Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0517

 

 

 

 

 

“Эи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.Ч

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 226 дугаар шийдвэр,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Эи” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Автозамын хөгжлийн газрын өмгөөлөгч Ө.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2019/0708/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 226 дугаар шийдвэрээр:

Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.8, 17.8.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Эи” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга, Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан гаргасан “Замын цагдаагийн уулзварын нэмэлт А рампын байгууламж буюу захиргааны хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас “Эи” ХХК-д учирсан хохирлыг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 

2.1."Эи" ХХК-ийн зүгээс анх замын цагдаагийн уулзвар дахь А рампын төлөвлөлтийн зураг төсөл, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг нийслэлийн зохих газруудаас удаа дараа шаардахад хариу өгөхгүй байсан тул Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан А рампын төлөвлөлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд анх гарган маргаж байхад А рампыг зөвшилцөлгүйгээр хүчлэн барьж дуусгасан юм.

Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын 2012.02.20-ны өдрийн СБД 08/488/23-р архитектур төлөвлөлтийн даалгавар, зохих бусад бүхий л зөвшөөрлүүдийг үндэслэн 2012 онд батлуулсан ажлын зургийн дагуу "Эоффис" үйлчилгээний төвийг "Эи" ХХК түрүүлж барьсан тул тус компанитай хуулийн дагуу зөвшилцөж зохих нөхөн олговор олгосон бол шүүхэд хандаж хохирол нэхэмжлэхгүй байсан. Компанийн зүгээс анх 9,6 тэрбум төгрөг нэхэмжилж байгаад нийтийн эрх ашгийн төлөө бид тодорхой хэмжээний /түрээсийн орлого болон бусад шат хонгил, цахилгааны төлөвлөлт, урт хугацааны барилгын ажлын зогсолт зэрэг олон зардлыг хасан/ алдагдал хүлээж, шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирлыг нэхэмжилсэн. Мөн шүүх хурлын өмнө тусгайлан санал гаргаж тохиролцох хүсэлт гаргасан билээ.

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчмыг зөрчиж, мөн хуулийн 15, 24, 25-р зүйлүүдэд заасан эрхийг эдлүүлэлгүй, нөхцөл тогтоох ажиллагаа огт хийлгүй, нотлох баримт цуглуулалгүй захиргааны акт гаргасан нь мөн хуулийн 37-р зүйлийн 37.3, 37.5, 37.6 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй бөгөөд сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт мөн юм. Улмаар мөн хуулийн 32-р зүйлд заасан танилцах эрхийг эдлүүлээгүйгээс тус компани их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирч үлдэх нь шударга бус явдал билээ. Түүнчлэн уг хуулийн 43, 46-р зүйлүүдийг зөрчин хуульд заасан журмаар мэдэгдээгүй нь анхны нэхэмжлэлд тодорхой байгаа.

Ийнхүү хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4, 15, 24, 25, 32, 37-p зүйлийн 37.3, 37.5, 37.6, 43, 46-р зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байна 

2.2. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн талаар:

Шүүгч Д.Ч нь нийтийн эрх ашиг зөрчигдөнө гэж анхны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Анхны нэхэмжлэлийн дагуу уг хэрэг хугацаандаа шийдэгдсэн бол эрх ашиг, сонирхол хангагдах эсвэл зохих зөвшилцөлд хүрч, нөхөн олговор олгогдож бид цаг хугацаа, хөрөнгөөрөө хохирохгүй байсан. Нийтийн эрх ашгийг хангахдаа хувийн компанийн эрх ашгийг хохироохоор бол нөхөн олговор олгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйл болон Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны үйл ажиллагааны зарчим юм.

Харин давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгож компанид учирсан хохирлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзсэн юм.

Улмаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхэд нэгэнт А рамп баригдаж дууссан тул "Замын цагдаагийн уулзварын нэмэлт А рампын байгууламж буюу захиргааны хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас "Эи" ХХК-ид учирсан хохирлыг гаргуулах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

2.3.Ингээд шүүгч нь өөрийн захирамжаар хөндлөнгийн шинжээч "ХҮТ" ХХК-ийг томилж, үнэлгээний хөлс 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлж хохирлыг тогтоолгосон. Уг шинжээчийн дүгнэлтээр Замын цагдаагийн уулзварын нэмэлт А рампын байгууламж баригдсанаар Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын 2012.02.20-ны өдрийн СБД 08/488/23-р архитектур төлөвлөлтийн даалгавар, 2012 онд батлуулсан "Эоффис" 10 давхар үйлчилгээний төвийн зөвхөн 1-4 давхарын талбайн үнэ цэнэ 18 хувиар буурч, нийт 3924 м.кв талбайн үнэ цэний бууралт 5 297 400 000 /таван тэрбум хоёр зуун ерэн долоон сая дөрвөн зуун сая/ төгрөг болохыг тогтоосон.

Хариуцагч Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч "Энэ зураг төсөл нь анхнаасаа үндсэн гүүрийн ажил. А рамп, Б рамп, С рамп анхнаасаа төлөвлөгдсөн байсныг ... харуулж байгаа" гэж тайлбарласан нь тодорхойлох хэсэг 6/ бодит байдалд нийцээгүй нь хэргийн 1-р хавтасын 160-р хуудаст "А рампын нарийвчилсан зураг", 161-р хуудаст Зам тээврийн яам, Зам тээврийн хөгжлийн төвийн магадлалд "Магадлалын ерөнхий төвийн дүгнэлт 60/2019, 2019.05.22" гэсэн цохолтоор үгүйсгэгдэж байгаа. Нийтийг хамарсан цар тахал буюу ковидын үе таарсан тул Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу үндсэн гүүрт нэмэлт рампуудыг нэмж зураг төсөл хийж барьсныг мэдээллийн хэрэгслээр нийтэд ил тод мэдээлж байсан. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт /тодорхойлох хэсэг 6.2/ "Эоффис"..... үйлчилгээний талбай төлөвлөгдөх үед хүртэл анхнаасаа төлөвлөлт нь явсан нь... орц, гарцын асуудлыг урагш шийдсэн." гэж дурджээ. Гэтэл анхны зураг огт өөр байгаа. Түүнчлэн зүүн хажуу талын барилгад орц, гарц гаргасныг тус барилгад хамааралтай мэтээр андуурч, "орц, гарцтай холбоотой хүндрэл үүсээгүй" гэсэн нь бодит байдалд нийцээгүй ба харин ч компанийн өөрийн зардлаар хийсэн замыг эвдэж орхисон байгаа.

2.4.Анхан шатны шүүхийн 2025.03.31-ний өдрийн 128/2025/0226 дугаар шийдвэрийн "Үндэслэх нь" хэсэгт цаг хугацааны дарааллыг буруу тооцсоноос гадна, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Учир нь:

Үндэслэх хэсгийн 6-д. "Нийслэлийн Засаг даргын 2011.11.10-ны өдрийн 818-p захирамжаар "Замын цагдаагийн уулзвар болон 406-р гарамд шинээр барих 1000 метр урт ... 5 га газрын эзэмших эрхийг олгосон” гэж тэмдэглэжээ. Гэтэл энэ 5 га газар нь тус компанид 2012 онд олгогдож "Эоффис" барьсан газартай огт хамаарахгүй байтал шүүгч андуурч, шийдвэрээ үндэслэсэн байна.

2.5.Үндэслэх хэсгийн 13-т, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын 2012.02.20-ны өдрийн СБД 08/488/23-р архитектур төлөвлөлтийн даалгавар, зохих бусад бүхий л зөвшөөрлийг үндэслэн 2012 онд батлуулсан ажлын зургийн дагуу "Эоффис" үйлчилгээний төвийг 2015 онд түрүүлж барьсан байсныг 2016 онд газар эзэмших эрхийг сунгасныг 2016 онд гүүрэн гарц барих трасстай хэт ойрхон барилга барих зөвшөөрөл авсан гэж андуурчээ.

 

2.6.Үндэслэх хэсгийн 14-т, “Замын цагдаагийн уулзварын нэмэлт А рампын байгууламжийн ... зургийг тухайн орчинд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай зөвшилцөж орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн байна." гэжээ. Гэтэл "Эи" ХХК-тай огт зөвшилцөөгүй болно. Бусад иргэн, ААН-тэй зөвшилцсөн баримт ч хэрэгт авагдаагүй байгаа.

2.7.Үндэслэх хэсгийн 16-д, “нэхэмжлэгч талын "... манай газар эзэмших эрх үүссэний дараа А рампын зургийг нэмж тусгасан ..." гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй" гэсэн нь Зам тээврийн яам, Зам тээврийн хөгжлийн төвийн магадлалд "Магадлалын ерөнхий төвийн дүгнэлт 60/2019, 2019.05.22" гэсэн цохолтоор үгүйсгэгдэж байгаа.

2.8.Үндэслэх хэсгийн 17-д, "... Замын цагдаагийн уулзвар дахь гүүрний А рамп баригдсанаар "Эоффис" үйлчилгээний төвийн 10 давхар барилгын 1-4 давхрын талбайн үнэ цэнэ 18 хувиар буурч, нийт 3924 м.кв талбайн үнэ цэний бууралт 5 297 400 000.0 /таван тэрбум хоёр зуун ерэн долоон сая дөрвөн зуун сая/ төгрөг болохыг тогтоосон байна" гэж дурдсан атлаа Үндэслэх хэсгийн 20-д "Замын цагдаагийн уулзвар дахь гүүрний А рампын байгууламж нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч...-ид 5 297 400 000. 0 /таван тэрбум хоёр зуун ерэн долоон сая дөрвөн зуун сая/ төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" гэж эсрэг тэсрэг дүгнэсэн нь шүүгч төөрөлдөж байгааг харуулж байна. Шүүгч урд гаргасан шийдвэрээ дахин давтаж гаргах байсан бол ингэж хөндлөнгийн шинжээч томилж, хугацаа алдаж, нэхэмжлэгчийг нэмж хохироох шаардлага байхгүй байсан бус уу. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2, 11-р зүйлийн 11.4, 11.5, 34 зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байна.

2.9.Үндэслэх хэсгийн 19-д “... нийтийн эрх ашгийн хэрэгцээнд Замын цагдаагийн уулзвар дахь гүүрний А рамп барихаар шийдвэрлэсэн захиргааны шийдвэр, үйл ажиллагаа холбогдох хууль журмыг зөрчөөгүй болох нь дээрх нөхцөл байдлуудаар тогтоогдож байна" гэжээ. Харин ч Захиргааны ерөнхий хуулийн 4, 15, 24, 25, 32, 35, 37-р зүйлийн 37.3, 37.5, 37.6, 43, 46-р зүйлүүдийг зөрчсөн захиргааны хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас анхан шатны шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учирсныг тогтоосон байтал шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.10.Шийдвэрийн "Тогтоох нь" хэсэгт “Авто замын тухай хуулийн 16-р зүйлийн 16.2, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17-р зүйлийн 17.6, 17.8, 17.8.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь дурдсан хуулийн заалтууд нь газар олгосон, барилгын зөвшөөрөл олгосон төрийн захиргааны байгууллагуудын зүгээс гаргасан алдаа байхаас бус, нэхэмжлэгч компанийг хууль зөрчсөн хэмээн буруутгах үндэслэлгүй юм гэжээ.

Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.5, 34 дүгээр зүйлүүдийг зөрчиж хууль буруу хэрэглэсэн, бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 226 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. 

1.Нэхэмжлэгч “Эи” ХХК-иас “Замын цагдаагийн уулзварын нэмэлт А рампын байгууламж буюу захиргааны хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас “Эи” ХХК-д учирсан хохирлыг гаргуулах”  нэхэмжлэлийг Нийслэлийн Засга дарга, Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан гаргажээ. 

2.Нэхэмжлэгч талаас “...Замын цагдаагийн уулзвар дээрх гүүрний А рампыг барихдаа түрүүлж барилгаа барьсан газрын эрх эзэмшигч “Эи” ХХК-ийн эрхийг зөрчиж, тус компанитай зөвшилцөж, мэдэгдэлгүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, хүч түрэн барьсан, нэхэмжлэгч компанийн барилгатай хэт ойр буюу 2 метр хүрэхгүй зайтай, 4.4 метр хүртэл өндөршилтэй баригдахаар төлөвлөгдсөн нь барилгын норм, аюулгүй байдлыг зөрчсөнөөс гадна барилгын үнэ цэнэ, үнэлгээг бууруулсан, орц, гарцыг хаасан, шинжээчийн дүгнэлтээр гүүрийг ойрхон зайтай барьснаас шалтгаалж нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ цэнэ буурсан гэж үзэн 5 тэрбум 297 сая 400 мянган төгрөгийн хохирол учирсныг тогтоосон тул уг хохирлыг нэхэмжилж байна” гэж маргасан.

3.Хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын ажлын төлөвлөлтийг УИХ-ын тогтоол 2010 онд батлагдсанаар эхэлсэн ажил бөгөөд анхнаасаа А, Б, С рампын зургийн төлөвлөлтөөр баригдсан. Уг гүүрэн гарцыг барилгын норм дүрэм, төсөл хөтөлбөрийн дагуу барьсан хууль зөрчөөгүй. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч компанид 5 тэрбум төгрөгийн хохирол үүсээгүй бөгөөд нэхэмжлэгчийн орц гарцын асуудлыг Хот байгуулалт, хөгжлийн газраас урагш харсан байдлаар шийдэж өгсөн.” гэсэн тайлбарыг өгчээ.

4.Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т “"замын байгууламж" гэж бүх төрлийн гүүр, …гүүрэн гарц, … бусад байгууламжийг” ойлгохоор заасан.

5.Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хууль заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно:”, 73.1.3-т “... улсын, орон нутгийн чанартай авто зам барих, …, 73.1.6-д “зам, … зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, … байгуулах,...” гэж заасан.

6.Нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй үндэслэлээс үзэхэд, “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-д хамаарах А рампын гүүрэн гарцын байгууламжийг барихаар төлөвлөснөөс шалтгаалж нэхэмжлэгч “Эи” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хохирол учирсан тул нөхөн олговрыг шаардсан агуулгатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.3, 73.1.6-д заасан замын байгууламжид хамаарах гүүрэн гарцын төлөвлөлт хууль бус байсны улмаас хохирол учирсан үндэслэлээр маргасан гэж үзэхээр байна.

7.Нэхэмжлэгчийн “Замын цагдаагийн уулзвар дээрх гүүрний А рампын гүүрэн гарцыг барихдаа түрүүлж барилгаа барьсан нэхэмжлэгч компанитай зөвшилцөөгүй, мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн барилгатай хэт ойр барьсан” гэж маргаж буй үндэслэлийн тухайд:

7.1.Хэрэгт авагдсан баримтуудаас[1] үзэхэд, анх УИХ-ын 2010 оны 36, 2013 оны 23 дугаар тогтоолоор нийслэл хотын түгжрэлийг бууруулах зорилгоор “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих”-аар төлөвлөж, уг төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргаас 2011 оны 818 дугаар захирамжаар тус гүүрэн гарцын улаан шугамын байршлыг тогтоон, газар эзэмших эрх олгож, мөн Засгийн газраас 2011, 2012 онд өгсөн чиглэлийн дагуу Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас төлөвлөлтийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажиллагааг явуулсан, төлөвлөлт нь зураг төсөл боловсруулах болон барилгын ажил гүйцэтгэх 2 үе шаттайгаар хэрэгжихээр төлөвлөгдсөн, уг төлөвлөлтөд нэхэмжлэгчийн маргаж буй “А рамп” нь нарны замын зүүн талаас төмөр зам дээгүүр урагш гарахаар төлөвлөгдсөн, 2013, 2015 онуудад зураг төсөл болон барилгын ажлын гэрээг байгуулсан, ерөнхий схем зургийг батлахад “А рамп” нь төлөвлөгдсөн байсан, энэ төлөвлөлтийг Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн, 2017 онд зураг төсөл болон барилгын ажлын гэрээг байгуулж, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр барих ажлыг эхлүүлж 2019 оны 09 дүгээр сарын 25-нд гүүрэн гарцын эхний хэсэг нээгдсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. 

7.2.Харин нэхэмжлэгч компанийн барилгын хувьд, анх Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/919 дүгээр захирамжаар тус компанид авто машины худалдаа, засвар үйлчилгээний зориулалтаар 1700 м.кв газрыг эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/676 дугаартай захирамжаар машины худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1400 м.кв газрыг шилжүүлж, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр батлуулжээ[2].

7.3.Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд, маргаан бүхий “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын А рампыг барих” төлөвлөлт нь 2010 оноос эхэлсэн хэд хэдэн үе шаттай олон үйл ажиллагаануудаас бүрдэж байх бөгөөд төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн үйл ажиллагаа нь  2011, 2013 оноос эхэлсэн буюу нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх болон барилга барих зөвшөөрөл олж авсан 2014, одоогийн барилгаа барьсан архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан 2015 оноос, мөн нэхэмжлэгчийн шинжээчийн дүгнэлтэд гаргаж өгсөн 2012 оны архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг батлагдсан цаг хугацаанаас түрүүлж маргаан бүхий А рампын гүүрэн гарцыг барихаар төлөвлөсөн байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

7.4.Захиргааны ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, …бол энэ хуулийн 74 /сонсох ажиллагаа/, 76 /хэлэлцүүлэг/ дугаар зүйлд заасан ажиллагааг хийхийг шаардахгүй.”, 79 дүгээр зүйлийн 79.3-т “Холбогдох захиргааны байгууллага … гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.” гэж тус тус зохицуулжээ. 

7.5.Маргаан бүхий “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын А рампыг барих” төлөвлөлтийн үйл ажиллагааг нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, барилга барих зөвшөөрөл авахаас өмнө эхлүүлсэн байсан тул хариуцагч нарыг Захиргааны ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасан сонсох ажиллагаа болон хэлэлцүүлгийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн явуулах байсан гэж буруутгах үндэслэлгүй, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар төлөвлөлтөөс шалтгаалж нэхэмжлэгчийн барилгын үнэ цэнийг алдагдуулах, хэт ойрхон гүүрэн гарцыг барихаар төлөвлөсөн сөрөг нөлөөллийг арилгах үүргээ хэрэгжүүлээгүй гэж хариуцагч захиргааг буруутгах үндэслэл мөн тогтоогдсонгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн маргаж буй “маргаан бүхий гүүрэн гарцын А рамп нь түрүүлж барьсан нэхэмжлэгчийн барилгатай хэт ойрхон төлөвлөгдсөнөөс шалтгаалж нэхэмжлэгчийн барилгын үнэ цэнэ буурсан, барилгын норм, дүрмийг зөрчсөн” гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

7.6.Иймд нэхэмжлэгч талын “сүүлд нэмэлтээр хийгдэхээр болсон Замын цагдаагийн уулзвар дээрх гүүрний А рампыг барихдаа түрүүлж барилгаа барьсан газрын эрх эзэмшигч “Эи” ХХК-ийн эрхийг зөрчиж, тус компанитай зөвшилцөж, мэдэгдэлгүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, хүч түрэн барьсан, нэхэмжлэгч компанийн барилгатай хэт ойр буюу 2 метр хүрэхгүй зайтай, 4.4 метр хүртэл өндөршилтэй баригдахаар төлөвлөгдсөн нь барилгын норм, аюулгүй байдлыг зөрчсөнөөс гадна барилгын үнэ цэнэ, үнэлгээг бууруулсан” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

8.Нэхэмжлэгчийн “орц, гарцыг хаасан” гэх маргаж буй үндэслэлийн тухайд:

8.1.Нэхэмжлэгч компаниас 2017 оноос хариуцагч байгууллагад “орц, гарцын асуудлыг шийдвэрлүүлэх, барилгын нүүрэн талыг хаан компанийн үйл ажиллагааны ашигтай ажиллах нөхцөлийг буруулж хохирол учруулж байгаа” талаар удаа дараа өргөдөл гаргажээ. 

8.2.Нэхэмжлэгч компанийн орц, гарц нээх хүсэлт болон бусад тухайн орчинд газар эзэмшиж буй этгээдүүдийн  хүсэлтийн дагуу хариуцагчаас маргаан бүхий А рампын гүүрэн гарцын төлөвлөлтөд өөрчлөлт оруулж орц, гарцын асуудлыг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хувьд урд зүгт орц, гарцтай болсон, А рампын гүүрэн гарцын төлөвлөлтөд 2019 оны 05 дагуур сарын 22-ны өдөр зураг төслийн баримт бичгийг магадлалын ерөнхий дүгнэлт хийгдсэн гэдэг нь тогтоогдож байна[3]

8.3.Үүнээс үзэхэд хариуцагч захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д “Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу орц, гарцын асуудлыг шийдвэрлэн өгч, маргаан бүхий төлөвлөлтийг хэрэгжүүлэх явцад үүссэн урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөөг багасгах арга хэмжээг авах хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

8.4.Нэхэмжлэгч компанийн орц, гарцын асуудлыг хариуцагчаас шийдвэрлэж өгсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн  79.6-д “Энэ хуулийн 79.5-д заасан сөрөг нөлөөг арилгах болон багасгах боломжгүй бол нөхөн төлбөр олгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч компанид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй юм.

8.5.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдлийн хувьд үндэслэлтэй боловч маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгчийн шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтийн тухайд:

9.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан” гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно, 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ”, 118 дугаар зүйлийн 118.1-т “Давж заалдах гомдол гарсан хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан. 

9.2.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох, тайлбар, мэдүүлэг гаргах, хэргийн материалтай танилцах зэрэг эрхийг хангах зорилгоор нэхэмжлэгч “Эи” ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг хангаж шүүх хуралдааныг 3 сар гаруй хугацаагаар буюу 5 удаа хойшлуулсан байна.

9.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Ч, Т.Б нар нь 2024 оны 11 дүгээр сарын 15, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож байжээ. 

9.4.Тус хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ирснээс хойш нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Жаас 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/25/20 дугаар албан бичгээр төлөөлөгч Т.Баас татгалзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чгээс эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт 3 удаа ирүүлснийг тус шүүхээс хангаж шийдвэрлэжээ. 

9.5.Улмаар 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/25/03 дугаар албан бичгээр Н.М, 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/25/04 дугаар албан бичгээр З.О нарт тус компанийг төлөөлөх итгэмжлэлийг олгожээ. Өмгөөлөгч Н.Мээс эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг тус шүүхээс мөн хангаж шийдвэрлэсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд өмнө томилогдсон өмгөөлөгч Н.Мээс татгалзаж, өмгөөлөгч Д.Сийг оролцуулах, өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөх хүсэлт гаргасныг тус шүүхээс хангаж өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах, нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрхээр нь ханган шүүх хуралдааныг 30 хоногоор хойшлуулжээ. 

9.6.Тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн бөгөөд Д.С өмгөөлөгч нь дээрх 30 хоногийн хугацаанд хэргийн материалтай ирж танилцах, шүүхэд холбоо барих утасны дугаараа мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхээс хурлын товыг мэдэгдэх боломжгүй байжээ. 

9.7.Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О ирж “Б.Ч өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байгаа, Д.С өмгөөлөгч хурал давхардсан” тул шүүх хуралдааныг өмгөөлөгчтэй оролцох боломжоор ханган хойшлуулах хүсэлт гаргаж байх боловч тус өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 

9.8.Нөгөөтэйгүүр, тус шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг удаа дараа хангаж шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангасан, өмгөөлүүлэх эрхээр хангасан баримтууд хэрэгт авагдсан тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, анхан шатны шүүх дээр өмгөөлөгчтэйгөө оролцож тайлбар, мэдүүлэг өгсөн байдал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбараа гаргах боломжтой нөхцөл байдлыг тус тус харгалзан хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 226 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.8, 17.8.4 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.6, 77 дугаар зүйлийн 77.1, 79 дүгээр зүйлийн 79.5, 79.6-д заасныг тус тус баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН  

 

                                  ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН 

 

       ШҮҮГЧ                                                      А.САРАНГЭРЭЛ 

 

[1] Хэргийн 1-р хавтас 20, 54-55, 63,89, 56-178, 3-р хавтас 48-64 дэх тал

[2] Хэргийн 2-р хавтас 3-34 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 186-188, 2-р хавтас 246-249, 2-р хавтас 111-117 дахь тал