Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0170

 

 

 

 

2022 оны 03 сарын 10 өдөр           Дугаар 128/ШШ2022/0170             Улаанбаатар хот

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л ХХК

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Б нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Г, хариуцагч Ч.Б, Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “Л” ХХК нь тус шүүхэд хандан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0294914 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

           2. Татварын улсын байцаагчид “Л” ХХК-ийн 2013-2017 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалт хийж, 783,515,338.10 төгрөгийн зөрчилд 70,711,113.70 төгрөгийн нөхөн татвар, 82,030,383,70 төгрөгийн торгууль, 28,342,453.20 төгрөгийн алданги, нийт 181,083,950.60 төгрөгийн төлүүлэхээр тогтоожээ. /1хх 6, 104-107/

          3. Нэхэмжлэгч дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд тус зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаар тогтоолоор 37,960,832.50 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,796,083.50 төгрөгийн нөхөн татвар, 1,138,825.00 төгрөгийн торгууль, 759,216.70 төгрөгийн алданги, нийт 5,694,125.20 төгрөгийн төлбөрийг бууруулж, 106,363,636.50 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,190,909.10 төгрөгийн торгууль, 2,127,272.70 төгрөгийн алданги, нийт 5,318,181.80 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулж, чөлөөлж, үлдэх 745,554,505.60 төгрөгийн зөрчилд ногдох 66,915,030.20 төгрөгийн нөхөн татвар, 77,700,649.60 төгрөгийн торгууль, 25,455,963.80 алданги, нийт 170,071,643.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ. /1 хх 9-21/

     4. Нэхэмжлэгч тус шүүхэд хандан 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн захирал Б.М тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан, нэг гишүүнтэй, барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс тус компанийн 2013-2017 оны албан татвар төлөлтийн байдалд шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0294914 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн 70,711,113.7 төгрөг, хохирлын 82,030,383.7 төгрөг, нөхөн төлбөрийн 28,342,453 төгрөг нийт 181,083,950.60 /нэг зуун наян нэгэн сая наян гурван мянган төгрөг есөн зуун тавь/ төгрөг төлөхийг даалгасан.

Нийт 181,083,950.60 төгрөгийн шийтгэл ногдуулснаас нөхөн татварт 70,711,113.77 /далан сая долоон зуун арван нэгэн мянга нэг зуун арван гурав/ төгрөг, торгууль алдангид 110,372,836.7 /нэг зуун арван сая гурван зуун далан хоёр мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийн төлбөр тус тус ногдуулсан.

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 350294914 дугаар актаар 181,083, 950.60 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

1. “Э.А.У” ХХК-аас 2014 онд нийт 356,725,760 төгрөгийн арматур худалдан авсан бөгөөд төлбөрийг тус компанийн данс болон тус компанийг төлөөлөн гэрээ байгуулсан менежер Д.Э данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл “Э.А.У” ХХК-тай гэрээ байгуулж, бараа бодитой худалдан авсан нь банкны шилжүүлгийн баримт, анхан шатны баримт, тооцоо нийлсэн актаар нотлогдоно. Гэтэл 10,636,363.70 төгрөгийн нөхөн татвар /НӨАТ-ын хувийг 10 хувиас дээш хувиар тооцон/, З,190,909.10 төгрөгийн торгууль, 2,127,272.70 төгрөгийн алданги нийт 15,954,544.7 төгрөг төлөхөөр ногдуулж Татварын маргаан таслах зөвлөлөөс торгууль, алдангийн 5,318,181.8 төгрөгийг Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулан чөлөөлсөн. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд захиргааны шийтгэл, нөхөн татвар, торгууль, алданги адил хамрагдаж байгаа тул 106,363,636 төгрөгийн шийтгэл болон 15,954,544.7 төгрөгийг хүчингүй болгох үндэслэлтэй.

2. Автомашины гарааш борлуулсан орлогын хувьд 2015 онд 50,000,000, 2016 онд 137,500,000, 2017 онд 95,000,000 төгрөгийн гарааш худалдсан бөгөөд тайлан тооцоогоор тус компани нь 2015, 2017 онд алдагдалтай ажилласан. Гэтэл 282,500,000 төгрөгөөс 28,250,000 төгрөгийн НӨАТ хасаж, мөн алдагдалд ногдох татварыг хасаж тооцоогүй шууд 282,500,000 төгрөгөөс нөхөн татвар тооцсон, илүү төлсөн татварыг суутган тооцоогүй тул 28,250,000 төгрөгийн нөхөн татвар, 8,475,000 төгрөгийн торгууль, 5,650,000 төгрөгийн алданги нийт 42,375,000 төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Мөн 2015 онд тайлангаар тайлагнасан алдагдал 2,213,332.5 төгрөгийг хяналт шалгалтаар ирүүлсэн 2015 оны 50,000,000 төгрөгийн зөрчлөөс хасаж тооцолгүй 2,213,332.5 төгрөгийн зөрчилд 221,333.5 төгрөгийн нөхөн татвар, 66,400 төгрөгийн торгууль, 44,266.7 төгрөгийн алданги нийт 332,000.2 төгрөгийг төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа төлбөрийн нийт дүнгээс хасаагүй. /Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 10-р хуудасны 1 дэх утгат хэсэг/ Иймд ААНОАТ-ыг 282,500,000 төгрөгөөс тооцсон нь үндэслэлгүй байна.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хамрагдах боломжтой байсан ХХОАТ-с суутгасан хугацаандаа төлөөгүй татварт ногдуулсан торгууль алданги 39,609,754.4 төгрөгийн шийтгэлээс хамрагдах 24,963,007.4 төгрөг, ААНОАТ-ын хугацаандаа төлөөгүй татварт ногдуулсан торгууль алданги 44,317,405.5 төгрөгийн шийтгэлээс өршөөлийн хуулийн хугацаанд хамрах 44,164,056.9 төгрөгийг тус тус бууруулах үндэслэлтэй байхад тооцсонгүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19-ын улмаас “Л” ХХК нь хунд байдалд орж, ашиг орлогогүй байгаа төдийгүй ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж үлдэхэд хүртэл бэрхшээлтэй болоод байгаа үед маш их хэмжээний татвар, торгууль, алданги төлөхөд хүнд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд болон компанийн эрх ашгийг харгалзан үзэж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181,083,950.6 төгрөгийн шийтгэл ногдуулсан 350294914 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Ч.Б, Д.Б нар тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Б нар Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Н/108 тушаалын сүүлийн хагас жилийн “Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Татварын хяналт шалгалт хийх 35180800549 тоот томилолтын дагуу, 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Улсын бүртгэлийн 9011328127 тоот дугаартай, 5556538 тоот регистрийн дугаартай “Л” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, эрсдэлийн болон хөндлөнгийн мэдээлэл мөн татвар төлөгчийн ирүүлсэн нотлох баримт, материалд үндэслэн татварын хяналт шалгалтын ажлыг хийж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 0294914 дугаартай шийтгэлийн хуудсаар 70,711,113.70 төгрөгийн нөхөн татвар, 28,342,453.20 төгрөгийн алданги, 82,030,383.70 төгрөгийн торгууль оногдуулсан. Татвар төлөгчийн гаргасан гомдолд дараах тайлбарыг өгч байна Үүнд:

Татвар төлөгчийн гаргасан гомдлын 1-д: 2014 онд “Э.А.У” ХХК-иас 106,363,636.50 төгрөгийн баримтаар нотлогдоогүй бараа худалдан авсан, ажил гүйцэтгэсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.4-д “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн./Анхан шатны баримтаар нотлогдоогүй/.

Татвар төлөгчийн гаргасан гомдлын 2-т: 2015 онд 50,000,000.00 төгрөгийн, 2016 онд 137,500,000.00 төгрөгийн, 2017 онд 95,000,000.00 төгрөгийн нийт 282,500,000.00 төгрөгийн автомашины гарааш борлуулсан орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бух төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн.

Татвар төлөгчийн гаргасан гомдлын 3-д: 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 39,609,754.20 төгрөгийн тайлангаар ногдуулсан хувь хуний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд 43.5-д “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “албан татвар төлөгч албан татвар ногдуулах орлогоо энэ хуулийн дагуу өөрөө үнэн зөв тодорхойлж, дор дурдсан хугацаанд албан татварыг төсөвт төлнө...”, 27.2-т “Албан татвар төлөгч энэ хуулийн 11.1.6, 12 дугаар зүйл,... заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар, ... тус тус албан татвар ногдуулан төлж, ... татварын тооцоо хийнэ” гэж заасныг зөрчсөн.

2017 оны нийт 36,609,754.40 төгрөгийн тайлангаар ногдуулсан хувь хуний орлогын албан татварын өр нь 3 он дамнасан өр учир тайлант онуудаар ялгах нь зүйтэй гэж үзсэн. 2019 оны 11 сараас хэрэгжиж эхэлсэн ТУНС программд доорх дарааллаар татвар төлөгчийн албан татварын өр задардаг.

 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 36,794,447.20 төгрөгийн, тайлангаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар ... жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж заасныг зөрчсөн. 

Тус компани татварын өрийг барагдуулахаар 62.1.1-д заасан үл маргах журмаар гаргуулах ажиллагаа явуулсан бөгөөд шүүхийн шийдвэр гараагүй болно.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж заасан” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв.

2. Баримтаар нотлогдоогүй бараа худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцсон зөрчлийн тухайд:

Тус зөрчлийн торгууль болон алдангийг Маргаан таслах зөвлөлөөс Өршөөлийн хуульд хамруулан 10,636,363.70 төгрөгийн нөхөн татвар төлөхөөр тогтоожээ.

“Л” ХХК нь “Э.А.У” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх бөгөөд нийт 110 тонн арматурыг 1 тонныг 1,280,000.00 төгрөгөөр худалдахаар тохиролцож, “Э.А.У” ХХК-ийн Хаан банкны ... тоот дансанд тушаах буюу бэлнээр төлөхөөр тохиролцсон байна. /1х.х 60-62/

Нэхэмжлэгчээс арматурын төлбөрийг “Э.А.У” ХХК-ийн менежер Д.Энхбатын Хаан банкны ... тоот дансанд тушаасан орлогын мэдүүлэг, тооцоо нийлсэн актыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн /1 хх 66-90/ байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, борлуулалтын падааны задаргаанд “Л” ХХК гэж тусгагдсан байна. Хэдийгээр борлуулалтын падааны задаргаанд тус компанийн нэр бичигдсэн байх боловч тус компанитай харилцах данс байсаар байхад менежер Д.Э гэсэн иргэний дансанд мөнгө шилжүүлсэнийг “Э.А.У” ХХК руу төлбөр шилжүүлсэн гэж үзэхгүй.

Иймд “Л” ХХК “Э.А.У” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалт хийсэн нь нотлогдохгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3 “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэсэн үндэслэлээр татвар ногдуулсан татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.   

3. Автомашины зогсоол борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд:

Татварын улсын байцаагч “Л” ХХК-ийг 2015-2017 онуудад 13 ширхэг автомашины зогсоол борлуулсан гэж нийт 282,500,000.00  төгрөгийн зөрчилд 28,250,000.00 төгрөгийн нөхөн татвар, 8,475,000.00 төгрөгийн торгууль, 5,650,000.00 төгрөгийн алданги нийт 42,375,000.00 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Хариуцагч нараас зөрчлийн хувийн хэргийн материалыг шүүхэд ирүүлснээс үзвэл /1 х.х 129-159 /нийт 13 биш 12 автозогсоол худалдан авсан талаарх баримт байна.  Тодруулбал 4 тоот зогсоолын гэрээ 2 хувь байх бөгөөд нэг гэрээ нь иргэн Б.Б-ын 1 тоот зогсоолыг худалдаж авсан автозогсоолын гэрээ гэж хариуцагч тайлбарлаж байх боловч энэ нь гэрээ болон санхүүгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нийт зөрчил болох 282,500,000.00 төгрөгийн зөрчлөөс 2016 онд хамаарах 25,000,000.00 төгрөгийн зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд ногдох аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, торгууль, алданги нийт 5,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 1,500,000.00 төгрөгийн торгууль, 1,000,000.00 төгрөгийн алданги, нийт 7,500,000.00 төгрөгийн төлбөрийг актын төлбөрөөс бууруулах үндэслэлтэй байна.

            Дээрх 12 ширхэг автозогсоолын, 6, 11, 3, 2 тоотыг зээлийн төлбөрт, банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлсэн, мөн бартер хийсэн байх бөгөөд түүнийг худалдан авалт гэж үзсэн, мөн 7 тоот зогсоолыг 3 сая төгрөгөөр, 10 тоотыг 19 сая төгрөгөөр үнэлснийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэж, 23,750,000.00 төгрөг, 22,000,000.00 төгрөгөөр тус тус тооцож акт ногдуулсан байцаагчийн акт нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 48 дугаар зүйлийн 48.1 “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн... нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно” 48.1.1 “бодит үнийн арга”, 48.1.2 “жишиг үнийн арга”-ыг хэрэглэж тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд нэхэмжлэгчээс 3 сая төгрөгөөр худалдан авалт хийсэн гэсэн 2 ширхэг гэрээ гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авах боломжгүй.

            “Л” ХХК-ийн 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тайлангаас үзвэл 208,439,792.76 төгрөгийн татварыг төсөвт төлөх үлдэгдэлтэй байх тул тайлангаар илүү төлөлттэй байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, татварын улсын байцаагч нар 310,750,000.00 төгрөгөөс НӨАТ-ыг хасаж, 282,500,000.00 төгрөгийн цэвэр борлуулалтын орлогод албан татвар ногдуулсан байна.

            Иймд дээрх зөрчилд холбогдох хэсэгт төлбөр ногдуулсан байцаагчийн акт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”; 8 дугаар зүйлийн 8.1.1 “бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт”; 16 дугаар зүйлийн 16.1 ”Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.1.”тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх” гэж зааснаар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”; 8 дугаар зүйлийн 8.1.1.”бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд”; 16 дугаар зүйлийн 16.1.”Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.1.”тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэж заасны дагуу ногдуулжээ.

4. Түүнчлэн дээрх автомашины зогсоол борлуулсан орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй, 2015-2017 оны нийт 282,500,000.00 төгрөгийн зөрчилд нийт 42,375,000.00 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Нэхэмжлэгчээс манай байгууллага эдгээр онуудад алдагдалтай ажилласан байхад алдагдлыг зөрчлийн дүнгээс хасаж тооцоогүй гэж маргаж байна.

Татварын маргаан таслах зөвлөлөөс 2015 оны тайлангаар тайлагнасан алдагдал 2,213,332.50 төгрөгийг 2015 оны зөрчлийн дүнгээс хасаж тооцоогүй гэсэн үндэслэлээр дээрх зөрчилд холбогдох 332,000.20 төгрөгийн төлбөрийг хасаж тооцсон нь тооцооллоос харагдана.

Харин “Л” ХХК-ийн 2016-2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тус компани алдагдалгүй ажилласан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй, харин 1 тоотын зогсоолыг борлуулсан нь зөрчлийн хэргийн материалаар нотлогдохгүй байх тул холбогдох төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй хамт хасаж тооцсоныг дээр харуулсан болно.  

 Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 “Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1 “ үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1 “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1 “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж зааснаар татварын улсын байцаагч нар акт ногдуулсан нь үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгчээс 2017 онд ногдуулсан төлбөл зохих татварыг хуулийн хугацаанд өгөөгүй зөрчилд ногдуулсан 44,317,405.50 төгрөгийн, хувь хүний орлогын албан татвараа хуулийн хугацаанд төлөхгүй хугацаа хожигдуулсан зөрчилд ногдуулсан 30,699,874.60 төгрөгийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 “ Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.” гэж заасан заалтад хамаарахгүй байна.

Татварын улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.“Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж заасан актыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй “Л” ХХК-д хуульд заасан үндэслэлээр төлбөр ногдуулжээ.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0294914 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан 745,554,505.60 төгрөгийн зөрчилд ногдох 66,915,030.20 төгрөгийн нөхөн татвар, 77,700,649.60 төгрөгийн торгууль, 25,455,963.80 алданги, нийт 170,071,643.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосныг 695,554,505.60 төгрөгийн зөрчилд ногдох 61,915,030.00 төгрөгийн нөхөн татвар, 76,200,649.60 төгрөгийн торгууль, 24,455,963.80 төгрөгийн алданги, нийт 162,571,643.60 төгрөгийн төлбөр төлүүлэхээр багасгаж шүүх шийдвэрлэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0294914 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан 745,554,505.60 төгрөгийн зөрчилд ногдох 66,915,030.20 төгрөгийн нөхөн татвар, 77,700,649.60 төгрөгийн торгууль, 25,455,963.80 алданги, нийт 170,071,643.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосныг 695,554,505.60 төгрөгийн зөрчилд ногдох 61,915,030.00 төгрөгийн нөхөн татвар, 76,200,649.60 төгрөгийн торгууль, 24,455,963.80 төгрөгийн алданги, нийт 162,571,643.60 төгрөгийн төлбөр төлүүлэхээр багасгаж шийдвэрлэсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ