Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал, улсын яллагч А.Эрдэнэдэлгэр, шүүгдэгч Э.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн “ Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэрээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхсайханы Баттулгад холбогдох  эрүүгийн 2331001240105 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагон техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 137 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Энхсайханы Баттулга, РД: /МЮ92052911/

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

Шүүгдэгч Э.Баттулга нь 2023 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ** аймгийн *** сум, ** дугаар баг, ** дүгээр хэсэг, ** тоотод байрлах өөрийн гэртээ С.Анхцэцэгийн эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь цохиж, баруун нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, зовхи, дал, мөр, бугалга, өвдөг, шилбэнд хөх ягаан өнгийн цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *аймгийн **сум *дугаар баг, 1 дүгээр хэсэг, *оотод байрлах өөрийн гэртээ С.Анхцэцэгийн эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар гараараа цохиж, түлхэж унагасны улмаас эрүү, бүсэлхий нуруу, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Баттулгаас мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хойшид дахин ийм асуудал гаргахгүй, Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Баттулга нь 2023 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **аймгийн ** сум, *дугаар баг, ** дүгээр хэсэг, ** тоотод байрлах өөрийн гэртээ С.Анхцэцэгийн эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь цохиж, баруун нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, зовхи, дал, мөр, бугалга, өвдөг, шилбэнд хөх ягаан өнгийн цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 137 тоотод байрлах өөрийн гэртээ С.Анхцэцэгийн эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар гараараа цохиж, түлхэж унагасны улмаас эрүү, бүсэлхий нуруу, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 4, 74 дүгээр тал), хохирогч С.Анхцэцэгийн мэдүүлэг (хх-ийн 5-6, 15-16, 91-92 дугаар тал), гэрч Н.Байгальмаагийн мэдүүлэг (хх-ийн 21-23 дугаар тал), гэрч Б.Болормаагийн мэдүүлэг (хх-ийн 25 дугаар тал), гэрч Э.Уянгын мэдүүлэг (хх-ийн 27 дугаар тал), яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 31, 35-36, 84 дугаар тал), Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 33-34 дүгээр тал), шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хх-ийн 39-40, 85-86 дугаар тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41 дүгээр тал),  захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42 дугаар тал), Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 161 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 82-83 дугаар тал), гэрч Г.Бат-Эрдэний мэдүүлэг (хх-ийн 94- дүгээр тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад  нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Э.Баттулга нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч С.Анхцэцэг нь  эмчлэгдсэн баримтыг ирүүлээгүй ба  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  С.Анхцэцэг нь мэдүүлэхдээ...  миний бие одоогоор өвчин зовиуртай байна. Би гомдолтой байна гэж мэдүүлсэн / хх-н 15-16 дугаар талд/ мөн гомдол саналгүй гэсэн хүсэлт  (хх-ийн 107 дугаар тал) гаргасан байх тул шүүгдэгч Э.Баттулгыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаатай төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.Баттулгад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Баттулгын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч  Э.Баттулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхсайханы Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энхсайханы Баттулгад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Э.Баттулгын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч  Э.Баттулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч С.Анхцэцэг нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Э.Баттулга нь хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг  гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Баттулгад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ