Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 10

 

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Төмөрмөнхөд холбогдох 201601070305 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

     Нарийн бичгийн дарга                                           Ц.Баясай

     Улсын яллагч                                                         Б.Буяндэлгэр

     Насанд хүрээгүй шүүгдэгч                                    Ж.Төмөрмөнх

     Насанд хүрээгүй шүүгдэгчийн

      хууль ёсны төлөөлөгч                                       Д.Жаргалсайхан

     Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Д.Цэнд-Аюуш нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гэрэлт-Ирээдүй” мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцдаг, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 10 дугаар гудамжны 7 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овгийн Жаргалсайханы Төмөрмөнх /РД:НЧ00232415/

              Ж.Төмөрмөнх нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний гудамжинд “муухай харлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Б.Бархассаваадайг нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж, өшиглөх зэргээр хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Төмөрмөнхийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд өгсөн: “…Би Бархассаваадайг ерөөсөө танихгүй, 2016 оны 12 сарын 04-ний өдөр анх удаа харсан. Тэр хүүхэдтэй мэндэлсэн чинь намайг тоохгүй муухай хараад байхаар нь уур хүрээд зодчихсон. Нүүр рүү нь 2 удаа баруун гараараа цохьсон мөн зүүн хөлөөрөө нүүр рүү нь өшиглөсөн. Тухайн үед би цусыг нь цэвэрлэж өгөөд уучлалт гуйгаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бархассаваадайн мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрч байхад найз Баянхангайтай хамт түүний гэр болох Их-Гүн рүү явж байсан чинь Их-Гүн, Бага-Гүн хоёрын хоорондох засмал зам дээр Баянхангайгийн танил Төмөрмөнх гэх хүүхэдтэй таарсан. Тэгээд тэр хоёр хоорондоо мэндэлчихээд зогсож байсан чинь тэр хүүхэд надад хандан чи муу муухай хараад байна уу гэж хэлээд миний нүүр рүү маань гараараа хоёр удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд Баянхангай бид хоёрын дундуур орж салгасан. Миний хамраас цус гарсан. Тэгээд тэр хүүхэд надаас уучлалт гуйгаад гар бариад салсан. Маргааш нь би цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Баянхангайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрч байхад би найз Бархассаваадайн хамтаар өөрийн гэр рүүгээ явж байгаад Их-Гүн, Бага-Гүн хоёрын хоорондох засмал зам дээр танил Төмөрмөнхтэй таарсан. Төмөрмөнх надтай мэндэлчихээд Бархассаваадайг чи муу муухай хараад байна уу гэж хэлээд нүүр рүү нь гараараа хоёр цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би салгасан. Тухайн үед Бархассаваадайн хамраас цус гарсан чинь Төмөрмөнх уучлалт гуйгаад тэр хоёр гар бариад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Г.Хэрлэнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дүүгээсээ сонсоход ангийнхаа хүүхдийн гэр рүү явж байгаад замдаа хүүхэдтэй тааралдаад зодуулсан гэсэн. Манай дүүгийн хамар нь хугарч нүд нь хөхөрсөн байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шинжээчийн “...Б.Бархассаваадайн биед хамар ясны шинэ хугарал, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл хохирогчийн зааж буй хугацаатай тохирч байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвартт нөлөөлөхгүй....” гэсэн 09шэ/440 тоот дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй яллагдагч Ж.Төмөрмөнхийн насыг тоолсон баримт /хх-ийн 32 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бархассаваадайн насыг тоолсон баримт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “…Ж.Төмөрмөнхийн ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

             Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Төмөрмөнх нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний гудамжинд “муухай харлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Б.Бархассаваадайг нүүрэн тус газарт нь хоёр удаа баруун гараараа цохиж, зүүн хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөх зэргээр зодож, насанд хүрээгүй хохирогч Б.Бархассаваадайн бие махбодид нь хамар ясны шинэ хугарал, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй байна. Шинжээчийн 09шэ/440 дугаартай үзлэг хийсэн дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хэрэгт цугларсан баримтууд нь тухайн хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадаж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Ж.Төмөрмөнхийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Бархассаваадайн бие махбодид хөнгөн гэмтэл учирчээ.

Иймд Ж.Төмөрмөнхийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Бархассаваадай нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 130.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 130.000 төгрөг төлж барагдуулсан нь насанд хүрээгүй хохирогч Б.Бархассаваадай болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.Хэрлэнцэцэг “…Эмчилгээний зардалд Ж.Төмөрмөнхөөс 130.000 төгрөг авсан. Гомдол саналгүй…” гэсэн /хх-ийн 54 дүгээр хуудас/ баримтаар тогтоогдож байна.

Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төвөөс “…Нэгдсэн үндэстний байгууллагаас гаргасан тунхаглалд зааснаар насанд хүрээгүй яллагдагч Ж.Төмөрмөнх нь хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэсэн тодорхойлолтонд багтаж байгаа юм. Тус конвенцийн үзэл баримтлалд нийцүүлэн насанд хүрээгүй этгээд анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үлйдсэн тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулах санлыг хүргүүлж байна…” гэсэн 02 дугаартай албан тоот, сэтгэл зүйчийн дүгнэлт зэргийг ирүүлжээ. /хх-ийн 56 дугаар хуудас/

Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Төмөрмөнх нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, арван найман насанад хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Иймд дээрх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу ар гэрийн нөхцөл байдал, насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх дүгнэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэхээр байна.

Ж.Төмөрмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн

290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Боржигон овгийн Жаргалсайханы Төмөрмөнхийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Боржигон овгийн Жаргалсайханы Төмөрмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар гурван /3/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар Ж.Төмөрмөнхийн эдлэх ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Төмөрмөнх нь хохирогч Б.Бархассаваадайн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 130.000/ зуун гучин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Ж.Төмөрмөнх нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дүгээр зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт тус тус зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Төмөрмөнхөд гурван /3/ жил нэг /1/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг арван /10/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг Багануур дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв болон эцэг Д.Жаргалсайхан нарт тус тус даалгаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдсүгэй.     
  7. Шүүгдэгч Ж.Төмөрмөнхөд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Төмөрмөнхөд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Төмөрмөнхөд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ