Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0644/З |
Дугаар | 128/ШШ2022/0164 |
Огноо | 2022-03-07 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2022/0164
2022 оны 03 сарын 07 өдөр Дугаар 128/ШШ2022/0164 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХХК,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Э, Э.Н нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, Б.Ч, хариуцагч Э.Н, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Э, Э.Н нарт холбогдуулан 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн НА-35210000008 дугаар актын 2017 онд 2,089, 955,670.20 төгрөгийн /Татварын маргаан таслах зөвлөлөөр 391,484,263.37 төгрөг болж өөрчлөгдсөн/ олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэсэн заалтыг зөрчсөн гэсэн хэсэг /Актын 4-р хавсралтын 7/,
2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.40 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг /Актын 4-р хавсралтын 8/,
2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909,10 төгрөгийн зөрчилд холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1-р х.х-н 68-70, 77-78/
2. Нэхэмжлэгч “М” ХХК татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, зарим хэсэгт нь гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор маргаж байгаа зөрчилд холбогдох хавсралтын 7 дахь хэсгийг “...391,484,263.37 төгрөгийн зөрчил баримтаар нотлогдож, 1,698,471,406.83 төгрөгийн зөрчил нотлогдохгүй байна гэж, төлбөрийн хэмжээг бууруулж, бусад 2 зөрчил болох 321,654,145.40 төгрөгийн зөрчил, 184,090,909,10 төгрөгийн зөрчилд холбоотой хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1-р х.х-н 40-48/
3. “М” ХХК 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
4. “М” ХХК-ийн захирал Э.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, Б.Ч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэл гаргагч “М” ХХК нь Татварын улсын байцаагч нарын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 35210000008 тоот нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор баталсан Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.1.2-т заасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь “М” ХХК-ийн гомдлыг хүлээн авч хэлэлцээд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 29 тоот тогтоол гаргаж, нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг өөрчилж баталсан.
Татварын улсын байцаагч нарын үйлдсэн НА-35210000008 тоот нөхөн ногдуулалтын акт, Татварын маргаан таслах зөвлөлийн 29 тоот тогтоолын зарим хэсгийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн...6.12...дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж болно”, Татварын Ерөнхий хуулийн /2019 оны/ 47 дугаар зүйлийн 47.19-д “Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй” гэж заасныг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.
Татварын улсын байцаагчид нь НА-35210000008 тоот нөхөн ногдуулалтын актад 2017 онд 2,089,955,670 төгрөгийн экспортын тээврийн борлуулалтыг “дотоодын тээврийн борлуулалт” гэж тайлагнасан гэж нөхөн татвар, торгууль алданги хүлээлгэснийг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянаж үзээд 1,698,471,406.83 төгрөгийн борлуулалт нь НӨАТ 0 хувиар ногдох экспортын тээвэр, 391,484,263.37 төгрөгийн борлуулалт нь дотоодын тээвэр байжээ гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч тал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба санхүүгийн анхан шатны баримт болон НӨАТ-ын тайлангуудад дээрх 2,089,955,670 төгрөгийн борлуулалт нь бүхэлдээ НӨАТ 0 хувиар ногдох экспортын борлуулалт болно.
HA-35210000008 тоот нөхөн ногдуулалтын актад 2017 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) ногдох орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.4 төгрөгийн зөрчил тэмдэглэж 32,165,414.54 төгрөгийн нөхөн татвар, 9,649,624.36 төгрөгийн торгууль, 3,216,541.54 төгрөгийн алданги, нийт 45,031,580.35 төгрөгийн төлбөр ногдуулсныг Маргаан таслах зөвлөл хэвээр баталсан. Энэхүү тооцооллыг хэрхэн хийж гаргасан талаар бид татварын улсын байцаагч болон маргаан таслах зөвлөлийн магадлагч нараас удаа дараа тайлбар хүссэн боловч авч чадаагүй ба харин Маргаан таслах зөвлөлийн тогтоолоос тооцооллыг нь үзэж ойлголоо. Гэвч энэ дүнг буруу тооцож гаргасан байна. Харилцах дансны хуулга, нэхэмжлэл болон ААНОАТ-ын тайлангийн борлуулалтын дүнгийн зөрүүгээр хариуцлага хүлээлгэсэн нь буруу байна.
НА-35210000008 тоот нөхөн ногдуулалтын актад 2017 онд ААНОАТ-ын тайланд хасагдах зардлаар тусгагдсан баримтаар нотлогдоогүй зардал 184,090,909.1 төгрөгийн зөрчлийг мөн хэрхэн тооцож гаргасныг бид маргаан таслах зөвлөлийн хурал хүртэл мэдэх боломжгүй байсан. Маргаан таслах зөвлөлийн тогтоолоос үзэхэд хөдлөх хөрөнгө борлуулсны гарзыг 184,090,909.1 төгрөгөөр илүү тооцож хасалт хийсэн гэж тэмдэглэж, татварын байцаагчийн шийдвэрийг Маргаан таслах зөвлөл үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Маргаан таслах зөвлөл гомдлыг хянаж үзээд 2017 онд 2 тэр бум 89 сая төгрөгийн тээвэрлэлт нь 391 сая төгрөг байна гэсэн дүгнэлт гаргаад нөхөн ногдуулалтыг багасгасан. Татвар төлөгч бид татварын улсын байцаагчийн гаргасан 7 дугаар зөрчил буюу Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны тээврийн орлого нь Эрдэнэс таван толгой боомтоос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хэлийн доторх Ганцмод нүүрс буулгалтын цэг хүртэлх хэл дамнасан тээвэр байсан. Үүнд хэл дамнасан тээвэр хийсэн үүнийг хоёр компанийн хооронд Бүгд Найрамдах Хятад Улсын төрийн өмчит “Ч” ХХК-ийн охин кампаниуд буюу гадаадын компанид бүртгэлтэй хэл дамнасан тээвэрлэлт хийсэн. Энэ тээвэрлэлт 2017 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар хэсгийн 12.1.2-д заасны дагуу Монгол улсын хэл дамнасан олон улсын тээвэрлэлтэд 0 хувиар ногдоно гэж үзэж байгаа. Татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын актыг нүүрс тээвэрлэлтийг салгаж хийсэн гэдэг. Нүүрс тээвэрлэлтийг Цагаанхадаар дамжуулж хэл гаргах тухай Засгийн газрын тогтоол нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 327 дугаар тогтоолоор гарч хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд буюу 2017 онд хийсэн тээврээ бүхэлд нь олон улсын хэл дамнасан тээвэр гэж үзэж байгаа. Хэл дамнасан Олон улсын тээвэрлэлт хийсэн тухайгаа нотлох зорилгоор гэрээ, нэхэмжлэл, хүлээж авсан төлбөрийн нэхэмжлэл, тооцоо нийлсэн акт, харилцах дансны хуулгыг өгсөн байгаа.
Шалгалт хийх үед ковид-19 /цар тахал/-ийн үе байсан учир хоорондоо харилцаа холбоо муу байсан. Актын хувьд 2017 онд бүхэлд нь дотоодын тээвэр хийсэн гэж үзээд актыг тавсан. Үүнийг Маргаан таслах зөвлөл хянаж үзээд төлбөрийн хэмжээг буулгасан. Төлбөрийн хэмжээг 2 тэрбум төгрөгөөс 391 саяг төгрөг нь нотлогдохгүй байна гэж үзээд буулгасан. Үүнийг ямар баримтаас гаргасан гэдгийг бид тооцоолоод гаргаж чадахгүй байгаа. Тийм учраас баримтаар нотлогдоогүй 4 дүгээр хавсралтын 7 дугаар хэсгийг 2 тэрбум төгрөгийн тээвэрлэлт нь хэл дамнасан тээвэрлэлт байсан учир 0 хувь байх ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан. 2016 оны тээврийн гэрээ байгаа. Нүүрс тээвэрлэлтийн гэрээ хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд байгаа.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага нь 2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын борлуулалтын 321 сая төгрөгийн татвар тооцсон зөрчил байгаа. Бидний зүгээс тээврийн үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэл, төлбөр хүлээн авсан баримтаараа борлуулалтын орлогоо тайлагнасан байгаа. 2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогод манай харилцах дансаар орсон бүх орлого бүрэн тусгагдсан байгаа. Манай харилцах дансны бүх гэрээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. Маргаан таслах зөвлөл болон хариуцагчийн зүрээс тайлбар авах гэсэн боловч тайлбар өгөөгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс харилцагч компанийн 2017 онд нэхэмжилсэн бүх төлбөрөө хугацаанд нь төлж хүлээн авсан. Хүлээн авсан бүх орлогоо, аж ахуйн нэгжийн тайландаа борлуулалтын орлогод тусгасан байгаа. 300 гаран сая төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан гэсэн зөрчлийг хүлээн авах боломжгүй байна.
Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлантай холбоотой 184 сая төгрөгөөр илүү тооцсон гэсэн зөрчил ногдуулсан байгаа. Үүнийг бид шалгалтын явцад хангалттай баримт солилцож чадаагүй. Маргаан таслах зөвлөлд тайлбарыг хэлсэн. 2017 онд нотлогдоогүй өсгөсөн зардал байхгүй. Бид хуулийн дагуу хасагдах бүх зардлыг тусгасан. 184 сая төгрөгийн тооцооллын журмаар гаргасан зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлд 3-н асуудлаар 2017 онд уртын урт тээвэр хийсэн. Дотоодын тээвэр хийсэн зүйл байхгүй. Үүнд хөндлөнгийн мэдээллээр буруу дүгнэлт гарсан гэж үзэж байгаа. Манайх 2 компанитай гэрээтэй ажилласан учраас үүнийг хянаж шалгахад амархан. Бүх нэхэмжлэлүүд 15 хоногийн тодор нэхэмжлэл хийгдээд 15 хоногийн дотор төлбөр барагдуулдаг учраас 2017 онд хийсэн бүх нэхэмжлэлүүд ондоо багтаж орсон байгаа. 2017 оны хувьд Засгийн газрын тогтоол 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр гарснаас хойш бид сүүлийн хагас жилд тээвэр хийгээгүй. Салгаж тээвэр хийхээр зохион байгуулж байсан учир тээвэрлэлтийг зогсоосон байсан. Салгаж тээвэрлэлт хийсэн огноо нь харагдана. Тийм учраас тээвэрлэлт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувиар ногдоно гэдэг нь нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.
Тооцооллын журмаар 321 сая төгрөгийн татвар дутуу тооцсон. Мөн гуравдах асуудал нь 181 сая төгрөгийн хасагдах зардлыг илүү тооцсон гэсэн асуудлыг бид шалгалтын явцын тайлбар болон Маргаан таслах зөвлөлийн тогтоолоос чигийг нь ойлгосон учраас шүүхэд хандсан. Компанийн хувьд үйл ажиллагаа цомхон учир нэмж, хасах боломж байхгүй. Бүх төлбөр тооцоо дансаар явдаг. Бусад акттай хувьд дугуйны элэгдэлтэй холбоотой төлбөрийн тооцоо гарсан. Нийт 10-н төрлийн зөрчлийн 6-н хэсэг нь сэлбэг хэрэгсэл гэх мэт гарсан. Үүнийг бид лимит хэтэрсэн учир хүлээн зөвшөөрч барагдуулахад бэлэн байна. Тийм учраас шүүх харгалзан үзнэ үү” гэжээ.
5. Хариуцагч Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Э, Э.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Чингэлтэй дүүргийн Татварын Хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа, Э.Нарантуяа нар 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011241064 тоот гэрчилгээ, 5396956 тоот регистрийн дугаартай “М” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 35201002750 тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 03-ний өдрийг хүртэлх томилолтын хугацаанд хийж гүйцэтгэсэн.
Татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу “М” ХХК нь И копаниас нэхэмжилсэн сар бүрийн нүүрс тээвэрлэсэн тооцоо бүхий нэхэмжлэлийг ирүүлсэн. Уг нэхэмжлэл болон Татварын ерөнхий газраас ирүүлсэн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх С зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн талаарх хөндлөнгийн мэдээлэлтэй харьцуулалт хийж Тавантолгойгоос Цагаан хад, Цагаан хадаас Ганц мод хүртэлх тээврийн хөлсийг салгаж тооцсон /Хавсралт 1/. Тооцооллыг “М” ХХК-ийн захирал Э.Ч, нягтлан бодогч Б.Ч нарт танилцуулахад зөрүүтэй эсэх талаар ямар нэг нэмэлт баримт материал, үндэслэлтэй тайлбар ирүүлээгүй.
“М” ХХК нь 2017-2019 онд “И” компанид нийт 8,318,520,922.4 төгрөгийн нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлснээс 6,853,378,892.53 төгрөгийн үйлчилгээг Монгол улсын хилийн дотор буюу уурхайн амнаас Цагаанхадны гаалийн хяналтын талбай хүртэл, 1,465,142,029.89 төгрөгийн үйлчилгээг Цагаанхадны гаалийн хяналтын бүсээс Ганцмод боомт хүртэл тээвэрлэсэн гэж тооцож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна” 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ” 12.4-д “Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэж заасныг үндэслэн 6,853,378,892.53 төгрөгийн орлогод НӨАТ нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
2017 онд уурхайгаас гаалийн бус хүртэл 2,089,955,670.23 төгрөг, гаалийн бүсээс Ганц мод боомт хүртэл 658,050,874.73 төгрөг, нийт 2,748,006,544.96 төгрөгийн нүүрс тээврийн үйлчилгээний орлогыг харилцагч Инсе трейдингээс нэхэмжилсэн нэхэмжлэлийн дүнгээр нотлогдож байхад татвар төлөгчийн тайлагнаснаар 2,426,352,399.61 төгрөг байна. Иймд 321,654,145.35 ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй байна.
2017 онд компанийн Үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 580,632,872.55 төгрөгийн үнэтэй 341,988,991.83 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй тээврийн хэрэгслийг 204,545,454 54 төгрөгөөр худалдан борлуулж 218,191,335.27төгрөгийн гарз тооцон хасагдах зардлаар бүртгэсэн байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.9-д “Хөдлөх эд хөрөнгө борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг ут хөрөнгийн борлуулалтын орлогоос хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасаж тодорхойлно” гэснээс тооцоход 184,090,909.09 төгрөгөөр газрыг илүү тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан байна /хавсралт 2/.
Татварын хяналт шалгалтаар нийт 7,761,561,646.9 төгрөгийн зөрчил илэрч 770,738,136.91 төгрөгийн нөхөн татвар 169,805,226.17 төгрөгийн торгууль, 56,812,449.95 төгрөгийн алданги, нийт 997,355,813.03 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн болно. ”
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Э, Э.Н нарын гаргасан 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн НА-35210000008 дугаар актын 2017 онд олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэсэн заалтыг зөрчсөн гэсэн 391,484,263.37 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг, 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.40 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг, 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909,10 төгрөгийн зөрчилд холбоотой хэсгийг тус тус татварын улсын байцаагч нараас дахин акт гартал 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс 2017 онд “И” ХХК болон “Э” ХХК-тай уртын урт буюу уурхайн амнаас БНХАУ-ын Ганц модны боомтын гаалийн хяналтын талбайд нүүрсийг тээвэрлэж хүргэхээр гэрээ /1-р х.х-н 96-121/ байгуулж ажилласан, дотоодын тээвэр хийгээгүй гэж маргаж байна. Түүнчлэн Татварын Маргаан таслах зөвлөлөөс татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 2,089, 955,670.20 төгрөгийн зөрчлийг 391,484,263.37 төгрөгийн зөрчил гэж багасгаж шийдвэрлэсэн байх боловч ямар баримтыг үндэслэн хассан нь тодорхойгүй, үлдэх зөрчил нь ямар хугацааны тээвэрлэлтэд хамааралтай болохыг нотолсон тооцоолсон баримт байхгүй байна гэжээ.
Уг зөрчилд холбогдох хэсгийг татварын улсын байцаагч нараас “И” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийг Татварын ерөнхий газраас ирүүлсэн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх С зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн талаарх хөндлөнгийн мэдээлэлтэй харьцуулалт хийж Тавантолгойгоос Цагаан хад, Цагаан хадаас Ганц мод хүртэлх тээврийн хөлсийг салгаж тооцсон гэжээ.
Хариуцагчаас ирүүлсэн тооцооллын дэлгэрэнгүйгээс харвал /1-р х.х-н 59/ “М” ХХК-ийн “И” ХХК-иас нэхэмжилсэн ажлын хөлсний тооцооны “Ганц модны буулгалтын нийт жин ТЕГ-аас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллээр /тн/” хэсэгт Эрдэнэс таван толгойн ачилтын жин, Ухаа худгийн ачилтын жин гэсэн хэсэгт тэмдэглэл байх бөгөөд эдгээр ачсан нүүрс хаана буусан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл эдгээр нүүрсийг Цагаан хаданд буулгасан талаарх баримтыг хариуцагчаас гаргаж ирүүлээгүй байх тул тухайн асуудалд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.
3. Шүүхээс Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 29 дүгээр тогтоолд дурдсан зөрчлийг хянан шалгасан тооцооллыг шаардсан бөгөөд уг тооцооллыг /1-р х.х-н 197-209/ хэрхэн яаж гаргаж, 2017 онд 391,484,263.37 төгрөгийн зөрчилтэй гэж дүгнэсэн баримтыг татварын улсын байцаагч нар тайлбарлаж чадахгүй, зөвхөн хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд хэлдэг.
4. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын 2, 3 дахь хэсэгт заасан 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.40 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг, 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909,10 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг хариуцагчаас ирүүлсэн баримтаар бүрэн нотлогдохгүй байх тул үүнийг дахин шалгаж тодруулах нь зүйтэй.
Шүүхээс уг тооцооллын асуудалд шинжээч томилуулах шаардлагатай эсэхийг нэхэмжлэгчээс тодруулсан бөгөөд хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааныг хурдан хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, татварын өртэй байгаа учраас зөвшөөрлөө авч, үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрээд байгаа, Ковидын үе байсан учир хяналт шалгалтад бүрэн хамрагдаж материалаа бүрэн өгөөгүй талаар тайлбар хэлж байгаа тул нэхэмжлэгч, хариуцагч нар тухайн маргаж байгаа зөрчил дээрээ нотлох баримтаа бүрэн гаргаж, 2 талаасаа тулгалт хийж, дахин шалгах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, 3 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана” гэж заасны дагуу татварын улсын байцаагч акт ногдуулахдаа шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар үнийн дүн дээр маргаж байх бөгөөд уг асуудалд хариуцагчаас бүрэн дүүрэн тайлбарыг нотлох баримтын хүрээнд гаргаж ирүүлэхгүй, шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй, дээрх ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, хариуцагч Татварын улсын байцаагч нарын хуулиар хүлээсэн үүрэг байх тул улсын байцаагч нар “М” ХХК-ийн санхүүгийн баримт болон хөндлөнгийн мэдээллийг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримттай тулган шаардлагатай бол бусад байгууллагаас баримт гаргуулан нарийвчлан шалгаж дахин акт тогтоох нь зүйтэй байна.
Иймд Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.2 дахь заалт “тодорхой байх”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт “79.1.Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ...нөхөн ногдуулалтын акт ... болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна” гэж зааснаар Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа, Э.Нарантуяа нарын гаргасан 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн НА-35210000008 дугаар актын 2017 онд олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэсэн заалтыг зөрчсөн гэсэн 391,484,263.37 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг, 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.40 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг, 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909,10 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг нь “М” ХХК-ийн санхүүгийн баримт материал болон гэрээ байгуулсан “И” ХХК-ийн баримт материалтай тулгаж бүрэн гүйцэт шалгалгүйгээр акт тогтоосон, шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан тус нөхөн ногдуулалтын актыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар татварын улсын байцаагч нар тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн НА-35210000008 дугаар актын 2017 оны дотоодын тээвэр гэж дүгнэсэн 391,484,263.37 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг, 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.40 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг, 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909,10 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг тус тус хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн НА-35210000008 дугаар актын 2017 онд олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэсэн заалтыг зөрчсөн гэсэн 391,484,263.37 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг, 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.40 төгрөгийн зөрчилд холбоотой хэсэг, 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909,10 төгрөгийн зөрчилд холбоотой хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар татварын улсын байцаагч нар тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 2021 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн НА-35210000008 дугаар актын 2017 оны дотоодын тээвэр гэж дүгнэсэн 391,484,263.37 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг, 2017 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон гэсэн 321,654,145.40 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсэг, 2017 онд баримтаар нотлогдоогүй зардлыг зардалд бичсэн гэсэн 184,090,909,10 төгрөгийн зөрчилтэй холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ