дагуу тендер зарлаж, тендерт шалгарсан “...” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан юм. Дээрх ажлыг гүйцэтгэхээр төсөвт 112.0 сая төгрөг суусан бөгөөд “...” ХХК-ийн ирүүлсэн саналаар буюу 82 025 122 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээ байгуулагдсан. Гүйцэтгэгч компани засварын ажлыг гүйцэтгэх явцад Мэргэжлийн хяналтын албан шаардлага, эмнэлгийн стандартыг зайлшгүй хангах үүднээс нэмэлт ажил хийх шаардлага гарсны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх заалтыг үндэслэн нэмэлт ажлын төсвийн үнээр буюу 12 303 768 төгрөгөөр ажил гүйцэтгүүлэхээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ӨМ2017/93-1 дугаартай нэмэлт гэрээ байгуулж, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, нэмэлт гэрээний санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг Эрүүл мэндийн сайдад аймгийн Засаг даргын Тамгын газар болон ажил гүйцэтгэсэн Даян байгаль ХХК-аас албан бичгээр хандсан боловч Эрүүл мэндийн яам нь нэмэлт гэрээний санхүүжилтийг уг тендерийн хэмнэгдсэн төсвөөс шийдвэрлэхгүй байсаар төсвийн жил дуусгавар болсон юм. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас хууль, журмын дагуу нэмэлт гэрээ байгуулан тус компаниар ажил гүйцэтгүүлсэн ч Эрүүл мэндийн яам санхүүжилт олгоогүйгээс гүйцэтгэгч компанийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр хохироосон. Аймгийн Засаг даргын Тамгын газрын тухайд дээрх нэмэлт гэрээний төлбөрийг шийдвэрлэх зориулалт бүхий төсөв батлагдаагүй тул компанийн хохирлыг барагдуулах боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд Эрүүл мэндийн сайд Өмнөговь аймгийн Халдвартын эмнэлгийн барилгын их засварт зориулаад 112 000 000 төгрөг төсөвлөсөн байсан. Тухайн жилдээ Эрүүл мэндийн сайдын тушаал гараад Өмнөговь аймгийн Халдвартын эмнэлгийн барилгын засварын ажил гүйцэтгүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, санхүүжүүлэх эрхийг тушаалаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлж ирүүлсэн. Түүний дагуу тендер шалгаруулалтын үр дүнд нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж ажилласан. 82 025 122 төгрөгийн үндсэн гэрээ байгуулаад ажиллаж байх явцад эмнэлгийн байгууллагын стандартыг хангах үүднээс нэмэлт ажил хийх шаардлагатай гэж тухайн үед мэргэжлийн байгууллагууд үзсэн байсан. Тухайлбал мэргэжлийн хяналт газраас албан шаардлага ирсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр захиалагчийн зүгээс нэмэлт гэрээ байгуулсан. Яагаад нэмэлт гэрээ байгуулах эрх захиалагчид байдаг вэ гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх хэсэгт нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол гэсэн заалт байдаг. Энэ заалтын хүрээнд анхны гэрээний 15 хувьд хүрэхгүйгээр буюу 12 303 768 төгрөгийн нэмэлт ажлын гэрээ байгуулаад гүйцэтгэгч компаниар ажлыг гүйцэтгүүлээд 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр улсын комисс хүлээж аваад, ажил хүлээж авсан улсын комиссын акт, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлтэй хамт бусад баримт бичгийг төрийн захиргааны төв байгууллага буюу Эрүүл мэндийн яам руу хүргүүлсэн. Гэвч нэмэлт ажлын гэрээний санхүүжилтийг Эрүүл мэндийн яам олгоогүй юм. Тушаалыг нь харахаар санхүүжүүлэх эрхийг нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн Засаг даргад ирүүлсэн юм шиг мөртөө санхүүжилтийнх нь эрхийг Эрүүл мэндийн яам аваад үлдчихсэн байсан юм байна лээ. Зөвхөн гэрээ байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ийм эрхийг аймаг руу шилжүүлсэн. Аймгаас төрийн захиргааны төв байгууллагатай яаж холбогдсон гэхээр гүйцэтгэгч компанийнхаа гэрээтэй холбоотой бичиг баримтуудыг төрийн сангийн хэлтсээрээ дамжуулаад Эрүүл мэндийн яам руу явуулсан. Тэгээд захиалагчийн эрхийг шилжүүлчихсэн. Аймаг бол захиалагч болчихсон. Энэ захиалагчийн эрхийнхээ хүрээнд нэмэлт гэрээ байгуулчихсан. Гүйцэтгэгч компани хийсэн нь үнэн. Ингээд эргээд Эрүүл мэндийн яам санхүүжилтийг нь олгохгүй болохоор нэг компани хохироод дээрээс нь захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар мөнгө олгохгүй байгаа юм шиг нөхцөл байдал үүсээд байгаа. Үүнээс хойш орон нутгийн төсөвт ч тэр, Эрүүл мэндийн яамны багцад ч тэр нэмэлт гэрээний санхүүжилт болох 12 303 768 төгрөгийг олгохоор санхүүжилт өнөөдрийг хүртэл суугаагүй явж байна. Орон нутгийн төсөвт 2017, 2018, 2019 онд суугаагүй явж байгаа гэсэн үг. Захиалагчийн эрхийн хүрээнд компанитай гэрээ байгуулсан нь үнэн. Гэвч өгөх мөнгө байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...” ХХК нь Ө.З-с Өмнөговь аймгийн халдвартын эмнэлгийн барилгын их засварын нэмэлт ажлын гэрээний төлбөр болох 12 303 768 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь орон нутгийн төсөв болон Эрүүл мэндийн яамны багцад нэмэлт гэрээний санхүүжилт болох 12 303 768 төгрөг суугаагүй, өгөх мөнгө байхгүй гэсэн тайлбарыг гаргаж татгалздаг.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт “Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” гэжээ.
Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/35 дугаартай “эрх шилжүүлэх тухай” тушаалд: ” 1.Эрүүл мэндийн сайдын багцаас 2017 онд төсвийн захирагч нарт эрх шилжүүлэн хэрэгжүүлэх, Их засварын төсөл арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр... хавсралтаар баталсугай. 2.Хавсралтаар батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу зохион байгуулж, тайлагнах /гэрээ байгуулах, цуцлах, хяналт тавих, санхүүжүүлэх/-ыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай” гэжээ.
“...” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн “Халдвартын эмнэлгийн барилгын их засварын ажил”-г өөрийн материалаар гүйцэтгэхээр, Монгол улсын эрүүл мэндийн яам гэрээний нийт үнийг санхүүжүүлэхээр ӨМ2017/93 дугаартай гэрээ байгуулан, улмаар шилжүүлсэн эрхийн хүрээнд тендер шалгаруулалт явагдаж 82 025 122 төгрөгийн төсөвт ажлыг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ гэрээний талаар маргахгүй байна.
Ажил гүйцэтгэгч тал болох “...” ХХК нь Өмнөговь аймгийн “Халдвартын эмнэлгийн барилгын их засварын ажил”-ыг гэрээнд тусгагдсаны дагуу батлагдсан төсөв болох “82 025 122 төгрөг”-т гүйцэтгэж байх явцад гэрээнд тусгагдаагүй нэмэлт засварын ажил хийх шаардлага үүссэний улмаас 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн “Халдвартын эмнэлгийн барилгын их засварын нэмэлт ажил”-ын гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар болон ӨМ2017/93-1 гэрээгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт “ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон” тохиолдолд ажил гүйцэтгэгч, захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэжээ.
“...” ХХК нь Өмнөговь аймгийн “Халдвартын эмнэлгийн барилгын их засварын ажил”-ыг гүйцэтгэж байх явцад цахилгаан, сантехникийн нэмэлт ажил хийх шаардлага бий болж энэ тухай захиалагч талд мэдэгдсэн болох нь түүний “...Бидний тухайн ажлыг гүйцэтгэх явцад хийгдэх шаардлагатай ажил нь Халдвартын эмнэлгийн цахилгааны, сантехникийн ажил байсан. Мөн дотор талд нь үүнтэй холбоотойгоор хаалга цонхны ажил орж ирсэн. Цахилгааны ажилтай холбогдуулаад заслын ажил орж ирсэн. Ингээд ийм ажлуудыг хийх шаардлагатай байна цаашид энэ ажлыг хийх боломжгүй боллоо гэдгийг эрх бүхий байгууллагад тавьснаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас ажлыг зогсоох боломжгүй, цааш үргэлжлүүлээд хий, манайх санхүүжилтийг олгоно гээд нэмэлт гэрээ байгуулагдсан” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймд ажил гүйцэтгэгч тал нэмэлт ажил хийх зайлшгүй шаардлага бий болсон, энэ нь ажлын чанар үр дүнд нөлөөлөхөөр болсон талаар захиалагчид даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн байх тул захиалагч нэмэгдсэн зардлыг хариуцах үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх хэсэгт “Нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэж болохоор заажээ.
Иймд Захиалагч талыг хуульд заасны дагуу дахин тендер шалгаруулалт явуулалгүй эрхийнхээ хүрээнд гүйцэтгэгч талтай шууд гэрээ /ӨМ2017/93-1/ байгуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.” гэж заажээ.
Өмнөговь аймгийн “Халдвартын эмнэлгийн барилгын их засварын /ӨМ2017/93-1/ нэмэлт ажил”-ын гэрээгээр 12 303 768 төгрөгийн нэмэлт засвар буюу цахилгаан, сантехникийн засварыг хийж гүйцэтгэхээр тохиролцсоны дагуу гүйцэтгэгч тал 12 303 768 төгрөгийн нэмэлт засварын ажлыг гүйцэтгэж, захиалагч талд хүлээлгэн өгсөн болох нь Өмнөговь аймаг Халдвартын эмнэлгийн барилгын засварын нэмэлт ажлын гүйцэтгэлийн тайлан, Барилга угсралт, их засварын нэмэлт ажлын гүйцэтгэл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Өмнөговь аймгийн халдвартын эмнэлгийн барилгын их засварын ажлын гүйцэтгэлийг хүлээж авах комиссын хурлын тэмдэглэл болон зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
“Халдвартын эмнэлгийн барилгын их засварын нэмэлт ажил”-ын ӨМ2017/93-1 гэрээнд: 2.Захиалагч нь эрүүл мэндийн сайдын эрх шилжүүлсэн “Өмнөговь аймгийн “Халдвартын эмнэлгийн барилгын их засвар”-ын ... нэмэлт ажлын гэрээ байгуулж, санхүүжүүлэхээр зөвшилцөв” гэсний дагуу нэмэлт засварын ажлын хөлс 12 303 768 төгрөгийг захиалагч тал болох Ө.-с гаргуулах үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.З-аас 12 303 768 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “...” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 813 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.З-аас 211 813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ