| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2019/01020/И |
| Дугаар | 135/ШШ2019/01057 |
| Огноо | 2019-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2019/01057
| 2019 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 135/ШШ2019/01057 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/01020/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, С тоотод оршин суух, /утас *******/, ******* регистрийн дугаартай,**************ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух, /утас *******/, С регистрийн дугаартай, ******* холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2012 онд *******тай танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин*******, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин ******* нар төрсөн. Бид хоёр өөрийн гэсэн орон гэргүй, эцэг, эхийндээ амьдарч байсан. Тухайн үед ******* эрхэлсэн ажилгүй, үр хүүхдэдээ халамж тавихгүй, хариуцлагагүй байдаг байсан. Би ажил хийж амьдралаа авч явдаг байсан. ******* нь хамт амьдарч байх хугацаанд надад гар хүрч, маш их зовоож, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан. Иймд би 2017 оны 12 сарын 19-ний өдөр 2 дахь хүүхэд гэдсэнд 8 сартай жирэмсэн байхад *******аас салсан. *******аас салснаас хойш ******* нь 2 хүүхдээ огт тоодоггүй дахин гэр бүл зохиож байгааг мэдсэн. Иймд охин******* төрсөн эцэг нь ******* болохыг тогтоож, охин*******, ******* нарт тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2012 онд *******тай танилцаж, гэр бүл болоод амьдарч байсан. Бидний дундаас 2014.03.06-ны өдөр*******, 2018.01.13-ны өдөр охин ******* нар төрсөн нь үнэн болно. 2018 оны 5 сараас тусдаа амьдарч эхэлсэн. *******ын ар гэрийн асуудлаас болоод бид хоёр салсан. ******* миний бие одоогоор бусадтай гэр бүл болоогүй. ******* миний төрсөн охин мөн. Эцэг тогтоох болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2012 онд танилцаж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин*******, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин ******* нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,*******ын Түвшин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандан 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин *******ийг төрсөн эцэг *******аар овоглосон байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин******* төрсөн эцэг болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул******* төрсөн эцэг нь************** мөн болохыг тогтоох нь зүйтэй.
Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж байгаа бөгөөд хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар маргаагүй тул*******, ******* нарыг эх *******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин******* төрсөн эцэг нь ******* мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин*******, 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх *******ын асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210 600 төгрөг, нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 62 984 төгрөг, нийт 273 584 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА