Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/110

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал, улсын яллагч А.Эрдэнэдэлгэр, шүүгдэгч Д.Х******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэрээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2231004050088 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Ноён Өндөр констракшин” ХХК-ий захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт,аймаг, сум,  **дугаар баг, ** дугаар хороолол, **тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б******* овогт Д******* Х*******, РД: /*******

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

Шүүгдэгч Д.Х******* нь “Ноён өндөр констракшин” ХХК-ны захирлаар ажиллаж байхдаа 2022 оны 06 сараас эхлэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын дотоод засварын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт зохион байгуулаагүй, шалгалт аваагүй, зааварчилга өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад ха'/|рагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн ажил олгогчийн үүргүүд хэрэгжүүлээгүй, Халаах хэрэгслийг байрлуулаад анхааруулах дохио, санамж тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарлалт хийж тавиагүй нь “барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” ерөнхий шаардлага” /БНБД 12-03-04/-ын 4 дүгээр хэсгийн 4.11 дэх “...харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүй тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино” гэсэн заалт биелүүлээгүйн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.А******* нь 2022 оны 09 дүгээр сарын 12-нд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирэх үедээ эмнэлгийн коридорт хана түшүүлэн байрлуулсан халаах хэрэгсэлд шүргэсний улмаас хөл дээр нь төмөр унаж “баруун дунд чөмөг ясны далд хугарал, баруун гуянд шарх бүхий” эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Х******* нь “Ноён өндөр констракшин” ХХК-ны захирлаар ажиллаж байхдаа 2022 оны 06 сараас эхлэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын дотоод засварын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт зохион байгуулаагүй, шалгалт аваагүй, зааварчилга өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн ажил олгогчийн үүргүүд хэрэгжүүлээгүй, Халаах хэрэгслийг байрлуулаад анхааруулах дохио, санамж тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарлалт хийж тавиагүй нь “барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” ерөнхий шаардлага” /БНБД 12-03-04/-ын 4 дүгээр хэсгийн 4.11 дэх “...харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүй тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино” гэсэн заалт биелүүлээгүйн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.А******* нь 2022 оны 09 дүгээр сарын 12-нд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирэх үедээ эмнэлгийн коридорт хана түшүүлэн байрлуулсан халаах хэрэгсэлд шүргэсний улмаас хөл дээр нь төмөр унаж “баруун дунд чөмөг ясны далд хугарал, баруун гуянд шарх бүхий” эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 7 дугаар тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-11 дүгээр тал),  насанд хүрээгүй хохирогч Б.А*******гийн мэдүүлэг (хх-ийн 14, 17 дугаар тал), гэрч П.А******* мэдүүлэг (хх-ийн 20-21, 23 дугаар тал), гэрч Д.О******* мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар тал), гэрч Б.С******* мэдүүлэг (хх-ийн 33-34, 36-37 дугаар тал), гэрч Н.М******* мэдүүлэг (хх-ийн 40-41 дүгээр тал), гэрч Б.Б мэдүүлэг (хх-ийн 43 дугаар тал), Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-47 дугаар тал),  Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18-06-028/11 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52-87 дугаар тал), насанд хүрээгүй хохирогч Б.А*******гийн өвчний түүх (хх-ийн 99-108 дугаар тал), шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2023/01 дугаартай дүгнэлт (хх-ийн 124-125 дугаар тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мэдүүлэг (хх-ийн 160 дугаар тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б гаргаж өгсөн санхүүгийн баримтууд хх-ийн 162-188 дугаар тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад  нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Х******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.А*******гийн хууль ёсны төлөөлөгч Э.Б 4.266.103 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт ирүүлснээс  шүүгдэгч Д.Х******* нь 5.000.000 төгрөгийг хохирол болон эмчилгээний зардалд төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт  / хх-н 197 дугаар хуудас / гаргасан  байх тул түүнийг  энэ шийтгэх тогтоолоор  хохирогчид  төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаа Д.Х*******ыг  800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох  ял оногдуулж , оногдуулсан ялыг 4 сарын хугацаатай төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч  Д.Х*******ын  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч  Д.Х******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Д******* Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар        Д******* Х*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Д.Х*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Д******* Х******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Насанд хүрээгүй хохирогч Б.А*******гийн хууль ёсны төлөөлөгч Э.Б нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Д.Х*******ын хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг  гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн үндэслэлээр  оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл  бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х*******т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ