Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

 

 

2023 оны 06  дугаар сарын 07                    2023/ШЦТ/108                   Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ

Улсын яллагчаар Г.Бат-Оргил

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч О.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Билгүүнд холбогдох 2230000000278 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам 105 байр, 317 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялыг эдлээгүй,

ТК98032811 регистрийн дугаартай, Боржигон ургийн овогт Отгонжаргалын Билгүүн.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч О.Билгүүн нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Гүн булаг” гэх газраас Б.Одбаярын эзэмшлийн 32-63 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан буюу тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч О.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сум явж ойр зуурын юм авах гээд машиныг авч явсан. Эзнээс нь зөвшөөрөл аваагүй унаад явсан. Базардариас зугтаасан зүйл байхгүй. Би хараагүй. Би сум орох замдаа машины буферыг хагалсан тул янзлах гээд явж байсан юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Буруу зүйл хийсэн байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар тогтоосон зорчих эрх хязгаарлах ялыг мэдэж байгаа. Энэ ялыг эдлээгүй байгаа. Шүүгчийн туслах намайг 14 хоног болоод ирээрэй гэсэн. Би 3 хоног очоод дахин очиход шүүгчийн туслах байхгүй байсан. Тэгээд би амьдралын эрхээр ажил хийх гээд явсан. Хохирогчийн машиныг буцааж өгсөн. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй...гэв.

 

Эрүүгийн 2230000000278 дугаартай хэргээс:

 

- Яллагдагч О.Билгүүний: Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Баруун булаг” гэх газар иргэн Б.Одбаярынд туслах малчнаар ажиллаж байгаа. Тухайн өдөр миний унаж явсан мотоцикл унтарч асаад явж болохгүй байхаар нь Б.Базардарь луу өөрийн 80286519 дугаарын утсаар залгаж “мотоцикл үзээд өгөөч” гэж хэлсэн. Б.Базардарь миний мотоциклыг үзэж дуусахаар нь би Базардарыг зүүн гэр лүү очиж бай гээд явуулсан. Би Одбаяр ахын аавынд очиж “миний мотоцикл болохгүй байна. Одбаяр ах зүүн тийшээ хөдөө ажлаар явсан” гэсэн чинь өвгөн “мотоцикл чинь болохгүй байгаа бол машинаа унаад явахгүй юм уу” гэж хэлсэн. Би гэрийн гадна байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг  унаад зүүн гэр лүү хонохоор явсан. Базардарь бид хоёр  юм ярьж сууж байгаад би Базардарыг “хоёулаа сум ороод ирье” гэж хэлсэн. Тэгсэн Базардарь намайг “хүнд хэлсэн юм уу”, дараа нь бөөн юм болох вий” гэхээр нь би “зүгээрээ гайгүй байх” гээд сум явсан. Сумын төвд орж ирээд нэг айлын гадна зогсож  Базардарь нь дотогшоо ороод гарч ирэхгүй удаад байхаар нь би хөдлөөд сумаас баруун урагшаа чигтэй явсан. Удалгүй миний араас Базардарь нь мотоциклтой нэг хүнтэй миний араас хөөсөн. Би тухайн үед зогсоогүй шууд явсан. Би газар нутаг сайн мэдэхгүй өглөө болтол төөрч явсан. Маргааш өглөө айлаас Шандын зам асууж Дорноговь аймгийн Сайншанд сум орсон. Миний малыг нь маллаж байсан Б.Одбаяр гэх айлын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би Одбаяр ахад хэлж зөвшөөрөл аваагүй, гайгүй байх гэж бодоод машиныг нь бариад явсан юм. Тухайн үед би машиныг нь унаад явж байхдаа урд буферыг нь юманд цохиулаад тэгээд айсандаа төв газар янзлуулаад ирье гэж бодоод хүнээс зам асууж яваад Сайншанд сум руу орсон...” гэх мэдүүлэг /хэргийн 54-55-р хуудас/

 

- Хохирогч Б.Одбаярын: Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Гүн булаг” гэх газар эхнэрийн хамт хөдөө мал маллан амьдардаг. Миний бие Отгонжаргалын Билгүүн гэх залуутай 2022 оны 08 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод анх уулзаж байсан. Тухайн залуу нь манай эхнэрийн эгчийн охинтой Улаанбаатар хотод нэг газар хамт ажиллаж байхдаа “О.Билгүүн хөдөө гарч айлын мал харах гэж байгаа” талаар ярихад манай эхнэрийн эгчийн охин болох Намуунаа нь “манай хүргэн малчин хайж байгаа чи манай хүргэн ахтай уулзах юм уу” гэж анх ярьсан байдаг. Тэгээд намайг хотод байхад О.Билгүүнийг холбож уулзуулсан. Би О.Билгүүнтэй уулзаад “чи мал маллаж чадах уу” гэхэд “би чадна өмнө айлын мал харж байсан, болно” гэхээр нь 2022 оны 08 сарын 09-ны өдөр Сүхбаатар аймгийн төвд хамт ирж туслах малчнаар хонь хархаар 1 жилийн гэрээг бичгээр хийж малчнаар авч ажиллуулсан. О.Билгүүн нь манай эгч Баярцэцэгтэй хамт хөдөө аавын дээр хамт байсан. Би тухайн цаг хугацаанд хөдөө гэртээ ирэн очоотой байдаг байсан. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хөдөө гэртээ байхдаа О.Билгүүнд сарын ажлын хөлс болох 600.000 мянган төгрөгийг бэлнээр өгсөн. Би тухайн өдөр өвс үзэх ажлаар мотоциклтой Асгат сум руу явсан. Намайг явдаг орой О.Билгүүн нь манай аав, ээж хоёрт “зүүн тийшээ гэртээ хонохоор явлаа” гээд манай гадаа байсан миний эзэмшлийн 32-63 сүү улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг бариад явсан байдаг. Тэгтэл О.Билгүүн нь тэр орой гэрт хоноогүй, миний машиныг бариад сумын төв ороод хашаа явсан тодорхойгүй алга болсон. Тухайн үед О.Билгүүний гар утас руу залгаж үзсэн утас нь дуудаад байгаа атлаа утсаа авахгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 6-7-р хуудас/,

 

- Гэрч Г.Базардарийн: Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Баруун булаг” гэх газар эмээ өвөөгийн хамт мал маллан амьдардаг. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн орчимд “Гүн булаг” гэх нутагладаг Одбаяр гэх ахын туслах малчнаар ажилдаг Билгүүн нь 80286519 дугаарын утсаар над руу залгаж “миний мотоцикл болохгүй болчихлоо чи ирээд үзээд өгөөч” гэж ярьсан. Би ь 22 цаг дөхөж байхад Одбаяр ахын гэрийн гадаа очиход гэрт нь хүнгүй байсан. Удалгүй О.Билгүүн нь машин унаад ирсэн. Би Билгүүний мотоциклыг нь үзэж өгчхөөд дуусаж байхад Билгүүн нь хоёулаа сум явчхаад ирье гэсэн. Би тэгэхээр нь “ чи наад хүний машиныг эзэнд хэлсэн юм уу, маргааш бөөн юм болох вий” гэхэд Билгүүн нь “зүгээрээ, би хэлсэн байгаа, цалин мөнгө авсан хоёулаа сум ороод буцаад ирье ” гэхээр нь би хамт явсан.Тэгээд хоёулаа машинтай нь сум руу явж 00 цаг 45 минут болж байхад суманд ирсэн. Билгүүн нь сум руу ирэх замдаа надад “аймаг хамт явах уу” гэж асуухаар нь би “явж чадахгүй өглөө аавын гэрийг нүүлгэнэ ажилтай” гэж хэлсэн. Суманд орж ирээд хоршооны байранд Сандагсүрэн гэх айлын гадаа очиж би дотогшоо орсон, харин Билгүүн гадаа машиндаа үлдсэн. Би тухайн  айлд ороод Чинзориг ахтай хамт хашааны гадаа гарч ирээд машинд суух гээд дөхөж очтол Билгүүн нь намайг суулгахгүй шууд хөдлөөд сумаас баруун урагшаа чигтэй явсан. Би тэхээр нь гайхаад “энэ одоо юунд явж байгаа юм болдоо” гээд Чинзориг ахын мотоциклтой хамт хоёулаа араас явсан. Бид хоёр сумаас 10 гаран километр газар араас хөөж хажуу талаар нь орж зогс гээд гараараа даллатал зогсохгүй баруун урагшаа чигтэй яваад надад гүйцэгдээгүй яваад өгсөн...гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/,

 

- Гэрч Ш.Түвшинжаргалын “Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Баруун булаг” гэх газар хөдөө мал маллан амьдардаг. Манай хүү Одбаярын малтай хамт цуг байдаг. Өвгөн бид хоёр хүүгийн гэрээс саахалтын зайтай байдаг. Манай хүү малчингүй байж байгаад 2022 оны 08 сарын эхээр Улаанбаатар хотоос О.Билгүүн гэх хүнийг туслах малчнаар ажиллуулна гээд бичгээр гэрээ хийсэн гээд ногоон үстэй шар царайтай залууг малчнаар авчирсан. Тухайн хүн манай хүүгийн хонь хардаг байсан. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн төвөөс өдөр 15 цагийн орчимд хөдөө гэртээ ирэхэд манай хүү Одбаяр гэртээ байхгүй байсан. Хөдөө гэрт О.Билгүүн байсан. Тухайн өдөр манай өвгөн О.Билгүүн бид гурваас өөр хүн байгаагүй. Орой 21 цаг өнгөрч байхад манай хүүгийн гадна хонь нь хотолсон харагдаж байсан. О.Билгүүн нь бид хоёрт “хонь зүүнтээ хотолсон байна, би зүүн гэрт очиж хонолоо” гээд гэрийн гадаа байсан манай хүү Одбаярын хар машиныг бариад явсан. Би машины түлхүүрийг дотор нь байгаа гэж мэдээгүй. Билгүүн нь мотоциклоо гэрийн гадаа тавьсан байсан. Бид хоёр машин бариад явахаар нь зүүн гэртээ очиж хонох нь гэж бодоод санаанд ороогүй, энэ хүүхдийг чинь машиныг нь бариад ингээд малаа хаяад яваад өгнө гэж бодоогүй. Маргааш өглөө хараад байхад хонь элс рүү орж гараад байхаар нь манай өвгөн хүүгийн гэр лүү очиж харахад гэр нь эзгүй, машин тэрэг нь байхгүй байхаар нь бэр лүү утсаар залгаж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай хүү Одбаяр нь өвсний гарц үзэх ажлаар Асгат сум яваад маргааш өдөр нь ирсэн. Ирэхээр нь “Билгүүн өчигдөр орой машиныг чинь унаж явсан одоо болтол алга байна” гэхэд “би өчигдөр Асгат явахаасаа өмнө Билгүүнд сарын цалин гэж бэлнээр 600.000 төгрөг өгөөд явсан” гэж хэлсэн. Манай хүүгийн малын харна гэж жилийн гэрээ хийсэн атлаа хүүд хэлэхгүй машиныг нь унаад явсан хүйтэн сэтгэлтэй хүүхэд юм аа гэж бодож байна...гэх мэдүүлэг /хэргийн 20-21-р хуудас/,

           

            - Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2202380 дугаартай “...32-63 СҮҮ улсын дугаартай приус-20 маркийн зах зээлийн үнэлгээ 11,433,300 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 31-41-р хуудас/,

 

- 32-63 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 75 дугаар хуудас/

 

- Хохирогч Б.Одбаяр, шүүгдэгч О.Билгүүн нарын байгуулсан Малчин хөлсөөр ажиллуулах гэрээний хуулбар /хэргийн 76 дугаар хуудас/

 

   - О.Билгүүний иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа/хэргийн 62-64 дүгээр хуудас/

 

   - О.Билгүүний Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 59 дүгээр хуудас/

 

- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.15-ны өдрийн 2022/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолын  хуулбар /хэргийн 87-93 дугаар хуудас/

 

            - Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04/9073 дугаартай “Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Отгонжаргалын Билгүүн нь 1 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгджээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны цахим мэдээллийн санд бүртгэлгүй ” гэх албан бичиг /хэргийн 131-р хуудас/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.04-ний өдрийн 2023/ЦХШЗ/07 дугаартай захирамж /хэргийн 121-123/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч О.Билгүүн нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Гүн булаг” гэх газраас иргэн Б.Одбаярын эзэмшлийн 32-63 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын  тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “..Сум явж ойр зуурын юм авах гээд машиныг авч явсан. Эзнээс нь зөвшөөрөл аваагүй унаад явсан. Базардариас зугтаасан зүйл байхгүй. Би хараагүй. Би сум орох замдаа машины буферыг хагалсан тул янзлах гээд явж байсан юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Буруу зүйл хийсэн байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар тогтоосон зорчих эрх хязгаарлах ялыг мэдэж байгаа. Энэ ялыг эдлээгүй байгаа. Шүүгчийн туслах намайг 14 хоног болоод ирээрэй гэсэн. Би 3 хоног очоод дахин очиход шүүгчийн туслах байхгүй байсан. Тэгээд би амьдралын эрхээр ажил хийх гээд явсан. Хохирогчийн машиныг буцааж өгсөн. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй...”  гэх,

хохирогч Б.Одбаярын “ Би 2022 оны 08 сарын 09-ны өдөр Отгонжаргалын Билгүүн гэх залуутай туслах малчнаар хонь хархаар 1 жилийн гэрээг бичгээр хийж малчнаар авч ажиллуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хөдөө гэртээ байхдаа О.Билгүүнд сарын ажлын хөлс болох 600.000 мянган төгрөгийг бэлнээр өгсөн. Би тухайн өдөр өвс үзэх ажлаар мотоциклтой Асгат сум руу явсан. Намайг явдаг орой О.Билгүүн нь манай аавын гадаа байсан миний 32-63 СҮҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг манай аав, ээж хоёрт “зүүн гэртээ хонохоор явлаа” гээд аваад явсан байдаг. О.Билгүүн нь тэр орой гэрт хоноогүй миний машиныг бариад сумын төв ороод хашаа явсан тодорхойгүй алга болсон. Тухайн үед О.Билгүүний гар утас руу залгаж үзсэн утас нь дуудаад байгаа атлаа утсаа авахгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр мэдэгдсэн ” гэх,

гэрч Г.Базардарийн “ 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн орчимд Одбаяр гэх ахын туслах малчнаар ажилдаг Билгүүн нь 80286519 дугаараас залгаж “миний мотоцикл болохгүй болчихлоо, чи ирээд үзээд өгөөч” гэж ярьсан. Би 22 цагийн үед Одбаяр ахын гэрийн гадаа очиход гэрт нь хүнгүй байсан. Удалгүй О.Билгүүн нь машин унаад ирсэн. Би Билгүүний мотоциклыг үзэж дуусаж байхад Билгүүн нь “хоёулаа сум явчхаад ирье” гэсэн. Би тэгэхээр нь “хүний машиныг эзэнд хэлсэн юм уу, маргааш бөөн юм болох вий” гэхэд Билгүүн  “зүгээрээ би хэлсэн байгаа, цалин мөнгө авсан, хоёулаа сум ороод буцаад ирье” гэхээр хамт явсан. Билгүүн сум руу ирэх замдаа “аймаг хамт явах уу” гэж асуухаар нь би “явж чадахгүй өглөө аавын гэрийг нүүлгэнэ ажилтай” гэж хэлсэн. Суманд ирээд Сандагсүрэн гэх айлын гадаа очиж би дотогшоо орсон, харин Билгүүн гадаа машиндаа үлдсэн. Би тухайн айлд ороод Чинзориг ахтай гарч ирээд машинд суух гээд дөхөж очтол Билгүүн нь намайг суулгахгүй шууд хөдлөөд сумаас баруун урагшаа чигтэй явсан. Би гайхаад “энэ одоо юунд явж байгаа юм болдоо” гээд Чинзориг ахын мотоциклтой хамт хоёулаа араас явсан. Бид хоёр сумаас 10 гаран километр газар араас хөөж хажуу талаар нь орж зогс гээд гараараа даллатал зогсохгүй баруун урагшаа чигтэй яваад надад гүйцэгдээгүй яваад өгсөн...” гэх,

гэрч Ш.Түвшинжаргалын “...Манай хүү Одбаяр 2022 оны 08 сарын эхээр Улаанбаатар хотоос О.Билгүүн гэх хүнийг туслах малчнаар ажиллуулна гээд ногоон үстэй шар царайтай залууг малчнаар авчирсан. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн төвөөс хөдөө гэртээ ирэхэд манай хүү Одбаяр гэртээ байхгүй, О.Билгүүн байсан. Орой 21 цаг өнгөрч байхад манай хүүгийн гадна хонь хотолсон харагдаж байсан. О.Билгүүн нь бид хоёрт “хонь зүүнтээ хотолсон байна би зүүн гэрт очиж хонолоо” гээд гэрийн гадаа байсан хүүгийн хар машиныг бариад явсан. Маргааш өглөө харахад хонь элс рүү орж гараад байхаар өвгөн хүүгийн гэр лүү очиход гэр нь эзгүй, машин тэрэг нь байхгүй байхаар нь бэр лүү утсаар залгаж хэлсэн. Маргааш нь хүүг ирэхээр “Билгүүн өчигдөр орой машиныг чинь унаж явсан одоо болтол алга байна” гэхэд “би өчигдөр Асгат явахаасаа өмнө Билгүүнд сарын цалин гэж бэлнээр 600.000 төгрөг өгөөд явсан” гэж хэлсэн. Манай хүүгийн малын харна гэж жилийн гэрээ хийсэн атлаа хүүд хэлэхгүй машиныг нь унаад явсан хүйтэн сэтгэлтэй хүүхэд юм аа гэж бодож байна” гэх мэдүүлгүүд,

            Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2202380 дугаартай “...32-63 СҮҮ улсын дугаартай приус-20 маркийн зах зээлийн үнэлгээ 11,433,300 төгрөг...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

 2. Энэ хэрэгт мөрдөгчөөс хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Одбаярт учирсан эдийн хөрөнгийн хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй хийгээд хохирогч Б.Одбаярын Тоёота Приус 20 загварын маркийн автомашиныг үнэлгээг 11,433,300 төгрөгөөр тогтоосон “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч Б.Одбаяр, шүүгдэгч О.Билгүүн нараас маргаагүй байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

3. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч Б.Одбаярын эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч О.Билгүүний түүний автомашиныг хулгайлах зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм. 

 

4. Шүүх шүүгдэгч О.Билгүүнийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа зөвшөөрөлгүйгээр авч яван хохирогчийн эд хөрөнгөд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн байна.

 

5. Прокуророос шүүгдэгч О.Билгүүний, хохирогч Б.Одбаярын автотээврийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах “ Шүүгдэгч О.Билгүүн нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Гүн булаг” гэх газраас Б.Одбаярын эзэмшлийн 32-63 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан буюу тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч О.Билгүүн нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Одбаярт 11,433,300 төгрөгийн хохирол учирсан байх ба тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан авсан, нэхэмжилсэн зүйлгүй” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг “ Үйлчлүүлэгч О.Билгүүн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно” гэж, шүүгдэгч О.Билгүүн “Маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байна” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

            6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт этгээдийн зүгээс бүх төрлийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч явсан, зугатаасан үйлдэл хийснээр төгсдөг, тухайн үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардлагагүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

            “Завших зорилгогүйгээр” гэдэгт гэмт этгээд тухайн автотээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох, ашиглан шамшигдуулах гэсэн зорилгоор бус, түр хэрэглэх, зугтаах, оргох зэргээр авч явсныг ойлгоно.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч О.Билгүүн нь иргэн Б.Одбаярын малчнаар ажиллаж байхдаа түүний эзэмшлийн 32-63 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг эцэг, эхэд “ “хонь зүүнтээ хотолсон байна, би зүүн гэрт очиж хонолоо” гэж хэлэн авч, өөрийнх нь зөвшөөрөлгүйээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум, улмаар  Дорноговь аймгийн Сайншанд сум руу авч явсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний уг үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

            Тодруулбал, шүүгдэгч О.Билгүүн нь уг тээврийн хэрэгслийг сум болон өөр орон нутагт авч явах шалтгааны талаар эзэнд огт мэдэгдээгүй, хамт зорчсон хүнээс зугатааж авч явсан, машиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан боловч буцааж авчраагүй, хохирогчийн эрх бүхий байгууллагад гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас саатуулагдсанаар машин буцааж авчирсан байгааг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч О.Билгүүнийг автотээврийн хэрэгслийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр, завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Г.Бат-Оргилоос “ Шүүгдэгч О.Билгүүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч О.Билгүүн нь бусдад төлөх төлбөргүй, авто тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар тодорхой газар очихыг хориглох буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй 1 жил 10 сар 7 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг  нэмж нэгтгэн 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар оногдуулах саналтай. Шүүгдэгч О.Билгүүн нь цагдан хоригдсон 34 хоногийг оногдуулсан зорчих эрх хязгаарлах эдлэх ялд оруулан тооцож, 2 жил 5 хоногоор тогтоох саналтай байна гэх дүгнэлт, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Улсын яллагчаас О.Билгүүнд  3 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, өмнөх 1 жил 10  сар 7 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохицуулсан. Тухайн ял шийтгэгдсэн байгаа этгээдэд шүүхийн шийдвэрийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй нь Шүүхийн тухай хуульд заасан хэргийн хөдөлгөөний стандартыг зөрчсөн. Мөн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт Зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан ялтанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг танилцуулах талаар зохицуулсан ба шийдвэр гүйцэтгэх албаны мэдээллийн санд О.Билгүүний талаар бүртгэл байхгүй, ялтанг хүлээж аваагүй гэсэн бүртгэл л байдаг. Тухайн хэргийн талаар тодруулах талаар мөрдөн байцаалтын шатанд ажиллагаа хийгдсэн шүүгдэгч “би 4 удаа дуудахад нь 3 удаа биечлэн уулзсан. 1 удаа дуудахад нь очиход шүүгчийн туслах өөрөө байгаагүй. Надад шүүхийн шийдвэрийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй” гэсэн мэдүүлэг өгдөг. Шийдвэр гүйцэтгэх гэсэн ялтанг хүлээж аваагүй, ийм ялтан байхгүй гэсэн байхад улсын яллагч ямар үндэслэлээр ялыг нэмж нэгтгэж байгаа вэ. О.Билгүүнд шийдвэр гүйцэтгэх газраас ял оногдуулж эдлүүлбэл эдлэхэд бэлэн, харин зугтаасан зүйл байхгүй юм. Иймд түүний өмнөх ялтай холбоотой асуудлыг дурдалгүй зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлдээ яллаж өгнө үү. Иймд шүүгдэгч О.Билгүүний хувийн байдлыг харгалзан үзэж ялын сонголт байгаа учир 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгийн ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд оруулан тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна..” гэх,

шүүгдэгч О.Билгүүнээс “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өмнө нь зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлээд эдлээгүй байгаа нь үнэн. Би шүүх яриагүй учир очоогүй байгаа гэж хэлсэн нь үнэн. Баянгол дүүргийн шүүх ажлын хариуцлагагүйгээс болж намайг ийм байдалд хүргэсэн. Өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг дэмжиж байна...” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч О.Билгүүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч О.Билгүүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн буюу Б.Одбаярын Тоёота Приус 20 маркийн автомашиныг биетээр буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Билгүүний холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч  Б.Одбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон мөн түүний өмнө ял шийтгүүлсэн хувийн байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

О.Билгүүн нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялыг эдлээгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон тул түүнд оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг өмнөх тогтоолд тусгагдсанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэжээ.

 

Шүүгдэгч О.Билгүүн нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй болох нь  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.08-ны өдрийн 04/9073 дугаартай “Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Отгонжаргалын Билгүүн нь 1 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгджээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны цахим мэдээллийн санд бүртгэлгүй ” гэх албан тоот зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь  хэсгийг журамлан түүнд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/206 дугаартай Шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоолоо.

 

Шүүх шүүгдэгч О.Билгүүнд ял оногдуулахтай холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс гаргасан “ Улсын яллагчаас О.Билгүүнд  3 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, өмнөх 1 жил 10  сар 7 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэж байгаад хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн ял шийтгэгдсэн этгээдэд шүүхийн шийдвэрийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, шийдвэр гүйцэтгэх албаны мэдээллийн санд О.Билгүүний талаар бүртгэл байхгүй, ялтанг хүлээж аваагүй гэсэн бүртгэл л байдаг. Шийдвэр гүйцэтгэх ялтанг хүлээж аваагүй, ийм ялтан байхгүй гэсэн байхад улсын яллагч ялыг нэмж нэгтгэж байгаа нь үндэслэлгүй.Түүний өмнөх ялтай холбоотой асуудлыг дурдалгүй зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлдээ яллаж, 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгийн ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч О.Билгүүний үйлдлийн улмаас хохирогч Б.Одбаярын эд хөрөнгөд 11.433.300 төгрөгийн хохирол учирсан ба тэрээр түүний Тоёота Приус 20 маркийн 32-63 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг биетээр буцаан өгсөн болох нь хохирогч Б.Одбаярын “би машинаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбараар нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Бусад асуудлын талаар:

 

Тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ЦХШЗ/07 дугаар шүүгчийн захирамжаар О.Билгүүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд хорьж шийдвэрлэсэн бөгөөд тэрээр нийт 34 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон байх тул хуульд заасны дагуу уг хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцно.  

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Билгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Отгонжаргалын Билгүүнийг автотээврийн хэрэгслийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр, завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Билгүүнийг хоёр сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч О.Билгүүнд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 сар 7 хоногийн хоёр сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Билгүүнд оногдуулсан 2 жил 7 хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан О.Билгүүн түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалтайг анхааруулсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч О.Билгүүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч О.Билгүүний энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 34 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

8. Хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Б.Одбаярт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх болохыг  тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН