Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2019/00537

 

 

 

 

 

2019 12 16 103/ШШ2019/00537

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах, Багануур-Ус ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Гүн-Ундарга ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4.933.267 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Гүн Ундарга ХХК-тай цэвэр ус, дулаан эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Гэтэл Гүн Ундарга ХХК нь 2018 оны 09 сараас хойш 2019.10.30-ны өдрийг хүртэлх хугацааны цэвэр ус, дулаан эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээний төлбөрийг өнөөдрийн байдлаар төлөхгүй үндсэн төлбөрт 3.471.589 төгрөг, алданги 1.461.677 төгрөг нийт 4.933.267 төгрөгийг төлөхгүй өр үүсгээд байна. Иймд манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцацрал шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч Гүн Ундарга ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн төлбөр болох 3.471.589 төгрөгийг төлсөн. Манай байгууллага үлдэгдэл төлбөр болох алданги 1.461.677 төгрөгөөс 250.000 төгрөгийн алдангиас чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаа нийт 3.721.589 төгрөгөөр багасгаж байна. Ингээд Гүн Ундарга ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.211.678 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ нь хариуцагч Гүн Ундарга ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт үндсэн төлбөр 3.471.589 төгрөг, алданги 1.461.677 төгрөг нийт 4.933.267 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага үндсэн төлбөр 3.471.589 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь алданги 1.461.677 төгрөгнөөс 250.000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа нийт 3.721.589 төгрөгөөр багасгаж, 1.211.678 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Шүүхээс 2019.12.16-ны өдрийн 11 цагт болох шүүх хуралдааны товыг 2019.12.12-ны өдөр хариуцагчид мэдэгдсэн хэдий ч шүүх хуралдаанд очихгүй гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Гүн-Ундарга ХХК нь 2018 оны 9 сараас 2019 оны 10 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны халуун болон цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлсийг төлөхгүй байснаас тус байгууллагад үндсэн төлбөр 3.471.589 төгрөг, алданги 1.461.677 төгрөг нийт 4.933.267 төгрөгийн өр хуримтлагдсан болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, төлбөрийн задаргаа зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагатай 2018.02.02-ны өдөр гэрээ байгуулж тус гэрээний хугацаа нь 2019.09.30-ны өдөр дуусахаар заасан байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт хэрэглэгч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хангагчид төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон байх тул 2018 оны 9 дүгээр сараас эхлэн гүйцэтгээгүй үүргийн дүнгээр алданги тооцох үндэслэлтэй байна.

Хангагч байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д Хангагч нь гэрээний нөхцөлд тохирсон тоо хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэхүүрэгтэй гэж зааснаар хэрэглэгчийг дулаан, цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үүргээ биелүүлсэн, хэрэглэгч нь ус, дулааны эрчим хүч хэрэглэсэн талаар маргаагүй учраас Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч нь халуун болон цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлсийг 2018 оны 09 дүгээр сараас эхлэн тооцох алдангийн хамт төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч байгууллага нь шүүхийн шатанд үндсэн төлбөрийг төлсөн хэдий ч гэрээнд заасны дагуу алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй байх тул 1.211.678 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч Гүн Ундарга ХХК-ийн захирал Ж.Жаргалсайхан нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг 2019.11.15-ны өдөр гардаж авсан бөгөөд 2019.11.29-ний өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх байсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд болон шүүх хуралдааныг хүртэл хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 93.882 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1.211.678 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33.630 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Гүн Ундарга ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд алданги 1.211.678 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж 93.882 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 33.630 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ТУЯА