| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2015/04310/И |
| Дугаар | 102/ШШ2019/02986 |
| Огноо | 2019-11-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, Хариуцагчийг татан буулгах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2019/02986
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хариуцагч: У ХХК-ний хүсэлттэй дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ХИТөлөөлөгч Э.З, нэхэмжлэгч Л ХХК-ийн захирал Д.Э, Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Д.М, Ж.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, М ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, нэхэмжлэгч Б.У , Ө.Э, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дунгаржид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ХХК нь 2003 онд байгуулагдаж Япон улсаас автомашиныг оруулж худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байсан. 2011 оноос үйл ажиллагаагаа өргөтгөх зорилготойгоор БНСУлсын иргэн Ки , иргэн н.О нартай хамтарч мод тарих, ойжуулах төслийг хэрэгжүүлэхээр компанийн болон өөрт байгаа эд хөрөнгүүдээ худалдаж 650 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Харамсалтай нь оруулсан хөрөнгийг эдгээр хүмүүс хууран мэхэлж захиран зарцуулсны улмаас Укасан компанийг төлбөрийн чадваргүй болгох эх үүсвэрийг тавьсан. У ХХК нь 2012 оноос хэвийн үйл ажиллагаа нь доголдож иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас авсан зээл, шүүхийн шийдвэр, захирамжтай 881 375 525.74 төгрөгийн өр төлбөрийг төлж чадахгүй болсон тул дампуурсанд тооцож татан буулгахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Эдгээр хүмүүсээс зээл авч ажиллагаагаа тогтворжуулах гэсэн боловч зах зээлийн хямралаас болоод хэрэглэгчдийн худалдан авах чадвар муудсанаар авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Иймд У ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани автомашин тээвэрлэдэг. У ХХК-иас 24 000 ам.долларын авлагатай байснаас 4000 ам.долларыг төлж, автомашинаа барьцаанд тавьсан. Иймд тээврийн хөлсөнд 37 360 204 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани У ХХК-тай 2012 оны 6-р сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлээ төлөөгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаар захирамжаар 39 150 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ төлбөрөө барагдуулаагүй тул 39 150 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд У ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөг зээлүүлсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3433 дугаар шийдвэрээр 21 895 950 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иймд У ХХК-иас 21 895 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ХХК болон Ц.У-тай 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцаат зээлийн 17800000211 тоот гэрээ байгуулж, 214 000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Ц.У өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-227 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо,4 өрөө орон сууц, У ХХК-ийн өмчлөлийн эргэлтийн хөрөнгөд байгаа автомашинууд, Ж.Б-ийн өмчлөлийн Ү-28 дугаартай Баянзүрх дүүргийн 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн 36 тоот 5 м.кв автомашины зогсоол, Ү-2202003366 дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 44 м.кв 4 өрөө орон сууц тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд зээлдэгч нар төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байсан учраас шүүхэд хандсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3621 дугаар шүүгчийн захирамжаар 308 848 719,74 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр гүйцэтгэлийн үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ захирамж гарсанаас хойш 30 000 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөгдөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.Б-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэрийг хангуулах эрхтэй. Өмнө гарсан шүүгчийн захирамжаар 308 848 719,74 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ж.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, харин Ц.У гэх хүний хоорондын тооцоо яригддаг. Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар 308,848,719,74 төгрөгийг У ХХК авсан, Ж.Б-ийн өмчлөлийн 3 хөрөнгийг барьцаалсан байсан. Тус шүүхэд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр У- ХХК-ийн зээлийн өр төлбөрөөс барьцаа хөрөнгийг суллуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ХХК болон Ц.У нар нь А ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 3492 тоот зээлийн гэрээ байгуулж 6 000 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 19 300 000 төгрөгийг тус тус зээлсэн. Үүнээс өмнө 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөгийг зээлсэн байсан. У ХХК-ийн Капитрон банкинд дахь 473 тоот төгрөгийн данс руу шилжүүлсэн. Ингээд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 1 800 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, компанийн олох ёстой байсан орлого 28 880 000 төгрөг нийт 75 680 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3739 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1226 дугаар магадлал гарч хариуцагч У ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 36 366 480 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 724 төгрөг, нийт 36 706 204 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингээд энэ зээлийг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад дампуурлын хэрэг үүсгэсэн гэх үндэслэлээр ажиллагаа хийгдээгүй. Иймд хариуцагчаас 36 706 204 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ХХК-тай 2012 онд тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. 2013 оны 11-р сарын хөлсөө төлөөгүй автомашины бичиг баримт тавьсан, 12 дугаар сарын төлбөрөө төлж чадахгүй, 2 байрыг зараад төлбөрөө өгнө гэсэн. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй болохоор шүүхэд хандаж, эвлэрлийн гэрээгээр тээврийн хөлс 54 969 410 төгрөгийг төлж барагдуулахаар шүүгчийн захирамж гарсан. Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх явцад барьцаанд тавьсан автомашиныг бичиг баримт нь эх хувиараа байхад хуурамч баримт бичиг үйлдэж, зарсан байсан. Эрүүгийн хэргээр шалгуулахаар хүсэлт өгсөн боловч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ хооронд У ХХК төлбөрийн чадваргүй болж, дампуурсанд тооцуулахаар шүүхэд хандсан. Гаалийн Ерөнхий газраас тухайн үед манай компаниар ачаа тээвэрлүүлсэн автомашинтай холбоотой лавлагааг гаргуулсан. Хэрэгт авагдсан санхүүгийн баримт дотроос харахад автомашины орлого, зарлагын баримт олсонгүй. Адилхан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, эдийн засгийн хараат орчин, компанийн менежментийн буруу үйл ажиллагаанаас болж, мэдээжийн зүйл дээр алдаа гаргаж, төлбөрийн чадваргүй болсон гэж үзсэн байна. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд өөрсдийнх нь гаргаж өгсөн бичиг баримтаар дүгнэлт гаргаж төлбөрийн чадваргүй гэж үзсэнийг буруутгах юм байхгүй. Хэрэгт авагдаагүй баримтын хувьд яах вэ, өмнө нь шүүхийн шийдвэрээр гарчихсан баримт нь хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудад дурьдагдаагүй. Энэ жишээгээр маш олон нуугдмал хөрөнгө байх боломжтой үзэж байна. Хэрэв тухайн баримтаар төлбөрийн чадваргүйд тооцож байгаа бол санаатайгаар дампууруулсан гэж үзэж байгаа. Хэрэв санаатайгаар төлбөрийн чадваргүй болгосон, дампуурсан бол Эрүүгийн хуулийн 164 дүгээр зүйлд зааснаар явах ёстой байх. Иймд санаатайгаар төлбөрийн чадваргүй болгож, дампууруулж байгаа тул нэхэмжлэлийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Би У ХХК-тай харьцаж байгаагүй, харин Ц.У-тай харьцдаг байсан. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ц.У надад нэг машины зураг үзүүлж, энэ автомашиныг 58 сая төгрөгөөр худалдаж авах уу гэж санал болгосон. Тэгээд 49 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 9 сая төгрөгийг 5 сард машин ирэхээр төлж барагдуулахаар тохиролцсон. Ингээд 5 дугаар сарын 01-ний өдөр мөнгө хэрэгтэй байна 2 сая төгрөг нэмж өгөөч гэхээр нь би машинаа авахдаа 2 сая төгрөг нэмж өгье гэсэн. Хэд хоногийн дараа над руу утастаад 1 сая төгрөгөөр буулгая гээд /тухайн үеийн ханшаар 1 юань 2860 төгрөг/ 10,000 юань өгсөн. Дахин 5 дугаар сарын 05-ны өдөр утасдаж 2 500 000 төгрөг өгөөч гэхээр нь нягтлангийнх нь 5094203233 тоот данс руу шилжүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гааль дээр машин чинь ирсэн, би төрөх гээд эмнэлэгт хэвтэж байна, 10 сая төгрөг өгөөч гэхээр нь Л ХХК-ийн ХХБанкны дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Машины үнэ 58 сая төгрөг байсныг 56 сая төгрөг болгон тохиролцож, бэлнээр 63 500 000 төгрөг авсан. Үүнээс илүү төлөлт 7 500 000 төгрөгийг буцааж өгөөгүй. Би өөрөө гааль дээр очиж автомашинаа авсан. Ингээд 2014 оны 12 сард Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан 12 дугаар сарын 17-ны өдрийн 6198 дугаар шүүгчийн захирамж гарсан. Захирамжаар мөнгийг 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч 7 500 000 төгрөгөө өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжүүлэх хугацаанд шүүхэд дампуурлын хэрэг үүссэн байсан. Шүүхээс У ХХК гэж гарсан боловч би Ц.У-аас энэ мөнгөө нэхэмжилж байна. Компанийг санаатайгаар дампууруулж байна гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжаар гарсан 7 567 470 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанитай холбоотой шүүхийн шийдвэр байхгүй. 2001 оноос хойш У ХХК-тай Япон улсаас автомашин Монгол Улсад оруулж ирэхэд тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлдэг байсан. 2011 оны 3 сараас төлбөр үүссэн. 2013 оны 12 сар хүртэл нийт 306 255.5 ам.долларын тээврийн үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс дотоод үйлчилгээний зардал нь 3 323 500 төгрөг болсон. Энэ хугацаанд 284 456.5 ам.долларыг хэсэгчлэн төлсөн. Үлдэгдэх тээврийн хөлс 22 300 ам.доллар, дотоод үйлчилгээний зардал 3 323 500 төгрөгөөс 270 000 төгрөгийг төлж, 3 053 500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. У ХХК-ийн захирлын гарын үсэг, тамга бүхий албан бичигт 2013 оны 12 дугаар сарын 30-ны дотор тээврийн хөлс 27 794 ам.доллар, дотоод үйлчилгээний зардал 2 784 500 төгрөг, хадгалалтын хөлс 269 000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн. Үүнээс хойш 2 удаа төлбөр хийгдсэн, үүнийг оруулсан тооцсон. 2015 оны 9 сард тус шүүхэд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Ж компанид үйл ажиллагаа явуулж байсан У ХХК-ийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. У ХХК-ийн төлөөлөгч улсын бүртгэлд хаяг хэвээрээ гэж байгаа боловч шүүгчийн захирамжаар бүртгэлгүй байгаа гэсэн. Хэрвээ хаягаа өөрчилсөн бол Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу мэдээллийн санд оруулсан байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь төлбөр төлөхөөс зайлсхийх арга хайж байсан нь харагдаж байна. 22 300 ам.долларыг одоогийн Монгол банкны долларын ханшаар 1 ам.доллар 2 702.87 төгрөг тооцоход 60 274 001 төгрөг, дотоод үйлчилгээний зардал 3 053 500 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11341 дугаар шүүгчийн захирамжаар У ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээ гаргалаа. Дүгнэлтийг шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нар танилцуулсан. У ХХК нь улсын бүртгэлийн 9011196061 тоот гэрчилгээтэй, 2781239 тоот регистртэй, УБ хот Баянгол дүүргийн 3 дугаар хороо, байрлаж ажиллахаар 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1 гишүүнтэйгээр, автомашины засвар үйлчилгээ, автомашины сэлбэгийн худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 33 900 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Улсын бүртгэлд оруулсан 2009 оны 6 дугаар сарын 03-ны нэмэлт өөрчлөлтөөр гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.У байна. Дүрмийн санг 33 900 000 төгрөг, эзлэх хувь 100%. У ХХК нь төлбөрийн чадварын, санхүүгийн тогтвортой байдлын, дампуурлын зэрэг үзүүлэлтээр дүгнэлт гаргасан. Тус шүүхэд ирүүлсэн У ХХК-ийн санхүүгийн тайланд бусдад төлөх 1 366 593 200 төгрөгийн өрийг бүхэлд нь тусгаагүй байх ба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд У ХХК нь 548 839 401.74 төгрөгийн өртэй гэж дурьдсан байна. Улсын дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1 дэх хэсэгт хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан бүхэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино гэж заасны дагуу санхүүгийн шинжээчээр ажилласан Ю ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ШД-01 дүгнэлтэд тусгагдсан өр төлбөрийн дүнг өөрийн хөрөнгөтэй нь харьцуулж үзвэл У ХХК нь өөрийн хөрөнгийн -673.89 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй гарлаа. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Шүүхэд ирүүлсэн санхүүгийн тайлангуудад нь төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд У ХХК нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болсон байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 32029 дугаар захирмжаар У ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаанаа У ХХК-ийн удирдлага Чогсулфловер ХХК-д 650 000 000 төгрөгийг хуурч мэхлэгдэн хөрөнгө оруулалт хийснээс санхүүгийн эрсдэлд орох үндсэн шалтгаан болсон гэж тайлбарладаг. Тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгч миний зүгээс дараах нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ.
1. У ХХК нь гадаад худалдаа, худалдаа зуучлал, автомашины засвар үйлчилгээ, автомашины сэлбэгийн худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа Япон улсаас хуучин автомашин импортоор оруулж ирэх, худалдах чиглэлээс өөр үйл ажиллагаа явуулаагүй байна. Бусдаас их хэмжээний зээл болон ажил үйлчилгээг зээлээр авдаг, зээлийг зээлээр төлдөг, зээлийн төлбөрийг цаг тухайд гүйцэтгэхгүй, зориулалтын дагуу ашигладаггүй зэрэг санхүүгийн бодлого, санхүүгийн сахилга бат дутагдсанаас их хэмжээний зээлийн өр төлбөрт орж үйл ажиллагаа нь доголдсон байна.
2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчиж үйл ажиллагааны зарлага, орлогыг дутуу бүртгэдэг, санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлдэггүйгээс бусдаас авах авлагаа бүрэн авч чаддаггүй санхүүгийн сахилга батгүй байсан, өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдолж, санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөл алдагдуулж, цааш
ид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.
Удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлтэд У ХХК-ийн удирдлага нь аж ахуйн харилцан авч явах удирдлагын ур чадвар дутсан, санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөлд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна гэж үзлээ.
Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах хөрөнгийн талаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 19013 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 21865 дугаар захирамжаар шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар Укасан ХХК-д дараахь хуваарилагдах эд хөрөнгө тогтоогдсон болно. Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 12 тоот болон 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 22 тоот албан бичгүүдээр УБЛ76-82, УБИ80-43, УБС30-77, УБС 30-79, УБС30-96, УБЦ12-56, УНБ37-58, УБН89-03, УБО49-22 дугаартай нийт 9ш автомашин, Арилжааны банкнуудаас ирсэн лавлагааны баримтаар Укасан ХХК-ийн арилжааны банкууд дахь харилцан дансны үлдэгдэл Голомт банкны 1 тоот валютын дансанд 23,96, 4 тоот төгрөгийн дансанд 14,410.71 төгрөг, Капитрон банкны 8 тоот төгрөгийн дансанд 175,460.71 төгрөг, ХААН банкны 5003497570 тоот төгрөгийн дансанд 15,577 төгрөг, Төрийн банкны 100000185255 тоот төгрөгийн дансанд 20,754.01 төгрөг, Хас банкны 5000225703 тоот төгрөгийн дансанд 15,231.88 төгрөг, бусад арилжааны банк дахь харилцах дансанд үлдэгдэл 0 төгрөг байна. Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, эдгээр данснуудыг шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байгаа.
У ХХК нь Хас банктай 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр №1780000218 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 215,000 ам.долларыг 24 сарын хугацаатайгаар зээлсэн байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээгээр У ХХК-ийн эргэлтийн хөрөнгөд байгаа 7ш автомашин, Ц.У-ийн өмчлөлд байгаа орон сууц, Ж.Б-ийн өмчлөлийн 2 орон сууц болон автомашины зогсоол зэргийг тус тус барьцаалжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 6017 дугаар захирамжаар шинжээчээр томилогдсон Ю ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр У ХХК нь дансны авлагаар 1,462,331,700 төгрөг, бусад авлагаар 60,691,000 төгрөг, нийт 1,523,022,700 төгрөгийн авлагтай байна гэж бүртгэжээ. Уг авлагыг задлаж үзвэл дансны авлагаар У ХХК-иас 172,227,300 төгрөг, С ХХК-иас 7,000,000 төгрөг, Э ХХК-иас 38,600,000 төгрөг, И ХХК-иас 18,000,000 төгрөг, М ХХК-иас 15,000,000 төгрөг, Төрийн банкнаас 11,500,000 төгрөг, Э ХХК-иас 15,000,000 төгрөг, хувь хүн иргэдээс 1,185,004.400 төгрөг, нийт 1,462,331,700 төгрөг, бусад авлагаар 60,691,000 төгрөг тус тус байна. Гэвч уг авлагуудыг санхүүгийн анхан шатны бүртгэлд тусгаагүй, байгууллага, хувь иргэдэд борлуулсан барааны авлага, өр төлбөрийг огт бүртгээгүй, борлуулсан барааны нэхэмжлэх, зарлагын баримт огт байхгүй, орлогын баримт дутуу, төлбөр тооцооны баримт үйлдээгүй, гэрээ хэлцэл байхгүй байсан байна. У ХХК-д хуваарилагдах эд хөрөнгө нь 9ш тээврийн хэрэгсэл, банкны харилцан дансны үлдэгдэл 241,434.31 төгрөг, 23.96 ам.доллар болох нь шүүхэд ирүүлсэн лавлагааны баримтуудаар нотлогдож байна. Х ХХК-тай байгуулсан 1780000218 тоот барьцааны гэрээний барьцааны зүйл болох 3 ширхэг орон сууц, 1 ширхэг авто зогсоол нь У ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөд үл хамаарах хөрөнгө байна. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан байдаг ба дээрх 5 бусдын өмчлөлийн орон сууц нь хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй байна. Мөн У ХХК-ийн авлагад бүртгэгдсэн 1 523 022 700 төгрөгийн авлагууд нь шаардах эрх нь 2012-2013 онд үүссэн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүрэгт 3 жил байхаар заасан, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж тус тус заажээ. Мөн Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт хариуцагчид өр төлбөртэй этгээд нь гэрээ хэлцлийн дагуу төлбөр тооцоогоо хийнэ гэж заасан. Хэрэв шүүхээс У ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд 9ш тээврийн хэрэгслийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйл, 35 дугаар зүйлд тус тус заасны дагуу худалдан борлуулж, нэхэмжлэгчид хуваарилан өгөх ба мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар түүний нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагаас чөлөөлөгдөж нэхэмжлэгчдийн хүлээсэн үүрэг дуусгавар болно.
Нэхэмжлэлийн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 32029 дүгээр захирамжаар У ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу өдрийн сонины 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 295 дугаарт нийтлэлд нийтэд мэдээлсэн ба нийт 9 байгууллага болон иргэдээс нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувиар тооцвол Г ХХК 37,360,204 төгрөгийн нийт нэхэмжлэлд эзлэх 6.81%, Э ХХК 39,503,700 төгрөг 7.20%, Б.У 21,895,950 төгрөг 3.99%, Х 308,848,719.74 төгрөг 56.27%, Ал ХХК 36,706,204 төгрөг 6.69%, Л ХХК 54,969,410 төгрөг 10.02%, Ө.Э 7,567,475 төгрөг 1.38%, М ХХК 41,987,739 төгрөг 7.56%, нийт 548,839,401.74 төгрөг 100% байна. Миний бие хэрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын үнийн дүнгийн 87.82%-ийн ирцтэйгээр хуралдаж Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаас мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100%-ийн саналаар шийдвэрлэлээ. Дампуурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчдийн зөвлөлийг байгуулах шаардлагагүй гэж хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100%-ийн саналаар шийдвэрлэлээ. Дээрхи шийдвэрүүд нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон.
Укасан ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар саналд Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс У ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж байна. Мөн хуулийн хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийг аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг. Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч У ХХК нь бусдад төлөх үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо мэдэгдэж, дампуурсанд тооцож татан буулгахыг хүссэн хүсэлтийг 2015 оны 5-р сарын 12-ны өдөр шүүхэд гаргаж, 5-р сарын 19-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэжээ.
Шүүх хүсэлтийг хангаж, дампуурсанд тооцож татан буулгаж шийдвэрлэлээ.
У ХХК нь 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1 гишүүнтэйгээр, автомашины засвар үйлчилгээ, автомашины сэлбэгийн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулахаар, 33 900 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. Хувьцаа эзэмшигч нь Ц.У байна.
Хариуцагч У ХХК нь үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээ ... У ХХК-ийн удирдлага Ч ХХК-д 650 000 000 төгрөгийг хуурч мэхлэгдэн хөрөнгө оруулалт хийснээс санхүүгийн эрсдэлд орох үндсэн шалтгаан болсон, улмаар 881 375 525.74 төгрөгийн өр төлбөрөө төлж чадахгүй болсон гэж тайлбарлажээ.
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд У ХХК-ний төлбөрийн чадвартай эсэх талаар Ю ХХК дүгнэлт гаргажээ.
Дүгнэлтээр У ХХК нь 2012-2014 оны санхүүгийн тайлан балансад эргэлтийн хөрөнгийг өссөн дүнгээр дутуу тооцсон, эзний өмчид хамаарах хуримтлагдсан ашгийг өссөн дүнгээр дутуу тусгасан, үндсэн хөрөнгөд импортоор оруулж ирсэн автомашинуудыг өөрийн компанийн нэр дээр бүртгүүлсэн боловч үндсэн хөрөнгөд тусгаагүй, санхүүгийн балансад тусгасан нийт өрийн тооцоонд шүүхийн шийдвэртэй өрийн дууу тусгасан, бусдаас авах авлагыг өссөн дүнгээр дутуу тусгасан зэргийг баримт, тооцоогоор гаргасан /9-р хавтас 237-250, 10-р хавтас 1-97/ байна.
Хэрэг гүйцэтгэгч 2019 оны 10-р сарын 11-ний өдрийн 02 тоот дүгнэлт гаргахдаа төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загвар буюу санхүүгийн тогтвортой байдлын, төлбөрийн чадварын болон дампуурлын зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэжээ.
Тус компанийн 2012-2014 оны санхүүгийн тайланд үндэслэснээр тайлант хугацаанд богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн ихээхэн хувийг буюу 83 хүртлэх хувийг эзэлж байгаа нь богино хугацаанд өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй байгаа, төлбөр барагдуулах ойрын боломж, түргэн хөрвөх чадварын үзүүлэлтүүд нь мөнгөн болон ойрын хугацаанд өр төлбөр барагдуулах чадварыг илэрхийлэх ба үүгээр У ХХК-ний мөнгөн хөрөнгийн эзлэх хувь бага, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах хөрөнгийн эх үүсвэргүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь гадны капитал буюу өр төлбөрт илүү хараат байдалд явагдаж тухайн өр төлбөрийг барагдуулах чадваргүй болсон, хариуцагч шүүхэд хүсэлт гаргахдаа бусдад төлөх төлбөрийг 548 839 401 төгрөг гэж тусгасан боловч дүгнэлтээр 1,163,802,174.30 төгрөг болж өөрийн хөрөнгийн -673.89 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй болсон байна.
Улмаар Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар У ХХК нь 2011 оноос өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон байна.
Эдгээр дүгнэлтүүдээс үзвэл, У ХХК нь 2012-2014 оны тайлан балансаа үнэн зөвөөр бодитой тайлагнаагүй, 2012-2014 оны тайландаа хөрөнгөө дутуу тайлагнасан, удирдлагын аж ахуй хариуцан явч явах сул, хөрөнгийн захиран зарцуулалтын тайлан хангалтгүйгээс компанийг эрсдэлд оруулсан байх ба бусдаас авах авлага, өглөгийг бүрэн тайлагнаагүй, үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хийх нэрээр бусдаас их хэмжээний зээл авсан, хөрөнгө оруулалтаас алдагдал хүлээсэн зэргээс төлбөрийн чадваргүй болох үндэслэл болжээ.
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс У ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй байх ба энэ хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож татан буулгах нь зүйтэй.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар:
-Нэхэмжлэгч Г ХХК нь 37 360 204 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01-р сарын 05-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 175 дугаар захирамжаар зохигч 37 360 204 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
-Нэхэмжлэгч Э ХХК нь 39 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан боловч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04-р сарын 07-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 02227 дугаар захирамжаар зохигч 39 150 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
-Нэхэмжлэгч Б.У нь 21 600 000 төгрөг гаргуулахыг хүсчээ. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05-р сарын 25-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 3433 дугаар захирамжаар зохигч 21 600 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
-Нэхэмжлэгч Х нь У ХХК-иас 308 848 719,74 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 3621 дугаар захирамжаар зохигч 308 848 719,74 төгрөгийн хэмжээнд эвлэрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирчээ. Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.
-Нэхэмжлэгч Ж.Б нь У ХХК-ний Х ХХК-иас авсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204034138 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18-р хороо, 4 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн автомашины зогсоол, улсын бүртгэлийн Ү-2202003363 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол, 17-р байрны 57 тоот 3 өрөө сууцыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 3621 дугаар захирамжаар зохигч 308 848 719,74 төгрөгийн хэмжээнд эвлэрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч У ХХК-ний хуваарилагдах хөрөнгөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцэхээс гадна У ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах нь барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Нөгөө талаас, үүрэг гүйцэтгүүлэгч ипотек болон шаардлагаасаа татгалзаагүй, ипотекоор хангагдах үүрэг дуусгавар болоогүй байхад ипотек өмчлөгчид шилжих буюу үүргийг дуусгавар болгох боломжгүй. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул нөхөн төлүүлж улсын орлого болгох нь зүйтэй.
-Нэхэмжлэгч А ХХК нь 36 706 204 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба тухайн маргааныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3739 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1226 дугаар магадлалаар шийдвэрлэж У ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 36 366 480 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 724 төгрөг, нийт 36 706 204 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
-Нэхэмжлэгч Л ХХК нь 54 969 410 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дугаар сарын 09-ний өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2281 дугаартай захирамжаар зохигч эвлэрсэн байх ба шүүхийн шийдвэр хүчинтэй байна. Нэхэмжлэгч нь У ХХК-ийг санаатайгаар дампууруулсан, эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх ёстой гэж маргадаг боловч тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаагүй байна.
-Нэхэмжлэгч Ө.Э нь 7 567 470 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...У ХХК-тай харьцаж байгаагүй, харин Ц.У-тай харьцдаг байсан, түүнээс нэхэмжилж байна гэж тайлбарласан байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 201 оны 12-р сарын 17-ны өдрийн Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 6198 дугаартай захирамжаар зохигчийн эвлэрлийг баталсан, захирамж хүчин төгөлдөр байна. У ХХК нь 1 гишүүнтэй, хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.У бөгөөд эрх бүхий этгээдтэй нь гэрээ хэлцэл байгуулсан нь буруу биш. Нөгөө талаас, тухайн хэлцлийг иргэн Ц.У-тай байгуулсан гэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
-Нэхэмжлэгч М ХК нь тээвэрлэлтийн гэрээний үүрэгт41 987 739 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 1-р сарын 18-ны өдөр шүүхэд гаргажээ. Нэхэмжлэлд төлбөрийг хүлээн зөвшөөрсөн үеийн ханшаар тооцож, дотоод зардлыг оруулан тооцож 41 987 739 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч татгалзаагүй байна. Харин нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд Монгол банкны зарласан 1 ам.доллар 2 702.87 төгрөгөөр /энэ өдрийн ханшаар/ тооцож 60 274 001 төгрөг гаргуулахаар тайлбарласан нь үндэслэлгүй, хуульд заасан журмаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нөхөн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгч М ХК болон нэхэмжлэгч Ж.Б нараас бусад нэхэмжлэгч нарын хувьд тухайн хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны шатанд бий болсон, энэ нь мөн хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болжээ.
Харин эдгээр шүүхийн шийдвэрээр хариуцагч У ХХК-ний төлөх төлбөрийг түүний хуваарилагдах эд хөрөнгөөс гаргуулах, нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг тус тус дурьдах нь зүйтэй.
Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3-т зааснаар хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг нэхэмжлэгч нар хариуцах ба хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татан буулгах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгаж, аудитын дүгнэлт гаргахад ашиглагдсан санхүүгийн 8 хавтас баримтыг шүүхийн шийдвэр хүчинтэй болмогц хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйл, 133-р зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар У ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Иргэний хуулийн 380-р зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан У ХХК-иас 41 987 739 /дөчин нэгэн сая есөн зуун наян долоон мянга долоон зуун гучин ес/ төгрөг гаргуулж М ХК-д олгосугай.
3. Иргэний хуулийн 168-р зүйлийн 168.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-22дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 24А байрны 36 тоот 4 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн автомашины зогсоол, улсын бүртгэлийн Ү-22 3 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол, 17-р байрны 57 тоот 3 өрөө сууцыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн Ж.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л ХХК, Х ХХК, Э ХХК, Ар ХХК, Г ХХК болон нэхэмжлэгч Б.У, Ө.Э нарын нэхэмжлэлтэй У ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, энэ хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХК-иас 367 808 төгрөг, Ж.Бумдариас 70 200 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
6 .Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3, 38-р зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгч нарт хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э хариуцуулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 120-р зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд У ХХК-ний 8 хавтас санхүүгийн баримтыг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлсүгэй.
Шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА