| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2019/1708/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 60
Б.Бт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Амаржаргал,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1746 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох эрүүгийн 1906041872353 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
............................, 19.............. оны ........... дугаар сарын ..................-ний өдөр ................. аймгийн ................. хотод төрсөн, ............... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд жолооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт .................. дүүргийн ............... дугаар хороо, ................ ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;
Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өглөө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны орчимд, иргэн Г.Амарсайханг алхаж явахад нь “хүргээд өгье” гэж автомашиндаа суулган хүсэл зоригийнх эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............. овгийн ..............ийн ..................ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б нь бага насны төрсөн охин Б.Халиуны хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-643 тоотод амьдардаг, өрх толгойлсон ганц бие эцэг бөгөөд шүүхээс охин Б.Халиуныг нь асран хамгаалалтгүй үлдээж байгаа нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Мөн Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвд жолоочоор, хорих ял авах хүртлээ ажиллаж байхдаа Хаан банкнаас 11.586.971 төгрөгийн зээл аваад одоо 9.520.666 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралд үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн заалтыг шүүх хэрэглэх боломжтой байсан боловч хэрэглээгүй. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн 3 сая төгрөгийг төлж барагдуулсан байсан, мөн хохирогч Г.Амарсайхан нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтдээ “...миний зүгээс Болдбаатарт ямар нэгэн гомдолгүй болно.” гэсэн хүсэлтүүдийг удаа дараа мэдүүлсээр байтал хэргийн материал танилцуулсан тэмдэглэлийн “...миний зүгээс маш их гомдолтой байна.” гэж бичсэнийг үндэслэн Б.Бт 1 жилийн хорих ял шийтгэсэн нь хохирол төлсөн бодит байдлыг шүүх зориуд орхигдуулж, төлөөгүй мэтээр мушгин тайлбарлаж ялыг хүндрүүлж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Б.Бт анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ялыг тэнсэж өгнө үү.” гэв.
Хохирогч Г.Амарсайхан давж заалдах гомдолтой танилцаад бичгээр гаргасан тайлбартаа: “Б.Бт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хохирогчийн зүгээс хүндэдсэн гэж үзэж байна. Учир нь, миний бие эрүүгийн хэрэгтэй холбогдуулан Б.Баас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдолгүй, хохирол бүрэн барагдсан болно. Б.Б нь бага насны охинтойгоо амьдардаг юм байна. Иймд анхан шатны шүүхийн Б.Бт оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. Миний бие шүүх хуралд биечлэн оролцохгүй болно.” гэжээ.
Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Бын гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэгт ял шийтгэл тохирсон. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Эрүүгийн эрх зүйн зорилго”-д заасан цээрлүүлэх зорилгод нийцэж байна. Анхан шатны шүүхээс 1 жилээс 5 жилийн сонгох санкцийн хүрээнд хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан үзэж, хамгийн хөнгөн буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Өмгөөлөгч хохирогчийг гомдол, саналгүй гэсэн гэж байна. Хохирогчийн зүгээс цагдаагийн байгууллагын дуудсан цагт ирж мэдүүлэг өгөх цаг завгүй байгаа учир “би гомдолгүй” гэсэн тайлбар өгсөн байсан. Түүнээс Б.Бын үйлдэлд гомдолгүй гэсэн тайлбар өгөөгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өглөө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шар хадны орчимд, иргэн Г.Амарсайханг алхаж явахад нь “хүргээд өгье” гэж автомашиндаа суулган хүсэл зоригийнх эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн нь:
хохирогч Г.Амарсайханы “...тэнд очоод шууд суудлаа хойш нь хэвтүүлээд дээр гараад ноцолдоод байсан. Тэгээд миний цүнхийг аваад хойш нь суудал руу авч шидээд платье дээш нь сөхөх гээд нилээн ноцолдсон. Тэгээд миний дээр гарчихаад хамар цээжээрээ дараад надад амьсгалах боломж өгөхгүй дарж байгаад миний дотуур хувцасыг хажуу тийш нь болгож байгаад хийж эхэлсэн. Тэгэхээр нь би “хаалгаа онгойлголдоо би бүтэж үхлээ” гэж хэлсэн чинь хаалгаа онгойлгохоор нь би хойд суудал дээр байсан цүнхээ шүүрээд гарах гэсэн чинь цаад талынхаа суудал дээрээс миний үснээс татаад буцаж оруулж ирээд цүнхийг маань буцааж хойшоо шидээд ахиж миний дээр гараад бэлгэ эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийх гээд байсан. Тэгэхээр нь би хоёр хөлөөрөө хавчаад хийлгэхгүй байсан чинь миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийгээд хоёр хөлний голд бэлэг эрхтэнээ хийгээд хөдлөөд “байж бай л даа, би яг одоо тавих гээд байна” гэж хэлээд пизда чинь тавиулж чадахгүй гээд хараахаар нь би цүнхнээсээ гар утсаа аваад “чи намайг ингэж харааж доромжиллоо” гээд гар утсаараа шүд рүү нь, толгой руу нь цохисон чинь миний өөдөөс “ганцхан тавиулчих л даа хайраа” гэж хэлээд хоёр хөлний завсраар бэлэг эрхтэнээ хийгээд хөдлөөд байсан. ...” /хх 7-9/,
шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед бэлгийн харьцаанд орох гээд жаахан ноцолдсон. Эхлээд бэлгийн харьцаанд орох талаар ярихад зөвшөөрчихөөд бариад авахад дургүйцээд байхаар нь жаахан ноцолдсон юм. ...” /хх 30-31/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8644 дугаартай “Г.Амарсайханд зүүн бугалага, хоёр гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үтрээний арчдас наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна.” /хх 22/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Быг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Бын иргэн Г.Амарсайханг автомашиндаа суулган хүсэл зоригийнх эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байх боловч шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Амаржаргал нь давж заалдах шатны шүүхэд “Б.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргаж, уг гомдолдоо “шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-643 тоотод охин Халиуны хамт өрх толгойлон амьдардаг” гэх тодорхойлолт /хх 100/, охин Б.Халиуны төрсний гэрчилгээний хуулбар /хх 101/, зээлийн гэрээний хуулбар /хх 102-104/ зэргийг хавсаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргалын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний гэр бүлийн болон хувийн байдал, хохирогч Г.Амарсайханы тус шүүхэд бичгээр гаргасан “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хохирогчийн зүгээс хүндэдсэн гэж үзэж байна. ...нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдолгүй, хохирол бүрэн барагдсан. ...” /хх 108/ гэх тайлбар зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзэв.
Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг тус тус оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хэтэрхий ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн байх бөгөөд шийтгэх тогтоолын бичвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байх ёстойг анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1746 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Быг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт 52 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Быг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ