| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00247/И |
| Дугаар | 135/ШШ2019/01058 |
| Огноо | 2019-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2019/01058
| 2019 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 135/ШШ2019/01058 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00247/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, ******* тоотод оршин суух, утас ******* регистрийн дугаартай, ******* ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Д******* тоотод оршин суух, утас ******* , ******* регистрийн дугаартай, ******* т холбогдох,
Улаанбаатар хот, ******* тоотод байрлах 53 890 300 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, газраас өөрт ногдох хувь 26 945 150 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* , гэрч******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* нь 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* хүү болж төрсөн. ******* ад энэ хүүхдээс өөр төрсөн хүүхэд байхгүй, цорын ганц хүү нь юм. Түүний аав ******* нь 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Аавыгаа нас барахад хүү нь 12 настай үлдсэн. Нас барахаасаа өмнө ******* нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн ******* ******* тоотод байрлах 360мкв талбай бүхий газартай нь өмчилдөг байсан. Тэр энэ өмчөө хүүдээ зориулж бэлдэж байгаа, том болоод сургууль соёлд ороход нь хотод орон байр хэрэгтэй гэж хэлж ярьдаг байсан билээ. Аав ******* ыг нь нас барсаных нь дараа эгч******* нь надаас хүү ******* ын төрсний гэрчилгээг өгч байгаач гээд аваад явсан. Яах гэж байгаа юм бэ гээд асуухад зүгээрээ хэрэг болоод гэж хэлээд аваад явсан. Тухайн үед би хэдийгээр хүүгийнхээ хууль ёсны төлөөлөгч ч гэсэн эгчид нь хар буруу санаагүй гэрчилгээг нь өгөөд явуулж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа хүүгийн гэрчилгээг хүнээр өгүүлсэн байсан. Сүүлд бодоход ******* ыг аавынхаа өв хөрөнгийг нь хууль ёсны өвлөгчийнхөө хувьд өв нээлгэж авчих байх гэж бодож хүүхдийн гэрчилгээ авч хадгалж байгаад өв хүлээн авах хуулийн хугацааг өнгөрөөж байсныг ухаарч ойлгосон. Энэ******* нь ******* т эгч нь дүүдээ сургууль төгсөөд оюутан болоход нь хотод байр авч өгнө гэж хэлээд уулзаж ярилцаад дотно байдаг байснаа больж сүүлийн үед ааш зан нь хувирч уулзахгүй болсон. Уулзах гэхээр уурлаад цааргалаад байдаг болчихлоо гэж хүү маань надад ярьсан. Тухайн үед би хүүдээ Улмаа эгч нь нэгийг бодож байгаа байлгүй дээ хүлээж байхгүй юу даа гэж хүлээлгэж нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд өвөө эгч нар нь сайн дураараа аавынх нь хөрөнгөөс 2 өрөө байр аваад өгчихгүй хүнийрхүү сэтгэл гаргаж хүүгээс нүүр буруулж ирлээ. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар ******* төрсөн ганц хүү нь ******* нь мөн учир аавынхаа хууль ёсны өвлөгч юм. Хуулиараа хууль ёсны өвлөгч гэдэг нь тодорхой байхад өвөг эцэг ******* нь аавынх нь хөрөнгө болох Улаанбаатар хот дахь Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, Их наран 21-1 тоотод байрлах амины орон сууцыг 311 мкв бүхий газартай нь өөрөө дур мэдэн ганцаараа өвлөн авч, хууль ёсны өвлөгч Уламбаярын эрх ашгийг хөндөж хүүг минь гомдоож байна. ******* нь өвөөтэйгээ хоорондоо эв зүйгээрээ зохицоод боломж бололцоогоороо асуудлыг шийдэх болов уу гэж түүнийг зөндөө харж хүлээсээр өдий хүрсэн. Хүү ******* нь одоо 17 настай удахгүй нас биед хүрч сургууль соёлд орж өөрийн гэсэн орон байртай болж амьдрах шаардлагатай байна. Энэ зайлшгүй шаардлагын үүднээс аавынхаа хууль ёсны өвлөгчийн хувьд эрхээ хэрэгжүүлж өв хөрөнгийг өвлөж авъя гэсэн байдлаар шүүхэд хандмаар байна гэсэн хүсэлтийг надад тавьсан. Ийнхүү хууль ёсны төлөөлөгч миний бие хүүгийнхээ хүсэлтээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Иймд ******* аас Улаанбаатар хот дахь С******* тоотод байрлах амины орон сууцыг 311мкв бүхий газрын хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг дэх хашаа байшин нь хэдийгээр миний хүүгийн нэр дээр байсан боловч түүнийг худалдан авахад би өөрийн эхнэрийн нэр дээрх Дархан-Уул аймгийн *******ын ******* орон сууцыг зарж хөрөнгө оруулсан. Тэгээд ч гэрлэлт цуцлуулснаас хойш 8 жилийн дараа өөрийн болон миний хөрөнгөөр худалдаж авсан тул нэхэмжлэгч ******* хашаа байшин ямар ч хамааралгүй юм. Хүү маань 2011 онд цус харваж хөдөлмөрийн чадвараа алдсан учир хүүдээ туслахаас өөр арга байгаагүй. ******* нь миний хүүгээс гэрлэлтээ 2004 онд өөрийн хүсэлтээр албан ёсоор цуцлуулсан ба хүүхдийнхээ ирээдүйд анхаарал халамж тавилгүй зөвхөн өөрийн сэтгэлд нийцээгүй гэх нэрээр миний хүүгээс гэрлэлтээ цуцлуулсан. 2013 оны 9 дүгээр сарын 29-нд миний хүүг нас барсаны дараа төрсөн эгч******* нь ******* Дархан-Уул аймгийн төв гандан дээр тааралдаж дүүгээ нас барсан тухай дуулгаад, одоо нэхэмжлээд байгаа хашаа, байшингийн тухай дурдсан гэдэг. Мөн дараа нь ******* т тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор гэрчилгээг нь авч удалгүй буцаан өгсөн байдаг. ******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2013 оны 11 сараас авсан. Өөрөөр хэлбэл У.Улам-Мандах нас барсныг мэдэж байсныг нотолж байна. Тухайн цаг хугацаанд ******* нь шинээр гэр бүл зохиож байсныг дурьдах нь зүйтэй байх. Миний хувьд ******* хаана амьдардагийг мэдэхгүй, надтай энэ хугацаанд огт уулзаагүй болно. Ер нь нас барснаас хойш тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Хас банкинд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл байсан. Хүү маань нас барахаасаа өмнө Хас банкнаас 10 сая төгрөгийн зээл авсан байдаг энэ зээлээ төлөхөд нь түүний эгч байнга тусалж дэмжиж төлж дуусгасан байдаг. Би үлдэгдэл цөөн хэдэн төгрөгийг тушаан зээлийг нь хаалгасан. Миний хүү ******* нас барахаасаа өмнө надтай уулзан миний бие маш муу байна дахиж уулзаж чадахгүй байж магадгүй, та хашаа байшингаа хөөцөлдөж аваарай гэж захисан. Хүүгээ нас барснаас хойш 2015 оны 10 сард өв залгамжлалыг бүтэн 2 жилийн дараа өөр дээрээ хийлгэсэн. 2015 оноос шуурхай хөөцөлдөж эхэлсэн. Учир нь талийгаачийн найз нь өөрийн хүүхдүүдээ суулгаад үлдээсэн байсан бөгөөд тэдгээр хүмүүс намайг хашаагаа эргэхээр очих бүрд байн байн ирж саад болохгүй байхыг сануулдаг болсон. Хамгийн сүүлд очиход энэ ч одоо бидний л юм байгаамдаа та олон дахин ирээд байхымаа гэсэн учир албадан гаргуулахаар шүүхэд хандсан юм. Хууль ёсны дагуу хашаа, байшинг өв залгамжилж авсан тул гаргасан нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
Миний хүү ******* нь ******* хүү болж 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэндэлсэн. ******* нь эцгийнхээ цорын ганц хүү нь байгаа юм. Түүний аав ******* нь 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Аавыгаа нас барахад хүү нь 12 настай үлдсэн. Нас барахаасаа өмнө ******* нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн ******* тоотод байрлах 360м/кв хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 311 мкв талбай бүхий газартай нь өмчилдөг байсан. Тэр энэ өмчөө хүүдээ зориулж бэлдэж байгаа, том болоод сургууль соёлд ороход нь хотод орон байр хэрэгтэй гэж хэлж ярьдаг байсан билээ. Аав ******* ыг нь нас барсаных нь дараа эгч******* нь надаас хүү ******* ын төрсний гэрчилгээг өгч байгаач гээд аваад явсан. Яах гэж байгаа юм гээд намайг асуухад зүгээрээ хэрэг болоод гэж хэлээд авсан. Тухайн үед би хэдийгээр хүүгийнхээ хууль ёсны төлөөлөгч ч гэсэн эгчид нь хар буруу санаагүй. ...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач ******* төрсөн ганц хүү нь ******* нь мөн учир аавынхаа хууль ёсны өвлөгч юм. Хуулиараа хууль ёсны өвлөгч гэдэг нь тодорхой байхад өвөг эцэг ******* нь аавынх нь хөрөнгө болох Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг ******* тоотод байрлах амины орон сууцыг, 311 мкв бүхий газартай нь өөрөө дур мэдэн ганцаараа өвлөн авч хууль ёсны өвлөгч ******* ын эрх ашгийг хөндөж хүүг минь гомдоож байна. ******* нь өвлөх эрхийн гэрчилгээг бичүүлж авсан байсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа. ******* нь өвлөх эрхийн гэрчилгээг авахдаа нотариатад бага мөнгө төлөхийн тулд зах зээлийн ханшнаас маш бага үнээр үнэлж гэрчилгээ авчээ. ******* нь аавынхаа өмчлөлийн дээрх хөрөнгийг одоогийн зах зээлийн ханшаар 70 сая төгрөгийн үнэтэй гэж үнэлж үүнээс ногдох хувь болох 35 000 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байгаа юм. Хүү маань өвөөтэйгээ хоорондоо эв зүйгээрээ зохицоод боломж бололцоогоороо асуудлыг шийдэх шийдэл гаргах болов уу гэж түүнийг зөндөө харж хүлээсэн ч тэд уулзахыг огт хүсэхгүй, хүүхдүүд нь ч уулзуулахгүй гэж байна. Хүү ******* нь одоо 17 настай удахгүй нас биед хүрч сургууль соёлд орж өөрийн гэсэн орон байртай болж амьдрах шаардлагатай байна. Энэ зайлшгүй шаардлагын үүднээс аавынхаа хууль ёсны өвлөгчийнхөө хувьд эрхээ хэрэгжүүлж өв хөрөнгийн өөрт ногдох хувийг өвлөж авъя гэсэн байдлаар шүүхэд хандмаар байна гэсэн хүсэлтийг надад тавьсан учраас хууль ёсны төлөөлөгч миний бие насанд хүрээгүй хүүгийнхээ хүсэлтээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
******* нь өвөг эцэг ******* тай холбогдуулан өөрийн төрсөн аав болох ******* өмч хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, Их наран 21 дүгээр гудамжийн 1 тоотод орших, 311 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас, мөн 360 метр квадрат талбай бүхий хувийн сууцны үнийн дүнгээс өөрт ногдох хувийг тооцож 26,945,000/хорин зургаан сар есөн зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. ******* гэж хүн нэхэмжлэгчийн ээж ******* гэр бүл болон амьдарч байгаад 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 767 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулаад хүүхэд ******* ыг эхийнх асрамжид үлдээж эцэг ******* р тэжээн тэтгүүлэхээр болсон байдаг. Энэ шүүхийн шийдвэрээс хойш ******* нь өөрийн төрсөн хүү ******* тай байнгын харилцаатай байсан. Хүүхдүүд томорно, сургууль соёлд орно, тэгэхэд нь Улаанбаатарт орон байртай болгож өгнө, тэр талаар аав нь бэлтгэл ажил хийдэг байсан талаар уулзаж ярьдаг байсан. Энэ талаар ******* бичиг бичиж өгч байсан асуудал байдаг. Үүнийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Аав нь буюу ******* нь 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан. Тэгээд 1 жилийн дараа өв нээгдэх үед хүүхэд 13 настай, эрх зүйн чадамжгүй, эхийн асрамжид байсан. Тэр үед одоо маргааны зүйл болоод байгаа үл хөдлөх хөрөнгө маань Хасбанкны барьцаанд байсан учраас хуулийн хугацаанд өв нээгдэх боломж байгаагүй. Үүний хажуугаар аавыг нь нас барахад түүний төрсөн эгч******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудлыг нь хөөцөлдөж өгье, өв залгамжлал болоод аавыг чинь нас барсантай холбогдуулаад асуудлыг чинь хөөцөлдөж өгье гээд төрсний гэрчилгээг нь ээжээс нь аваад явсан байдаг. Тухайн үедээ хүүхэд ******* аавынхаа тал болох******* гэх хүмүүстэй тодорхой ирж очиж уулздаг,******* нь болохоор эгч нь дүүдээ сургууль соёлд орохоор нь байр авч өгнө гэж хэлж байдаг байсан тэр талынхаа ажлыг гүйцэлдүүлэх гэж байна гэж бодоод гэрчилгээгээ өгсөн байдаг. Ингээд цаг хугацаа өнгөрөөд хууль ёсны төлөөлөгч ээжийнхээ хамтаар буюу ээжтэйгээ хамт үл хөдлөх хөрөнгийн газар, нотариатын газруудаар очоод ямар нэг өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн эсэх талаар хууль ёсны өвлөгч нь байгаа юм гээд хандаад асуухад уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь өвөг эцгийнх нь нэр дээр гарсныг мэддэг. Үүнээс өмнө Нотариатын газар хандаж, хүсэлт гаргаж энэ талаар өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн байна уу гэдэг талаар лавлагаа авахад явахдаа Улаанбаатар хот дахь Нотариатчдын танхимаас энэ талаар өвлөх эрхийн гэрчилгээ бичигдээгүй байна гэсэн албан тоот өгсөн. Энэ баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. ******* нь талийгаач эцэг ******* ын биологийн хүүхэд гэдэг нь шүүхийн шийдвэрээр нотлогдон тогтоогдсон учраас Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар хууль ёсны өвчлөгч юм. Анх нэхэмжлэлийн шаардлага 55,000,000 төгрөг гэж явж байсан. Тэгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Тэгтэл өмнөх шинжээчийн дүгнэлтээс 50 дахин буураад хашаа байшин, газрын үнэлгээ сүүлд 52,000,000 гэж гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч ******* одоо оюутан, цалин орлогогүй учраас үнэлгээг дахин дахин гаргуулаад үнэлгээний мөнгө төгрөг төлөөд байх боломжгүй учраас хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүнгийн 50 хувийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч ******* ын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бүх эрхийг эдэлж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Уламбаяр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүний ээж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлага 4 удаа шүүхэд ирснээс хойш өөрчлөгдөж байсан. Эхлээд хашаа байшинг гаргуулах, дараа нь 35 сая гаргуулах, дараа нь үнэлгээ 115 сая болонгуут 55 сая төгрөг гаргуулахаар тус тус өөрчлөгдөж байсан. Энэ хэрэг дээд шүүхээс дахин буцаагдаж ирсэн. Хариуцагчийн хүсэлтээр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулаад 2019 оны 10 дугаар сарын 07-ны байдлаар нийлээд 53,893,300 төгрөгийн үнэлгээ гарсан. Үүн дээр тулгуурлаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн юм байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр ******* Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т заасан хууль ёсны өвлөгч мөн боловч өвлөгдсөн хөрөнгөө шаардах эрхээ алдсан байна. Талийгаач ******* нас бараад 6 жил болсон. 2004 онд ******* ын эхээс салаад, хүү ээжийнхээ халамжид үлдсэн. Одоогийн байдлаар эх ******* нь өөр гэр бүл зохиосон. ******* ыг нас барсны дараа эгч нь гандан дээр ном уншуулж яваад ******* дуудсан байдаг. Өв нээгдсэнийг талийгаачийг нас барснаас хойш 7 хоногийн дараа мэдсэн.
Мөн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний албан тоотоос үзэхэд ******* тэжээгчээ алдсаны тэтгэмжийг талийгаачийг нас барснаас хойш 36 хоногийн дараа хүүдээ тогтоолгосон ба өв нээгдсэнийг мэдсэн байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан байдлыг алдсан байна. Мөн өвөөс шаардах эрхээ алдсанаас хойш 4 жилийн дараа нотариатад анх удаа хандсан нь эрхээ алдсанаас хойш 3 жил болсныг баталж байна. нэгэнт өвлөх хүсэлтээ өгөөгүй учраас өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байна. ******* нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасан хамт амьдарч байсан өвлөгчид орохгүй, харин Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т хамт амьдраагүй бол 1 жилийн дотор хүсэлт гаргана гэсэн байдаг. Нэгэнт өвлөх хүсэлтээ гаргаагүй бол мөн хуулийн 528.3-т зааснаар татгалзсан гэж үзнэ. Ямар нэг байдлаар хандсан ямар ч нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх өвлөх хугацааг хойшлуулах боломжтой байдаг. Гэтэл өнөөдөр ******* болон түүний ээж ******* нарын талаас сунгуулах нэг ч хүсэлт байгаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй учраас хүсэлт гаргаагүй гэж үзэж байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл хангалттай байна. Сая маргаан бүхий байшинг Хасбанкны зээлд байсан гэж тайлбар хэллээ. Талийгаач 2009 онд 10,000,000 төгрөгийн зээл авсан ба хамгийн сүүлд зээлийн эргэн төлөлтөө 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн. Ингээд 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан. Түүнээс хойш 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд үлдсэн зээлийг нь талийгаачийн ээж, аав хоёр нь төлж байсан. Хас банкны зээлийг өвлөх эрхийн дагуу аав нь өвлөсөн. Гэтэл тэр өрнөөс ******* огт төлөлцөөгүй, зээлийг төлөлцөөд барьцаанаас авах боломжтой байсан. Банкад нийтдээ 4,681,053 төгрөгийг төлсөн байдаг. Хариуцагчийн талаас талийгаачийн хүүхдийг өв хүлээн авах хүсэлт гаргахыг хүлээж байсан, мөн Банкад үлдсэн зээлийг нь төлөөд байшингаа авахыг ч хүлээсэн. Гэтэл ийм зүйл болоогүй учраас түүнийг татгалзсан гэж үзээд 2015 онд ******* нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгож авсан. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 26,945,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* т холбогдуулан ******* өвлөгдөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Сонгино-Хайрхан дүүргийн ******* тоотод байрлах 3 давхар байр 360мкв хувийн орон сууцыг 311 м/кв газрын хамт ******* аас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 53 890 300 төгрөгийн 50 хувь буюу 26 945 150 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нь хууль ёсны дагуу хашаа, байшинг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу авсан, нэхэмжлэгч нь өв залгамжлахаас татгалзсан тул гаргасан нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* нь 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Уламмандахын Уламбаярыг төлөөлөн өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь насанд хүрсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг сольж өгөхийг хүссэн Ц.Батцацралын хүсэлтийг хангаж тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4585 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар нэхэмжлэгчийг сольж жинхэнэ нэхэмжлэгчээр ******* ыг татан оролцуулсан байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 767 дугаартай шийдвэрээр******* нэхэмжлэлтэй ******* ад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн ******* ыг эх ******* асрамжид үлдээж, эцэг ******* аар сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
******* нь 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан байх бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгч нас барсан өдөр буюу 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс өв нээгджээ.
Талийгаач ******* нь Сонгинохайрхан дүүргийн ******* тоот, 311 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 360 мкв талбай бүхий хувийн сууцыг 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ******* Худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөлдөө авсан болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар талийгаач ******* хүү ******* , төрсөн эцэг ******* нарыг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тэдэнд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэжээ.
Хариуцагч ******* нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн нотариатын албанд өргөдөл хүсэлт гаргасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр УБ хот, ******* давхар, 360 мкв талбайтай амины орон сууц, 311 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг өөрийн өмчлөлд авсан байх бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ******* , Х.Баярцэцэг нар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч ******* нь эцгийгээ нас барах үед 12 нас 9 сартай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай байсан байх тул түүнийг өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтээ гаргаагүй өвлөх эд хөрөнгөнөөс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэдийгээр хариуцагч ******* нь өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өв хөрөнгийг эзэмдэн авч өмчлөгчөөр тогтоолгосон болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь өвлөгдөх эд хөрөнгийн үнийн дүнгээс ногдох хэсэг гаргуулахад саад болохгүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр өвлөгдөх эд хөрөнгөнд шинжээч томилуулсан байх бөгөөд Итгэлт эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр өнөөгийн үнэ цэнэ 111 085 000 төгрөг гэж ирүүлснийг хариуцагч эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж, шинжээчээр Капитал зууч ХХК-ийг томилсон байх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар УБ хот, ******* тоот, 3 давхар, 360 мкв талбайтай амины орон сууц, 311 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 53 890 300 төгрөг гэж ирүүлсэнтэй зохигчид танилцаж хэн аль нь санал хүсэлт гаргаагүй байна.
Өвлөгдөх эд хөрөнгө болох амины орон сууц, газар нь талийгаач ******* ын хуваарьт хөрөнгө болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.5-д Гэрлэгчдийн хуваарьт эд хөрөнгийг энэ хуулийн 520.1-520.3-т зааснаар өвлөнө гэж зааснаар өвлөгдөх эд хөрөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 53 890 300 төгрөгийг хууль ёсны өвлөгч ******* , ******* нарт тэнцүү хэмжээгээр хуваахад 26 945 150 төгрөг байна.
Хариуцагч ******* нь ******* ын Хас банкнаас авсан 10 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр 4 681 053 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулсан болох нь ******* ын зээлийн дансны хуулга, Хас банкны салбарын захирлын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж зааснаар зээлийн төлбөрийг тэнцүү хувааж 2 340 526.5 төгрөгийг зохигчдод ногдох хэсгээс хасч үлдэх /26 945 150 2 340 526,5/ 24 604 623,5 төгрөгийг хариуцагч ******* аас гаргуулж нэхэмжлэгч ******* т олгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр ******* ХХК-ийг томилсны дагуу шинжээчийн дүгнэлт ирүүлсэн тул шинжээчийн зардлыг Итгэлт Эстимэйт ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* аас гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.5, 535 дугаар зүйлийн 535.1-д тус тус зааснаар хариуцагч ******* аас 24 604 623,5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* т олгож, 2 340 526,5 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 урьдчилан төлсөн 432 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280 973 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар Итгэлт Эстимэйт ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу 600 000 төгрөгийг нэхэмжлэгч ******* аас гаргуулж Итгэлт Эстимэйт ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА