Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

 

 

   2023 оны 06 сарын  09 өдөр                 2023/ШЦТ/109                      Баруун-Урт сум                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                     

улсын яллагч Г.Бат-Оргил,

хохирогч С.Гантөгс,

шүүгдэгч Х.Батхүрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Батхүрэлд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2330000000095 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Далангийн 6-7 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, Хоньчин ургийн овогт Хүрлээгийн Батхүрэл /РД:ЛЮ92070217/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

 

Шүүгдэгч Х.Батхүрэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Х.Батхүрэлд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Х.Батхүрэлийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 600.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Гантөгс хохирол,хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 209.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Шүүгдэгч Х.Батхүрэл 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Биллион бааранд иргэн С.Гантөгстэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч С.Гантөгсийн “...Би Биллион баарны бүжгийн талбайд бүжиглэж байхад миний араас хэн нэгэн нь шилээр цохисон. Түүнээс хойш яг юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа, эмнэлэг хоёр ирсэн байсан. Тэгээд намайг түргэн тусламжийн машинд суулгаад эмнэлэг дээр аваачиж миний толгой арын хэсэгт 5 оёдол тавьсан.Намайг хэн гэдэг хүн шилээр цохисныг мэдэхгүй байна. Намайг нэг хүн цохиж байхыг манай найз Нэргүй харсан гэсэн.Би эмчилгээний зардал нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/

гэрч Г.Эзэнмөнхийн “ 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай найз Баярцогтын эхнэр Зулцэцэгийн төрсөн өдөр болж манай найзууд болох Гантөгс, Баярцогт, Хатанболд, Өнөбаяр, Эрдэнэтулга, Маралгуа, Зулцэцэг, Болороо болон манай Нэргүй бид Биллион бааранд орж шилтэй пивонууд захиалж уусан. Манай найз Гантөгс баарны 00 өрөөнд тамхи татаж байхдаа ганц, хоёр хүнтэй маргалдаад байсан. Тэгээд найз нартайгаа хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Гантөгсийн араас нэг хүн шилээр толгой хэсэгт нь цохисон. Нэг харсан чинь манай найз газар унасан дээр нь 2-3 хүн дарсан байсан. Бид нар салгаад харахад манай найз Гантөгсийн толгойноос цус гарсан байсан. Нэг мэдсэн цагдаа, эмнэлэг ирсэн байсан. С.Гантөгсийг хэн цохисныг би бол хараагүй. Харин манай эхнэр Нэргүй нь найз С.Гантөгсийг шилээр цохих гэж байсан хүнийг хориход тухайн хүн манай эхнэрийг түлхээд манай найз С.Гантөгсийг шилээр цохисон гэсэн.Тухайн хүнийг би сайн танихгүй. Дөрвөлж толгойн урд талд дугуй засвар ажиллуулдаг Үүлээ гэх залуу гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

гэрч М.Нэргүйн “...Бид бүжиглэж байхад С.Гантөгсийг манай аймгийн залуу болох Батхүрэл буюу Үүлээ гэх залуу пивоны шилээр цохисон. Би найз Гантөгс болон Батхүрэл /Үүлээ/ гэх залуу хоёрын дундуур ороод “болиоч ээ, чи хүний толгой хагалчихлаа ш дээ” гэж хэлэхэд тэр Батхүрэл гэх залуу манай найзыг дахин зодох гээд дайраад байсан.Тэгээд цагдаа ирэхэд Батхүрэл залуу алга болсон байсан. Намайг харж байхад тэр хоёр маргалдсан зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р хуудас/

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаартай “ 1. С.Гантөгсийн биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэг гэдэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинж нь 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх; 2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч С.Гантөгсийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарахыг 145 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч Х.Батхүрэл нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч С.Гантөгсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд тэрээр түүний шүүх хуралдаанд “Гомдол байхгүй. Хохирлыг маргааш барагдуулна гэсэн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.Батхүрэлийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

Иймд хохирогч С.Гантөгс нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад хохирол, зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдъя.

 

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч Х.Батхүрэл нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 209.000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.05.29-ний өдрийн 26/104 дугаартай албан бичиг, С.Гантөгсийн эмчилгээний зардлын түүх /хэргийн 56-77 дугаар хуудас/ зэргээр нотлогдох тул шүүгдэгч Х.Батхүрэлээс 209.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Х.Батхүрэлийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Х.Батхүрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Х.Батхүрэлээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч Х.Батхүрэл нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хоньчин ургийн овогт Хүрлээгийн Батхүрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батхүрэлийг  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батхүрэлд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батхүрэл нь дээрх торгох ялыг хуульд шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батхүрэлээс 209.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Гантөгс нь тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтэлд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад шууд учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай. 

 

            7. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.Батхүрэлд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН