Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

 

        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                    

улсын яллагч Б.Жамъяндорж,

шүүгдэгч Ю.Түвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.Түвшинд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2330000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Шовдол гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шар Цахар ургийн овогт Юндэнгийн Түвшин /РД:ЛЮ76100478/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

 

Шүүгдэгч Ю.Түвшин нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Ю.Түвшинд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ю.Түвшингийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 500.000 төгрөгийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Отгонтуяа хохирол,хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Шүүгдэгч Ю.Түвшин нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2023 оны 04 дүгээр сарын 16-ны шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Цайртын 1 дүгээр байр 1-401 тоотод эхнэр Б.Отгонтуяатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

яллагдагч Ю.Түвшингийн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би эхнэртэйгээ ямар шалтгааны улмаас маргалдсан болохоо мэдэхгүй байна. Би 0,75 литрийн архи ганцаараа уусан болохоор нэлээн согтсон байсан. Тэр орой би гэрээс гарч яваад ээжийндээ очиж хоносон. Маргааш нь үд гээд эхнэр дээрээ ирэхэд манай эхнэрийн баруун нүд хөхөрсөн байсан. Манай эхнэр намайг чи өчигдөр согтуу орж ирээд миний нүд рүү цохичихсон гэж хэлж байсан. би эхнэртэйгээ эвлэрсэн, эхнэрээсээ уучлалт гуйсан ” гэх мэдүүлэг /хэргийн 33-35 дугаар хуудас/

хохирогч Б.Отгонтуяагийн “ 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн үед нөхөр Ю.Түвшингийн хамт Баруун-Урт сумын 2-р баг Цайртын 1 дүгээр байр 1-401 тоотод байх төрсөн ах Хосбаярын гэрт хувцсаа угаах гээд ирсэн. Манай нөхөр Ю.Түвшин нь “чи ороод хувцсаа угааж бай надад болохоороо хэлээрэй, би хүнтэй уулзчихаад ирье” гээд явсан. 23 цагийн үед намайг хувцсаа угааж байхад манай нөхөр Ю.Түвшин нь согтуу орж ирчхээд намайг “хувцсаа угааж дуусаагүй юм уу?” гэж асуусан. Тухайн үед би “олон хиртэй юм байхад юу гэж дуусах юм, дуусаагүй байна” гэж хэлсэн. Би хувинтай усаа авах гээд доошоо тонгойтол миний баруун нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэр үед би бэр эгч Урангоог “нөгөөх чинь намайг аллаа” гээд дуудсан. Тэгтэл эгч гарч ирээд манай нөхрийг “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд манай нөхөр Ю.Түвшин гараад яваад өгсөн. Тэгээд тэр орой нь ирээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 8-10 дугаар хуудас/,

гэрч Б.Урангоогийн “манай бэр Б.Отгонтуяа манайд хувцсаа угаана гээд орой 20 цагийн үед хөдөө гэрээсээ ирсэн. Отгонтуяа дүүг угаалгын өрөөнд хувцсаа угааж байхад 23 цагийн үед нөхөр Ю.Түвшин нь гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд Ю.Түвшин нь орж ирээд манай том өрөөнд хэсэг сууж байгаад угаалгын өрөө рүү ороод эхнэр Б.Отгонтуяатай маргалдаад байсан. Удалгүй Отгонтуяа “аллаа” гээд намайг дуудсан. Би угаалгын өрөө рүү ороод нөхөр Ю.Түвшин нь Б.Отгонтуяагийн нүүр рүү нь цохисон байсан. Тэгээд би нөхрийг нь “чи яаж байгаа юм бэ” гээд гэрээсээ хөөж гаргасан” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 150 дугаартай “Б.Отгонтуяагийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хамаарна...” гэх дүгнэлт /хэргийн 19-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэг гэдэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинж нь 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх; 2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч Б.Отгонтуяагийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарахыг 150 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч Ю.Түвшин нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Отгонтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “...гомдол, санал гаргах юм байхгүй ” гэх хүсэлтээр нотлогдох тул шүүгдэгч Ю.Түвшинг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ю.Түвшингийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ю.Түвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Ю.Түвшингээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч Ю.Түвшин нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Шар Цахар ургийн овогт Юндэнгийн Түвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Түвшинг  500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Ю.Түвшин  түүнд оногдуулсан торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Түвшин нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Отгонтуяа нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

            6. Шүүхийн шатанд шүүгдэгч Ю.Түвшинд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН