| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан******* овгийн ******* ******* холбогдох эрүүгийн 23000000085 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр* аймгийн * суманд төрсөн, эрэгтэй, 58 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдүүдийн хамт аймаг, сум, * дугаар баг, * дугаар хэсэг тоотод оршин суух, урьд өмнө * аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай,******* овогт ******* *******, РД: /*****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** аймгийн ***сумын **дугаар баг ** дугаар хэсэг***тоотод хадам аав *******ын гэрт маргалдан түүнийг ширээн дээр байсан бор өнгийн бариултай цайны аягаар дух хэсэгт нь цохиж духны хэсэгт няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “... 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ ирэхэд хадам аав гэртээ согтуу байсан ба надыг хүүхдүүдээ хамаагүй мөнгө өглөө гэж хэлээд уурлаад элдэв үгээр хэлээд байхаар нь би маргаж ширээн дээр байсан аяга аваад толгой руу нь цохисон. Хадам аавдаа гэмтэл учруулсан нь миний буруу, би хойшид дахин ийм асуудал гаргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *******ын өгсөн: "... Би 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн гэртээ эхнэр Ц, 3-н зээ болох *******, *******, нарын хамт байж байсан чинь 22 цагийн үед манай хүргэн ******* гэрт орж ирээд намайг “зайл. Тэр Зүүнхарааруугаа яв, чи эндхийн хүн биш, би эндхийн атамаан нь байна зайл” гэж хэлээд ширээний дэргэд ирсэн. Би өөдөөс нь “чи согтуу орж ирээд хэрэг байхгүй ээ, эрүүлдээ бол хамаа алга, нэг бол 3-н хүүхдээ аваад яв” гэж хэлсэн чинь хүргэн ******* ширээн дээр байсан сэнжтэй аягыг барьж аваад тухайн аягаараа миний духны орой хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан. Миний толгой өвдөж байна, тухайн цохисон газар нь хөндүүрлэж байна. Цус их гарсан, 3-н оёдол тавиулсан.
Урьд өмнө нь зөндөө хэрүүл хийж байсан. Өмнө нь бас зодолдож байсан. Зодолдох үед ******* нь миний гарыг хүртэл хугалж байсан. Нилээн согтуу хөл дээрээ арай гэж тогтож байсан. Би тухайн үед бага зэрэг архи уусан байсан гэхдээ өөрийн хийж буй үйлдэлээ мэдэж байгаа. ******* нь муухай ааштай ааш зангийн хувьд тааруу “би ална, би атамаан хүн” гэж ярьдаг. Онгироо, сагсуу архи согтууруулах ундааг өдөр бүр л уудаг. Миний хувьд гомдолтой байна. Алийн болгон нүүр ам, гар хөлөө гэмтээлгэх гэсэн юм..." гэх мэдүүлэг, /хх-ийн 8 дугаар тал/,
“...Архи согтууруулах ундааг тогтмол уудаг. Архи уусан үедээ манай гэрт орж ирээд манай эхнэр болон өөрийн хүүхдүүдээ элдэв үгээр хэлж доромжилдог. Уг үйлдлийг нь дагаад түүний хүүхдүүдийнхэн ааш зан эвдэрч байна. ******* нь миний тархийг хагалхаас өмнө миний гарын хугалж байсан. Тухайн үед за яахав гэж бодоод цагдаагийн байгууллагад өргөлөд гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Зүгээр л хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *******ийн өгсөн: "...Би 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд гэртээ нөхөр 3 зээгийн хамт байж байтал манай хүргэн ******* гаднаас согтуу орж ирээд манай нөхөр *******тай “зүүнхараа руугаа зайл” гэх мэтээр доромжлоод байхаар нь тухайн үед манай нөхөр орон дээр сууж байсан юм тэгээд босож ирээд “намайг алчихаарай” гэж хэлсэн чинь ******* сандал дээр сууж байгаад ширээн дээр байсан бор өнгийн сэнжтэй цайны аяга аваад манай нөхөр *******ын баруун хөмсөг дээр нь цохьчихсон юм тэр үед манай 3-н зээ охидууд нийлээд *******ыг гадагшаа гаргасан тэгээд удалгүй буцаж орж ирсэн тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх- ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч ******* өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр аав өвөөг цохисон үйл явдал болох үед би болон манай дүү Ч бид 2 байхгүй байсан. Бид хоёрыг 22 цаг өнгөрөөд орж ирэхэд тийм үйл явдал болсон байсан. гэрт орж ирэх үед аав, өвөө 2 хоёулаа согтуу байсан. гэрийн нөхцөл байдлыг харахад дунд өрөөний шал цус болсон байсан. Урьд өмнө нь хэрүүл маргаан болохын хувьд болж байсан. Харин бие биенээ цохиж зодсон асуудал гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Б 2022 оны 03 дугаар сарын -ний өдөр гаргасан 135 дугаартай шинжээчийн “...*******ийн биед духны хэсэгт няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаатай тохирч байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-35 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29 дүгээр тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 30- дүгээр тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /41 дүгээр тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /42 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/,
Иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт /хх-ийн 47 дугаар тал/,
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн сумын 05 дугаар баг 03 дугаар хэсэг 117 тоотод хадам аав *******ын гэрт маргалдан түүнийг ширээн дээр байсан бор өнгийн бариултай цайны аягаар дух хэсэгт нь цохиж духны хэсэгт няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын өгсөн мэдүүлэг, /хх-ийн 8 дугаар тал, хх-ийн 10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *******ийн өгсөн мэдүүлэг /хх- ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч ******* өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Б 2022 оны 03 дугаар сарын -ний өдөр гаргасан 135 дугаартай шинжээчийн “...*******ийн биед духны хэсэгт няцарсан шархтай цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаатай тохирч байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/, зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна .
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч *******аас хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй ба хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд ...нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Зүгээр л хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж мэдүүлэг өгсөн байх тул /хх-ийн 10 дугаар тал/ энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 дэхь хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн архидан согтуурсан байдал, мөн хохирогчтой харьцах харьцаа хандлага, хүндлэлгүй байдал нөлөөлсөн байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг шүүгдэгчийн харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн шилэн аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* *******д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар *******д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн шилэн аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ