Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2025/0515

 

 

 

 

 

Г.Т, С.О нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн 

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.Т, С.О 

Хариуцагч: Дг аймгийн С сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/259 дүгээр захирамжийн Г.Т, С.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар шийдвэр,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 115/2025/0003/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр: 

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Т, С.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дг аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/259 дүгээр захирамжийн хавсралтын 145, 148 дугаарт байгаа нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 

2.1. “...Маргаан бүхий захиргааны акт С сумын Засаг даргын 2023 оны А/259 дүгээр захирамжаар 149 иргэний газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт "Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны... төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно" гэж заасны дагуу хариуцагч захирамжийг 2023 оны 09 дүгээр сарын 13 ны өдрийн 01/1230 тоот албан бичгээр "Дм" ХХК -д хүргүүлж, орон нутгийн DTV телевизээр 7 хоногийн хугацаанд өдөрт 4 удаа зурган хэлбэрээр болон текстээр уншиж нэвтрүүлэх байдлаар мэдэгдсэн. Энэ бичгийн нотлох баримт нь захиргааны актыг албан ёсоор хуульд заасан журмаар мэдэгдсэн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах, гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гомдол гаргах хуулийн хугацааг тооцож эхлэх нотлох баримт, нотолгоо болно.

2.2.Нэг.С сумын Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэж шүүхэд гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг нэхэмжлэгч нар хэтрүүлсэн.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт "Эрхийн гэрчилгээ эзэмшигч нь... Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан

өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж шууд шүүхэд хандахаар хуульчилсан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт "Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" заасан.

Захиргааны актыг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэж, Газрын тухай хуулиар тусгайлан тогтоосон шүүхэд гомдол гаргах хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дууссан ба нэхэмжлэгч нар 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан үйл баримтаар шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн нь нотлогдож байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.8-д заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байна.

2.3.Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж заасан.

Захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө дээд шатны засаг даргад гомдол гаргах байсан. Гэтэл Дг аймгийн Засаг даргад 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан цаг хугацаанаас тооцоход хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, захиргааны урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах хуулийн зохицуулалт үйлчлэхгүй болсон.

Дээр дурдсан цаг хугацааны тооцоолол, үйл баримтаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэсэн нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

Захиргааны урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа нь иргэн захиргааны актыг хянуулахаар гомдол гаргаж, эрх бүхий этгээд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар хэрэгждэг. Дээрх нөхцөл байдлууд, үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд:

 

- Захиргааны актын талаар дээд шатны засаг даргад гомдол гаргах хуулийн хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтэрсэн.

- Гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрснээс захиргааны урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах хуулийн зохицуулалт үйлчлэхгүй болсон.

- Эрх бүхий захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь Дг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот албан бичиг, түүний хавсралт баримтуудаар тогтоогдож байгаа. Уг бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэлд хамааралгүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.3-т заасан "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байна.

Гурав. Маргаан бүхий захиргааны актаар 149 иргэний газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, захирамжид эзэмшигч бүрт тухайлан үндэслэл заах боломжгүй тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зүйл, хэсэг, заалт, гэрээний нөхцөлийг нийтлэг байдлаар үндэслэх хэсэгт баримталсан.

Нэхэмжлэгч нарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6-д заасан "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй", мөн гэрээний 5.3е "Хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тохиолдолд газар эзэмших гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах", 5.3е "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах", 6.4 дэх "Гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: Эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмшээгүй ... тохиолдолд эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч газар дээрх эд хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ" гэсэн заалт, нөхцөлүүдэд хамаарах үндэслэл тогтоогдсон.

С сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 09 ний өдрийн А/183 дугаар захирамжаар Г.Тт, 2020 оны 10 дугаар сарын 26 ны өдрийн А/284 дүгээр захирамжаар С.Од газар эзэмших эрх үүссэн. Эрх үүссэнээс 3 жил 2 сарын хугацаа өнгөрсний дараа Г.Тын, 2 жил 10 сарын хугацаа өнгөрсний дараа С.Огийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Эзэмшлийн газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй хугацааны сүүлийн 1 жил 7 сар гаруй нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн хүндэтгэх шалтгааны улмаас газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэх хуулийн үндэслэл арилж ердийн нөхцөлд шилжсэн, гэрээнд заасан зориулалтаар газрыг эзэмших хангалттай хугацаа тул хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзсэн байна. Энэ үндэслэлээр хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг захиргааны акт гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээр тодорхойлоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллагад гомдол гаргах хугацаануудыг нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй байхад холбогдох хуулиудаар тогтоосон нэхэмжлэл, гомдол гаргах хугацааг тодорхойлсон журмыг зөрчин шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хууль бус шийдвэр гэж үзэж байна.” гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Г.Т, С.О нараас Дг аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан “Дг аймгийн С сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/259 дүгээр захирамжийн хавсралт 145, 148 дугаарт байгаа нэхэмжлэгч Г.Т, С.О нарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

2.Нэхэмжлэгч Г.Т нь Дг аймгийн С сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/183 дугаар захирамжаар Дг аймгийн С сумын 7-р баг, Н-19 дүгээр гудамжны ****тоот хаягтай 700 м.кв газрыг, С.О нь С сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/284 дүгээр захирамжаар Дг аймгийн С сумын 7-р баг, Н-19 дүгээр гудамжны **** тоот хаягтай 700 м.кв газрыг тус тус “гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар” 25 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

3.Г.Тт эрхийн улсын бүртгэлийн Э-071300**** дугаар бүхий, С.Од эрхийн улсын бүртгэлийн Э-07100**** дугаар бүхий “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус олгож, Г.Т, С.О нартай 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ.

4.Маргаан бүхий Дг аймгийн С сумын Засаг даргын 2023 оны А/259 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарыг газар эзэмших эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмшүүлэх гэрээний болзол нөхцөл”-ийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэсэн. 

5.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу аливаа захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор байтал хариуцагч С сумын Засаг даргаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгохын өмнө сонсох ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “...сонсох ажиллагаа явуулаагүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.

6.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээг олгохоор зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь Дг аймгийн Газрын албатай 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ”-г байгуулж, мөн өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байх тул тус өдрөөс нэхэмжлэгч нарт газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрх үүссэн. 

7.Гэтэл нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүссэнээс 2 жил 6 сарын дараа эрхийн гэрчилгээг хариуцагч захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар “...газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосныг анхан шатны шүүх “...2 жил 6 сараас хүндэтгэн үзэх шалтгаантай 11 сарын хугацааг хасахад нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлснээс хойш 1 жил 7 сарын дараа ...газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

8.Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2025 оны 19 дүгээр тогтоолоор “... Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалсан нийтэд илэрхий үйл баримт тохиолдсон. Уг хөл хорионы улмаас ихэнх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23, 2023 оны 60, 72, 2024 оны 76, 93, 96 зэрэг тогтоолуудаар энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарна.” гэх тайлбар, дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч нарын газар эзэмших хугацаанаас 11 сарыг хасаж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

9.Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “...ердийн нөхцөлд шилжсэн, гэрээнд заасан зориулалтаар газрыг эзэмших хангалттай хугацаа тул хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна. Энэ үндэслэлээр хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг захиргааны акт гаргахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээр тодорхойлоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй болно” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

10.Түүнчлэн, Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг “газар эзэмших эрхийн гэрчилгээний төрөл, гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзол”-оор нь ялгаатай тайлбарлах зүйтэй, “гэр бүлийн хэрэгцээний газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах зарчимтай зөрчилдөхийн зэрэгцээ иргэдийн газар эзэмших эрхийг дэмжих, түүний хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах хуулийн зорилгод нийцэхгүй.” гэж дүгнэсэн.

11.Иймд Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт дурдсанаар хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Т, С.О нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуулийн зорилго, агуулгад нийцэхгүй байгааг мөн дурдах нь зүйтэй. 

12.Мөн нэхэмжлэгч нар нь “...маргаан бүхий 2023 оны А/259 дугаар захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн бөгөөд тухайн өдрөө гардаж аваад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны засаг даргад гомдлоо гаргахад гомдлын хариуг Дг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр албан бичгээр ирүүлсэн” гэж тайлбарлаж байх бөгөөд маргаан бүхий захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 2023 оны А/259 дугаар захирамжийн урд болон ар талд дарсан Дг аймгийн С сумын Засаг даргын тамгын газрын “Хуулбар үнэн” дардсаар тогтоогдож байна. 

13.Иймээс Дг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 986 дугаар албан бичгээр хариу хүргүүлснээр нэхэмжлэгч нар нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН 

 

 

   ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА 

 

 

   ШҮҮГЧ                                                         А.САРАНГЭРЭЛ