| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/107 |
| Огноо | 2023-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/107
2023 оны 06 сарын 02 өдөр 2023/ШЦТ/107 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
шүүгдэгч Б.Элбэгзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Элбэгзаяад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330000000082 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Худалдааны гудамжны 401 тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар аймгийн Сум дундын 19 дүгээр шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
ЛЮ95011511 регистрийн дугаартай, Хилчин ургийн овгийн Батцэнгэлийн Элбэгзаяа.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Элбэгзаяа нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Баясах” нэртэй хүнсний дэлгүүрт хамтран амьдрагч Б.Номинтөгстэй маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан, тухайн үед Б.Номинтөгсийн өмчлөлийн IPhone XS загварын гар утсыг газарт шидэн хөлөөрөө дэвсэлж хууль бусаар гэмтээж 850,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Элбэгзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед найзынхаа гэрээсээ гараад явсан. Өмнө нь эхнэртэйгээ маргалдсан байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ очиж агсан тавьсан байсан. Прокуророос 2 зүйлчлэлээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байна.Гар утасны үнэлгээ 850.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 161.000 төгрөгийг төлнө. Хутга бариад хүн рүү дайрсан нь миний буруу, дүгнэлт хийж байгаа. Одоо хохирогчтой бараг холбоогүй байгаа. Тусдаа амьдарч байгаа...гэв.
Эрүүгийн 2330000000082 дугаартай хэргээс:
- Яллагдагч Б.Элбэгзаяагийн: Би прокурорын тогтоолтой танилцсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр найз Бат-Эрдэнийн гэрт ганцаараа Агар нэртэй 0,75 литрийн архи уугаад гэртээ ороод гэрээсээ 2 ширхэг хутга аваад гарч яваад хадам аавын гэрт орчсон байх. Тэгээд би хадмын гэрээс гараас Б.Номинтөгсийн ажилладаг Баясах дэлгүүр рүү очсон. Тухайн үед юунаас болж хамтран амьдрагчтайгаа маргалдсанаа мэдэхгүй байна. 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хамтран амьдрагчийн ажилладаг дэлгүүр дээр нь очоод Б.Номинтөгсийн ярилцах санаатай очиход надад “чамтай ярих юм байхгүй, чи манай гэрээс хувцсаа аваад яваарай, би өмнөх нөхөртэйгөө суух гэж байгаа” гээд хэлж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өмнө нь хэлсэн үг нь бодогдоод би маргалдаж муудсан байх. Би түүний утсыг шалгаж үзэх гээд утсыг нь булааж авах гэж байхад манай хамтран амьдрагч хана мөргөөд унасан. Тэр үед нь би утсыг нь аваад газар шидээд эвдчихсэн. Утсыг эвдсэнээ санаж байна...гэх мэдүүлэг /хэргийн 71-73 дугаар хуудас/
- Хохирогч Б.Номинтөгсийн: Би Баруун-Урт сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Баясах” дэлгүүрт ажилладаг юм. Өнөөдөр 14 цагийн үед дэлгүүрийнхээ ээлжийг солих гээд худалдагч охин Мөөжий /дууддаг нэр нь/ ирээд бид хоёр дэлгүүртээ сууж байсан. Тэр үед манай ээж Б.Ариунзаяа миний утас руу залгаад “Хадам ээж чинь сая над руу залгалаа. Заяа чинь гэрээсээ хутга аваад гарлаа, болгоомжтой байгаарай гэж байна” гэж надад хэлсэн. Дараа нь 10-15 минутын дараа ээж над руу буцаж залгаад “Заяа манайхаар ороод гарлаа, чам руу очих байх халаасандаа хутгатай явж байгаа шүү” гэж хэлсэн. Удалгүй 5 минутын дараа манай нөхөр Элбэгзаяа манай дэлгүүрт орж ирсэн. Орж ирэхэд нь Мөөжий бид хоёр дэлгүүрийн лангууны ард нь байсан. Тэгээд Б.Элбэгзаяа дэлгүүрт орж ирээд надтай сууж байсан охиныг “чамайг ална шүү, зайл, яв, гар чи” гээд өөдөөс нь чанга чанга бахираад байсан. Тэгэхдээ манай дэлгүүрийн хилийг гараараа олон удаа цохиод эвдчихсэн. Тухайн үед би доош тонгойгоод байхад миний дээрээс хутга гаргачихсан “чамайг ална, чи хэн нэгнийг дууд, эсвэл би үхье” гээд 2 гартаа хутга барьчихсан далайгаад байсан. Тухайн үед би Элбэгзаяад “чи болилдоо хажууд хүн байхад яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Элбэгзаяа ”би үхээд өгье” гээд байсан. Би Элбэгзаяад “хоёулаа гараад учраа олъё” гээд үүд рүү гарах гэтэл Элбэгзаяа намайг хана руу хүчтэй түлхэхэд би хана мөргөөд унахдаа хаалганы ирмэг мөргөөд газар унасан. Унахдаа нүднийхээ шилийг хагалчихсан. Тэгээд намайг босож ирэхэд надтай зууралдаж байхдаа намайг унагаагаад дэлгүүрийн хаалга өшиглөөд хаалганы шилийг нь мөн хагалчихсан. Тэгээд намайг босох гэтэл дээрээс дарж байгаад миний утсыг булааж аваад гарсан. Би араас нь гартал миний утсыг газар шидээд дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. Тэрийг нь хараад би буцаад дэлгүүр рүү орох гэтэл миний баруун мөрнөөс татаад газар унагаагаад толгой руу олон удаа цохисон. Тэр үед Элбэгзаяа миний хэвлий рүү хутгаараа хатгах гэсэн. Тухайн үед би 2 давхар гадуур хувцастай байсан тулдаа миний хэвлий рүү хутга нь ороогүй. Би тухайн үед гараараа хутгыг нь түлхээд Элбэгзаяад “чи ямар аймар юм бэ” гэж хэлсэн. Тухайн үед би Мөөжийд цагдаа дуудаарай гэж хэлэхэд Элбэгзаяа 2 гартаа барьсан 2 хутгаа газар хаясан. Тэгээд би босоод утас руугаа явсан. Харин Элбэгзаяа газар унасан 2 хутгаа аваад яваад өгсөн. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Би эмнэлэг дээр очоод Мөөжий рүү залгатал “Элбэгзаяа дэлгүүр дээр намайг хайгаад очсон” гэж байсан. Мөөжий рүү тухайн үед “чамайг ална” гээд орилсон гэж байсан....гэх мэдүүлэг /хэргийн 13-15 дугаар хуудас/,
- Гэрч Б.Ариунзаяагийн “ 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Элбэгзаяагийн ээж Мөнхцэцэг нь над руу яриад “Б.Элбэгзаяа 3 ширхэг хутга аваад согтуу явж байна шүү, орилж бахираад явж байна. Болгоомжтой байгаарай” гээд залгасан. Тухайн үед би “ Мөнхцэцэгт болгоомжлоод байх зүйлгүй, танай хүү 3 жил манайд сайхан амьдарсан. Манайханд хийсэн муу зүйл байхгүй. Би айхгүй байна” гэж хэлсэн. Удалгүй манай гэрт Б.Элбэгзаяа орж ирсэн. Тухайн үед Б.Элбэгзаяа халааснаасаа хайч гаргаж ирээд хоолойгоо хэрчинэ гээд байсан. Мөн куртикнээсээ 2 ширхэг хутга гаргаж ирээд “та нарыг алчхаад би өөрийгөө ална” гэх зэргээр үг хэлж байсан. Тэгэхээр нь би “чи чадахгүй, би чиний хүүхдийг ой гаруйтай болтол нь би өсгөж байна” гээд тухайн үед ухааруулах хэдэн үг хэлсэн. Тэр үед Б.Элбэгзаяа нь хэсэг тайвшраад сууж байгаад Б.Элбэгзаяа манайхаас гарч явсан. Би охин Б.Номинтөгс рүү залгаад “Б.Элбэгзаяа 2 ширхэг хутгатай явж байна. Болгоомжтой байгаарай чиний чиг рүү явж байх шиг байна” гэж хэлсэн. 40 минутын дараа манай охин Б.Номинтөгс над руу залгаад “Б.Элбэгзаяа намайг зодчихлоо, над руу хутга барьж дайрсан, миний утсыг, дэлгүүрийн хил, дэлгүүрийн хаалганы шилийг эвдчихлээ” гэж хэлж байсан. Мөн “Намайг хутгаараа бараг дүрэнгээ алдлаа шүү дээ” гэхэд би охиндоо “чи эвийг нь олоод гаргачихгүй дээ” гэж хэлсэн. Дараа нь Б.Элбэгзаяа над руу залгаад “ээжээ би Номиогийн утсыг хана руу шидчихсэн, дэлгүүрийн хилийг шидчихсэн шүү” гэж залгасан. Тэгэхээр нь би өөдөөс нь “чи муу яадаг арчаагүй хар новш вэ” гэж хэлэхэд утсаа тасалчихсан. Удалгүй Б.Элбэгзаяа манай гэрт хувцас нь шороо тоос болчихсон орж ирчхээд угаалтуурт гараа угаачхаад нөгөө хутгаа гаргаж ирэхээр нь би нөхөр М.Батсайхан руу залгатал Б.Элбэгзаяа нь манайхаас гараад зугтаачихсан. Б.Элбэгзаяагаас тухайн үед архи үнэртэж байсан. Тэгэхдээ биеэ хянах чадвартай байсан...гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,
- Гэрч М.Батсайханы: Би тухайн өдөр ажилтай байсан. Манай хамтран амьдрагч Б.Ариунзаяа “Б.Элбэгзаяа гэрт хутгатай орж ирчхээд ална гээд байна. Чи хурдан хүрээд ир” гээд над руу залгасан. Орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манайд Б.Элбэгзаяа байгаагүй. Тухайн үед Б.Ариунзаяа надад “Б.Элбэгзаяа гэрт ирээд хутга гаргаж ирээд та хэдийг ална ” гэж сүрдүүлсэн гэж хэлсэн. “ Б.Элбэгзаяа хаана явна” гэж асуухад “саяхан энд байсан. Чи араас нь гар даа” гэж хэлэхэд би гэрээсээ гараад харахад манайхаас баруун тийш айлын хашаа даваад зугтааж байсан. Би тухайн үед Б.Элбэгзаяаг барьж авч чадаагүй....гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/,
- Гэрч З.Мөнхцэцэгийн: 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед манай хүү Б.Элбэгзаяа над руу залгаад “ээжээ би дарамтанд хэцүү байна. Би үхмээр байна” гэж байсан. Тэгэхээр нь “яасан та хоёр буцаад маргалдсан юм уу, ээж нь ажил дээрээ байна хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхэд “тиймээ” гэж хэлчхээд утас нь салчихсан. Тэр үед би хадам ээж Б.Ариунзаяа руу нь залгаад “нөгөө Б.Элбэгзаяа чинь архи уусан юм шиг байна. Согтуу байж магадгүй, ална хядна гээд орилоод явж байна. Та хэд болгоомжтой байгаарай” гэж хэлсэн. Тэр үед хадам ээж “юуг нь айдаг юм, ирвэл цагдаад нь өгчихнө, шоронд нь оруулчихна” гэж миний өөдөөс хэлсэн. 16 цагийн үед Номинтөгс над руу залгаад “танай хүү намайг ажил дээр ирээд зодчихлоо, би эмнэлгийн хүлээн авах дээр байна. Миний утсыг эвдчихсэн, та миний утсыг төлж өг” гэж хэлж байсан. Тухайн үед би “ээж нь юугаараа төлөх вэ дээ, Б.Элбэгзаяагийн өмнөх өрийг төлөх гээд энд ажил хийж байгаа шүү дээ” гэж өөдөөс нь хэлсэн....гэх мэдүүлэг /хэргийн 26-27 дугаар хуудас/,
- Гэрч М.Мөнхжаргалын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед Б.Номинтөгс эгчтэй “Баясах” дэлгүүр байхад түүний нөхөр Б.Элбэгзаяа гээд ах орж ирээд Номинтөгс эгч рүү “Би үхээд өгөх үү” гээд дайраад байсан. Тэр үед Номио эгч чимээгүй лангууны ард зогсож байсан. Би бас хажууд нь зогсож байсан. Тэр үед нөхөр нь 2 ширхэг хутга энгэрээсээ гаргаж ирээд 2 гартаа бариад Номинтөгс эгч рүү хутгаараа далайгаад “хүүе хүүе” гээд орилоод байсан. Мөн өөрийнхөө цээж рүү хутгаараа чичлээд байсан. Тэр үед Номио эгч нөхөртөө “чи хүний хажууд ичилдээ” гээд хэлж байсан. Тэр үед нөхөр нь лангуун дээр байсан цахилгаан хил рүү баруун гартаа барьсан хутгаараа хатгаад байсан. Яг тэр үед нь хутга нь халтираад гарыг нь зүсэж байгаа харагдсан. Баруун гараас нь цус гарч байсан. Мөн нөхөр Б.Элбэгзаяа нь дэлгүүрийн лангууг өшиглөөд байсан. Номинтөгс эгч нөхрийгөө “болилдоо, чи хамаг юм эвдчихлээ, хоёулаа гаръя” гээд авч гарах гэж байхад нөхөр нь дэлгүүрийн үүдэнд Номинтөгс эгчийг өргөж аваад унагаасан. Тэр үед Номинтөгс эгч толгойгоо хананд маш хүчтэй цохичихсон. Тэгээд Номинтөгс эгч босоод дэлгүүрээс гарсан. Араас нь нөхөр Б.Элбэгзаяа нь гарсан. Гадаа нөхөр нь Номинтөгс эгчийн утсыг булааж аваад шидчихсэн. Мөн нөхөр нь гартаа барьж байсан хутгаараа Номинтөгс эгч рүү далайгаад дайраад байсан. Тэр үед би хажууд нь зогсож байсан. Намайг Номинтөгс эгч “цагдаа дуудаарай” гээд олон удаа хэлсэн. Тэр үед нөхөр Б.Элбэгзаяа нь дэлгүүрийн хойд талын хашаа тойроод зугтаачихсан...гэх мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 122 дугаартай “Б.Номинтөгсийн биед тархи доргилт, толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хэргийн 37-38 дугаар хуудас/,
- “Болор үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчин Ц.Энхжаргалын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2302097 дугаартай “IPhone XS гар утасны зах зээлийн үнэлгээ 850,000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 45-55 дугаар хуудас/
- Эд мөрийн баримтаар гар утас хураан авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-4 дүгээр хуудас/
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.04.19-ний өдрийн 26/90 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Номинтөгсийн эмчилгээнд 161,000 төгрөгийн зардлын түүх /хэргийн 86-87 дугаар хуудас/,
- Иргэн Ж.Болор-Эрдэнээс Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт гаргасан “өөрийн дэлгүүрийн тухайн эвдэрсэн хаалганы шил болон цахилгаан хилийг нөхөн төлүүлэхгүй, гаргах гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хэргийн 93 дугаар хуудас/,
- Б.Элбэгзаяагийн Иргэний үнэмлэхийн лавлагаа,байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа/хэргийн 89-90,92 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Б.Элбэгзаяа нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Баясах” хүнсний дэлгүүрт хамтран амьдрагч Б.Номинтөгстэй маргалдаж, улмаар түүнийг түлхэж унаган, цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн тухайн үед Б.Номинтөгсийн өмчлөлийн IPhone XS загварын гар утсыг газарт шидэн хөлөөрөө дэвсэлж хууль бусаар гэмтээж хохирогчид 850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “Би тухайн үед найзынхаа гэрээсээ гараад явсан. Өмнө нь эхнэртэйгээ маргалдсан байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ очиж агсан тавьсан байсан. Прокуророос 2 зүйлчлэлээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байна.Гар утасны үнэлгээ 850.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 161.000 төгрөгийг төлнө. Хутга бариад хүн рүү дайрсан нь миний буруу, дүгнэлт хийж байгаа.” гэх,
хохирогч Б.Номинтөгсийн “...14 цагийн үед дэлгүүрийн ээлжийг солих гээд нөгөө худалдагч охин Мөөжий ирээд бид хоёр дэлгүүртээ сууж байсан. Тэр үед манай ээж Б.Ариунзаяа залгаад “Заяа манайхаар ороод гарлаа, чам руу очих байх халаасандаа хутгатай явж байгаа шүү” гэж хэлсэн. Удалгүй 5 минутын дараа манай нөхөр Элбэгзаяа манай дэлгүүрт орж ирээд надтай сууж байсан охиныг “чамайг ална шүү, зайл, яв, гар чи” гээд өөдөөс нь чанга чанга бахираад байсан. Манай дэлгүүрийн хилийг гараараа олон удаа цохиод эвдчихсэн. Мөн “чамайг ална чи хэн нэгнийг дууд, эсвэл би үхье” гээд 2 гартаа хутга барьчихсан далайгаад байсан. Б.Элбэгзаяа ”би үхээд өгье” гээд байсан. Би Элбэгзаяад “хоёулаа гараад учраа олъё” гээд үүд рүү гарах гэтэл намайг хана руу хүчтэй түлхэхэд би хана мөргөөд унахдаа хаалганы ирмэг мөргөөд газар унасан. Унахдаа нүднийхээ шилийг хагалчихсан. Намайг босож ирэхэд надтай зууралдаж байхдаа намайг унагаагаад дэлгүүрийн хаалга өшиглөөд шилийг нь хагалчихсан. Тэгээд миний утсыг булааж авч гараад газар шидээд дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. Би буцаад дэлгүүр рүү орох гэтэл миний баруун мөрнөөс татаад газар унагаагаад толгой руу олон удаа цохисон. Тэр үед Элбэгзаяа миний хэвлий рүү хутгаараа хатгах гэсэн. Би Мөөжийд цагдаа дуудаарай гэж хэлэхэд Элбэгзаяа 2 гартаа барьсан 2 хутгаа газар хаясан ” гэх,
гэрч Б.Ариунзаяагийн “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Элбэгзаяагийн ээж Мөнхцэцэг нь над руу яриад “Б.Элбэгзаяа 3 ширхэг хутга аваад согтуу явж байна шүү, орилж бахираад явж байна. Болгоомжтой байгаарай” гээд залгасан. Удалгүй манай гэрт Б.Элбэгзаяа орж ирээд халааснаасаа хайч гаргаж ирээд хоолойгоо хэрчинэ гээд байсан. Мөн куртикнээсээ 2 ширхэг хутга гаргаж ирээд “та нарыг алчхаад би өөрийгөө ална” гэх зэргээр үг хэлж байсан. Би охин Б.Номинтөгс рүү залгаад “Б.Элбэгзаяа 2 ширхэг хутгатай явж байна. Болгоомжтой байгаарай чиний чиг рүү явж байх шиг байна” гэж хэлсэн. Тэгээд 40 минутын дараа манай охин Б.Номинтөгс над руу залгаад “Б.Элбэгзаяа намайг зодчихлоо, над руу хутга барьж дайрсан, миний утсыг, дэлгүүрийн хил, дэлгүүрийн хаалганы шилийг эвдчихлээ” гэж хэлж байсан. Мөн “Намайг хутгаараа бараг дүрэнгээ алдлаа шүү дээ” гэхэд би охиндоо “чи эвийг нь олоод гаргачихгүй дээ” гэж хэлсэн. Дараа нь Б.Элбэгзаяа над руу залгаад “ээжээ би Номиогийн утсыг хана руу шидчихсэн, дэлгүүрийн хилийг шидчихсэн шүү” гэж залгасан.Тэгээд удалгүй Б.Элбэгзаяа манай гэрт хувцас нь шороо тоос болчихсон орж ирчхээд угаалтуурт гараа угаачхаад нөгөө хутгаа гаргаж ирэхээр нь би нөхөр М.Батсайхан руу залгатал Б.Элбэгзаяа нь манайхаас гараад зугтаачихсан. Б.Элбэгзаяагаас тухайн үед архи үнэртэж байсан. Тэгэхдээ биеэ хянах чадвартай байсан...” гэх,
гэрч М.Батсайханы “ Манай хамтран амьдрагч Б.Ариунзаяа над руу залгаад “Б.Элбэгзаяа нь гэрт хутгатай орж ирчхээд ална гээд байна. Чи хурдан хүрээд ир” гэсэн. Орой гэртээ 17 цагийн үед ирэхэд манайд Б.Элбэгзаяа нь байгаагүй. Б.Ариунзаяа надад “Б.Элбэгзаяа гэрт ирээд хутга гаргаж ирээд та хэдийг ална ” гэж сүрдүүлсэн гэж хэлсэн. “Б.Элбэгзаяа хаана явна” гэхэд Б.Ариунзаяа “саяхан энд байсан. Чи араас нь гар даа” гэж хэлэхэд би гэрээсээ гараад харахад манайхаас баруун тийш айлын хашаа даваад зугтааж байсан. Би тухайн үед Б.Элбэгзаяаг барьж авч чадаагүй ” гэх,
гэрч З.Мөнхцэцэгийн “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед манай хүү Б.Элбэгзаяа над руу залгаад “ээжээ би дарамтанд хэцүү байна. Би үхмээр байна” гэж байсан. Тэгэхээр нь “яасан та хоёр буцаад маргалдсан юм уу, ээж нь ажил дээрээ байна хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхэд “тиймээ” гэж хэлчхээд утас нь салчихсан. Тэр үед би хадам ээж Б.Ариунзаяа руу нь залгаад “нөгөө Б.Элбэгзаяа чинь архи уусан юм шиг байна. Согтуу байж магадгүй, ална хядна гээд орилоод явж байна. Та хэд болгоомжтой байгаарай” гэж хэлсэн. 16 цагийн үед Номинтөгс над руу залгаад “танай хүү намайг ажил дээр ирээд зодчихлоо, би эмнэлгийн хүлээн авах дээр байна. Миний утсыг эвдчихсэн, та миний утсыг төлж өг” гэж хэлж байсан. Тухайн үед би “ээж нь юугаараа төлөх вэ дээ, Б.Элбэгзаяагийн өмнөх өрийг төлөх гээд энд ажил хийж байгаа шүү дээ” гэж хэлсэн” гэх,
гэрч М.Мөнхжаргалын “.Би 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед Б.Номинтөгс эгчтэй ажилладаг “Баясах” дэлгүүр дээр нь байхад түүний нөхөр Б.Элбэгзаяа гээд ах орж ирээд Номинтөгс эгч рүү “Би үхээд өгөх үү” гээд дайраад байсан. Тэр үед нөхөр нь 2 ширхэг хутга гаргаж 2 гартаа бариад Номинтөгс эгч рүү хутгаараа далайгаад “хүүе хүүе” гээд орилоод байсан. Мөн өөрийнхөө цээж рүү хутгаараа чичлээд байсан. Нөхөр нь лангуун дээр байсан цахилгаан хил рүү баруун гартаа барьсан хутгаараа хатгаад байсан. Яг тэр үед нь хутга нь халтираад гарыг нь зүсэж байгаа харагдсан.Баруун гараас нь цус гарч байсан. Б.Элбэгзаяа нь дэлгүүрийн лангууг өшиглөөд байсан. Номинтөгс эгч нөхрийгөө “болилдоо, чи хамаг юм эвдчихлээ, хоёулаа гаръя” гээд авч гарах гэж байхад нөхөр нь дэлгүүрийн үүдэнд Номинтөгс эгчийг өргөж аваад унагаасан. Тэр үед Номинтөгс эгч толгойгоо хананд маш хүчтэй цохичихсон. Номинтөгс эгч босоод дэлгүүрээс гарсан. Араас нь нөхөр Б.Элбэгзаяа нь гарсан. Тэгээд гадаа нөхөр нь Номинтөгс эгчийн утсыг булааж аваад шидчихсэн. Мөн нөхөр нь гартаа барьж байсан хутгаараа Номинтөгс эгч рүү далайгаад дайраад байсан. Тэр үед би хажууд нь зогсож байсан. Намайг Номинтөгс эгч “цагдаа дуудаарай” гээд олон удаа хэлсэн. Тэр үед нөхөр Б.Элбэгзаяа нь дэлгүүрийн хойд талын хашаа тойроод зугтаачихсан” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 122 дугаартай “Б.Номинтөгсийн биед тархи доргилт, толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт,
“Болор үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчин Ц.Энхжаргалын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2302097 дугаартай “IPhone XS гар утасны зах зээлийн үнэлгээ 850,000 төгрөг” гэх дүгнэлт,
Эд мөрийн баримтаар гар утас хураан авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,
Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт иргэн Ж.Болор-Эрдэнээс гаргасан “өөрийн дэлгүүрийн тухайн эвдэрсэн хаалганы шил болон цахилгаан хилийг нөхөн төлүүлэхгүй, гаргах гомдол санал байхгүй...” гэх хүсэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2.Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Б.Номинтөгсөд учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 122 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Б.Номинтөгсийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэж заасны дагуу хохирогч Б.Номинтөгсөд учирсан эдийн хөрөнгийн хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй хийгээд хохирогч Б.Номинтөгсийн “Айфоне икс ээс/Iphone XS/ гар утас 850.000 төгрөгөөр тогтоосон “Болор үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч Б.Номинтөгс, шүүгдэгч Б.Элбэгзаяа нараас маргаагүй байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
4. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч Б.Номинтөгсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд 850000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь шүүгдэгч Б.Элбэгзаяагийн түүнийг цохиж зодсон, гар утсыг нь газар шидэж дэвслэн гэмтээсэн дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.
5. Шүүх шүүгдэгч Б.Элбэгзаяаг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учрах, гар утсыг шидэж дэвсэлснээр устаж, гэмтэж болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Б.Номинтөгсийг түлхэж унагах, толгой руу нь цохиж зодон эрүүл мэндэд нь, мөн түүний гар утсыг газарт шидэн дэвсэж эвдэж устган эд хөрөнгийн эрхэд тус тус зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн байна.
6. Прокуророос шүүгдэгч Б.Элбэгзаяагийн, хохирогч Б.Номинтөгсийг түлхэж унаган хана мөргүүлсэн, мөн цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Б.Номинтөгсийг гар утсыг газарт шидэн, дэвсэж эвдэж устгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах “Шүүгдэгч Б.Элбэгзаяа нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баруун-Урт сумын 6 дугаар багт байх “Баясах” хүнсний дэлгүүрт хамтран амьдрагч Б.Номинтөгстэй маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон хохирогч Б.Номинтөгсийн эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн үед Б.Номинтөгсийн өмчлөлийн IPhone XS маркийн гар утсыг газарт шидэн хөлөөрөө дэвсэлж хууль бусаар гэмтээж, хохирогчид 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Элбэгзаяагийн хохирогч Б.Номинтөгстэй эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан бага хэмжээнээс дээш хохирол гэдэгт 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу түүнээс дээш хэмжээний хохирол учирсныг ойлгоно.Хохирогч Б.Номинтөгсийн эзэмшлийн гар утас эвдэрч 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 161000 төгрөг, мөн IPhone XS маркийн гар утасны төлбөр болох 850,000 төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг гаргасныг шүүгдэгч Б.Элбэгзаяагийн зүгээс хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Элбэгзаяа нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баруун-Урт сумын 6 дугаар багт байх “Баясах” хүнсний дэлгүүрт хамтран амьдрагч Б.Номинтөгстэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүнийг түлхэж унаган хана мөргүүлж, мөн гараараа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Б.Номинтөгсийн өмчлөлийн АйФоне ИксЭс/IPhone XS/ загварын гар утсыг газарт шидэн дэвсэлж хууль бусаар устгаж 850,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд хөдөлбөргүй нотлогдсон хийгээд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан нь мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн объектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгодог.
Хэрэгт авагдсан Эд зүйл/ эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Б.Номинтөгсийн эзэмшлийн IPhone XS МАХ загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/ хавтаст хэргийн 2-4 хуудас/ “IPhone XS маркийн гар утас, өнгөгүй гадартай, цагаан өнгийн шилэн артай, 1 ширхэг камертай, арын шилэн нүүр хагарч үйрсэн, урд талын дэлгэц хэсгийн шил бүхэлдээ хагарч үйрсэн. Уг утас ашиглах боломжгүй болсон байв” гэж тэмдэглэгдсэнийг үндэслэвэл, уг гар утсыг сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон хийгээд уг эд хөрөнгийг устгасан гэж үзэх нь үндэслэлтэй байна.
Иймд яллах дүгнэлтээр Эрүүгийн хуульд заасан устгах, гэмтээх хэргийн тус тусдаа шинжийг тухайн үйлдэлд тохирох шинжээр тогтоогоогүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Элбэгзаяагийн, Б.Номинтөгсийн өмчлөлийн АйФоне ИксЭс/IPhone XS/ загварын гар утсыг газарт шидэн дэвсэлж хууль бусаар гэмтээсэн гэж үзсэнийг, устгасан гэж зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Элбэгзаяагийн бусдын эд хөрөнгийг устгасан үйлдлийн улмаас 850,000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.Элбэгзаяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд бүрэн дүүрэн нотлогдсон, яллах дүгнэлт үйлдсэн болон улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, тухайн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
1.Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Шүүгдэгч Б.Элбэгзаяагийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Номинтөгсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 161000 төгрөгийг зарцуулагдсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.04.19-ний өдрийн 26/90 дугаартай албан бичиг, Б.Номинтөгсийн тусламж үйлчилгээний зардлын түүхийн баримт зэргээр нотлогдоно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба уг хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй тул эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг уг хууль болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Элбэгзаяагаас гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь хуульд нийцнэ.
Иймд шүүгдэгч Б.Элбэгзаяагаас 161000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр тогтоов.
2. Мөн шүүгдэгч Б.Элбэгзаяагийн гэм буруутай үйлдлээс хохирогч Б.Номинтөгсөд эд хөрөнгийн хохирол учирсан буюу хохирогч Б.Номинтөгсийн Айфоне Икс Эс/Iphone XS/ загварын гар утас устгагдаж түүнд 850.000 төгрөгийн хохирол учирсан нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2302097 дугаартай “IPhone XS гар утасны зах зээлийн үнэлгээ 850,000 төгрөг” гэх дүгнэлтээр нотлогдох тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Элбэгзаяагаас 850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Номинтөгсөд олгохоор шийдвэрлэлээ.
3. Хохирогч Б.Номинтөгс гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Иймд хохирогч Б.Номинтөгс нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад хохирол, зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Элбэгзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, бусдын эд хөрөнгийг устгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Элбэгзаяагийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “Шүүгдэгч Б.Элбэгзаяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Э.Дарьхүү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч Б.Элбэгзаяагаас “ Би хуваариа хөдөлмөр эрхэлдэг учир надад нийтэд тустай ажил хийлгэлгүй, торгох ял оногдуулж өгнө үү ” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.Элбэгзаяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Б.Элбэгзаяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд заасан 2 гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийг үйлчилгээний буюу олон нийтийн газарт хутга, мэс ашиглан, ямар нэгэн тодорхой шалтаг, шалтгаангүйгээр үйлдсэн, хохирогчид учруулсан эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, харин Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Б.Элбэгзаяагийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Элбэгзаяагаас, хохирогч Б.Номинтөгсөд учруулсан эд хөрөнгийн хохирлыг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр бүрэн гаргуулж олгох тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Айпоне Икс Эс/Iphone XS/ загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Элбэгзаяад буцаан олгоно.
Шүүгдэгч Б.Элбэгзаяа энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт ирүүлсэн POSO загварын 2330000000082, Б.Элбэгзаяа гэсэн бичвэртэй, ягаан сарнай цэцэг бүхий зурагтай, цагаан өнгийн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Элбэгзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Элбэгзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлэх ялаар, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, шүүгдэгч Б.Элбэгзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Элбэгзаяа торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Элбэгзаяа шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Элбэгзаяад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Элбэгзаяагаас 850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Номинтөгсөд олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 161.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Номинтөгс тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтэлд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад шууд учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж баримтаар хураагдсан Айпоне Икс Эс/ Iphone XS/ маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Элбэгзаяад буцаан олгохыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
11. Шүүгдэгч Б.Элбэгзаяа энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт ирүүлсэн POSO загварын 2330000000082, Б.Элбэгзаяа гэсэн бичвэртэй, ягаан сарнай цэцэг бүхий зурагтай, цагаан өнгийн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН