Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 61

 

   Д.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1753 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр Д.Гт холбогдох эрүүгийн 1903010100441 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн .............ын ..............., 19......... оны ........... дүгээр сарын ..............-ны өдөр ................ аймгийн ................. суманд төрсөн, ................ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............., эхнэр, хүүхдүүдийн хамт ................. дүүргийн .............. дугаар хороо, ............ийн .............. дугаар гудамжны .............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

 

Д.Г нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 032 дугаар цэргийн ангийн зүүн замд Хьюндэй портер маркийн 50-93 УБК улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 5 настай Ж.Намууныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .......... овгийн ................. ............йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус Д.Гт хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг Д.Гт үүрэг хүлээлгэсэн өдрөөс эхлэн тоолж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Г бусдад төлөх төлбөргүй, Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В, С, Д, Е ангилалын 333315 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл мэдээллийн төвд хүргүүлж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Гт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Э.Намуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1753 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл, шүүгдэгч Д.Гт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн боловч хэдий хугацаанд үүргийг хүлээлгэсэн болох, тухайн хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар дурдаагүй нь ойлгомжгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1753 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Учир нь, гэм буруу болон хохирол, хор уршиг, нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жилийн хугацаанд тэнссэн тохиолдолд үүрэг хүлээлгэх асуудал яригдана. Энэ утгаараа хоёр жилийн хугацаанд үүрэг хүлээлгэж байна гэж ойлгож байгаа. Прокурорын шийтгэх тогтоолд “тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх” гэдэг үг нэмж оруулах саналыг шүүхээс өөрчилж болохуйц санал гэж харж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүйгээр өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Д.Г нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 032 дугаар цэргийн ангийн зүүн замд Хьюндэй портер маркийн 50-93 УБК улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 5 настай Ж.Намууныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хонгорзулын “...2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 032 дугаар цэргийн ангийн зүүн талын явган хүний гарцаар 2 хүүхдийн хамт зам хөндлөн гарч байтал зам тавьж өгсөн машины цаад талаар буюу нэгдүгээр эгнээнд явж байсан 50-93 УБК улсын дугаартай “Портер” маркийн автомашин манай охин Намууныг мөргөж гэмтээсэн. Тухайн үед би охиноо зүүн гар талдаа хөтөлчихсөн, бага хүүхдээ тэвэрчихсэн явж байсан ба миний охин алив яваарай гээд л охиноо нэг алхам урагшаа гишгүүлэхэд дээрх машин ирээд мөргөчихсөн. Тэгээд 103 дуудаад түргэний машинаар шууд гэмтэл явсан. Тэр машин нилээн ширүүн явж байх шиг байсан. Охиноо гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд чамархайн яс нь цууралттай, 2 талдаа бага зэргийн хавантай байна гэсэн. Бусад зүйлүүд зүгээр гайгүй гэсэн. Гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тархины 2 дугаар тасагт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн. ...” /хх 17-18/,

 

шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн “...явган хүний гарцаар зам хөндлөн буюу зүүнээсээ баруун чиглэлтэй гарч байсан эмэгтэй хүн нэг хүүхдээ тэвэрчихсэн, нөгөө хүүхдээ хөтөлчихсөн явж байх үед нь хөтөлчихсөн явж байсан хүүхдийг нь мөргөж гэмтээсэн. Тухайн үед тэр мөргүүлсэн хүүхэд ээжтэйгээ зэрэгцээд алхаж явж байгаад гэнэт урагшаа гүйгээд урдуур ороод ирсэн. Би ч хүүхдийг хараад тоормозоо гишгэтэл зогсож амжихгүй хүүхдийг мөргөчихсөн. ...” /хх 68-69/ гэх мэдүүлгүүд,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ж.Намууны биед зүүн чамархай зулай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлийн үр дүнгээс хамаарна.” /хх 23/ гэх 10531 дугаартай,

 

            Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн “...”Хюньдэй портер” маркийн 50-93 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ж.Намуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” /хх 81/ гэх 406 дугаартай дүгнэлтүүд,

 

            зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/, хохирлын баримтууд /хх 60/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Гийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Д.Гийг “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай Ж.Намууныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс Д.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Прокурор Э.Намуун “...Д.Гт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн боловч хэдий хугацаанд үүргийг хүлээлгэсэн болох, тухайн хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар дурдаагүй нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэсэн атлаа тухайн хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1753 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус заалт нэмсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Э.Намууны бичсэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ