Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/03147

 

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/03147

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Зоос гоёл ХК-ийн байр, 0 тоот хаягт байрлах А.К ББСБ ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух Х овогт Д-ийн Л /РД: 0000000/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 183,843,948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Д.Л шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.К ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Д.Л нь манай байгууллагатай нийт 4 удаагийн буюу 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр D/500/160413 дугаартай зээлийн гэрээ байгуулж сарын 5 хувийн хүүтэй 40,550,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр А/443/170205 дугаартай зээлийн гэрээ байгуулж, сарын 5.4 хувийн хүүтэйгээр 6,785,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр А/549/171105 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5 хувийн хүүтэй, 4,058,300 төгрөгийг 15 сарын хугацаатай, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр А/539/180412 дугаартай зээлийн гэрээ байгуулж, сарын 5.3 хувийн хүүтэй, 8,763,700 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаанд 2011 онд үйлдвэрлэгдсэн 97-55 УНР улсын дугаартай Ниссан патрол загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан. Хариуцагч Д.Л нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд Д.Л-аас зээлийн гэрээнүүдийн үүрэгт 183,843,948 төгрөг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд гэрээнүүдийг тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хамгийн анх хариуцагч Д.Л нь 2015 оны 10 дугаар сарын 13-нд D/500/151013 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар авсан, энэ зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй гэрээний хугацаа дууссан тул бид хүү, алдангийг тооцож дахин 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр D/500/160413 дугаартай зээлийн гэрээ байгуулж сарын 5 хувийн хүүтэй 40,550,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар,

 

Мөн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 5,000,000 төгрөгийг 5.4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай А443/160805 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан, мөн энэ гэрээний хугацаанд нэг төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги төлөөгүй гэрээний хугацаа дууссан тул хүү, алдангийг тооцож 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр А/443/170205 дугаартай зээлийн гэрээ байгуулж, сарын 5.4 хувийн хүүтэйгээр 6,785,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар,

 

Мөн 2017 оны 4 дүгээр сарын 12-нд мөн 5,000,000 төгрөгийг 5.3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай А539/170412 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан, мөн энэ гэрээний хугацаанд нэг ч төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги төлөөгүй гэрээний хугацаа дууссан тул хүү, алдангийг тооцож 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр А/539/180412 дугаартай зээлийн гэрээ дахин байгуулж, сарын 5.3 хувийн хүүтэй, 8,763,700 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар,

 

Мөн 2017 оны 5 дугаар сарын 5-нд 3,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай А549/170505 дугаартай зээлийн гэрээ байгуулж авсан, мөн энэ гэрээний хугацаанд нэг ч төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги төлөөгүй гэрээний хугацаа дууссан тул хүү, алдангийг тооцож 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр А/549/171105 дугаартай зээлийн гэрээ дахин байгуулж, 5 хувийн хүүтэй, 4,058,300 төгрөгийг 15 сарын хугацаатай зээлийн гэрээг тус тус байгуулсан. Нийтдээ 4 удаагийн үйлдлээр 43,000,000 төгрөгийн зээл олгосон. Ингээд анхны хийгдсэн гэрээнүүдийн үүрэг хангагдаагүй, хугацаа нь дууссан. Гэрээний хугацаа дууссан өдөр нь Лхагвадаш гэдэг хүнтэй уулзаад, тооцоо нийлээд гэрээг сунгасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Д.Л-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би нэг ч төгрөг аваагүй. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлтэй холбоотойгоор би өмнөх шүүх хурал дээр нотлох баримт гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 13-ны гэрээтэй холбооотой 40,500,000 төгрөгийн баримт гаргаагүй, мөн 6,785,000 төгрөг авсан гэсэн баримт байхгүй, мөн 2017 оны 11 дүгээр сарын 5-ны 4,050,000 төгрөг авсан гэсэн баримт бас байхгүй. 2018 оны 4 дүгээр сарын 12-нд мөн мөнгө авсан гэсэн баримт гаргаж өгөөгүй. Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, Иргэний хуулинд ч байдаг. Зээлийн гэрээ гэдэг бол зээлдэгч зээлийг хүлээн авснаас хойш зээлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн заалттай. Нэхэмжлэгч талаас өмнөх 2015 оны гэрээний талаар ярьж байна. 2015 оны гэрээний тухай шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл дээр ямар нэгэн тогтсон зүйл байхгүй. Зарим нь төлөгдсөн, зарим нь төлөгдөөгүй байгаа. Би энэ талаар одоохондоо нэхэмжлэл дээр дурьдаагүй тул тайлбарлах боломжгүй. Иймд нэхэмжилж байгаа 4 гэрээнүүд хүчин төгөлдөр биш тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.К ББСБ ХХК нь хариуцагч Д.Л-д холбогдуулан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 183,843,948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Д.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ ... Би нэг ч төгрөг аваагүй. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны гэрээтэй холбооотой 40,500,000 төгрөгийн баримт, мөн 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 6,785,000 төгрөг авсан гэсэн баримт, 2017 оны 11 дүгээр сарын 5-ны 4,050,000 төгрөг авсан гэсэн баримт, 2018 оны 4 дүгээр сарын 12-нд 8,763,700 төгрөг авсан гэсэн баримт гаргаж өгөөгүй. Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, Иргэний хуулинд ч Зээлийн гэрээ гэдэг бол зээлдэгч зээлийг хүлээн авснаас хойш зээлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн заалттай. Нэхэмжлэгч талаас өмнөх 2015 оны гэрээний талаар ярьж байна. 2015 оны гэрээний тухай шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл дээр ямар нэгэн тогтсон зүйл байхгүй. Зарим төлөгдсөн, зарим нь төлөгдөөгүй байгаа. Би энэ талаар одоохондоо нэхэмжлэл дээр дурьдаагүй тул тайлбарлах боломжгүй гэж маргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч А.К ББСБ ХХК, хариуцагч Д.Л нарын хооронд 2015 оноос 2017 оны хооронд байгуулагдсан 8 удаагийн зээлийн гэрээг нэхэмжлэгч хэрэгт гаргаж өгчээ, гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 4 удаагийн зээлийн гэрээгээр 43,000,000 төгрөгийг олгосон болох нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн D/500/151013 дугаартай, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн А443/160805 дугаартай, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А539/170412 дугаартай, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А549/170505 дугаартай зээлийн гэрээнүүд, А.К ББСБ ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1,400,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 1,850,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1,000,000 төгрөг бэлнээр олгосон тухай Бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.К ББСБ ХХК нь хариуцагч Д.Л-тай 2015 оны 10 дугаар сарын 13-нд D/500/151013 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар, мөн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр А443/160805 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 5.4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, мөн 2017 оны 4 дүгээр сарын 12-нд А539/170412 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 5.3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, мөн 2017 оны 5 дугаар сарын 5-нд А539/170412 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдүүлсэн ба гэрээний хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд тус тус сунгасан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2.1-д 5 хувийн хүүтэй, мөн 1.2.1-д 5.4 хувийн хүүтэй, 1.2.1-д 5 хувийн хүүтэй, 1.2.1-д 5.3 хувийн хүүтэй гэж тус тус заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээнүүдийн 1.4.5-д Зээлдэгч гэрээний 1.4.1 дэх заалтыг зөрчсөн өдрөөс эхлэн үндсэн хүүгийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч А.К ББСБ ХХК нь гэрээний эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Эхний зээлийн гэрээ буюу 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, түүнийг сунгасан гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлийн хүүнд /30,000,000 төгрөг : 5 хувь = 1,500,000 төгрөг, 1,500,000 төгрөг х 46 сар = 69,000,000 төгрөг/ 69,000,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд /үндсэн хүүгийн 20 хувь/ 13,800,000 төгрөг, нийт 112,800,000 төгрөгийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү,

 

2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн гэрээ, түүнийг сунгасан гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлийн хүүнд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл /5,000,000 төгрөг : 5.4 хувь = 270,000 төгрөг, 270,000 төгрөг х 36 сар = 9,720,000 төгрөг/ 9,720,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд /үндсэн хүүгийн 20 хувь/ 1,944,000 төгрөг, нийт 16,664,000 төгрөгийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү,

 

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, түүнийг сунгасан хугацаа 2019 оны 2 дугаар сарын 5-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл /5,000,000 төгрөг : 5.3 хувь = 265,000 төгрөг, 265,000 х 28 сар = 7,420,000 төгрөг/ 7,420,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд /үндсэн хүүгийн 20 хувь/ 1,484,000 төгрөг, нийт 13,904,000 төгрөгийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү,

 

2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн гэрээ, түүнийг сунгасан хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл /3,000,000 төгрөг : 5 хувь = 150,000 төгрөг, 150,000 төгрөг х 27 сар = 4,050,000/ 4,050,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд /үндсэн хүүгийн 20 хувь/ 810,000 төгрөг, нийт 7,860,000 төгрөгийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4 удаагийн зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 185,028,000 төгрөг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэгч дээрх гэрээнүүдийн төлбөрт 183,843,948 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд хариуцагч Д.Л-аас 183,843,948 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.К ББСБ ХХК-д олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Д.Л-аас 183,843,948 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.К ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,077,169.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,077,169.74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР