Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2019/01074

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2019/01074

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01046/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,  ******* тоотод оршин суух, /утас *******/, ******* регистрийн дугаартай, *******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******,******* тоотод оршин суух, утас: ******* регистрийн дугаартай,*******ад холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, *******аас 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* миний бие *******аас хурдан удамтай хар гүүг 12 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа 4 000 000 төгрөг, 2019 оны 07 сарын сүүлээр 6 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг бэлнээр өөрт нь өгч, хар гүүгээ хурдан бор азарганд хээлтүүлж /гишгүүлж/, хавар гүү төлөлсний дараа унагатай нь хамт адуунаас нь салгаж авахаар болж, унагатай гүүгээ авахдаа үлдэгдэл 2 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гүү унагалах үед ******* надад хэлж, би гүүгээ унагатай нь очиж авах бөгөөд гүү унагалах хүртэлх *******ын адуунд байх хугацааны хариуцлагыг *******, гүү унагаласнаас хойших бүх хариуцлагыг би өөрөө хариуцахаар тохиролцсон. Тус хар гүүг 12 000 000 төгрөгөөр авах болсон нь би *******ыг *******т 2017 онд Ирээдүйн түмэн эх шигшмэл бага 3 насны морьдын уралдаан болж, тэр уралдаанд ******* тухайн үеийн бор үрээгээ /одоо бор азарга/ авч ирж, уралдуулахад нь анх танилцаж байсан бөгөөд бор үрээгээ миний нэр дээр уралдуулж, тэр наадамд түрүүлж байсан. Энэ явдлыг миний бие билэгшээж өөрийн сонирхолд хөтлөгдөн *******ын морь, малыг сонирхох болсон юм. Энэ цагаас хойш ******* бид хоёр сонирхол нэгтэй, үе тэнгийн залуус гэдгээ мэдэлцэж, хоорондоо холбоотой байж, мэнд устай, нэг нэгнийхээ гэрээр орж гарч явсаар өнөөдрийг хүрсэн.

Сүүлд 2019 оны 6 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Уяачдын баяраар миний худалдаж авахаар тохиролцсон хар гүүний төл азарган хээр үрээ хязаалан насанд уралдаж, айргийн 3-т давхисан. Ингэж уралдахдаа мөн л миний нэр дээр уралдуулж байсан. Тэр хээр үрээ олон наадамд айраг, түрүү хүртсэн 20 гаруй медальтай сайхан үрээ байсан бөгөөд нутаг орны хурдан морь сонирхдог бүх хүмүүс энэ тухай мэдэж байсан. Наадам дуусах үед би *******тай уулзаад наадамд айрагдсан хээр үрээний эх хар гүүг худалдаж авъя гэж санал тавьсан. Тэгээд бид хоёр харилцан ярилцаж үнэ ханшаа тохиролцоод уг хар гүүг худалдах, худалдан авах наймааг хийсэн.

Миний хувьд хар гүүний төл хязаалан хээр үрээг хурдан болохыг мэдэж байсан тул 2017 онд миний нэр дээр уралдаж *******т түрүүлж байсан бор азарганаас хээлтүүлж /гишгүүлж/, төл авбал гарцаагүй хурдан хүлэгтэй болно гэж бодож байсан учир 10 000 000 төгрөгөө өгч хавар гүү унагалсны дараа авъя гэж тохирсон. Гэтэл 2019 оны 09 сар миний худалдаж авахаар тохиролцсон хар гүү Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний хашаанд 3 хоног өвс, усгүй хашигдаж, зуурч өлдөж үхсэн гэдгийг би олж мэдсэн. Энэ талаар мэдээ фэйсбүүк буюу цахим орчноор бичлэгтэйгээ явж байсныг харсан. Ингээд би яаран сандарч *******тай холбогдоход хар гүү үхсэн нь үнэн гэж хэлсэн.

Ийнхүү миний бие өнөөдөр худалдан авахаар тохиролцсон хурдан удмын хар гүү ч байхгүй, 10 000 000 төгрөг ч байхгүй хохироод байна. *******аас мөнгөө нэхэхээр өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд шүүх нэхэмжлэлийг минь хүлээн авч, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, *******аас 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч*******  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь хүүхэд ахуй наснаасаа морь сонирхож, уяж уралдуулж, маллаж ирсэн бөгөөд том, жижиг олон наадамд өөрийн унаган адуугаа уяж, уралдуулан айраг, түрүү авч байсан билээ. Үүний нэг жишгээр 2017 онд *******т зохиогдсон Ирээдүйн түмэн эх хурдан морьдын уралдаанд өөрийн хурдан бор үрээгээ уралдуулж, бор үрээ минь түрүүлж байсан. Тухайн үед бор үрээгээ уралдуулахдаа Орхон аймгийн иргэн *******ын нэр дээр уралдуулсан бөгөөд *******тай тухайн үед танилцаж, улмаар морь сонирхох сонирхол ижил байсан тул холбоотой байх болсон. Энэ жил буюу 2019 оны 6 сард мөн Орхон аймгийн уяачдын баяраар би өөрийн хар гүүний төл азарган хээр үрээгээ авч, очиж уралдуулсан бөгөөд үрээ маань айргийн 3-т давхисан. Тус уралдаанд ч мөн хээр үрээгээ *******ын нэр дээр бүртгүүлж уралдуулсан юм. Тухайн үед ******* надаас азарган хээр үрээний хар гүүг худалдаж авъя, надад зарчих гэх санал тавьсан. Ер нь бол ******* манай адуунаас үнэ ханш тохирвол сайн гүү худалдаж авна гэдэг байсан бөгөөд хар гүүний төл азарган хээр үрээ олон наадамд айраг, түрүү хүртсэн гэдгийг мэдэж байсан юм. Тухайн үед би өвөлжөөн дээрээ өвлийн байшин барих гэж байсан бөгөөд мөнгөний хэрэгцээ байсан тул үнэ ханш тохирвол заръя гэж бодоод *******тай наймаа хийсэн. Би хар гүүгээ өмнө нь морь, мал таньдаг олон хүн шохоорхож худалдаж авъя гэж байхад нь зараагүй бөгөөд 12 сая төгрөгөөр авах санал тавьж байсан хүнд ч зарж байгаагүй юм. Ингээд хар гүүгээ 12 сая төгрөгөөр зарна гэхэд ******* би 12 сая төгрөгөөр авъя, гэхдээ би гүүгээ яг одоо авахгүй, 2017 онд *******т миний нэр дээрээс уралдаж түрүүлсэн хурдан бор азарганд чинь гишгүүлээд хавар гүү төллөх үед хар гүү унагалахад нь унагатай нь хамт авъя гэж хэлсэн. Ингээд тухайн наймаа хийсэн өдрөө 4 сая төгрөгийг бэлнээр өгөөд 7 сард гэртээ ирж гүүгээ эргэнгээ 6 сая төгрөгийг өгсөн нь үнэн. Харин үлдэгдэл 2 сая төгрөгийг унагатай гүүгээ авахдаа өгнө гэж бид тохиролцсон байсан.

Гэтэл 2019 оны 9 дүгээр сард хадлан тарианы ажил эрхэлсэн үеэр манай 34 тооны адуу алга болсон бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн үед Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын эзэмшлийн хашаанд байна гэх мэдээллийг хүнээс сонсоод уг хашаанд очиход миний эзэмшлийн хайж байсан 34 адуу бүгд хашигдсан байсан ба түүн дотроос Хүрэн зүсмийн морь, *******т зарсан байсан Хар зүсмийн унагатай гүү, Хээлтэй бор зүсмийн гүү гэх адуунууд өлдөж хөл дээрээ тогтож чадахгүй, зуурсан байдалтай байж байсан, өвс тэжээл болон эм тариа шаардлагатай арга хэмжээг тухайн үед авсан боловч сэргэлт авалгүй, маргааш нь буюу 2019 оы 09 дүгээр сарын 13-ны өдөр Хар зүсмийн унагатай гүү үхсэн. Тухайн үед үхсэн гүү нь хээлтэй бөгөөд 3 сартай эр унага байсан ба малын эмчийн дүгнэлт шинжилгээгээр үхэх шалтгаан нь өлдөж үхсэн болох нь тогтоогдсон. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23:00 цагийг хүртэл бүтэн 3 хоног ямар ч өвчс тэжээл, ус өгөхгүйгээр зориулалтын бус хашаанд удаан хугацаагаар хашсан Дархан-Уул аймаг дахь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын холбогдох албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас *******т зарсан хар гүү маань үхсэн бөгөөд ******* миний бие энэ байдлаас болж хурдан удмын адуугаараа хохироод байна. Амьд үлдсэн гүү, морь хоёр, мөн хар гүүний өнчин унага ч одоог хүртэл тэвээрч өгөхгүй хатингаршиж хэзээ мөдгүй үхэх магадлалтай байна.

Энэ талаар би *******т бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн бөгөөд ******* ч цахим орчноос мэдээллийг бодитой авсан. Хэдийгээр хар гүү үхсэн боловч ******* миний бие энэ явдалд ямар ч буруугүй билээ. Харин Дархан-Уул аймаг дахь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, холбогдох албан тушаалтнууд хар гүүний хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна. Миний бие төрийн байгууллагын хариуцлагагүй буруутай үйлдлээс болж ийнхүү давхар хохироход хүрч байгаад гомдолтой байна. Иймээс ******* 10 сая төгрөгөө надаас биш Дархан-Уул аймаг дахь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас нэхэмжилж авах нь зөв гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хурдан удмын хар гүүний үхэлд Дархан-Уул аймаг дахь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар буруутай гэжээ.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 2019 оны 6 сард аман хэлцэл хийж *******ын хурдан удамтай хар гүүг 12 сая төгрөгөөр худалдаж авахаар, хар гүүгээ хурдан бор азарганд хээлтүүлж, хавар гүү төлөлсний дараа унагатай нь хамт адуунаас нь салгаж авахаар, нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа 4 000 000 төгрөг, 2019 оны 7 сард 6 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг төлж, унагатай гүүгээ авахдаа 2 000 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй байна.

Маргааны зүйл болох хар гүү нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын хашаанд өлдөж үхсэн болох нь хэрэгт авагдсан Эмгэг анатомийн задлалтын протоколоор тогтоогдож байна.

Талууд нь аман хэлцэл хийхдээ хэлцлийн гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд хурдан удмын хар гүүг хавар гүү төлөлсний дараа унагатай нь хамт адуунаас нь салгаж авахаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзнэ.

Нэхэмжлэгч *******шалгаалах нөхцөл байдалгүйгээр гэрээний зүйл устаж үгүй болсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч *******аас худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч ******* нь хурдан удмын хар гүүний үхэлд би буруугүй гэж маргаж байгаа боловч энэхүү шаардлага нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******аас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА