Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0099

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

    2022         02           18                                    128/ШШ2022/0099

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д” ХХК /РД:__/,

Нэхэмжлэгч: “Б” ХХК /____/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.М,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ц,

Хариуцагч: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Аын хоорондын “Нийтийн тээврийн автобусны утааг багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэт техник, технологийг туршин нэвтрүүлэх” тендерт ялагчтай гэрээ байгуулахаас татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц /цахимаар/, хариуцагч Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь “Б” ХХК-иудын түншлэлийг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд тус тус холбогдуулан “Нийтийн тээврийн автобусны утааг багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэт техник, технологийг туршин нэвтрүүлэх” тендерт “Д” ХХК, “Б” ХХК-иудын түншлэлийг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу гэрээ байгуулахаас татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулахыг даалгуулах”-аар маргаж байна.

2. “Д” ХХК, “Б” ХХК-иудын түншлэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зарласан БОАЖЯ/20210319 дугаартай “Нийтийн тээврийн автобусны утааг багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэт техник, технологийг туршин нэвтрүүлэх” нээлттэй тендер шалгаруулалтад оролцож, тендерийн баримт бичигт заасан хугацаанд төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар өөрийн тендерийг илгээсэн боловч тендерийн үр дүнгийн талаар ямар нэгэн хариу өгөөгүй.

3. Нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 21/26 дугаар, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 21/27 дугаар албан бичгээр тус тус хандсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 01/4149 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр татгалзсан хариу авсан, үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “1/ Тус тендерийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад нээсэн боловч Тендерийн Үнэлгээний хорооноос манай компанийг тендерт шалгаруулсан эсхүл тендерт шалгаруулахаас татгалзсан тухай ямар нэгэн хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүйг гаргаад байсан. Үүнтэй холбогдуулан "Д" ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 21/26, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 21/29 дүгээр албан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан "...манай компаниас бичгүүдээр хүргүүлсэн тендерийг хянан үзэж, хариу өгөх..."-ийг хүссэн хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Үндэсний хорооны даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/4149 дүгээр албан бичгээр "...Төсвийн хэмнэлтийн даар тогтоолын... 1.4-т "энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад худалдан авалтыг зохион байгуулахгүй байх, төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар чиглэл өгсний дагуу төсөвт тодотгол орж тус "Нийтийн тээврийн автобусны утааг багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэд техник , технологийг туршин нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх боломжгүй болсныг мэдэгдэж байна” гэх хууль зүйн үндэслэлгүй мэдэгдлийг өгсөн.

Монгол Улсын Засгийн газрын 43 дугаартай "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоол нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд “Нийтийн тээврийн автобусны утааг багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэд техник, технологийг туршин нэвтрүүлэх" тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зарлагдсан байх тул тус тогтоолын 1.4-т "энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албан болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнессийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх" гэх заалтад хамаарахгүй юм.

2/ Тендерийн үнэлгээний хороо 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, дүгнэлтээрээ манай компанийн тендерийг "хамгийн сайн" тендер хэмээн шалгаруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар тендерийг хянан үзээд, үнэлээд, үнэлгээний дүгнэлт гаргаад, гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг захиалагч буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлжээ.

Хуульд “Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх Үндэсний хорооны дарга 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/4149 дүгээр албан бичгээр үндэслэлгүй хариу өгчээ. Энэхүү захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж, Захиргааны ерѳнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хууль бус татгалзсан шийдвэрийн улмаас манай компанийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" гэж заасны дагуу захиалагч тал хариуцлагатай байх зарчмыг илтэд зөрчиж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

1/ 2021 оны 43 дугаар тогтоол нь Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 07-ны өдөр шууд хэрэгжихээр гарсан. Тогтоолын 1.4 дэх заалтыг үндэслэл болгохдоо тухайн заалтын яг гол нөхцөлийг нь хасаад бусад агуулгыг нь гуйвуулж энэ маргаанд хамааралтай байдлаар хариуцагч шийдвэртээ болон хариу тайлбартаа дурдсан байгаа.

Тогтоолын 1.4-т “энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх” гэж тодорхойлсон байдаг. Тэгэхлээр тэвчиж болох худалдав авалтын тухайд тогтоолын 1.4 дэх заалтыг хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт алжаал тайлах фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэл гэдэг дотор нийтийн тээврийн автомашинаас гарч байгаа утаа бууруулахтай холбоотой энэ төсөл хөтөлбөрийг хамааруулан ойлгож болохгүй.

3/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд, Захиалагч 43 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ, мөн 46 дугаар зүйлийн 46.1-д “захиалагч бараа ажил үйлчилгээ худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй”, 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” үүргийг захиалагч өөрөө хэрэгжүүлдэг, мөн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заасан.

Тендерийн үнэлгээний хорооноос "Д*******" ХХК-ийн түншлэл энэ тендерт ялсан, цаашид гэрээ байгуулбал зохино гэдэг дүгнэлтийг гаргасан.

4/. Засгийн газрын тогтоол гарсны дараа яам худалдан авах ажиллагааны тодорхойлолт жагсаалтыг гаргасны дагуу 3 дугаар сараас 8 сарыг дуусах хүртэл хугацаанд худалдан авалтыг зарлаад нээгээд сонгон шалгаруулалтаа явуулаад дүгнэлтээ гаргасан. Тэгэхлээр 1.1 дэх заалт хамаарахгүй. Төсвийн тухай хуульд төсвийн захирагч төсөвт өөрчлөлт оруулах тухай зохицуулалт байна. Төсвийг өөрчлөх асуудал нь эрхтэй учраас хязгааргүй дур зоргын хязгааргүй эрх мэдэлтэй байх ёстой юм уу? Хуульд үндэслэх зарчим, үр нөлөөтэй байх зарчим, зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг зөрчсөн байна” гэв.

5. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Монгол Улсын Засгийн газрын "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2021 оны 43 дугаар тогтоолын 1-т "...Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгасугай... " гэж, 1.1-т "...үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах;" гэж, 1.4-т "...энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх, төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар чиглэл өгсний дагуу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2021 оны 21/06 тоот тогтоолоор 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө буюу 2021 оны төсөвт өөрчлөлт оруулж төсвийн зохицуулалт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т "Төсвийн захирагч төсөвтөө дараах байдлаар зохицуулалт хийж болно”, 42.2.1-д “төсвийн хооронд ерөнхийлөн захирагч нь: 42.2.1.а.өөрийн төсвийн багцад хамаарах хөтөлбөр хооронд; 42.2.1.б.түүнд шууд харьяалагдах төвлөрүүлэн захирагчдын төсөв 42.2.1.в.төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчдын төсөв хооронд; 42.2.1.г.түүнд шууд харьяалагдах төсвийн шууд захирагчдын төсөв хооронд. 42.2.2.төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд хамаарах төсвийн шууд захирагчдын төсөв хооронд" гэж тус тус зааснаас үзвэл Төсвийн ерөнхийлөн захирагч нь дээрх байдлаар төсвийн зохицуулалтыг хийх эрхтэй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын 3.13-т "Батлагдсан төлөвлөгөөнд дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно: 3.13.1 Тухайн жилийн төсөвт тодотгол хийсэн, хуульд заасан бусад эх үүсвэр батлагдсан, Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар төсөвт зохицуулалт хийсэн" гэж заасны дагуу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2021 оны 21/07 тоот тогтоолоор Үндэсний хорооны 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт орж, "Нийтийн тээврийн автобусны утааг хэмжээ авах зорилгоор дэвшилтэд техник, технологийг туршин нэвтрүүлэх ажлыг хүчингүй болгожээ багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэд техник, технологийг туршин нэвтрүүлэх” ажлыг хүчингүй болгосон.

Тийм учраас танай орсон арга хэмжээ буюу шалгаруулалтад орсон арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй байна гээд татгалзлыг өгсөн байгаа. Хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаж, үүнийхээ дагуу татгалзал өгсөн учраас үндэслэлтэй гэж үзнэ.

2/ Мөн үнэлгээний хороо "Д" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл өгөөгүй, гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэгчийн яг ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа юм бэ? Үнэхээр гүйцэтгэлийн гэрээ байгуулсан, гүйцэтгэлийн баталгаагаа байршуулсан тохиолдолд нэхэмжлэгч хохирсон уу гэвэл хохирсон болно. Гэтэл өнөөдрийн байдлаар "Д*******" ХХК ямар ч хохирсон зүйл байхгүй.

3/ Аудит төрийн захиргааны байгууллагад орно, 2021 оны төлөвлөгөөнд ороогүй байхад шууд гэрээ байгуулахыг даалгаж нэхэмжлэлийн шаардлага хангагдах юм бол бол энэ нь ямар төсөвт өртгөөр нөхөгдөж орж ирэх юм, 2021 оны төсөвт өртгөөр юм уу, 2022 оны төсөвт өртгөөр юм уу гээд энэ нь өөрөө Төсвийн тухай хуулийг зөрчих магадлалтай.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос тусдаа төлөвлөгөөгөө баталдаг. Тэгэхлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам нийтийн тээврийн утааг багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэд техник технологи туршин нэвтрүүлэх гэдэг ажлыг хийж хэрэгжүүлэх субъект байхгүй. Нэгж байхгүй. Хариуцсан мэргэжилтэн байхгүй. Магадгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээд хариуцагчид даалгалаа гэж бодоход Байгаль орчин аялал жуулчлалын яам үүнийг хэрэгжүүлэх мэргэжилтэн нэг ч байхгүй гэдгийг шүүхийг анхаараасай гэж хүсч байна.” гэв.

Хариуцагч Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ашүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ БОАЖЯ/202103109 дугаар бүхий "Нийтийн тээврийн автобусны утааг багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэт техник, технологийг туршин нэвтрүүлэх ажлын тендерт 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр "Д" ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үнэлгээний хороо хүлээн авч, хянан үзээд холбогдох төрийн байгууллагаас тодруулга авах зайлшгүй шаардлага үүссэнийг харгалзан 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 2021/187 тоот "Хугацаа сунгах тухай" албан бичгийг Сангийн яам руу илгээсэн. Дээрх хүсэлтийн дагуу Сангийн яамнаас 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 6-1/4427 тоот хариу албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгосон болно.

Тендерийн үнэлгээний хороо нь хуулийн хүрээнд ажиллаж хурлаас гарсан шийдвэрүүдийг үндэслэн холбогдох баримт материалуудыг хуульд нийцүүлэн захиалагч байгууллагаар батлуулахаар ажилласан. Төсвийн захирагч нь Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу өөрийн эрхийнхээ хүрээнд төсвийн тодотгол хийж уг ажлыг төлөвлөгөөнөөс хассан нь Үнэлгээний хорооны шийдвэрлэх асуудалд хамаарахгүй тул хууль бус эс үйлдэхүй гэх үндэслэлгүй гэж үзэж байна .

2/ Мөн Үнэлгээний хороо 8 дугаар сарын 10-ны өдөр захиалагч байгууллага буюу Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргад тухайн компанитай гэрээ байгуулах эрх олгоё гэдэг зөвхөн төслийг оруулсан. Энэ баримт бичиг нь төслийн шатандаа явж байсан гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар албажсан, гэрээ байгуулагдах мэдэгдэл тухайн компанид хүргэгдсэн зүйл байхгүй гэдгийг дурдмаар байна.

3/ Энэ тохиолдолд "Д*******" ХХК-ийн ямар ч эрхийг зөрчсөн бодит хохирол учирсан зүйл байхгүй гэдгийг дахин дурдах нь зүйтэй. Төсвийн тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчид төсөвтөө зохицуулалт хийх бүрэн эрх нь олгогдсон байна. Мөн Сангийн сайдын 2021 оны 102 дугаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах  ажиллагааг төлөвлөх тайлагнах журам”-ын 3.12-т “...батлагдсан төлөвлөгөөнд дараахь тохиолдолд нэмэлт болон өөрчлөлт оруулна, тухайн жилийн төсөвт тодотгол хийсэн бол. Тодотгол гэдэг нь энэ тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч буюу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 21/06 дугаар Үндэсний хорооны тогтоолоороо үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан байдаг. Үүнийг төсвийн тухай хуулиараа тодотгол гэж үзээд байгаа. Хуульд заасан бусад эх үүсвэрээр батлагдсан Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар Төсөвт зохицуулалт хийж болно гэдэг Сангийн сайдын тушаал байгаад байгаа учраас энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар компанийн эрх ашиг зөрчигдөөгүй бодит хохирол учраагүй учраас мөн гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг албажиж гараагүй төсөл хэмжээнд явж байсан гэдгийг дахин дурдъя. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

            Нэхэмжлэгч “Д” ХХК нь “Б” ХХК-иудын түншлэлийг төлөөлж тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд холбогдуулан “Нийтийн тээврийн автобусны утааг багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэт техник, технологийг туршин нэвтрүүлэх” тендерт “Д” ХХК “Б” ХХК-иудын түншлэлийг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу гэрээ байгуулахаас татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...захиалагчийн татгалзал буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/4149 дүгээр албан бичиг хууль бус, захиалагч Үнэлгээний хорооны шийдвэрийг биелүүлж гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэх үүрэгтэй, энэ үүргээ зөрчсөн...” гэж тодорхойлсныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсөвт өөрчлөлт оруулах эрхтэй, энэ эрхийн хүрээнд тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн нь хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй...” гэж тодорхойлон маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Нийтийн тээврийн автобусны утааг багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэт техник, технологийг туршин нэвтрүүлэх” БОАЖЯ/20210319 дугаар бүхий тендерийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны захиалгаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний 149-д “300.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зарлаж мөн оны 03 дугаар сарын 24-ний өдөр тендерийн ялагчид гэрээ байгуулах эрх олгох”-оор тусган төлөвлөсөн, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/03 дугаар тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Үнэлгээний хорооны зөвлөмж”-өөр “Д” ХХК, “Б” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасны дагуу “Д” ХХК, “Б” ХХК-иудын түншлэлтэй 260.820.000 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын албыг давхар хариуцдаг, эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Түүнчлэн тус Үнэлгээний хорооны дарга бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.А, Үнэлгээний хорооны Нарийн бичгийн дарга Б.Аын гарын үсэг бүхий 01 дугаартай албан бичгээр “...БОАЖЯ/20210319 дугаар бүхий “Нийтийн тээврийн автобусны утааг багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэт техник, технологийг туршин нэвтрүүлэх” арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу цахим хэлбэрээр 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зарлаж 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 10 цаг 30 минутад нээсэн,...тендер шалгаруулалтанд “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Д” ХХК, “Б” ХХК-ийн түншлэлтэй 260.820.000 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу захиалагчид зөвлөмж болгож байна, тендерийн үнэлгээний тайлан, хурлын протокол, холбогдох бусад материалыг...”  2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөр огноолон  Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан уг албан бичиг, мөн Үнэлгээний хорооны дарга Д.А, Үнэлгээний хорооны Нарийн бичгийн дарга Б.Аын боловсруулж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.А, тус албаны Ахлах мэргэжилтэн Д.Тнар хянаж гарын үсэг зурсан нэхэмжлэгч компанид “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  албан бичгийн төсөл болон шүүх хуралдаанд хариуцагч Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдсоноор Үнэлгээний хороо хуульд заасны дагуу нэхэмжлэгч нараас ирүүлсэн тендерийг үнэлж захиалагч Байгаль орчны Сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргад гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлсэн, хэргийн оролцогчид мөн уг үйл баримттай холбогдуулан маргаагүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна”, 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 46.2-т “Энэ хуулийн 4.1.1-д заасан захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер... энэ хуулийн 46.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж, 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэгэнт тендерийн Үнэлгээний хорооноос тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулж “хамгийн сайн” гэж үнэлэн улмаар нэхэмжлэгч компаниудын түншлэлтэй гэрээ байгуулах эрх олгох шийдвэрээ хүргүүлсэн байгаа тохиолдолд тухайн тендерийн захиалагчийн хувьд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга нь Үнэлгээний хорооны уг шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, эсхүл Үнэлгээний хорооны нэгэнт гаргасан шийдвэрийг өөрчлөх эрхгүй.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж  тус тус заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар захиалагч Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга нь дээрх хуулиар тогтоосон хугацаанд багтаж тендерийн ялагчид “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулаагүй нь хуулийн дээрхи заалтуудыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 21/26 дугаар албан бичгээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж “...захиалагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам одоог хүртэл бидэнд тендерт шалгарсан эсвэл татгалзсан талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй байна, иймд хуульд заасан үүргээ биелүүлэн, тендерийг хянан үзэж үнэлэх үйл ажиллагааг яаралтай зохион байгуулан тендерийн дүнгийн талаарх мэдэгдэл хүргүүлэхийг даалгаж өгнө үү” гэсэн гомдол, хүсэлт хүргүүлсэн боловч уг гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй, мөн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21/27 дугаар албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5-д заасан үнэлгээ хийх хугацаа дууссан боловч бидэнд тендерт шалгарсан эсвэл тендерээс татгалзсан талаарх мэдэгдлийг ирүүлээгүй байна,...тендерийн дүнгийн талаарх мэдэгдлийг манай компанид хүргүүлэхийг даалгаж өгнө үү” гэсэн гомдол дахин гаргасан, уг гомдлын хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/4149 дүгээр албан бичгээр “...Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын 1-д...төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг...улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч...нарт даалгасугай” гэж,...1.1-д “Үндсэн үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, тасал, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах”, 1.4-т “энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албан болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнессийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх, төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар чиглэл өгсний дагуу төсөвт тодотгол орж, тус...арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болсон”гэж мэдэгджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын, уг албан бичгийг хариуцагч захиргааны байгууллагын хууль бус татгалзал гэж тодорхойлон түүнийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...манай түншлэлийн оролцсон тендер нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зарлагдсан тул Засгийн газрын 43 дугаар тогтоолд хамаарахгүй, Сайд төсвийн тодотгол хийж төлөвлөгөөнөөс хассан гэх үндэслэл нь гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл болохгүй...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсөвт тодотгол хийж, уг ажлыг төлөвлөгөөнөөс хассан нь хариуцагчийн хуулиар тогтоосон эрх хэмжээнд нийцсэн...” гэж тайлбарлан маргасан.

Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Төсвийн захирагч төсөвтөө дараах байдлаар зохицуулалт хийж болно” гэж, “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын 1-д...төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг...улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч...нарт даалгасугай” гэж,... 1.1-д “Үндсэн үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, тасал, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах”, 1.4-т “энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албан болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнессийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх” гэж тус тус заажээ.

Хууль болон Засгийн газрын тогтоолын эдгээр холбогдох заалтуудаас үзвэл Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөвт тодотгол зохицуулалт хийх эрхтэй байх боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгч компаниудыг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр хүчин төгөлдөр, нөгөө талаар уг тендер нь Засгийн газрын 43 дугаар тогтоолын 1.4-т заасан нөхцөлд хамаарахгүй байхад хамаарч байгаа агуулгаар тайлбарлан татгалзсан нь үндэслэлгүй, энэ нь дээр дурдсан хууль болон тогтоолын заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, “Нийтийн тээврийн автобусны утааг багасгах арга хэмжээ авах зорилгоор дэвшилтэт техник, технологийг туршин нэвтрүүлэх” БОАЖЯ/20210319 дугаар бүхий тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тайлан, дүгнэлтэд “...Тендерийн урилгыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцүүлэн өдөр тутмын “Зууны мэдээ” сонины 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаарт болон Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем...-д тендерийн урилга, баримт бичгийг...тус тус нийтэлсэн" гэж дурдсан, хэргийн оролцогчид тендер зарласан хугацааны талаар маргаагүй, үүнээс үзвэл тухайн тендер нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан 43 дугаар тогтоолын үйлчлэлд хамаарахгүй буюу энэ тогтоол батлагдахаас өмнө зарлагдсан тендер гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/4149 дүгээр албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй, уг албан бичгээр “...ажлыг хэрэгжүүлэх боломжгүй болсон...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарт мэдэгдэл хүргүүлээгүй, улмаар гэрээ байгуулахаас татгалзсан нь хууль бус, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компаниудын түншлэлийн оролцсон тендер нь Засгийн газрын 43 дугаар тогтоол батлагдахаас өмнө зарлагдсанаас гадна уг тендер нь автомашин, албан конторын тавилга, ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах фитнессийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалт биш тул эдгээр үндэслэлээр уг тогтоолыг үндэслэн татгалзсан хариу өгсөн нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-ыг зөрчсөн, мөн хуулийн 46.1.3,  46.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/4149 дүгээр албан бичиг нь хууль бус татгалзал байх тул хүчингүй болгож, Үнэлгээний хорооноос хүргүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн дагуу “Д” ХХК, “Б” ХХК-иудын түншлэлд мэдэгдэл хүргүүлж гэрээ байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.3,  46.2заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д*******” ХХК, “Б” ХХК-иудас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/4149 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Үнэлгээний хорооноос хүргүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн дагуу “Д” ХХК, “Б” ХХК-иудын түншлэлд мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН