| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0378/3 |
| Дугаар | 221/МА2025/0519 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0519
Х.Зийн гомдолтой захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ё.Б
Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Бын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 004**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 437 дугаар шийдвэр
Гомдол гаргагч: Х.З
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Б
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Х.З, хариуцагч Ё.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2025/0378/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч Х.З нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Бт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Бын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 004**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 437 дугаар шийдвэрээр “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад заасныг баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Бын үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 004**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ё.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “...ИОН намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Х.Зоос гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаад 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0437 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах тайлбар, холбогдох нотлох баримтыг хүргүүлж байна.
3.2.Үндэсний Аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1923 тоот Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичигт дурдсан Аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан ирүүлсэн сонгуулийн зардлын тайланд дараах зөрчлүүд илэрсэн байдаг. Үүнд: Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх 25/36/105 дугаартай гомдол мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зөрчилд холбогдогч Х.Зт зөрчлийн талаар ***** дугаарын утсаар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн.
3.3.Улмаар ИОН намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Х.Зт холбогдох сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байсан тул 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 251100**** дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд хариуцлага тооцсон.
3.4.Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: хэсгийн 10.-д: "Мөн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг минутаар тодорхойлно", 33.2" Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно" гэж заасан байгаагаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө гэдэгт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минут багтаж байхаас гадна Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 Дүгээр албан бичигт ИОН нам нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган Үндэсний аудитын газрын ***@audit.gov.mn мэйл хаягаар илгээсэн гэж, Харин нэр дэвшигч Х.Зийг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн талаар буруутгаагүй байна." гэж дурджээ
3.5.Үйл баримт дурдвал: Нэр дэвшигчийн мэдүүлэг, ирүүлсэн баримт нотолгоогоор 2024 оны 06 сарын 13 ны өдөр ИОН нам нь Үндэсний Аудитын Газарт 2/037 албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг бүртгүүлэхээр хүргүүлэхэд: 1) Үндэсний Аудитын Газар "хуулийн хугацаа хэтэрсэн" гэх үндэслэлээр уг албан бичиг, хавсралтыг хүлээн аваагүй тул 2) ИОН нам нь арга буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны 23 цаг 54 минутад Үндэсний Аудитын Газрын цахим шууданд илгээж орхисон байдаг. Нэмж тайлбарлахад 23 цаг 57 минутад илгээсэн бөгөөд цахим шууданд автоматаар хариу ирэх боломжгүй, "хуулийн хугацаа хэтэрсэн" тухай мэдэгдэх боломжгүй юм.
3.6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6. дугаар зүйлд заасны дагуу хугацааг тоолсон болно. Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр нь 2024-06- 28 ний өдөр (01:00 минутаас 24:00 минут) энэ өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө тоолж үзэхэд:
1 дэх хоног (6/27-ны 24:00 минутаас 06/26-ны 24:00 минут)
2 дах хоног (06/26-ны 24:00 минутаас 06/25-ны 24:00 минут),
3 дах хоног (06/25-ны 24:00 минутаас 06/24-ны 24:00 минут) 4 дэх хоног (06/24-ны 24:00 минутаас 06/23-ны 24:00 минут) 5 дах хоног (06/23-ны 24:00 минутаас 06/22-ны 24:00 минут) 6 дах хоног (06/22-ны 24:00 минутаас 06/21-ны 24:00 минут) 7 дах хоног (06/21-ны 24:00 минутаас 06/20-ны 24:00 минут)
8 дах хоног (06/20-ны 24:00 минутаас 06/19-ны 24:00 минут)
9 дэх хоног (06/19-ны 24:00 минутаас 06/18-ны 24:00 минут)
10 дах хоног (06/18-ны 24:00 минутаас 06/17-ны 24:00 минут)
11 дэх хоног (06/17-ны 24:00 минутаас 06/16-ны 24:00 минут)
12 дах хоног (06/16-ны 24:00 минутаас 06/15-ны 24:00 минут)
13 дах хоног (06/15-ны 24:00 минутаас 06/14-ны 24:00 минут)
14 дэх хоног (06/14-ны 24:00 минутаас 06/13-ны 24:00 минут)
15 дах хоног (06/13-ны 24:00 минутаас 06/12-ны 24:00 минут)
Хуульд заасан 15 дах хоног нь 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 24:00 минутаар дуусгавар болж байгаа бөгөөд нэр дэвшигч Х.З нь 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 23:57 минутад цахим шуудангаар илгээсэн байдаг. Энэ нь хуулийн хугацаа хэтрүүлсэнг илтгэнэ.
3.7.Мөн Үндэсний Аудитын Газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 тоот албан бичигт ... Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 6 дугаар сарын 04- ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ыг мөрдлөг болгосон. Төрийн аудитын байгууллагад нам, эвсэл, нэр дэвшигчдээс бичгээр ирүүлсэн сонгуулийн зардлын дансны мэдээллийг нэгтгэж audit.mn цахим хуудаст 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байршуулж, олон нийтэд мэдээлсэн. ИОН нам нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган, Үндэсний аудитын газрын ***@audit.gov.mn мэйл хаягаар илгээсэн боловч дээрх журмын дагуу бичгээр ирүүлээгүй байна. гэсэн, Аудитын ерөнхий газрын ***@audit.gov.mn цахим хаягт байршуулан олон нийтэд мэдээлсэн мэдээлэлд байхгүй зэргээр нотлогдож байна.
3.8.Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь: хэсгийн 11.-д "Энэ тохиолдолд хариуцагчаас гомдол гаргагч Х.Зийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн Хаан банк 51071**** дугаар хандивын дансыг ИОН намаас Үндэсний аудитын газарт бүртгүүлэхээр бичгээр үйлдэж, цахимаар хүргүүлснийг Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нэм, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу бичгээр ирүүлээгүй гэж хариуцагчаас буруутгаж байгаа нь үндэслэлгүй." гэж дурджээ
3.9.Үйл баримт дурдвал: Үндэсний Аудитын Газраас ИОН намд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 тоот албан бичгээр хариу хүргүүлэхдээ тодорхой тайлбарласан байна. Үүнд:... Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ыг мөрдлөг болгосон. Төрийн аудитын байгууллагад нам, эвсэл, нэр дэвшигчдээс бичгээр ирүүлсэн сонгуулийн зардлын дансны мэдээллийг нэгтгэж audit.mn цахим хуудаст 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байршуулж, олон нийтэд мэдээлсэн. ИОН нам нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган, Үндэсний аудитын газрын ***@audit.gov.mn мэйл хаягаар илгээсэн боловч дээрх журмын дагуу бичгээр ирүүлээгүй байна." гэснээс харахад буруутгах үндэслэлтэй байна.
3.10.Мөн хугацааны хувьд: Үндэсний Аудитын газар нь албан ёсны цахим хаяг болох audit.mn хаягаараа 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олон нийтэд мэдээлсэн "НАМ, ЭВСЭЛ БОЛОН НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД" хэсэгт Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ний өдрийг дуустал төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн бичиг хэрэгт хүлээлгэн өгнө. Үүнд:
1. Бүртгүүлэх хүсэлт /хаяг, утасны дугаар, гарын үсэг/
2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт /банкны гэрээ/;
4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх;
3.11....2024 оны 06 дугаар сарын 12-ний өдрийг дуустал Төрийн Аудитын дээд байгууллагад бичгээр мэдэгдэх сүүлийн хугацааг цахимаар мэдээлсэн, Бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг тодорхой дурдсан, ямар албан тушаалтанд хэрхэн хүлээлгэн өгөх талаар мэдэгдсэн байхад ИОН нам нь зардлын дансны мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бичгээр хүргүүлсэн нь бүртгүүлэх хугацаа хэтрүүлсэн, цахим шуудангаар илгээсэн нь бичгээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүйг тодорхой харуулж байна.
3.12.Иймд 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд ИОН намаас нэр дэвшсэн иргэн Х.З нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Сонгох, Сонгогдох эрхээ эдэлж Монголын улсын төрийн эрх барих дээд байгууллагын сонгуульд оролцохдоо Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиа мөрдөөгүй нь бие даасан Зөрчлийн шинж чанартай байх тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ё.Б миний 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 004**** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэлд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн талаарх Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй нь шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд илтэд зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан байхад үндэслэлгүй дүгнэлт хийж шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1.Гомдол гаргагч Х.Зоос Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Бт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Бын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 004**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Бын 2025 оны 004**** дугаартай шийтгэлийн хуудсаар “Х.Зийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигч сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-т “нам эвсэлд нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг санал авах өдрөөс 15 доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдүүлж бүртгүүлэх үүрэгтэй” гэж,
Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3.4-д “нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгууль оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр хүргэнэ” гэж тус тус заасан.
4.Хууль болон журмын дээрх зохицуулалтаас үзвэл нам, эвсэл болон нэр дэвшигч эрх бүхий байгууллагаас бүртгэх шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын дансыг нээлгэж, санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийг бүртгүүлэх үүрэгтэй байна.
5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Х.З нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд “ИОН нам”-аас нэр дэвшсэн байх бөгөөд сонгуулийн зардлын дансыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хаан банканд нээлгэсэн, мөн намаас дээрх хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын дансны мэдээллийг Үндэсний аудитын газрын цахим шуудангаар хүргүүлсэн болох нь “ИОН нам”-с Үндэсний аудитын газарт хүргүүлсэн 02/037 дугаар албан бичиг, Үндэсний аудитын газраас 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 дугаар, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/1123 дугаар бүхий “Хариу хүргүүлэх тухай” албан бичгүүд, Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
6.Тодруулбал, гомдол гаргагч Х.З нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын дансыг нээлгэж, холбогдох журмын дагуу хуулийн хугацаанд зардлын дансыг бүртгүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.
7.Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосон байхад тус өдрөөс өмнөх 15-аас доошгүй хоногийн өмнө зардлын данс бүртгүүлэх эцсийн өдөр нь 06 дугаар сарын 13-ны өдрийн 24:00 цаг байхаар байна.
8.Үүний дагуу “ИОН нам”-аас нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансыг цахим шуудангаар 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлснийг гомдол гаргагч Х.Зийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагчийн “...2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр /01:00 минутаас 24:00 минут /сонгуулийн өдөр байх бөгөөд энэ өдрөөс “15-аас доошгүй хоногоос өмнө” хугацааг тоолбол 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24:00 минутаар дуусгавар болж байгаа бөгөөд нэр дэвшигч Х.З нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23:57 минутад цахим шуудангаар илгээсэн байгаа нь хуулийн хугацааг хэлтрүүлсэн” гэх давж гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
9.Түүнчлэн Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 дугаар албан бичигт ““ИОН нам” нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган Үндэсний аудитын газрын ***@audit.gov.mn мэйл хаягаар илгээсэн” буюу хуульд заасан хугацаанд албан бичгээр тайланг хавсарган хүргүүлсэн байх тул хариуцагчийн “...сонгуулийн зардлын тайланг бичгээр ирүүлээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
10.Мөн гомдол гаргагч Х.З нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дараа өөрийн сонгуулийн зардлын тайланд аудит хийлгэж, сонгуулийн явцад нээсэн дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлсэн, зарцуулалтыг хэрхэн хэрэгжүүлж, сонгуульд шударга өрсөлдөж, хууль бус санхүүжилтэд хяналт тавьж оролцсон болох нь “ИНО Ина”-ын байгууллагын 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Ш/03 дугаар “Хараат бус аудитын дүгнэлт”-ээр тогтоогдож байна.
11.Иймээс нэр дэвшигч Х.Зийг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх хуульд заасан үүргийг зөрчсөн, хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар түүнд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, ...-д тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, гэж заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.
12.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс “...хариуцагчаас гомдол гаргагч Х.Зийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн Хаан банкны 51071**** дугаар хандивын дансыг ИОН намаас Үндэсний аудитын газарт бүртгүүлэхээр бичгээр үйлдэж, цахим шуудангаар илгээснийг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу бичгээр ирүүлээгүй нь зөрчил гэж шийтгэлийн хуудас үйлдсэн нь үндэслэлгүй.” гэж дүгнэн гомдлын шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ