Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 00030

 

2019-12-31

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд; 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1991 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, дүү, нөхөр, хүүхдийн хамт  Мөрөн сумын 6 дугаар баг 5-10 тоотод оршин суух, “Хөхнүүд” овогт Ганхуягийн Жавзандолгор /РЭ-91010405/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1991 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 31-18 тоотод оршин суух, “Аюурт” овогт Шинжээбаатарын Наранбаатар /РЭ-91100313/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Г.Жавзандолгор, хариуцагч Ш.Наранбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Жавзандолгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх нөхөр Наранбаатартай 2011 онд танилцаж үерхэж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 7-нд охин Номунгоог төрүүлсэн. 2014 онд бид хоёр тийш болж өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Хоорондоо таарч тохирохгүй болж хоёр тийш болсон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй өөр амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулах, охин Номунгоог өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм.

Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, охин Номунгоог өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Эцэг Наранбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Ш.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр Жавзандолгортой танилцаж үерхэж байгаад охин Номунгоо төрсөн ба миний хүүхэд мөн тул хүүхдийн асуудал маргаан байхгүй болно. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж дээр маргаангүй охиноо эхийнх нь асрамжид үлдээнэ. Гэхдээ охинтойгоо цаашид уулзаж байх талаар анхаарч өгөхийг хүсэж байна. Хүүхдийн тэтгэлэг авна гэвэл өгнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй ба цаашид хүссэн үедээ охинтойгоо уулзаж байх хүсэлтэй байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Жавзандолгор нь хариуцагч Ш.Наранбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Жавзандолгор , хариуцагч Ш.Наранбаатар нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин  Н.Номунгоо төрсөн болох нь Тухайлбал;

Гэрлэгчдийг 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6701000198 дугаарт бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

Тэдний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр охин “Аюурт” овогт Наранбаатарын Номунгоо /Рю-12310705/-г төрүүлсэн ба түүнд олгосон 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №0000850011 дугаар бүхий Төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ерөнхий боловсролын Үндэсний лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн “.....сурагч Наранбаатар овогтой Номунгоо нь тус сургуулийн 2б ангид сурдаг....” гэх,

Хөвсгөл аймаг, Мөрөн сумын Уст багийн Засаг даргын болон Дэлгэрмөрөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтууд, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн бичмэл нотлох баримт зэргээр тус тус нотлогдож байна. 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй, нэхэмжлэгч нь гэр бүлээ цуцлах түүнийгээ нотолж чадахгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:  

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа болон одоо өөрсдийн гэсэн тус тусдаа амьдралтай болсон, гэрлэлт цуцлах, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй харилцан тохиролцсон байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд Г.Жавзандолгор , Ш.Наранбаатар нарын гэрлэлтийг цуцалж насанд хүрээгүй охин Н.Номунгоог эх Г.Жавзандолгорын асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл”-д төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар “Аюурт” овогт Шинжээбаатарын Наранбаатар /РЭ-91100313/,  “Хөхнүүд” овогт Ганхуягийн Жавзандолгор /РЭ-91010405/ нарын гэрлэлтийг цуцалж,

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин “Аюурт” овогт Наранбаатарын Номунгоо /РЮ-12310705/-г эх Г.Жавзандолгорын асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Г.Жавзандолгор нь охин Э.Номунгоод хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Наранбаатараас 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Жавзандолгорт олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ