Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2019/00514

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2019/00514

Улаанбаатар хот

 

                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Уриахад овогт Баатарсайханы Ариунтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Зуутраг овогт Цэнджавын Цэвэгсүрэнд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 90-27 УНЭ улсын дугаартай Корса маркын авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ариунтуяа, хариуцагч Б.Цэвэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Ариунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2001 онд Их сургуулиа төгсөж ирээд Ц.Цэвэгсүрэнтэй гэр бүл болсон. Том хүү Энэрэл 2003 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, бага хүү Бадрал 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус төрсөн. Бид 2001 оноос 2016 оны 01 сар хүртэл хамтран амьдарсан. Хэдийгээр 2016 оны 1 сар хүртэл хамтран амьдарсан гэж байгаа боловч Цэвэгсүрэн 2010 оноос хойш хөдөө ажилладаг болсон үндэслэлээр гэртээ цагаан сарын үеэр нэг л удаа ирдэг байсан. Хөдөө ажиллаж байхдаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, тэндээ эхнэртэй болсон байсан. Би 2015 онд ээжийгээ өнгөрсний дараа Ц.Цэвэгсүрэнг Багануурт ирээд эгчийндээ согтуу унтаж байхад нь түүний утаснаас өөр эхнэртэй болсныг нь мэдсэн. Тухайн үед миний бие жирэмсэн байсан. Ер нь Ц.Цэвэгсүрэн нь анх надтай гэрлэсэн цагаасаа эхлэн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан. Бид тусдаа амьдраад нилээн удаж байгаа, хариуцагч нь өөр эхнэртэй болсон, зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж цаашид эвлэрэх ямар ч боломж байхгүй. Би том хүүгээ сургуульд зөөгөөд ажил хийхгүй нэг хэсэг байсан. Гэтэл хариуцагч намайг архи уудаг, архичин гэх мэтээр доромжилдог. Надад архи дарс уугаад амьдралаа алдаад байгаа зүйл байхгүй. Би гэрлэлтээ цуцлуулж 2 хүүгээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Мөн бид хоёр салахдаа миний өмчлөлд үлдээсэн 90-27 УНЭ улсын дугаартай Корса маркын авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Миний бие Дуду Эмээ цэцэрлэгт 2018 оноос хойш ажиллаж байгаа, хүү Бадрал энэ цэцэрлэгт явж байгаа, хүү Энэрэлийг Дон Боско Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын сантехникчийн ангид төлбөрийг нь төлөөд суралцуулж байгаа. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Цэвэгсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2001-2016 он хүртэл гэр бүлийн амьдралтай байсан. Өнөөдөр нэхэмжлэгч ор үндэслэлгүй, худлаа зүйл ярьж байна. Надад гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан зүйл байхгүй. Мөн мессеж бичиж доромжилж байгаагүй. Нэхэмжлэгч өөрөө архи уучихсан үедээ над руу дайрч мессеж бичдэг, түүний хариу болгож бичсэн зүйлсийг хадгалж авчихаад ингэж хэлж байгаа байх. Тоёота Корса маркын машин нь Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан бөгөөд одоо төлбөр тооцооны үлдэгдэлгүй. Тусдаа амьдрахдаа уг машинаа Ариунтуяад үлдээсэн. Гэрлэлт цуцлуулах болон машины гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэх шаардлагыг зөвшөөрч байна. Би Ариунтуяад архи согтууруулах ундаа хэрэглэдэг үндэслэлээр хүүхдүүдээ өгөхөөс татгалзаж байна. Би энэ хүнийг архи дарсаа битгий уугаач гэж гуйдаг байсан. Тэр үед миний эмээ, өвөө архи уудаг, чамд ямар хамаатай юм бэ гэдэг байсан. Ямар ааш зантай, ямар хүн гэдгийг мэддэг болохоороо хүүхдүүдээ түүний асрамжид үлдээмээргүй байна. Гэхдээ би өөрийн асрамжиндаа авлаа гээд эхээс нь зугтаалгах гээгүй. Үнэхээр сайн ээж байж чадаж байвал надад хоёр хүүдээ тэтгэлэг төлөх чадвар байна. Би тэтгэлэг төлөх төлөхгүй гэсэндээ биш хүүхдүүдээ сайн хүмүүс болгохын тулд өөрийн асрамжид авахыг хүсч байна. Миний бие одоо өөр хүнтэй гэр бүл болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.Ариунтуяа нь хариуцагч Б.Цэвэгсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү Ц.Бадралыг өөрийн асрамжинд авч тэтгэлэг гаргуулах, өөрийн эзэмшилд байгаа 90-27 УНЭ улсын дугаартай Корса маркын авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019.11.12-ны өдөр дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү Ц.Энэрэлийг өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Ц.Цэвэгсүрэн нь гэрлэлт цуцлуулах, машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Ариунтуяагийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авч тэтгэлэг төлөхгүй гэж маргаж байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Ариунтуяа хариуцагч Ц.Цэвэгсүрэн нар нь 2001 оны 07 сараас 2016 оныг хүртэл хамтран амьдарч 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, хамт амьдрах хугацаанд 2003 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүү Ц.Энэрэл, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Бадрал нарыг төрүүлсэн, 2016 оноос хариуцагч өөр хүнтэй эр эмийн харилцаа үүсгэсэн болон зан харьцааны таарамжгүй байдлаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж заажээ.

Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос тусдаа амьдарсан, хариуцагч Ц.Цэвэгсүрэн өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, гэр бүл болж амьдрах сайн дурын хүсэл эрмэлзэл байхгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 14.7 дахь хэсэгт хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж тус тус заажээ.

Хариуцагч Ц.Цэвэгсүрэн нь 16 настай хүү Ц.Энэрэл, 4 настай хүү Ц.Бадрал нарыг өөрийн асрамжинд авна гэж маргаж байгаа бөгөөд хүү Ц.Энэрэлээс асрамжийн талаар санал асуухад аавын асрамжинд үлдэх талаар тайлбараа өгсөн байна.

Багануур дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн багийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэгч Б.Ариунтуяа, хариуцагч Ц.Цэвэгсүрэн, түүний хамтран амьдрагч Г.Энхчимэгтэй нартай биечлэн уулзаж, уулзалт, ярилцлага, сэтгэл зүйн оношлогоо зэргийг зохин байгуулж, зохигчдын амьдарч буй орчинтой биечлэн танилцаж гаргасан хамтарсан дүгнэлтээр хүү Ц.Энэрэл, Ц.Бадрал нарыг эх Б.Ариунтуяагийн асрамжид үлдээсэн нь хүүхдүүдийн хүмүүжилд илүү үр дүнтэй гэж дүгнэжээ.

Хүүхдүүд 2018 оны 08 дугаар сараас шүүгчийн захирамжаар эх Б.Ариунтуяагийн асрамжинд байгаа бөгөөд зохигчдын хөдөлмөр эрхлэлтийн байдал, түүнчлэн бага насны хүүхэд ээжийнхээ асрамжинд өсөж бойжих нь нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүй, эрүүл мэндийн хөгжлийн хувьд хүүхдийн эрх ашигт илүү нийцэх болон 16 настай хүү Ц.Бадралын шүүхэд өгсөн Би 2018 оноос 2019 оны 09 дүгээр сар хүртэл аавынхаа асрамжинд байсан бөгөөд цаашид аавтайгаа амьдрах хүсэлтэй, аавтай байхад халамжтай, тохитой, орчин нөхцөл сайн учир аавтайгаа хамт байхыг хүсч байна гэсэн саналыг харгалзан 2015.11.04-ний өдөр төрсөн хүү Ц.Бадралыг эх А.Ариунтуяагийн, 2003.05.10-нд төрсөн хүү Ц.Энэрэлийг эцэг Ц.Цэвэгсүрэнгийн асрамжид тус тус үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,

 мөн хуулийн 26 дугаар зүйлийн   26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх....эрхтэй гэж зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч тэдний Гэр бүлийн хуульд заасан үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэхийг, түүнчлэн хүүхдүүд тусдаа амьдарч байгаа эцэг эхтэйгээ холбоо харилцаатай байх эрхтэйг анхааруулах нь зүйтэй.

Мөн хариуцагч нь гэрлэлт цуцлуулах болон 90-27 УНЭ улсын дугаартай Корса маркын авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Ариунтуяагийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа болно.

Хоёр хүүхдийг нэг нэгээр нь эцэг эхийн асрамжинд үлдээсэн тул тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 130.2.2 дахь хэсэгт зааснаар 2019.08.08-ны 1164 дугаартай шүүгчийн захирамжаар хүү Ц.Бадралыг эх Б.Ариунтуяагийн асрамжинд түр шилжүүлэх урьдчилсан арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ариунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 233.055 төгрөгийг төлөх улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэвэгсүрэнгээс 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Уриахад овогт Баатарсайханы Ариунтуяа, Зуутраг овогт Цэнджавын Цэвэгсүрэн нарын 2003.06.12-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гэрлэлтийн бүртгэлийн 20-рт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2003.05.10-нд төрсөн хүү Ц.Энэрэлийг аав Цэнджавын Цэвэгсүрэнгийн асрамжид, 2015.11.04-ний өдөр төрсөн хүү Ц.Бадралыг эх Баатарсайханы Ариунтуяагийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цэвэгсүрэн нь 90-27 УНЭ улсын дугаартай Корса маркын авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Ариунтуяагийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж тухайн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг, хэн нэгэндээ уг үүргээ биелүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

5. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

6. Тус шүүхийн 2019.08.08-ны 1164 дугаартай хүү Ц.Бадралыг эх Б.Ариунтуяагийн асрамжинд түр шилжүүлэх урьдчилсан арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА