Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх  хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Б.Номин,

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч       Д.Эрдэнэ-Оргил,

Шүүгдэгч                                  Д.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батмөнхөд холбогдох эрүүгийн 2231003180226 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт** аймаг, к* сум, *дугаар баг, *** гудамжны** тоотод оршин суух , бие эрүүл ухаан бүрэн , хэрэг хариуцах чадвартай, Зөөд овогт Дамирангийн Батмөнх, /РД:МТ84121113/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батмөнх 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ***аймгийн ** сумын дугаар багийн нутаг дэвсгэрт “Сангийн гол” нэртэй газарт 2 экскаватор, алт угаах төхөөрөмж байрлуулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 385,360 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батмөнх мэдүүлэхдээ: “... Би мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн,одоо дахин мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Болормаагийн өгсөн: “...Ерөө сумын Засаг дарга, бусад алба хаагчдын зүгээс 2022 оны 09 дүгээр сарын байдлаар бичил уурхай, нөхөрлөлүүдийг ажиллуулах талаар гэрээ хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Наранбаярын өгсөн: “...Д.Батмөнх 2022 оны 06 дугаар сард шиг санаж байна манайд ирээд зоорь ухна ойр зуурын ажил хэрэглэмээр байна гээд гуйгаад аваад явсан юмаа. Би ч гэсэн тэр экскаватороор барилгын хайрга гаргах, байшингийн суурь ухах зэрэг халтуурны ажил хийдэг байсан болохоор өөр шигээ санаад л өгөөд явуулсан юмаа. Би уг экскаваторыг 2021 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос авсан юмаа. Бичиг баримт байгаа 48-50 УР улсын дугаартай техник байгаа. Би уг экскаваторыг 2021 оны 10 дугаар сард 15 сая төгрөгөөр засвартай байхад нь худалдаж аваад өөрөө сэлбэж засаж ажилд оруулсан. Одоо зах зээлийн ханшийг нь сайн судлаагүй байна тэгээд ч надад зарж үрэх бодол огт байхгүй ямар ч байсан худалдаж авсан ханшнаасаа хямд болно гэж байхгүй байх гэж бодож байна. Миний зүгээс өөрийн техникээ л буцаагаад олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Чинзоригийн өгсөн: “...улсын дугаар бичиг баримт байхгүй. Би уг экскаваторыг босгосон юм. Үнэлгээ нь ойролцоогоор 2 сая гаруй төгрөг болно гэж бодож байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Чинзоригийн өгсөн: “...Д.Батмөнх нь комацу 20 маркийн экскаваторыг 2022 оны 05 дугаар сард авсан гэж санаж байна. Одоогоор яг хэзээ авсныг сайн санахгүй байна. Надаас экскаваторын мотор өргөх мөн газар шорооны ажил хийнэ гэж авсан юм. Уг экскаваторыг ойролцоогоор 3 сая төгрөгөөр босгосон. Бичиг баримт байхгүй. Миний эзэмшлийн экскаватор байгаа юм. Би өөрийнхөө экскаваторыг авчихмаар байна. Авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Алтанбаатарын өгсөн: “... Би “Сангийн гол” нэртэй газарт ажиллахаар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирсэн боловч техник хэрэгсэл саатсанаас болж олигтой ажил хийж чадаагүй. Би ямар нэгэн тоног төхөөрөмж ажиллуулаагүй, Д.Батмөнх ажиллуулсан. Д.Батмөнх нь Тэмүүжин бид хоёртой л ирсэн. Тэмүүжин гэх хүнийг би огт танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Тэмүүжингийн өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Д.Батмөнх гэдэг хүн дээр ирээд помпчин хийх гэж ирсэн. Би ихэвчлэн ойр зуурын ажил гагнуур хийсэн. Би буугаа засаад л тэр хавиар байсан. А.Алтанбаатар, Д.Батмөнх гэсэн 2 хүн л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

“Эрдэнийн Ногоолин” ХХК-ий 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22/067 дугаартай “...Иргэн Д.Батмөнхийн байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 169,583.93 төгрөг бөгөөд үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 385,359.73 төгрөг болж байна. Нийт нөхөн сэргээлтийн ажлын зардал 325,699.6 төгрөг,...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-69 дүгээр хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10/4322 дугаартай “ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна” гэх албан бичиг /хх-ийн 66 дугаар хуудас/

Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө үнэлгээний “Капитал зууч ХХК-ий 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн “...Volvo-55 маркийн бага оврын шар өнгийн экскаватор 2.500.000 төгрөг, Komatsu-20 маркийн бага оврын шар өнгийн экскаватор 2.000.000 төгрөг, алт угаах төхөөрөмж 400.000 төгрөг нийт 4,900.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 171-179 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/29-01/0068/09 дугаартай “...нийт хохирлын үнэлгээ 385.359.73 төгрөг болж байна” гэх акт /хх-ийн 185 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хх-ийн 07-18 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19-20, 22-23 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 70-71, 81-82, 180-183 дугаар хуудас/,

48-50 УР улсын дугаартай экскаваторын өмчлөгчийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 85 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 97-98 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт

Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 87, 92 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа өмчлөгчөөр /хх-ийн 89 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа машинаар /хх-ийн 90 дүгээр хуудас/,

ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 93-94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Батмөнх 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Сангийн гол” нэртэй газарт 2 экскаватор, алт угаах төхөөрөмж байрлуулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 385,360 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Д.Батмөнхийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Батмөнхийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Д.Батмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Батмөнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Батмөнх нь Байгаль орчинд учруулсан  385,360 төгрөгийн хохирол, хор уршиг,  нөхөн сэргээлтийн зардал 325699 төгрөгийг  тус тус төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч  Д.Батмөнх нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Volvo-55 маркийн бага оврын шар өнгийн экскаватор нь иргэний нэхэмжлэгч Ж.Наранбаярын эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох  боломжгүй  байна.

Иймд Ж.Наранбаярын эзэмшлийн Volvo-55 маркийн бага оврын шар өнгийн AFY1001 арлын дугаартай, 48-50 УР улсын дугаартай 1998 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн экскаваторыг эзэмшигчид буцаан олгож, Volvo-55 маркийн экскаваторын   үнэ  2500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Батмөнхөөс гаргуулж улсын орлого болгох нь  нь зүйтэй гэж үзлээ.

Харин кomatsu-20 маркийн бага оврын шар өнгийн экскаватор нь иргэний нэхэмжлэгч Д.Чинзоригийн эзэмшлийнх гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт уг техникийг худалдан авсан худалдах худалдан авах гэрээ хэлцэл огт тусгагдаагүй, уг  экскаватор  нь  тээврийн хэрэгслийн лавлагаанд бүртгэгдээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, арлын дугааргүй, номер дугаар аваагүй хэний эзэмшлийн хөрөнгө болох нь  тодорхойгүй,  Д.Чинзоригийн эзэмшлийн экскаватор  гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна.

 Иймд  шүүгдэгч Д.Батмөнхийн   гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Komatsu-20 маркийн бага оврын шар өнгийн экскаватор, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг 400.000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмжийг  мөн тус тус хураан авч  улсын орлого болгох зүйтэй гэж шийдвэрллээ.

Харин  хэрэгт мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн Д.Чинзоригийн  эзэмшлийн гэх Зил 131 маркийн авто машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  хураагдсан эд хөрөнгийг  улсын орлого болгохтой  холбогдуулан гарах зардлыг  холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч  Д.Батмөнхөөс гаргуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ Volvo-55 маркийн бага оврын шар өнгийн экскаватор, Komatsu-20 маркийн бага оврын шар өнгийн экскаватор мөрдөгчийн саналыг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

  Хэрэгт хураан авсан Volvo-55 маркийн бага оврын шар өнгийн экскаватор, Komatsu-20 маркийн бага оврын шар өнгийн экскаватор, алт угаах төхөөрөмж зэргийг  битүүмжлэн шүүгдэгч Д.Батмөнх хүлээлгэн өгсөн байна.

Иргэний нэхэмжлэгч гэх Д.Чинзориг нь Komatsu-20 маркийн бага оврын шар өнгийн экскаватор болон түүний үнийг гэм буруутай этгээд Б.Батмөнхөөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Батмөнх нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Д.Батмөнхийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Д.Батмөнхийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Д.Батмөнхөд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн   зэрэг  байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар   зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батмөнхийг 1  /нэг/   жилийн  хугацаагаар тэнсэж,  1 жилийн  хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б**** нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.Батмөнхийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Д.Батмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 80.000 төгрөгийг  иргэний нэхэмжлэгч “Капитал зууч” ХХК-д төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Батмөнх нь  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зөөд овогт Дамирангийн Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлож  газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дамирангийн Батмөнхийг 1 /нэг/ жил  хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батмөнх  нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг  тус тус анхааруулсугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д.Батмөнх  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.Батмөнхөд  тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д  зааснаар иргэний нэхэмжлэгч Ж.Наранбаярын эзэмшлийн Volvo-50 маркийн экскаваторын үнэ 2.500.000 төгрөгийг,  Komatsu-20 маркийн экскаваторыг /2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн /алт угаах төхөөрөмж /400.000 төгрөгөөр үнэлэгдсэн/ зэргийг  шүүгдэгч Д.Батмөнхөөс тус тус  гаргуулж улсын орлого болгосугай.

7. Гэмт хэрэг улмаас  Volvo-55 маркийн бага оврын шар өнгийн экскаватор, Komatsu-20 маркийн бага оврын шар өнгийн экскаватор, Зил 131 маркийн авто машин, алт угаах төхөөрөмж зэргийг битүүмжилсэн  мөрдөгчийн саналыг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Энэ хэргийн улмаас битүүмжилсэн Ж.Наранбаярын эзэмшлийн Volvo-55 маркийн бага оврын шар өнгийн AFY1001 арлын дугаартай, 48-50 УР улсын дугаартай 1998 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн экскаваторыг, Д.Чинзоригийн  эзэмшлийн гэх Зил 131 маркийн авто машиныг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  эзэмшигчид буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг улсын орлого болгохтой холбогдуулан гаргах зардлыг холбогдох  баримтыг үндэслэн  шүүгдэгч  Д.Батмөнхөөс  гаргуулсугай.

 

10. Иргэний нэхэмжлэгч гэх Д.Чинзориг нь Komatsu-20 маркийн бага оврын шар өнгийн экскаватор болон түүний үнийг гэм буруутай этгээд Б.Батмөнхөөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

11. Шүүгдэгч Д.Батмөнх нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ